2014 оны нэгдүгээр сарын 06-ны өдөр яг юу болсон бэ?

400-1378112956golden-parkБаянгол дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт Голден парк хэмээх хотхон ашиглалтад орж оршин суугчид нь хэдийнэ байрандаа амьдарч эхэлсээр нэлээдгүй хугацаа өнгөрч байгаа. Тэгвэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Голден парк хотхоны иргэд гудамжинд гарах боллоо хэмээх мэдээлэл гарч эхэлсэн. Тэдгээр 3000 гаруй оршин суугчид 2014 оны нэгдүгээр сарын 06-ны өдөр шүүхийн шинэчлэл, шударга ёсыг уландаа гишгэсэн өдөр хэмээн үзэж байгаа аж. Юуны учир ийм асуудал үүсэж мэдээлэл цацагдах болсныг тодруулахаар оролдлоо.

Тэр өдөр шүүхийн танхимд шударга ёс, нийтийн эрх ашиг ялах уу, хэн нэгэн мөнгөтэй захирлын эрх ашиг ялах уу гэдгийг дэнслэх өдөр байсан аж.

Материал импексийн захирал Б.Зориг 688 өрхийн 3000 гаруй оршин суугчдыг гудамжинд гаргах атгаг санаагаа урьдаас бодож төлөвлөн төлөвлөгөөтэйгөөр хэрэгжүүлж эхэлсэн бололтой. Тэрээр шүүхийн бүх шатанд танил тал, найз нөхөдтэйгөө ярьж тохирсон нь илт ажиглагдаж байна.

Гэвч үнэн бөгөөд шударга шүүгч гэж байдаг болохоор Голден парк хотхоны оршин суугчдын хувь заяаны талд эхний 2 шатны шүүхээс ялалт иржээ. Харин Материал импексийн хувьд үүний дараа эцсийн мэхээ хийж танил тал, найз нөхдөөрөө дамжуулан төлөвлөгөөгөө боловсруулсан байна.

2014 оны нэгдүгээр сарын 06: Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн О.Зандраа өөрөө даргалж шүүгч Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, Ц.Сумьяа, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр Материал Импексийн нэхэмжлэлийг хянан хэлэлцсэн.

Гэтэл энд өнөөх бидний байнга ярьсаар ирсэн шүүхийн шинэчлэлийг уландаа гишгэсэн явдал боллоо. О.Зандраа гэгч нь шүүх танхимд шүүгч Б.Мөнхтуяаг илтгэх шүүгчээр тавиулж хуулиар хориотой байтал Материал Импексийн төлөөлөгчийг хөтлөж асуун, зарим үед үгийг нь зааж өгсөөр 688 айлыг гудамжинд гаргах шийдвэр гаргасан юм. О.Зандраа энэ үеэрээ иргэдийг зандарч загнахын хамт шүүхийн алхаар шударга ёсны төлөө өргөсөн тангарагаа тас хийтэл үгүй болгожээ.

Юун шударга ёс, шүүхийн шинэчлэл. Зүгээр л мөнгөтэй эрх мэдэлтэй захирлын эрх ашиг жирийн иргэд та муу сайнуудын эрх ашгаас харьцуулшгүй дээгүүр байх ёстой гэсэн мэт.

Хамаг байдаг хашаа хороо, эд хөрөнгөө зарж, өндөр болон бага хүүтэй банкны зээлэнд хамрагдах гэж дор хаяж 1-3 жил хөөцөлдсөний эцэст орон сууцтай боллоо гэж баярлаж байсан 688 өрхийн 3000 иргэн гудамжинд гарна уу, өр ширэндээ баригдаад дуусна уу яана тэдэнд огт падгүй бололтой.

Ардчилсан орны иргэд бид ерөнхийлөгч, төр засгаа сонгодог. Гэтэл иргэд биднийг шүүхийн танхим дахь эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй хуйвалдагчид өтгөс буурлуудыг үр ачтай нь хамт гудамжинд гаргаж байгааг юу гэж ойлгох вэ. Ийм учраас хохирсон ард иргэд шударга ёс тогтооно гэж сонгосон ардчилсан Ерөнхийлөгчдөө хандсан байна.

Өнөөдөр О.Зандраа захиргааны хэргийн танхимын даргын суудалдаа улирахаар, тун болохгүй бол төлөөний хүн болох Д.Мөнхтуяа шүүгчээ зүтгүүлэхээр хор найруулан гүйж яваа гэнэ.

Шүүхийн танхим нэг хүний өв залгамжилдаг, дангаараа ноёрхдог газар мөн үү. Тэднийг байгаа цагт бид шүүхийн шинэчлэл яриад тусыг олох болов уу.

Эрх ашиг нь шүүхийн эрх мэдэлтний уланд гишгэгдсэн 3000 иргэдийн төлөөлөл өрх гэрээ авч үлдэхийн тулд өлсгөлөн зарлаад ч хамаагүй шударга бус явдлын эсрэг тэмцэх аж.

Г.Мөнх


URL:

Сэтгэгдэл бичих