Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарт дахин эрүү үүсгэн шалгаж эхлэв
Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан Д.Батхуяг, тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Даваацогт, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарт холбогдох хэргийг 2013 онд гурван шатны шүүхээр хэлэлцэж, шийдвэрлэсэн юм.
Тэгвэл дээрх албан тушаалтнуудыг дахин шалгаж эхэлсэн байна. Ингэхдээ БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Берунг майнинг” ХХК-иас гаргасан гомдлын дагуу Улсын Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс шалгаж эхэлжээ.
Хэргийг сөхвөл, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Берунг майнинг” компанид С.Жаргалсайхан нь 5261Х тоот хайгуулын лицензийг хууль бусаар олгосон юм. Иймд гурван шатны шүүхээс энэхүү хайгуулын лицензийг хүчингүй болгосон.
Уг лицензийг хүчингүй болгосноор “Берунг майнинг” ХХК 31 тэрбум төгрөгөөр хохирсон хэмээн УМБГ-т гомдол гаргасан нь энэ аж. Тиймээс энэ сарын 8-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Д.Батхуяг, Л.Даваацогт, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарт дахин эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн аж.
URL: