Н.Мадуро америкийн гурван дипломатчийг хөөлөө

14218-4tН.МӨНХЖИН

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро АНУ-ын гурван дипломатчийг эх орноосоо хөөх шийдвэр гаргалаа. Тэрээр телевизээр мэдэг­­дэл хийхдээ дээрх шийдвэрийг та­нил­цуул­сан бай­на. Ерөнхийлөгч дипломатчдын нэрийг дурдаагүй ч тэднийг оюутны визний асууд­лыг шийдэх нэрээр Венесуэлийн их сургууль руу нэвтэрсэн хэмээн буруутгаж байгаа аж. Мадуро мөн АНУ-ыг Венесуэлийн сөрөг хүчнийг дэмжиж, улс орны социалист Засгийн газрыг унагах оролдого хийж байна хэмээн зэмлэв. АНУ-ын Төрийн департмент сая­хан Америкийн ор­нуу­дын байгууллага дахь Венесуэлийн Элчин сайдад хандаж “Венесуэлийн сөрөг хүч­ний лидер Леопольдо Лопесийг баривчилвал Ка­ракасын Засгийн га­зарт сөргөөр нөлөөлнө” хэ­мээн сануулсныг Мадуро ярилаа. Венесуэлийн бүрэн эрхт байдалд занал­хийлэхийг тэвчихгүй гэд­гийг тэрээр сануулжээ.

Н.Мадурогийн засаг захиргаа АНУ-ыг Венесуэль дахь эрх мэдлийг түлхэн унагах гэж байна хэмээн буруутгаж, америк дипломатчдыг хөөж байгаа нь анхных биш юм. Өнгөрсөн оны есдүгээр сард Венесуэлийн эрчим хүчний систем доголдож, гэрэл цахилгаан тасрахад АНУ-ыг буруутай хэмээн мэдэгдэж байв. Энэ ослын улмаас улс орны газар нутгийн 70 хувь нь гэрэл цахилгаангүй болсон юм. Улмаар аравдугаар сард АНУ-ын гурван дипломатчийг сөрөг хүчнийг санхүүжүүлсэн хэмээн үзэж нутаг дэвсгэрээсээ хөөж гаргажээ. 2013 оны гуравдугаар сард, Ерөнхийлөгч Уго Чавес нас барахын өмнөхөн Мадуро мөн л Америкийн хоёр дипломат ажилтныг хүнд өвчтэй байгаа төрийн тэргүүний эсрэг цэргийн эргэлт зохион байгуулах оролдлого хийсэн хэмээн мэдэгдэн хөөж гаргажээ.

Венесуэльд сүүлийн өдрүүдэд эрх баригчдын эсрэг олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөөр байна. Хоёрдугаар сарын эхээр хэд хэдэн хотод оюутны эсэргүүцлийн жагсаалд оролцсон хүмүүсийг баривчилсан нь иргэдийн уур хилэнг төрүүлээд байгаа юм. Хоёрдугаар сарын 12-нд нийслэл Каракас хотод болсон жагсаалд 50 мянган хүн оролцжээ. Энэ үеэр жагсагчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсч гурван хүн амь насаа алдаж, 60 орчим хүн гэмтэж бэртжээ. Ерөнхийлөгч Николас Мадуро эмх замбараагүй байдлын хариуцлагыг Венесуэлийн сөрөг хүчний лидер Леопольдо Лопест тохож, түүнийг баривчлах ёстой хэмээн мэдэгдсэн байна.

Сөрөг хүчний “Ардын хүсэл зориг” намын лидер Леопольдо Лопес өөрийн талынхандаа хандаж нийслэл Каракас хотод эрх баригчдын эсрэг жагсаал хийхийг уриалав. Санхүүгийн зөрчил гаргасан, улс оронд эмх замбараагүй байдал үүсгэсэн хэрэгт буруутгагдан эрэн сурвалжлагдаж байгаа Лопес “Баривчлагдахаас айх юм алга. Би хэзээ ч нүүрээ нууж байгаагүй. Би юунаас айхгүй” хэмээн Twitter-ээрээ дамжуулан мэдэгдлээ.

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих