Уяачдын холбооныхон хүүхдийн эрх ашиг хамгаалагчдыг ад үзэж байдгийг баримтаар өгүүлэв

91385d195de915c8original

Хөвсгөл аймагт уламжлал ёсоор хаврын тэргүүн сарын шинийн найманд гурван насны дөрвөн зуугаад хурдан морьдын уралдаан болж, хүүхдүүд мориноос унаж, нэг хүү тархиндаа хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгджээ.

Ил явдалтай холбогдуулан аймгийн Засаг дарга захирамж гарган 5-р сарын нэгэн хүртэл хурдан морьдын уралдаан зохион байгуулахыг хориглоод байна. Энэ сарын дундуур болох зүүн бүсийн хурдан морьдын уралдаан ч ийнхүү хойшлов. Эдгээр уралдаанууд зохион байгуулах талаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас оны өмнө шийдвэрээ гаргажээ.

Аймгийн Хүүхэд гэр бүлийн хэлтсийн мэргэжилтнүүдийн мэдээллээс үзвэл: 2013 онд аймгийн хэмжээнд 35 удаа хурдан морьдын уралдаан болж 15 хүүхэд мориноос унаж, Цагаан-Уул, Рашаант сумдад хоёр хүүхэд эндэж, Эгийн хурдын үеэр хоёр хүүхэд хүнд гэмтэл авчээ.

Энэ талаар анхааруулж өнгөрсөн оны 2-р сард аймгийн Засаг даргын албан бичиг сумдад явуулж байв. Хүйтний улиралд морьдын уралдаан явуулахгүй байхыг ч анхааруулжээ. Гэтэл он гарснаас хойш цагаан сарын өмнө 6 сум хурдан морьдын уралдаан зохион байгуулжээ.

Энэ үеэр 5 хүүхэд мориноос унаж байсан бол шинийн наймны уралдааны үеэр 14 хүүхэд мориноос унаж Төмөрбулаг сумын 15 настай хүү Заяагийн Ганзориг толгойндоо хүнд гэмтэл авч Нийслэл рүү эмчилгээнд явсан аж.

Энэ хүүг Хаан даатгалд даатгуулсан бөлгөө. Энэхүү хүүхдүүдийн хүнд хэлбэрийн хөдөлмөр үнэлэмж багатай, хөдөлмөрийн аюулгүй байдал хангалтгүй буйг онцлов. Аймгийн хэмжээнд хурдан морь унадаг хүүхэд мянга гаруй байгаа бөгөөд унаач хүүхдүүдийн аймгийн хэмжээний зөвлөгөөн хийхийг анхаарууллаа.

14-өөс дээш насны хүүхдүүд хурдан морь унуулахыг зөвлөж буй ч саяны уралдаанд Тариалан сумын уяач Лхагвадорж хэмээх иргэн зургаан настай хүүхдээр хурдан морь унуулж байв. Саяны уралдаан замбараа муутай, уяачдын холбоо хариуцлагагүй хандсанаас тавь гаруй машин морьдтойгоо хамт уралдсаныг ч шүүмжилж байв.

Уяачдын холбооныхон хүүхдийн эрх ашиг хамгаалагчдыг ад үзэж байдгийг баримтаар өгүүлэв. Уяачдын холбоо нь, уяачид ч, удирдлага нь ч шинэ баян цээж өвчтэй гэгчээр адгуусаа тамлаж, хүнээ мориноосоо дорд үнэлэн, хичнээн хүүхдийн эрүүл мэнд, ирээдүй, амь нас золиослон баярхаж, аагархаж, сэгсэлзэн хөөсрөх вэ?

Юманд хэмжээ хязгаар гэж баймаарсан, алийн болгон энхрий бяцхан үрсээ золиослон хүүхдүүдийн аав, ээжийн нулимсаар баярлаж, бардамнаж наадах билээ.

Ж.Бүрэнбэх

Эх сурвалж: “Эрх чөлөө” сонин


URL:

Сэтгэгдэл бичих