Байрны үнэ зүгээр байж байгаад өсчихгүй
Манайхан орон сууцны метр квадратын үнэ өсчихөөр Засгийн газар, барилгын компаниуд буруутай юм шиг хандаад байдаг.
Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайханы “Бодлоготой ярилцлага” буланд өгсөн ярилцлагын барилгын үнийн талаарх асуултын хариултыг хүргэж байна.
Төв банкнаас барилгын салбарын нийлүүлэлтийг дэмжих үүднээс 380 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй зээл олгосон. Ингэснээр үнийн өсөлтийг тогтворжуулна хэмээж байсан ч өнөөдөр байдал эсрэгээрээ болчихсон байна. Магадгүй энэ өсөлт хөөс үү аль эсвэл зах зээлийн жам юм болов уу?
Мэдээж олон талын хүчин зүйл байгаа шүү дээ. Үнэ зүгээр байж байгаад өсчихгүй. Үнэ өсөхөд хоёр талын оролцоо бий. Эдийн засгийн ойлголтоор эрэлт, нийлүүлэлтээс шалтгаална. Манайхан орон сууцны метр квадратын үнэ өсчихөөр Засгийн газар, барилгын компаниуд буруутай юм шиг хандаад байдаг. Үнэ өсөж байгаад бид өөрсдөө ч бас буруутай.
Авах хүн нь цөөрөх тусам үнэ буурдаг бол худалдан авах хүмүүс олширох тусам үнэ өсдөг. Найман хувийн хүүтэй зээл энэ зүй тогтлыг бага ч гэсэн арилгасан. Өмнөх зургаан хувийн хүүтэй зээлийн үед баригдаж эхлээгүй, суурь нь ч тавигдаагүй барилгад баахан зээл өгчихдөг байсан болохоор үнэ өсөхөөс гадна барилга нь баригдаж дуусдаггүй байсан.
Одоо ч гэсэн иргэд авсан зээлээрээ төлбөрөө төлчихөөд байхад барилгаа барьж дуусаагүй компаниуд өчнөөн байна. Харин найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрт барилга баригдаж дуусаад ашиглалтад орсон, улсын комисс хүлээж авсан тохиолдолд найман хувийн зээлд хамруулахаар заасан нь харилцагчаа хамгаалсан бодлого болсон юм.
Л.Баатархүү
URL: