Энэ удаагийн ярилцлагын булангаар хэсэг хугацаанд уран бүтээлээсээ хөндийрч, чимээгүй байсан Дуучин Эркатай уншигч та бүхнийг уулзуулж байна.Эрчүүдийн зүрх сэтгэлийг дур булаам төрхөөрөө татаж чаддаг сайхан бүсгүйтэй ойрын сонин сайхнаас нь хуваалцсан юм.
Эркад энэ өдрийн мэнд хүргэе. Сүүлийн үеийн сонин сайхнаа уншигчидтайгаа хуваалцаач.
-За баярлалаа. Чамд ч бас энэ өдрийн мэнд хүргэе. Сүүлийн үед дууны бичлэг, киноны зураг авалттай жаахан завгүй л байгаа.
Ямар кинонд тоглож байна. Манай уран бүтээлчид кино урлагт их орох болсон. Эркагийн хувьд жүжиглэлтэндээ хэр итгэлтэй байгаа бэ?
- Монголын Үндэсний Телевизийн хийж байгаа шинэ кинонд тоглож байгаа. Жүжиглэлтийн тал дээр өөртөө итгэлтэй байгаа. Мэдээж айж, ичих зүйл зөндөө гарч байна. Хамгийн чухал нь маш олон хүний итгэлийг алдахгүйн тулд хичээн ажиллаж байна.
Уран бүтээлийн хүлээж байгаа олон сонсогч, фенүүд нь байгаа. Шинэ клипээ хэзээ үзэгчдийн мэлмийд хүргэх бэ?
-/Инээв/ би фен гэж ярьдаггүй л дээ. Намайг сонсдог, дэмждэг хүн гэж л ярих дуртай. Тэгээд ч монголд фен байхгүй байх гэж боддог. Уран бүтээлийн хувьд хэсэг юу ч хийгээгүй боловч одоо хийж байгаа. Саяхан би “Ирмүүн” агентлагаас гаргаж байгаа хүүхдийн дууны СD-нд 1,2 дуу дуулсан.
“Мах Music” продакшнд харъялагдаж байгаа юу? Эсвэл бие дааж уран бүтээлээ хийж байна уу?
- “Мах Music” студийн хувьд өмнө нь залуу уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг байсан. Одоо бол бараг байхгүй дээ.
Эркагийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг бэ? Өнөөдөр ямар ажил амжуулах гэж байна. Ер нь чөлөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Ер нь янз бүр дээ. Заримдаа маш завгүй, заримдаа гайгүй байдаг. Сүүлийн үед бол кино зурагтай байгаа болохоор нилээн завгүй явж байгаа. Тэгээд ажил их байсан ч гэсэн замын түгжрэлд зогссоор байгаад л өдрийг өнгөрөөчих гээд байгаа. Чөлөөт цагийн хувьд гэвэл үр бүтээлтэй өнгөрөөх гэж хичээдэг. Найзуудтайгаа уулзана. Мөн ном уншина гээд зөндөө юм байна даа. Ер нь тэгээд нээх ажилгүй бол гэртээ байх дуртай.
Хэр сайн жолооч бэ? Хэдэн жил машин жолоодож байна.
-3 жил барьж байгаа. Яах вэ өөрийнхөө хэмжээнд бусдад төвөг болохгүй, замын хөдөлгөөнд оролцдог гэж боддог.
Залуусын талаарх таны бодол? Ямар залуу Эркагийн сэтгэлийн хөдөлгөж чаддаг вэ?
-/Инээв/. Миний хувьд эр хүн хэлсэндээ хүрдэг. Эмэгтэй хүнийг хүндэлдэг. Амлалтандаа эзэн болдог, ухаалаг байвал таалагдах байх. Ер нь бүх бүсгүйчүүд ч надтай санал нийлэх байх.
Ойрын зорилгод тань гэр бүл зохиох төлөвлөгөө байна уу?
-Уг нь бол ойрын хэдэн жилдээ багтааж гэр бүлтэй болох бодол байгаа. Гэхдээ гэр бүлийг албан ажил шиг яг таг төлөвлөж болдоггүй юм шигээ. Ойрхон л гэж найдаж байна.
Найз залуутай гэсэн үг үү?
-Үгүй ээ. Байхгүй болоод л харин ойрхон гэж найдаж байна.
Эрчүүдийн хувьд халуухан бүсгүйн тоонд Эрка ордог. Гоо сайхандаа хэр их цаг зарцуулж байна?
-Мэдээж эмэгтэй хүн учраас өөрийнхөө хэмжээнд бол маш их анхаардаг. Гэхдээ минийхээр маш их гэдэг маань бусадтай адилхан гоо сайханд орж хамгийн үнэтэй бүтээгдэхүүн авч хэрэглэдэг гэсэн үг биш л дээ. Хамгийн гол нь арьсандаа таарсан бүтээгдэхүүн хэрэглэдэг. Дээрээс нь нойр маш сайн авдаг эрүүл хооллохыг хичээдэг. Тэгээд хамгийн сүүлд нь сайн сайхан юм бодож мөрөөддөг. Муу муухайгаас хол байхыг хичээдэг дээ. Энэ бүгд миний эрүүл мэнд, гоо сайханд асар их нөлөө үзүүлдэг гэж бодож байна.
Урлагийнхныг ихэнхдээ тайзан дээр байгаа байдал, телевизээр гарч байгаагаар нь төсөөлдөг. Эркагийн хувьд энэ тал дээр юу хэлмээр байна?
-Би бол тайзан дээр чадах чинээгээрээ гоё гарч байх хэрэгтэй, тайзаа хүндлэх ёстой гэж боддог. Амьдрал дээр бол байгаагаараа байсан нь зүгээр санагддаг.
Сонин, сэтгүүл гээд хэвлэл мэдээллийн элдэв шуугианд хэр эмзэглэдэг вэ?
-Миний талаар нээх шуугиад байдаггүй ш дээ. Тэгээд ч би эмзэглэдэггүй.
Би их олон удаа сонсож байсан л даа. Уран бүтээлээрээ хүмүүсд хүрэхээс илүү өөрийн тань гоо үзэмж, имиж юуны түрүүнд тавигддаг гэж. Жишээ нь эрос номер 3 гэж нэрлэж байсан санагдаж байна.
-Намайг уу?
Тийм.
-Тиймүү би сонсож байгаагүй ю байнаа тэгвэл. /инээв/
Тэгвэл яг амьдрал дээр тийм секси эмэгтэй мөн үү. Эсвэл уран бүтээл дээрээ бусдыг татах гэж тийм дүр төрхтэй байдаг уу?
-/Инээв/ Би тийм секси харагддаг гэж үү?
Харагддаг болоод л би дахин дахин асуугаад л байна?
-Би байгаагаараа л байхыг илүүд үздэг л дээ. Гэхдээ эмэгтэй хүний хувцаслалт тэгж харагдуулах тал олон л доо. Тэр тусмаа урлагийн хувцас тэгж харагдуулдаг юм болов уу гэж бодож байна даа. Үгүй яахав бага зэргийн нүүрэмгий зураг авахуулж байсан. Шоу тэмцээний тал дээр задгай хувцаслалт байх ёстой. Үзэгчдэд ч гоё таашаал өгдөг гэж боддог.
Магадгүй тийм шүү. Шинэ залуу дуучид олноор төрж байна. Эрка энэ эрчээрээ урлагтай хэдэн жилийн амьдралаа холбоно гэж боддог вэ?
-Яг шийдсэн юм алга. Яг одоо үнэхээр мундаг байсан ч гэсэн урлагаар хоолоо олж идэх үнэхээр хэцүү харагддаг.
Хоёулаа урлагаас хөндийрөөд хүүхэд насныхан тухай бас гэр бүлийнхэн тухай ярилцъя. Хүмүүс тэр бүр мэддэггүй.
-Би айлын ганц охин. Бусдын л адил хүүхэд нас минь өнгөрсөн. Илүү ч дутуу ч байгаагүй. Миний үеийн монгол монгол хүүхдүүд яаж өсч хүмүүждэг яг адилхан л өнгөрсөн дөө. Ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Ер нь би бас хүний хувийн амьдрал хувийн л байх ёстой гэж боддог. Заавал бусадтай хуваалцах албагүй бусад хүмүүст ч сонин биш гэж боддог доо. /инээв/
Мэдээж олны танил болохоор хүмүүс илүү хувийн амьдралыг сонирхдог. Манайхан чинь шар мэдээнд дуртай улс шүү дээ. Ер нь бол Эрка хэвлэлийнхнээс их хол байдаг гэсэн дүгнэлтэнд хүрлээ.
-Чи зөв боджээ. Миний хувьд бусдад сонирхуулаад байх сонирхолтой амьдрал, түүх байхгүй. Тэгээд ч заавал шар мэдээгээр бусдад танигдахыг эрмэлздэг хүн биш л дээ.
За тэгвэл шинэ уран бүтээл, шинэ киногоор нь бид Эркатай уулзах нь. Нууц биш бол киноныхоо хэсгээс сонирхуулаач.
-Кино ганцхан миний уран бүтээл биш болохоор бусдын өмнөөс ярьж болохгүй байхаа гэж бодож байна. Уучлаарай. Ямар ч байсан олон ангит кино байгаа. Дуусаад үзэгчдэд хүрэхээр нь үзэгчид дүгнэлтийг нь хийх байх.
Цаашдаа кино урлагаар явах бодол байгаа юу? Дуулах, жүжиглэх хоёрын ялгаа нь юундаа оршиж байна?
-Кинонд тоглох бодол биш хүсэл л байна. /инээв/ Миний хувьд жүжиглэх нь илүү хариуцлагатай. Дуулах бол ганцхан миний л уран бүтээл гарах учраас муу болсон байсан ч гэсэн над дээр л шүүмжлэл ирнэ. Жүжиглэлт муу байвал зөндөө олон хүний ажлыг нураана гээд л ялгаатай зүйл олон санагдсан.
Сүүлчийн асуултыг Эркад үлдээе.
-Энэ ярилцлагыг уншиж байгаа бүх хүмүүст эрүүл энхийг хүсье. Эрүүл байвал хүн маш ихийг хийж бүтээнэ. Урт удаан амьдарна. Тиймээс эрүүл мэнд хамгийн үнэт зүйл шүү гэдгийг уншигчиддаа дахин дахин хэлмээр байна. Хорвоогийн бүх хүмүүст аз жаргалтай амьдралыг хүсье даа.
Баярлалаа. Цаг зав гарган сонирхолтой ярилцлага өгсөн Эркадаа баярлалаа. Удахгүй шинэ уран бүтээлээр нь эргээд уулзацгаая.
Г.Энхүүлэн