Гавьяагүй гавьяат-2

Бидний энэ булангаар урьд өмнө баатар биш ч Улсын баатар болчихсон Э.Бат-Үүл, гавьяагүй хэдий ч гавьяат эдийн засагч болчихсон “фортуна” Н.Батбаяр нарын талаар хүргэсэн билээ. Энэ удаад УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Болд, УГЖ дуучин Ч.Бат-Эрдэнэ нарын гавьяагүй гавьяаны талаар дурдах гэж байна. Дашрамд дурдахад бид үүнийг үргэлжлүүлэх болно.

Гадаад хэргийн сайд Л.Болд
Өдгөөгөөс 30 гаруй жилийн өмнө Багануурын Үйлдвэрчний Эвлэлийн Зөвлөлийн зааварлагчаар ажлынхаа гарааг эхэлж байсан манай нэрт эрдэмтний хүү Л.Болд 1996 онд УИХ-д сонгогдон орж ирснээс хойш улстөрөөс хөндийрсөнгүй. Тэр ч бүү хэл өндөр дээд сэнтийгээс салахгүй явсаар өнөөдөртэй золгосон нэгэн. Өнгөрөгч хугацаанд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан бөгөөд өнөөдөр Гадаад хэргийн сайдаар ажиллаж байна. Мань эр 2011 онд Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан гэдгийг уншигч та санаж байгаа. Бусад одон медаль ч дүүрсэн хэрэг. Тодруулбал, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхад нь түүнд манай эрхмүүд Цэргийн гавьяаны улаан тугийн одон гардуулжээ. Уг нь тус шагналыг Батлан хамгаалах, цэргийн салбарт гавьяа байгуулсан хүнд олгодог аж. Гэтэл Л.Болд энэ салбарт ямар гавьяа байгуулсныг дурдая л даа. Түүнийг Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхад цэцэглэсэн бизнеснүүд л олон бий. Шуудхан хэлэхэд, түүний үед батлан хамгаалахын салбарт завхарал үүссэн хэмээн цэргийн мэргэжилтнүүд үздэгт хамаг учир байгаа юм. Тухайлбал, Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан бригадын генерал Т.Дашдэлэг Хойд Солонгосчуудад байлдааны онгоцны мотор зарсан гэх хэрэгт холбогдон ял авсан. Тэр ч бүү хэл энэ наймаанаас орж ирэх учиртай ихээхэн хэмжээний мөнгө Л.Болдын толгойлдог группын дансаар орж ирснийг хэвлэлүүд дэлгэж л байсан.

Мөн Л.Болдын үед Батлан хамгаалахын салбарт ажиллаж байсан олон эрхмүүдийг өнөөдөр АТГ шалгахыг нь шалгаж, хорихыг нь хориод эхэлсэн. Тодруулбал, БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан тэргүүтэй Д.Жаргалсайхан, Л.Ариунболд, өдгөө ГХЯ-ны Консулын газрын захирлаар ажиллаж буй Ш.Сүхбаатар нарыг шалгаж байгаа. Ш.Сүхбаатарын хувьд Л.Болдыг БХ-ын сайд байхад тус яаманд өндөр сэнтийд заларч байсан бол өдгөө ч Л.Болдын толгойлж буй Гадаад хэргийн яаманд ажиллаж байгааг бид бүхэн мэднэ. Түүнийг Батлан хамгаалахын салбарт ийм гавьяа байгуулсных нь төлөө Цэргийн гавьяаны улаан тугийн одон өгч дээ, Ц.Элбэгдорж. Ийм хүнийг гавьяагүй гавьяатаар тодруулж болно биз дээ.

УГЖ дуучин Ч.Бат-Эрдэнэ
Бидний гавьяагүй гавьяатаар тодруулж байгаа дараагийн хүн бол УГЖ дуучин Ч.Бат-Эрдэнэ. Түүнийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас УГЖ хэмээх цол авсны дараа нутгийн нэг ахмад “Хм. Юм ч мөн амархан болж дээ. Үнэндээ манай хонин бэлчээрт яваа хүүхэд ч ингэж дуулахгүй шүү. Арай ч дэндэнэ, ээ. Урьд манай нутагт нэг их дуулах дуртай нөхөр сөөнги хоолойгоор найран дээр бахираад хөөгддөгсөн. Тэгээд хөөгдсөн хэрнээ ахин дуулах гээд л ороод ирдэг байж билээ” хэмээн хэнд зориулсыг бүү мэд хэлж билээ.

Зөвхөн энэ ч биш, өнөөдөр урлагийн салбарт нэгэнт хямрал бий болчихсон. Шагнал урамшууллын утга алдагдаж, шагналын хойноос хөөцөлддөг нөхдүүд л олширсон болохоос биш уран бүтээл хийх гэж шаналдаг хүн үгүй шахам болжээ. Б.Буянжаргал ч гэв үү нэг чичигнэсэн туниа муухан хоолойтой хүү СТА авч зогсоход бүх насаараа урлагт зүтгэсэн, түүний дэргэд гайгүй авьяаслаг нэгэн юу ч үгүй байх жишээтэй.

Мөнгөний үнэр дагаж мэндэлдэг ийм шагнал олон болсон. Энэ мэт нөхдийг дуулах дуртай, бүжиглэх жүжиглэх дуртай, түүнийхээ хойноос болон шагналын хойноос хөөцөлддөг л биз гэж бодъё. Ямар улс орны эдийн засаг аюулгүй байдалд хортой биш дээ гэж цагаатгаж болох юм. За яахав, бидний өгүүлэгч гавьяагүй гавьяат Ч.Бат-Эрдэнэд хоолой тааруу, энэ тэр гээд асуудал байж болно,оо. Өдгөө дуулж байгаа залуусын 90 гаруй хувь нь нэг хэвэнд цутгачихсан юм шиг гиншигнэсэн, гонгиносон хоолойтой юм чинь, өөр яахав. Харин тэд урлагт ямар гавьяа байгуулсан хүн бэ гэдгийг нэг шүүрдээд үз л дээ, та нар. Тэр тусмаа Ч.Бат-Эрдэнэ ямар гавьяа байгуулав аа гэдгийг хэлэх хүн байна уу. Ч.Бат-Эрдэнэ нийгмийн сайн сайхны дуу хоолой болж чадсан уу. Ганц өвдөж зовсон хүний төлөө хандивийн тоглолт хийгээд хэдэн төгрөг өгсөн үү. Соёл урлагийн менежерт зориулсан удирдахуйн лавлах гэсэн ном гаргачихсан салбарын сайдад харагдах гээд гүйж байснаас өөр тэр юу хийлээ. Мэдээж тэр нь бүх насаараа судалж байж бий болгосон бусдын бүтээлийг хулгайлсан хэрэг шүү дээ. Бид ийм л гавьяагүй гавьяатуудыг төрүүлсээр байх уу.

А.Гал


URL:

Сэтгэгдэл бичих