Надаль “Ролан Гаррос”-т зургаа дахиа түрүүлэв

Дэлхийн тэргүүн теннисчин Рафаэль Надаль Францын нээлттэй тэмцээний финалд Швейцарийн теннисчин Рожер Федерерийг буулган авснаар тус тэмцээний аваргаар зургаа дахь удаагаа тодорч, домогт теннисчин Бьорн Боргийн амжилтыг давтлаа. “Их дуулга”-ын тэмцээний нээлтийн тоглолтоо Жон Иснертэй хийж, таван сет ширүүн өрсөлдсөний эцэст ялалт байгуулсан бол финалын тоглолтод мөнхийн өрсөлдөгч гэж болох Рожер Федерертэй дөрвөн сетийн турш ана мана тэмцэлдсэний эцэст 7-5; 7-6; 5-7; 6-1 харьцаагаар ялалт байгуулжээ.

Испани залуу Надаль Парисын талбайд ердөө ганцхан л удаа ялагдаж байсан. Тэр нь 2009 онд Робин Сёдерлингт ялагдсан тоглолт байсан бөгөөд тухайн жил Федерер түрүүлж, Францын нээлттэй тэмцээний цорын ганц түрүүгээ авч байсан юм.

Надаль ийнхүү 10 дахь “Их дуулга”-аа хүртсэнээр АНУ-ын теннисчин Билл Тилдений амжилттай эн зэрэгцэж байна. Тэрбээр мөн дэлхийн тэргүүн теннисчин гэх чансаагаа хадгалж байгаа юм. Ширүүн тулааны эцэст Надаль “Миний хувьд энэ тэмцээн яагаад ч юм их онцгой, сэтгэл догдлом тэмцээн байдаг. Миний хамгийн агуу мөрөөдлүүдийн нэг биеллээ оллоо. Маш их урам авлаа” хэмээжээ.

С.Цэлмэг


URL:

Сэтгэгдэл бичих