Н.Алтанхуяг: Физикийн хичээлийг битгий хадны мангаа болгочихоорой

surguuli1-620x389Б.СОЛОНГО

“Физик бол бидний эргэн тойрны амьдралын өдөр тутмын үйл явц. Физикийн томьёо бол байгалийн зүй тогтол. Тийм болохоор би багш нарт физикийн хичээлийг битгий хадны мангаа болгочихоорой гэж байнга захидаг” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. МУИС-д арав гаруй жил хичээл заасан физикч мэргэжилтэй тэрээр өчигдөр нийслэлийн 44 дүгээр сургуулийн 11а ангийн сурагчдад хичээл заасан юм. Ойлгоход төвөгтэй нэр томьёо олонтой мэт санагдах ч цаад утга нь бидний өдөр тутмын үйл хөдлөл, эд юмсын учир шалтгааныг өгүүлж байдаг нь физик, хими билээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эдгээр хичээлийг үр дүнтэй заахын тулд нийслэл болон орон нутгийн 100 сургуульд физик, химийн лабораторийн иж бүрэн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг БШУЯ-наас нийлүүлж эхэлсэн. Тус сургуулиудын нэг нь Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургууль. Шинэ тоног төхөөрөмж дээр практик туршилт хийсэн анхны хичээлийн багш нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг байсан юм.

Сурагчид дөрвөн баг болон хуваагдаж хэвтээ, өнцөгт шидэлт болон дүүжингийн туршилтыг хийсэн юм. Тэд шинэ багажаа ашиглан өмнө нь цаасан дээр боддог байсан бодлогоо бодитоор туршиж үзэв. Ерөнхий сайд баг бүрийн ажлыг шалгаж, зөвлөж, хэвтээ, босоо шидэлтийн бодлогыг багадаа их тоглодог байсан чулуутайгаа зүйрлэж, дүүжингийн хэлбэлзлийг савлууртай жишин тайлбарлаж байлаа. Тэрээр физикийн хичээлийг онол, томьёо гэхээс илүү амьдралын өдөр тутмын хэрэглээ гэдгийг байнга хэлж байсан юм. Түүний багшилсан 40 минутын хичээл бага зэрэг сунжирсан. Учир нь ойрд физикч мэргэжлээ ашиглаагүй түүнд их л сонин, таатай байгаа нь мэдэгдэж байв. Хүндийн хүчний хурдатгалын томьёоны гаргалгааг гаргаж авахын тулд тэнд байсан багш нар, сурагчдыг чамгүй шалгаадхав. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад физикийн томьёог тэр чигээр нь цээжлүүлэх биш цаад учир санааг нь нарийн ойлгуулвал тун сонирхолтой, өгөөжтэй байх болно гэдгийг дахин хэлж байлаа.

Тиймдээ ч бодлогодоо ашигласан томьёоныхоо задаргааг багш нартай хамтран гаргахаар хичээж, хүссэндээ ч хүрсэн юм. Томьёоны гаргалгааг их, дээд сургуулийн мэргэжлийн ангид заадаг ч арван жилийн сурагчдад хэлхээ хамаарлыг нь тайлбарлаад заагаад өгвөл болохгүй зүйл үгүй юм байна гэдгийг Ерөнхий сайдын хичээлээс ойлголоо гэж багш нар дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн юм. Учир нь томьёог бурхан зохиодоггүй. Түүний цаана заавал учир зүй, гаргалгаа нь байгаа. Түүнийг олж мэднэ гэдэг физикч мэргэжлийн хамгийн амттай зүйл гэдгийг онцлов.

Сургуулиудад нийлүүл­сэн физикийн лаборатори нь 10 иж бүрдэл багаж, тоног төхөөрөмжтэй, багш, сурагчийн туршилтын долоон ширээтэй, 70 төрлийн туршилт хийх боломжтой юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар Дорнод, Дундговь, Сэлэнгэ, Увс, Улаанбаатарын багш нарт тоног төхөөрөмжийг нь мөн гардуулан өгсөн. Түүнчлэн лаборатори нийлүүлсэн сургуулиудын физик, химийн 200 багшид зориулсан сургалтыг энэ өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. Ерөнхий сайд энэ үеэр багш нартай уулзаж, сургалтын явцтай давхар танилцсан юм.

“Манай улсад ерөнхий боловсролын 750 гаруй сургууль бий. Эхний ээлжинд 100 сургууль физик, химийн хичээлийн иж бүрэн тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэлтэй боллоо. Цаашид бүх сургууль дэлхийн жишигт нийцсэн ийм лабораторитой болно” гэж Л.Гантөмөр сайд хэллээ.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих