Хосни Мубарак шүүгдэхийнхээ өмнө ард иргэддээ үгээ хүргэлээ

Египетийн экс Ерөнхийлөгч Хосни Мубарак хоёр жил гаруй хугацаанд шоронд хоригдсоны эцэст эрүүл мэндийн шалтгаанаас болж эдүгээ цэргийн эмнэлэгт эмчлүүлж байгаа билээ. Түүний 2011 оны “Арабын хавар” хувьсгалын үеэр олон тооны босогчдын амыг хөнөөсөн хэрэгт буруутгаад байгаа.
Түүний хоёр хүү, экс Дотоод хэргийн сайд, хамгаалалтын албаны зургаан дарга гэсэн хүмүүс ч энэ хэрэгт буруутгагдан хамт хэрэгт татагдаад байгаа юм. Эдүүгээ 85 настай Хосни Мубарак нарт холбогдох шүүх хурал маргааш болно.
Тиймээс тэрбээр өмгөөлөгчөөрөө дамжуулан ард иргэдэд үгээ хүргэлээ. Тэрбээр ярихдаа “Би хэзээ үхэхээ мэдэхгүй байна. Тиймээс намайг ингэж зовоох хэрэг байна уу. Би гэмт хэрэг үйлдэж байгаагүй.
Египет улсыг бүс нутгийн хүчирхэг гүрэн болгосон минь л буруу биш бол өөр буруу зүйл хийгээгүй. Тиймээ Египет улсын төлөө цохилох зүрхтэй байсан нь миний буруу байж ” гэжээ.

Хосни Мубарак гэж хэн бэ

Хосни Мубараки1928 оны тавдугаар сарын 4-нд Нил мөрний цутгалангийн жижиг тосгонд төржээ. 1949 онд дэслэгч цолтойгоор Цэргийн академи төгссөн. Дараа нь Нисэх хүчний академид суралцаж төгссөн. 1956 онд Суэцийн дайнд тулалдаж явсан. Мөн Зөвлөлийн цэргийн академид суралцаж Йемений иргэний дайнд цэргийн бүрэлдэхүүнд тулалдаж байжээ. Түүнчлэн 1972 онд Египетийн нисэх хүчний командлагч, Батлан хамгаалахын орлогч сайд, 1975 онд дэд Ерөнхийлөгчийн албыг тус бүр хашиж байжээ. Түүнээс хойш хэдхэн жилийн дараа Үндэсний ардчилсан намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга болж байв. Харин 1981 онд тухайн үеийн Ерөнхийлөгч байсан Анвар Садат цэргийн парадын үеэр исламистуудын халдлагад өртөж амь үрэгдсэнээр Хосни Мубарак ерөнхийлөгч болжээ. Ингээд 1987, 1993, 1999 онд бүх нийтийн санал асуулгаар удаа дараа ерөнхийлөгчөөр сонгогдож байв.

Ерөнхийлөгч Хосни Мубарак Исламын хэт даврагчдыг эсрэг байснаас үүдэж түүний амь насанд халдах гэсэн оролдлого зургаан удаа гарчээ. 2005 онд ч мөн Сонгуульд ялалт байгуулсан ч 2011 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Ерөнхийлөгчийн эрх мэдлээ цэргийнхэнд шилжүүлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих