”Таван хошуу малын нэртэй” гишүүн


“Фортуна” гэдэг нь аз гэсэн үг. Монголд зах зээл эхэлж байх үед анх байгуулсан хувийн компанийнхаа нэ­рээр овоглож ирсэн Н.Батбаяр гишүүн сүүлийн үед эрс өөрчлөгдөж, танигдахаа болих янзтай.

Саяхан Засгийн газраас ноолуурын үйлдвэрлэлийг дэмжихээр 110 тэрбум төгрөгийн бонд гаргаж, түүгээрээ үн­дэс­ний 12 том компанид жилийн зургаан хувийн хүүтэй зээл өгөхөөр санаачилсан нь гишүүдийн аллергийг хөдөлгөж, бондын хэмжээг 300 тэрбум төгрөг хүртэл өсгөн, ноосны салбарыг давхар дэмжихээр ярилцаж байна. Тэр ч байтугай ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяр гишүүн нэг кг ноос тушаасан хүнд 2000 төгрөгийн урамшуулал өгнө хэмээн “цоороод”, цойлоод  эхэлсэн /уг нь нэг кг ноосны зах зээлийн үнэ өнөөдөр 500 төгрөг байгаа/. Тэгвэл сүүлийн 20 жил сул зогссон сүлжмэл, нэхмэлийн үйлдвэрлэл сэрвийгээд сэгсийгээд бо­соод ирэх юм гэнэ. Цөөхөн гишүүд, өмнө нь ноолууранд өгсөн 5000 төгрөг­нөөс болж УИХ “76 ямаа” гэдэг нэртэй болсон шүү, одоо ноосонд өгч байгаа наад мөнгөнөөс чинь болж бүгдээрээ “тэнэг хонь” гэж дуудуулах боллоо доо гээд л учирлаж гуйсан ч Н.Батбаяр гишүүн “таван хошуу малынхаа нэрээр нэрлүүлэх нь нэр төрийн хэрэг” гэж үзсэн билээ. Хониноос “чи тэнэг үү?” гэж асуул­тай биш, хонь л бол хонь шүү дээ.

Бас нэг танил түүх байдаг юм, Гэнэтийн ашгийн 68 хувийн татварын тухай. Албан ёсоор бол “Зарим бараа­ны үнийн өсөлтийн албан татвар” нэртэй уг хуулийн автор нь “Фортуна” хэмээх Н.Батбаяр. 2004 оны сонгуульд Ардчилсан нам Л.Гүндалай гишүүний санаачилсан “хүүхдийн 10 мянга”-аар сурталчилгааныхаа фоныг хийн гарч ирсэн ч сонгууль өндөрлөсний дараа “хаанаас эх үүсвэрийг нь олох вэ” гэдэг хүнд асуудалтай тулгарсан билээ. Харин асуултын хариуг эрхэм “Фортуна” олж харсан нь тухайн үед дэлхийн зах зээл дээр үнэ өсч эхэлсэн алт, зэсэнд гэнэтийн ашгийн татвар тавих явдал байлаа. Урьд өмнө манайд мөрдөгдөж байгаагүй энэ татва­рыг хэдэн хувиар тогтоох дээр бас л асуудал тулгарч /мэдээж ахиухан байх тусмаа сайн/, орох байх газраа олж ядахад мань эр “68” гэдэг тоог олсон юм. Тавь биш, 75 ч биш, 68 шүү. Харин энэ нь тэр үед Японы мэргэжлийн сумод ялалт байгуулж, 68 дахь Их аваргаар тодорсон Д.Дагвадоржид зо­риул­сан хүндлэл гэдгийг нь хожим мэдсэн уул уурхайнханд уйлах ихдэж, инээх багадах гээч болсон доо. Оройтож төрсөн Дагваадаа гомдсон уу, аваргын эрэмбийг ашигт малтмалын татвар болгосон Н.Батбаярт уурласан уу, мэдэхгүй. Гудамжаар л нэг нус нулимс болсон хүмүүс гурван жил цувцгаасан.

Уг нь бол “гэнэтийн ашгийн” гэж нэрлэгдсэн энэ татвараар хоёр жилийн дотор 300 гаруй тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлж, айл өрх бүр хүүх­дээрээ дамжуулан хувь хүртсэн гэж бодохоор мань хүнд зориулж хөшөө босгомоор. Уул уурхайн салбарын хөгжлийг хэсэг хугацаанд хойш татаж, улс орны нэр нүүрийг хөрөн­гө оруулагчдын дунд “шарсан” гэх энэ хууль Оюутолгойн гэрээн дээр ирж хүчингүй болсон билээ. Үүнээс болж Монголын Засгийн газар олон улсын шүүхэд дуудагдаж, дөрвөн жилийн турш зургаан сая ам.доллар зарцуулсны эцэст дөнгөж саяхан “Алтандорнод Монгол” компаниас 167 тэрбум төгрөгийн татварын өрөө нөхөн төлүүлэхээр болоод байгаа.

Шинэ цагийн бизнесмэн, тоонд дуртай эдийн засагч маань урт дээл хошролдуулан, гэзэг юугаан намируулж, Төрийн ордны голд тахил­гат гэр барьж, “төрийн хийморь доройтов” энэ тэр гээд дуучин С.Жавхлантай ганзага нийлэх болсонд харамсах хүн ч таарах.

Чуулганы танхимаас 99 дээд тэнгэр­тэй харьцдаг гишүүн маань хамгийн сүүлд С.Эрдэнэ, Ш.Сайхансамбуу нарыг дагуулан “Чингис хааны академи”-д зочилж, хааны ач хүү, хунтайж П.Даваанямаас “Чингисийн морьтон баатар” цолоор хүртэл шагнагдсан нь өрсөлдөгчдийг гүн ”шок”-онд оруулж, хүч тамирын тэнц­вэр­гүй байдал үүсгээд байна.

Атаархсандаа зарим нь “Морь унасан хонь” л гэх юм билээ…

Б.ГАЛ


URL:

Сэтгэгдэл бичих