Үүнийг эхлэхийн өмнө би “Авьяас бол эмзэглэл” гэсэн их Д.Намдагийн үгийг зориуд хэлмээр байна. Хэлэхийн учир ч олон бий. Юуны өмнө бичихийн шалтаг нь өөрөө тун сонирхолтой сэдэв хөндсөн хэрэг л дээ. Нэрд гарах гэж оролдлого хийж байгаа жүжигчин гэх, нэг дуучин гэх охид телевизээр ярилцлага өгч байгаа нь суваг солихтой таарч сонслоо. Од болохын мөрөөдөлд автагсад өөртөө байгаа авьяасаас давсан маяглал үзүүлэх хийгээд өмссөн зүүсэн ч гэж ярих юм алга,аа.
Мөн л өөртөө байгаа авьяасын хэмжээгээр л ярьж байна,аа зайлуул. Тархины хэмжээ нь ч тэр биз дээ. Энэ үеэр сурвалжлагч маань “Таны ийм ч нүцгэн зураг, тийм ч нүцгэн зураг тэр хэвлэл мэдээлэл, энэ ч цахимаар гарчээ” гэх мэтээр асуух юм. Харин од болохыг хүсэгчид маань “Манай сэтгүүлчид арай дэндэж байна. Ёс зүйгүй байна шүү. Би хувийнхаа цахимд байрлуулсан зургийг хуулж тавиад худлаа юм биччих юм. Ингэж болохгүй” гэх мэтээр шал худлаа ичингүйрч байна,аа. Ичих сэтгэл байхгүй нь илт байхад. Эмзэглэх тухайд бол бодох ч хэрэггүй, хог гэж. Сэтгүүлч нь ч гэж сэтгүүлч, бас нэг цэнхэр дэлгэцээр од болохыг мөрөөдсөн, хоосон маяглалтай хүүхэнцэр.
Мэдэх ч юм алга, тэрэнд. Бараг л үзэг нэгт нөхдөө хамтраад муулах шахаж байна шүү. Өнөөх “Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо” гэдэг нь л энэ байх. Уг нь би тэр цэнхэр дэлгэцээр од болохыг мөрөөдсөн хүүхэнцэрийн оронд байсан бол “Та өөрөө зориуд цахимд нүцгэн зургаа тараасан юм биш үү. Хэрвээ та цахимд зургаа байрлуулаагүй бол хэн ч таны зургийг тавихгүй шүү дээ. Ингэхэд танд олонд хүрчихсэн дүр байна уу, тийм гээд хэлчих дуу байна уу. Та дэлхийн ямар сонгодог жүжигт тоглохыг хүсч байна” гэх зэргээр өнөөх л сонгодгуудын нэрийг дурдаад улалзуулах байлаа. Тэгэхээр ямар ганц нэг хошин шогийн номерт гарснаа, ганц нэг завхай кино шиг юманд хальт харагдсанаа ярилтай биш улалзаж таарна биз дээ. Тэгээд ч тэдэнд уншсан ганц ч дэлхийн сонгодог жүжиг байхгүй, зохиогчийн нэр ч байхгүй учраас улалзахаас яахав.
Хөтлөгч гэх хүүхэнцэр ч өөрөө мэдэхгүй. Түүнд зурагтаар гарах нь л чухал болохоос биш тэр сонгодог энэ тэр огт хамаагүй. Гэтэл “жороо нь жороогоороо” ороод л нэг ийм нэвтрүүлэг шиг юм бэлдчихснийг харахаар хэний ч бухимдал төрнө биз дээ. Тиймээс од болохын мөрөөдөлд автсан энэ авьяасгүй нөхдийг ойлгоосой гэсэндээ хэдхэн үг хэлэх гэсэн хэрэг. Гэхдээ энэ нь зөвхөн өнөөдөр бий болчихсон зүйл биш л дээ. Суурь нь тавигдаад хорь гаруй жил болчихожээ.
Орчин цагт авьяастай авьяасгүй нөхдүүд их урлагийн хаалгаар чихэлдэж, тэр хэрээр эмзэглэх сэтгэлгүй нөхдүүд од болохын мөрөөдөлд хэт автах болсон. Өөрөөр хэлбэл ичих булчирхайгүй нөхдүүд дээрх маягаар олон боллоо гэсэн үг. Нэгэн цагт буюу ерээд онд шар сонины эрин цаг эхэлж, тэр л шар хуудаснаа гарахын хүслэн болсон нөхдүүд олон болж байв.
Нэг дуучин нэртэй охин нүцгэн зургаа сонины хуудаснаа гаргахаар дууг нь сонсохоосоо өмнө тэр л нүцгэн зургийг сонирхож байсан цаг ард хоцорсон. Үүний дараа цахим мэдээллийн сайтуудын давалгаа бий болж, шар сонины мандан бадралтын үе ч дуусч байгаа энэ цагт цахим хуудсаар нүцгэн зураг үзэгдэх нь олширчээ. Өнөөх л од болохын мөрөөдөлд автагсадын зураг шүү дээ. Бүр сүүлдээ фейсбүүк, блог гээд хувийн цахим хаяг гээд бүхий л боломж нээгдсэн. Энэ л өнөөх од болохын өвчнөөр хүнд өвдсөн гаруудад ихэд олз болж байна.
Хувийнхаа энэхүү цахим орчноос өөрийнхөө нүцгэн зургийг төрөл бүрээр цацаж, түүнийг нь зарим цахим сайтууд дамжуулан цацсанаар тэд өөрсдийгөө од болно гэж тооцоолсон хэрэг. Үнэнийг хэлэхэд авьяастай чадвартай залуучууд хэзээ ч ийм зургаа цацахгүй. Авьяастай жүжигчин охин яах гэж нүцгэн зургаа цацах юм. Тэртээ тэргүй түүний авьяасыг биширч, тоглосон дүрийг нь үзэх гэж үзэгч олон хошуурдаг болохоор тэд хүссэн хүсээгүй од болдог. Нөгөө талаар нэг муу сөөнгө хоолойтой, гоншигносон хүүхний дууг бол хэн сонсох юм бэ.
Ёстой нүцгэн зургаа авхуулан цацаж байж л сая нэг танил болох аядна биз дээ. Танил болох ч юу байх вэ. Мөнгө нь халаасандаа багтахаа байсан завхай зайдан улсчтөрдөөс эхлээд ийм мэтийн зүйлийг анхаарах хүмүүс нийгэмд чамгүй олон бий шүү дээ. Зарим нь ч тэр зүгт ханд хаяж зургаа цацдаг байх. Энэ бол том эмгэнэл. Чадалтай хоолойтой бол дууг нь сонсох гэж, харах гэж хүссээр байгаад хүссэн хүсээгүй л од болно биз. Яахав, ил тод байдал, түүнийг даган хөгжиж буй урлагт нүцгэн бүү хэл зүйлээ цацаж болно. Өөрийнхөө биеийн болон гоо сайхныг бусдад гайхуулмаар санагдаж болох шүү дээ. Яагаад болохгүй гэж.
Хамгийн гол нь юуны тулд нүцэглээд байгаа нь өөр хэрэг. Тэр тусмаа ар өврийн хаалгаар урлагт хөл тавьж байгаа авьяасгүй охидууд бол хэрээс хэтэрсэн. Залуусын хувьд ч яахав, харьцангуй гайгүй. Нүцэглээд байх бие хаа ч байдаггүй юм уу, энд тэнд худлаа ярьсаар явна. Уг нь “Камертон”-ы Д.Болд нэг үе майктай тайзан дээр дуулж байгаа үгүй нь мэдэгдэхгүй боди маягийн зүйл чанга хөгжмийн аянд үзүүлчихдэг байсан. Тааруухан хоолойгоо бие хаагаараа хачирлаж үзэгч олонд хүргэх гэсэн ч юм уу хэн мэдэх вэ. Тэр ч өнгөрч. Эцэст нь хэлэхэд дуучин, жүжигчин гэдэг босго өндөртэй алдар чинь нүцгэн биеэр алдаршчихдаг зүйл биш шүү. Од болохын хорт хавдар туссан нөхдүүд үүнийг сайн ойлгоорой.
А.Гал