Хятадуудаар гэдсээ ухуулж, тархиа базуулсаар байхуу?

нүүрсМанай улсын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бууруулж байгаа хамгийн том бэрхшээл бол тээвэрлэлтийн өртөг буюу тээвэр ложистикийн асуудал хэмээн Монголын экспортлогчдын холбооноос мэдээлсэн. Хэрэв тээвэр ложистикийн асуудлыг шийдчихвэл уг салбар дахь дэлхийн бусад өрсөлдөгчдөөс илт давуу байх бүрэн боломж бий аж. Үүнийг дараах цөөхөн тоо баримтаас харж болно. “Эрдэнэс Тавантолгой”, Энержи ресурс, МАК зэрэг компанийн нүүрсний уурхайн хөрс хуулалтын коэфициент 1:2 байна. Харин Хятадад далд уурхай нь 1:6, Австралид ил ба далд уурхайн хөрс хуулалт 1:8 байдаг байна. Өөрөөр хэлбэл, Хятад, Австрали зэрэг улс маш гүн ухаж байж нүүрсэнд хүрдэг бол манай улсын хувьд уг зардал харьцангуй бага байгаа юм.

Түүнчлэн олборлолтын хувьд манай улс тонн нүүрсийг 20 орчим ам.доллараар олборлож байна. Гэтэл Хятад 30-40 ам.доллар, Австрали 70-80 ам.доллар зарж байж тонн нүүрс гарган авч байна. Энэ нь манайхаас  2-4 дахин өндөр өртгөөр нүүрс олборлодог гэсэн үг. Газрын гүн рүү орох тусам технологийн зардал нэмэгдэж, өндөр эрсдэл үүрдэг. Харин манайхыг “хар ухаанаар ойлговол”  хэдхэн метр шороо хуулахад нүүрс нь харлаад гараад ирдэг гэж болно. Иймээс технологийн зардал харьцангуй бага байдаг. Дээрээс нь манай нүүрс Австрали, Хятадын нүүрстэй харьцуулахад чанартай. Тиймдээ ч гадны уурхайчид монголчуудад атаархдаг биз.

Харамсалтай нь бид зардал хямдаар, амар хялбар аргаар хамгийн сайн чанарын нүүрс олборлосон атлаа нэг зүйл дээр “бүдэрдэг”. Тэр нь тээвэр ложистик юм. “Энержи ресурс” компанийн тонн нүүрсний тээврийн зардал 17 орчим ам.доллар байна. Тус компани уурхайгаасаа хилийн боомт хүртэл авто зам тавьсан тул тээвэрлэлтийн зардал арай бага байна. Харин “Эрдэнэс Тавантолгой”, “МАК” зэрэг компанийн нэг тонн нүүрсний тээврийн зардал 20 ам.доллар байна. Тэгвэл Хятадын импортын нүүрсний 35 орчим хувийг хангадаг Австралийн тонн нүүрсний тээврийн зардал 10-15 ам.доллар байдаг. Энд нэг ялгааг зориуд анхааруулахад, Австрали нүүрсээ далайгаар олон мянган км тээвэрлэн хүргэдэг.

Харин Монгол Улс Өмнөговиос урд хөршийн хил хүртэл 200 гаруй км газарт нүүрсээ зөөж байгаа юм. Өнгөрсөн жил манай улс түүхий коксжих нүүрсийг уурхайн аман дээрээс 35-40 ам.доллар, хилийн боомт дээр 60-65 ам.доллар, угаасан коксжих нүүрсийг хилийн боомт дээр 90 ам.доллароор борлуулсан байдаг. Хилийн боомтын үнэд тээврийн зардал багтсан байдаг тул нүүрсний борлуулалтын үнэд эзлэж буй тээвэр ложистикийн зардал 40 орчим хувьтай байгааг харж болно.

Түүнчлэн, нэг зах зээлд нийлүүлж байгаа нь өрсөлдөх чадварыг бууруулж, үнийн баригдмал байдалд орох нөхцөлийг бүрдүүлж байна. Тухайлбал, өнгөрсөн жил Хятадын талаас нүүрсний үнийг хэт унагаснаас манай компаниуд алдагдал хүлээхгүйн тулд экспортоо зогсоосон. Энэ байдал он гараад ч давтагдсан билээ. Манай улс нүүрсээ олборлоод, тээвэрлээд урд хөршийн хил дээр аваачиж борлуулж байгаа үнийн дүн нь Австралийн нүүрсний олборлолтын өртгөөс 10-20 доллароор хямд байна. Тэгсэн атал бид 20 сая тонн нүүрс нийлүүлчихэж чадахгүй Хятадын компаниудын “аманд ороод” сууж байна. Австрали олборлолтын өртөг дээрээ тээвэрлэлтийн зардлаа нэмж, экспортоо өсгөн ашигтай ажиллаж чадаад байна. Учир нь тус улс Хятадаас гадна 30 улсад нүүрсээ нийлүүлдэг.

Хэрэв Хятад үнийн уян хатан бодлого барихгүй бол заавал  нүүрс нийлүүлэх шаардлагагүй. Ингэснээр Австрали гэхээс илүү Хятад алдах болно. Харин манайх урд хөрш рүү нийлүүлэхээс өөр сонголтгүй тул хэлсэн үнээр л өгч байна. Хятадын хувьд дотоодын уурхайгаас тонн нүүрсийг 30-40 доллараар олборлохгүйгээр Монголоос 35 ам.доллараар нүүрс худалдан авч болно. Ингэвэл өртөг зардлын хувьд ялгаа гарахгүй, харин нөөцөө хамгаалан үлдэж байгаа юм.Тиймээс тээвэр ложистикийг хөгжүүлэх нь нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хамгийн чухал арга зам болж байна. Хэрэв төмөр зам тавьбал тээвэр ложистикийн зардлыг 50 хувь бууруулах боломжтой аж. Гэхдээ урд хөрш рүү чиглэсэн төмөр зам тавихдаа гуравдагч зах зээл рүү гарах асуудлыг давхар шийдэх ёстой. Ингэхгүй бол тээврийн зардал буурахын хэрээр Хятадын тал монополь байдлаа ашиглан нүүрсний ханшийг тэр хэмжээгээр багасгах эрсдэлтэй хэмээн ярьдаг. Дашрамд дурьдахад, Ухаа-Худагаас Хятадын далайн эрэг хүртэлх тонн нүүрсний тээвэрлэлтийн зардал 70-80 ам.доллар байдаг аж.

А.Энхжаргалhttp:/chingis.mn/


URL:

Сэтгэгдэл бичих