Нийслэлээс төрсөн тэрбумтан Ц.Сандуй

sundui

Өнгөрсөн гуравдугаар сард нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гарган хууль бусаар олгогдсон газ­руудыг хурааж авах ажлыг эхлүүлсэн бөгөөд үүнийг дагаж, газрын наймаа, үүнийг тойрсон авли­га, хээл хахуулийн асуудлыг Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна.  Уг хэрэгт хотын мэр асан Г.Мөнх­баяр, НИТХ-ын дарга Т.Билэгт, Газрын албаны дарга асан Ц.Сундуй, Газрын алба­ны дэд дарга асан одоогийн Өмчийн харилцааны газрын Хуулийн хэлтсийн дарга Э.Ариун­гэрэл, Үнэлгээ, төл­бө­рийн хэлтсийн дарга Д.Дашцэцэг зэрэг нөхдүүд газрын наймааны хэргээр шалгагдаж эхэлсэн бөгөөд тэднийг 240 удаа­гийн үйлдэлтэй гэж цагдаа нар сэтгүүлчдэд ам алджээ.

Одоогийн байдлаар газрын төлбөр хэлбэрээр төрд орох байсан 280 орчим тэрбум төгрөг хувь хүмүүсийн халаас руу орсон гэжхууль хяналтынхан  үзэж байгаа аж.  Учир нь газрын төлбөр нэртэй энэ их хэмжээний мөнгө газрын албанд мөнгө орсон гэдэг  ч баримт үлдээгүй.  Тэрчлэн Барилга, хот байгуулалтын сайдын тогтоосон газрын үнийг үндэс­­лэн дуудлага худалдаа, тендер, сонгон шалгаруулалт явуулсан нэг ч баримт байдаг­гүй аж. Уг нь газрыг олон нийтэд нээлттэй хэлбэрээр тендер зарлан олгох хууль­тай байдаг ч Г.Мөнхбаяр мэрийн үед энэ хууль нэг ч удаа хэрэгжиж байгаагүй аж.

Төрд төл­бөр төлөлгүйгээр газрыг аж ахуйн нэгж, иргэд үйлчил­гээний зориулалтаар өмчлөн авах эрхгүй бөгөөд тэд ажлаа гүйцэлдүүлэхийн тулд арга сэдсэн байдгийг хэлэх хүмүүс байгаа юм. Тэдний сэдсэн арга нь төр, аж ахуйн нэгжүүд хоршиж газар  эзэмших тухай тогтоол гэж байгаа. Нэг үгээр хэлбэл нийслэлийн Засаг даргын Тамгын газар, газрыг хувь хүмүүстэй хамтран эзэм­шигч болно гэсэн үг аж.

Тэгэ­хээр аж ахуйн нэгжүүд газрын төлбөр төлөх шаардлагагүй болох юм байна. Гэхдээ энэ зарчмаар өгсөн газрыг нь судалж бичиг баримт барин, нэр зааж хөөцөлдөхөд нийс­лэ­лийн мэдэл огт байдаггүй бөгөөд бүх газар  100 хувь аж ахуйн нэгжид шилжсэн байжээ. Ганцхан Хан-Уул дүүрэгт  л гэхэд 160 хэсэгт ийм байдлаар газар олгосныг тогтоогоод байгаа гэнэ.

Ихэнхийг нь Нисэх, Яармагийн зам дагуу олгосон бөгөөд томоохон компаниуд энэ хэсгийн газрыг Ц.Сундуйтай тохирч  авчээ. Сонгинохайрхан дүүр­гийн 22-ын товчоо, Баянзүрх дүүргийн Баянзүрхийн тов­чооны зам дагуу ч газар олгох захирамж гаргаж аж ахуйн нэгжүүдэд өгсөн нь тогтоогд­сон байна. Тэд нэг удаагийн захирам­жаар доод тал нь 10 га газар олгодог байж. Гэхдээ төрд нэг ч төгрөг оруулдаггүй байсан бөгөөд төлбөрийг өөрсдөө авсан гэж тэднийг буруутгаж байгаа юм.
Өөрөөр хэлбэл нийслэ­лийн Засаг дарга асан Г.Мөнх­баяр, НИТХ-ын дарга Т.Билэгт нар аж ахуйн нэгжид газар олгох захирамж гаргаж Ц.Сундуй, Э.Ариунгэрэл, Д.Дашцэцэг гурав хэргийг гүйцэлдүүлж 240 удаагийн захирамжаар 240 хэсэгт 2400 орчим га газар олгожээ. Ийн төлбөр болох 280 тэрбум төгрөг нь Газрын албаны дансанд ороогүй бөгөөд хувьдаа завшсан гэж ярих хүмүүс байгаа. Газрыг худал­даалахад тогтоосон хамгийн доод үнийг жишиг болгон тооцоход ийн 280 тэрбум болж байгаа гэсэн.  Тэдний буянаар 200 орчим аж ахуйн нэгж 280 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх газрыг ямар ч төлбөр төлсөн баримтгүйгээр авчээ. Хэдхэн жишээ дурьдахад “Туушин” ХХК газрын төлбөртөө хамгийн их мөнгө төлөх ёстой байгаа аж.

Туушин компани нь 2009 онд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Хонхор өртөөний орчим газар авах хүсэлт гаргасныг нь 99 тоот захирамж гарган олгожээ. Ингэхдээ 130 га газар буюу нэг сая гурван зуун мянган метр квадрат талбайг үнэгүй авсан байгаа юм. Үнэгүй гэдэг нь төр хувийн хэвшил хоёр хоршиж бүтээн байгуулалт хийнэ гэсэн нэрийн дор газрыг олгожээ. Гэхдээ өнөөдөр тухайн газарт нийслэлийн мэдэл огт байхгүй бөгөөд газрын нийт үнэлгээ нь 14.3 тэрбум төгрөг болж байгаа аж. Мөн “Торгон хэлхээ” гэх  компани нийт 9.9 тэрбум төгрөгийн үнэтэй газрыг Хан-Уул дүүрэгт авчээ.

Тус дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт 150 га газрыг долоо хоногийн дотор гаргуулан авсан байгаа юм. Г.Мөнхбаярын гарын үсэгтэй төр, хувийн хэвшил хоёр хоршиж бүтээн байгуулалт хийнэ гэсэн тодотголтой захирамж байгаа аж. Бас л улсад ганц ч төгрөг оруулалгүйгээр тэд 150 га газар авч чаджээ. “Би Энд Си Эйч Өү” гэх компани 80 га буюу найман зуун мянган метр квадрат   газар   авсныхаа төлбөрийг хийлгүй өнөөдрийг хүрчээ. Тус компани нь гурван жилийн өмнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт газар авсан нь тогтоогдож мэдүүлэг авахаар удирдлагуудыг нь дуудаад байгаа юм байна.

Тэд газрын төлбөр болгож 8.8 тэрбум төгрөг төлөх ёстой байсан гэнэ. Ямартай ч Г.Мөнхбаяр, Т.Билэг, Ц.Сандуй нарын буянаар улсад 280 тэрбум төгрөгийн хохирол учирч. Харин эндээс хоёр гурван тэрбумтан төрж гарсан гэж зарим хүн хардаж байх юм. Жишээлбэл Нийслэлийн Газрын албаны даргаар ажиллаж байсан Ц.Сандуй гэгч энэ залуу том том худалдааны төвтэй, хотын төвд хоёр гурван том байшин бариулж, түрээснээс асар их мөнгө олдог гэсэн яриа ч тараад байна. Түүнийг” Home Plaza” нэртэй сүлжээ дэлгүүрийн нууц эзэн гэж зарим нь ярьж байна.

Хотоос төрсөн энэ залуу тэрбумтан Нийслэлийн МАН-ын даргаар ажилладаг. Тиймээс авилгал хээл хахуулын энэ том хэргээс нэр цэвэрхэн бултах гэж бүхий л талаар оролдож байгааг ч зарим хүмүүс ярьж сууна. МАН-ын хамгийн том, бас хамгийн чинээлэг эрхмүүдээс бүрддэг хотын фракцид багтаж, газрын наймаагаар хөлжсөн том дарга нарын гар хөл болсоор ирсэн энэ залууг дахиж Нийслэлийн намын хорооны даргаар сонговол МАН-ын алдагдсан нэр хүнд улам л унана гэж зарим нь хаширлаж сууна.

Ямартаа л нам, хот хоёроос хол байлгах хүний тоонд хотоос төрсөн тэрбумтан Ц.Сандуй нэлээд дээгүүрт бичигдэж байгаа. Харин асар их хэмжээний мөнгөний асуудалд холбогдож, газрын наймааны хэрэгт холбогдсон Ц.Сандуйгийн хувьд МАН гэдэг өөрөө өөрийгөө аргацаах халхавч болно гэж тооцож, Нийслэлийн намын хорооны даргаар дахин сонгогдохоор улааран хөөцөлдөж байна.

Ш.Үнэнбат


URL:

Сэтгэгдэл бичих