МАХН-д элсэх нөлөө бүхий улстөрчдийг нууцлав

МАХН-ын төв байр өчигдөр хөл ихтэй байв. Өмнө нь тус намын батлахтай байсан хүмүүс гишүүнчлэлээ сэргээхээр иржээ. Мөн МАН-ын гишүүд намаа сольж МАХН-д элсэв. Нийт 200 гаруй хүн тус намд элсэж бат илэрхийллээ намын удирдлагуудаасаа гардан авлаа. Ийм үйл ажиллагаа нийслэл, орон нутагт үргэлжилсээр байгаа гэнэ. Харин зарим хүн намын удирдлагуудаас батлахаа авах хүсэлтээ илэрхийлсэн тул энэ арга хэмжээг зохион байгуулжээ.  Намын бат илэрхийлэх гардуулах ёслолд МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ц.Цолмон, Ц.Оюунбаатар, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга болон тус намын нарийн бичгийн дарга нар оролцов.

Ёслолыг МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва нээлээ. Тэрээр “МАХН-ын үйл ажиллагаа идэвхтэй өрнөж байна. Бид УИХ-д бүлэгтэй болж, Засгийн газарт хамтран ажиллаж байна. Түүхэн намынхаа ажилд идэвхитэй оролцож буй гишүүд, дэмжигчдэдээ талархлаа. Манай нам шударга үнэнийг нийгэмд тогтоох зорилготой. МАХН-ыг улам бэхжүүлж, Монголоо хөгжүүлэх үйлсэд улам идэвхтэй оролцохыг гишүүд, дэмжигчдээсээ хүсье. МАХН улам өргөжин тэлж, шударга ёсны төлөө зүрх сэтгэлтэй хүмүүсээр хүрээгээ тэлсээр байна. МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж, шинээр манай намын гишүүн болж байгаа хүмүүстээ Н.Энхбаяр даргын зүгээс болон хувиасаа талархал илэрхийлье” гэв. Мөн намын батлаа солиулах хүсэлтэй хүмүүс өргөдлөө барьж ирсээр буйг тус намын нарийн бичгийн дарга У.Бямбасүрэн онцлов.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Ж.Амгалан, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн сургалтын төвийн захирал Л.Даш­ням, гавъяат жүжигчин З.Шагдар, гавъяат тамирчин С.Батцэцэг нарын 200 гаруй хүн намын батлахаа гардлаа. Энэ өдөр МАХН-д элссэн хүмүүсээс хамгийн ахмад нь Ж.Амгалан, хамгийн залуу нь н.Тэмүүжин байв. Харин урлаг соёл, спортынхон намд элсэж буйгаа олон нийтээс нууцалж батлахаа хаалттай өрөөнд гардан авав. Мөн МАН-ын нөлөө бүхий гишүүд, улстөрчид МАХН-д элсэнэ гэсэн мэдээлэл байсан ч ёслолд оролцсонгүй. Гэхдээ энэ мэдээлэл үнэн бөгөөд зориуд нууцалж байгаа гэнэ.

Батлах гардан авсан 200 хүний дунд МАН-ын нөлөө бүхий хэд хэдэн гишүүд байгаа тухай намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нотлов.  Харин энэ удаагийн ёслолын үеэр нэрийг нь зарлахаас зайлсхийжээ. Энэ талаар Г.Шийлэгдамба “Нэртэй  улстөрч, олны танил хүмүүс МАХН-ын гишүүнчлэлээ сэргээнэ гэсэн мэдээлэл  бодитой. Гэхдээ эдгээр хүний нэрийг эрт зарлах боломжгүй байна. Учир нь үүний дараа намын дотор хагарал үүсгэж, үйл ажиллагааг мушгин гуйвуулах, эсрэг үйл ажиллагаа явуулах, гишүүнчлэлээ сэргээж байгаа хүмүүст хүндрэл учруулах гээд бэрхшээл гарахгүй гэх баталгаагүй учир бид ийнхүү сэргийлж байгаа юм” гэсэн тайлбар өглөө.

МАХН-ын гишүүнчлэлээ сэргээсэн шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ж.Амгалан “Өнөөдөр намд шинээр элсэж байгаа юм биш. Одоогоос 43 жилийн өмнө энэ намын батлахыг авч байлаа.  Би эрдэм шинжилгээний ажил хийсэн 50 гаруй жилийн хугацаандаа МАХН-ын үзэл суртал, дэг журам, ёсыг мөрдөж ажилдаа асар их амжилт гаргасан. Түүнээс гадна МАХН-аас хувьсгалт гэсэн үгийг авч хаясанд их дургүйцдэг. Яагаад гэвэл XXI зуун бол хөгжил дэвшлийн, шинжлэх ухааны, хувьсгалын зуун. Тиймээс хувьсгал гэдэг үг XXI зууны брэнд үг” гэж онцлов.


URL:

Сэтгэгдэл бичих