Чимээгүй яригсад
“Чимээгүй ярьдаг хүн” гэвэл хэр баргийн хүн гайхан эргэлзэх болно. Яриа гэдэг бол заавал дуу чимээтэй байдаг. Шивэгнэж ярьлаа ч гэсэн чимээ гардаг тул “чимээгүй ярих” гэдгийг тэр болгон хүн ухаарахгүй. Гэвч “чимээгүй ярьдаг” хүмүүс цөөнгүй байдаг билээ. Энэ тухай ярихын өмнө бүүр эрт багын минь дуртгалыг сэргээн бодлоо.
Намайг бага балчир хүүхэд байх цагт манай нутагт “Хэлгүй Дүү дүү” гэж нэг хүн байлаа. Тэрээр нэг ч үг хэлж чаддаггүй, харин хүнтэй ярих гэвэл эхлээд “дүү, дүү” гэх шиг дуу гаргана. Тэрийг нь сонссон хүн түүнд ханддаг. Тэгэхээр нь юм ууж идих гэж байгаа бол ам руугаа хуруугаар зангана.
Унтах гэж байгаа бол нүдээ аниад алган дээрээ хацраа наана. Явах гэж байгаа бол нэг гap дээрээ нөгөө гарын хурууг мордуулах мэт дохио өгнө. Зөвшөөрвөл толгой дохино. Зөвшөөрөхгүй бол толгой сэгсэрнэ. Түүний үгийн сан долоо наймхан л “үгнээс” бүрддэг нь энэ юм..”Дүү, дүү” гэж эхлээд дуугардаг болохоор “хэлгүй Дүү дүү” гээд нэрлэчихсэн байх л даа.
Тэрээр манайхны хот айлаар хааяа ирдэг байв. Би түүнийг их өрөвддөг байлаа. Тэр сэтгэгдэл минь бага ангийн багш болохоор Багш нарыг бэлтгэдэг сургуульд элссэний дараа ахин нэг сэргэж билээ. Юун гэвэл тэр үед есөн настай хүүхдийг л сургуульд авдаг байв.
Би долоон настай мөртлөө сургуульд ормоор санагдаж естэй гэж анх худлаа хэлээд аймгийнхаа төвийн анхны бага сургуульд орж арван таван настайдаа долоодугаар анги төгсгөтөл тэр сургуульд маань наймдугаар анги гэж байхгүй, долоон жилийн дунд сургууль байлаа.
Нэг бол бичиг үсгийн багш болох. нэг бол нийслэлд явж сургуульд орох хоёр зам байсан. Тэгээд Улаанбаатарт Багш нарыг бэлтгэх сургуульд орохоор болж нутгийн нэгэн өвгөний өвөр дээр аав, ээж маань захиж шуудангийн машинд суулгаснаар гэрээсээ хар багаасаа холдож хотод ирсэн билээ.
Гэвч Багш нарыг бэлтгэх сургуульд элсч гурван жил суралцаад бага ангийн багш болох үнэмлэх авсан юм. Тэр жилүүдэд хэлгүй хүн “чимээгүй ярьж”, хараагүй хүн “хуруугаараа ном уншиж” болдогийг анх багш нараасаа сонсож ихэд гайхаж билээ. Тэгэхнээ нь хэлгүй хүн дохиогоор (дохионы хэлээр) чимээгүй ярьдаг юм байжээ.
Тэгэхэд л анх өнөөх нутгийн “Хэлгүй Дүү дүү” санаанд орж тэр “чимээгүй ярьдаг” дохионы хэлийг сонирхож эхэлсэн билээ. Бас сурган хүмүүжүүлэх, сэтгэл зүй заадаг Батмөнх багш маань “нүдгүй” хүн ч ном уншиж эрдэмтэй болж болно шүү дээ” гэж нэгэн удаа ярихад нь бас мэл гайхаж лавлан асуувал хараагүй хүн хуруугаараа тэмтэрч уншдаг тийм бичиг байдаг юм гэж мэдээлсэн билээ.
Тэр жилээ хөдөө явж бага ангийн багш болохоор бэлтгэж байтал Багшийн дээд сургууль шинээр байгуулагдаад удаагүй, бас тэнд орос хэлний багш бэлтгэх шинэ анги нээх болж хоёр бүлэгт нэгэнд нь орос хэл гадарладаг болсон нас тогтсон хүмүүс, нөгөөдөхөд нь Багш нарыг бэлтгэх сургууль тэр жил төгсөж буй авьяаслаг хүүхдүүдээр бүрдүүлэхээр Гэгээрлийн яам шийджээ.
Тэгээд л аз завшаанаар нөгөөх хоёрдахь бүлэгт нь элсэн орж дунд ангид орос хэл бичиг заах багш болохоор суралцаж эхэлсэн юм. Үнэн хэрэгтээ гадаад хэл заах анхны үндэсний багш бэлтгэх үйл явдлын анхдагч болсон 25 хүүхдийн нэгэнд багтсан байжээ (Энэ тухай “Анхны 25″ гэдэг товхимолд тодорхой бий).
Гурван жил суралцаж орос хэлд овоо зүгширч билээ. Ярианы дадлага олох бололцоо бага, харин бичгийн хэл сурахад өргөн нөхцөлд суралцах үед өнөөх Багшийн сургуульд байх үед сонссон “Хараагүй хүн хуруугаар унших”, “Хэлгүй хүн хуруугаар ярилцах” сурах бичгийг ахин сонирхож элдэв ном лавлах үзэв.
Тэгсэн чинь “Хараагүй хүн хуруугаар унших” бичгийг зохиосон хүн нь миний насан дээрээ (16-тайдаа) ганцхан цэг ашиглан бүтээсэн Францын Луй Брайль гэдэг хүн байсныг мэдэж маш их гайхан бас бахархаж билээ. Тэрээр ганцхан цэгийг ашиглан Цагаан толгой зохиосон нь “Брайлийн цагаан толгой” гэж алдаршсан ажээ.
Мөнхүү “Брайль” үсгийг яаж олж яаж уншихыг лавлан сурвалжилсан чинь ердөө л зургаан янзаар ганц цэгийг хатуу цааснаа товойлгон гаргаад үг бичдэг зүйл байв. Тэрхүү товойлгон гаргасан цэгийг нь хараагүй хүн хуруугаараа тэмтрэн уншдаг юм байжээ.
Тийм ном хаанаас олж болохыг сурагласан чинь Монголд байтугай том том улс гүрэнд байдаггүй юмсанж. Харин тэр “товгор үсгээр” Францад 1837 онд анхны нь ном гарчээ. Орост 1885 онд тэр бичгээр анхны ном гарсан байна.
Харин Орос улсад Брайлиар хараагүйчүүддээ бичиг сургадаг бас тусгай сэтгүүл гаргадаг болоод нэлээн удсан байх ажээ. “Брайль” бичгээр гардаг тэр сэтгүүлийг бас Оросоос захиалж авч болохыг ч мэдэв. Нэг тийм сэтгүүлийн дугаарыг Багшийн сургуулийнхаа номын сангаас сураглаж, номын санч Сугар гуайг гуйж олж үзэв.
“Нүдтэй байж сониуч золиг” гэсээр Сугар гуай нэгэн бандгар зузаан ногоон цаастай юмыг авч өгөв. Хуудаснууд нь дээш төвийсөн цэгнүүдээр л дүүрэн юм байлаа. Тэмтэрч үзэхэд янз бүрийн байршалтай цэгүүд байв. Тийнхүү нөгөөх Брайлийн цагаан толгойг орос лавлах толинуудаас эрж олов.
Тэгэхнээ нь нэг цэгийг яаж хэдээр байрлуулснаар нь орос-кирилл бичгийн үсгүүдийг томъёолсныг мэдэж авахад хялбар бөгөөд өнөөх сэтгүүл орос хэлээр байх тул уншиж болж байна. Тэгтэл бас цэгийг дуу оруулж болдогийг мэдэв. Тэр нь Морзе гэдэг америк зураачийн бүтээсэн цэг, зураас хоёроор бичиж (дуудаж) болдог цагаан толгой юм гэдгийг мэдэв.
Брайль болохоор цэгүүдийг төвийлгаж 6 хувилбартай үсэг зохиож хараагүй хүнийг эрдэм боловсролтой болгодог бол Морзей зураач цэгийг дуу оруулж “дид” гэвэл цэг, “дийд” гэж арай сунжруулбал зураас хэмээн тогтоогоод “дид”, “дийд” гэсэн хоёрхон авиагаар яриа дамжуулдаг (үсэг тодорхойлон) арга зохион олж “хэлгүй” хүнийг хэлд оруулах ухаан гаргажээ.
Морзийн тэр дуун бичлэгийг мөн цааснаа буулгаж болох бөгөөд тэр цагаас хойш саяхныг хүртэл хоёр зуу шахам жил хүн төрөлхтөн алсаас “хэл дамжуулдаг” болж морзчин гэдэг мэргэжил ч буй болжээ. Тийнхүү Брайлийн бичгээр бол миний нэр 16 цэгээс, морзоор бол 9 цэг 5 зураасаар тэмдэглэж болох байлаа.
Ийнхүү цэг, зураас хоёрыг ид шидтэй болгож хараагүй, хэлгүй хүмүүсийг гэгээрүүлэх эрдэм буй болгосон Луй Брайль, Морзе Самюэль хоёр бол хүн төрөлхтний өмнө гавьяа байгуулсан буянтангууд юм гэдгийг мэдэж авсан жилдээ би Багшийн дээд сургуулийг төгсч төрсөн нутаг Говь-Алтай аймгийнхаа төвийн дунд сургуульд орос хэл заах багшаар томилогдон ажиллах болсон билээ.
Багш болсныхоо дараа нөгөөх Луй Брайлын бичгээр Орост хэвлэгддэг сэтгүүлийг сургуулийн номын санд захиалуулахад багш нар гайхаж, анхны нь дугаар ирэхэд “Энэ хотоо чи өөрөө уншаад өг!” гэж нэг найз маань шаардаж билээ. Нэгэнт орос хэлээр бичигдсэн тэрхүү сэтгүүлийг хуруугаар тэмтрэн уншиж эхлэхэд найз маань дуу алдан гайхаж билээ.
Гэхдээ багш нар “сохор” юм шиг нэг л ёозгүй харагдаж байна хэмээцгээн төдий л сонирхохгүй янзтай байж билээ. Тэгтэл бас нэгэн тохиолдол болов. Манай дүүг эхнэрээ болгож гэрлээд бараг хөрш зэргэлдээ шахам гэрээ барьсан хүргэн Л.Цэдэндорж маань цэргийн алба хаагаад ирсэн хүн байлаа.
Цэрэгт байхдаа морзчиноор алба хаажээ. Тэгэхээр нь би сонирхоод хоёулаа “морзоор” ярьж байя гэсэн санал тавив. Тэр гайхаж “яаж?” гэснээ “Морз дамжуулах аппаратгүй яаж ярих юм бэ?” гэв. Би түүнийг тайвшруулж “хоёулаа ингэж ярьж байя” гээд орон дээр байсан баян хуур хөгжмөө авч “до” ноотон дээр хоёр дарж, “ре” ноотон дээр удаавтар дарж дуугарган “За энэ ямар үсэг вэ? гэхэд хүргэн “у” үсэг байна шүү!” гэж баясав.
“За тэгвэл би гэрээсээ баяанаар ийн дуугарахад өөрөө гэрээсээ сонсоод баяанаараа хариу дарж тэгээд л “морзоор” ярьж байх юм биш үү? гэсэнд хүргэн ихэд сонирхож “нээрээ тэгэж болохнээ!” гээд босч “За би гэртээ ороод баяанаараа морздоод үзье. Сонсоод хариу өг гээд гарав. Тэр бас нэг жижиг баян хууртай байсан юм.
Гэртээ ормогц миний заасан аргаар “морздож” би хариу өгснөөр “шинэ нээлт” хийж “баяан хөгжмөөр үе үе морздон ярьж” төрхгүйтдэг болж билээ. Гэвч удаан ярих аргагүй. Янгинуулаад чих дөжрөөчихлөө гэж хөгшчүүл дургүйлэхэд хүрдэг болсон юм.
Залуу байсан болохоор “зүггүйтэж” асан тэр жилүүд өнгөрч намайг хотод дуудаж Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд ажиллуулах болсноор “баяанан морзын” яриа тасарч билээ. Нийслэлд ирсний дараа нөгөөх “хараагүй”, “сонсголгүй”, “хэлгүй” хүүхдүүд цөөнгүй байгаа тухай асуудал гарах болов.
Тийнхүү “Дохионы хэл” сонирхож эхэлсэн юмсан. “Дактилогия” гэдэг дохионы хэлний тухайд мэдлэг хуримтлуулж эхэлтэл намайг багшийн ажлаас салгаж нам, засгийн “Үнэн” сонинд ажиллуулах болсноор хүн амын дотор тоо нь нэмэгдсээр буй “хараагүй”, “сонсголгүй”, “хэлгүй” хүүхдүүдийн асуудлаас хөндийрсөн боловч ер нь дохионы хэлний тухайд огт мартаж чадсангүй.
Дохионы хэл буюу “Дактилогия” гэдэг нь грек хэлээр “дактило” (хуруу) гэсэн үгнээс гаралтай бөгөөд xypyyгaa янз бүрээр хөдөлгөн үг, өгүүлбэр зохион ярихад зориулсан “дуугүй” хэл юм Дактилаар ярьж буй хүмүүс бол “чимээгүй яригчид” юм. Тэдний яриаг дэргэд нь зогссоод чагнаад байхад ч чимээ гарч сонсогдохгүй ажээ.
Хүний гар хоёулаа нийлээд арван хуруутай байтал “Хуруугаар ярих” хэлээр 300-700 үгээр ярьдаг нь наад захын тоо юм. Америкийн Колумбид хэвлэгдсэн дохионы толь бичигт 2000 дохио орсон байдаг. Улмаар өнгөрсөн зууны далаад оны суүлчээр “Дохио зангааны олон улсын толь” бичиг дөрвөн ботиор хэвлэгдэн гарсан билээ.
Монголчууд “хуруугаар ярих” авьяасгүй биш бөгөөд эрт диван гарын цагаас нааш хуруунаас гадна биеийнхээ бусад эрхтэнгүүдийг ашиглан дохио зангаа өгч баялаг өв хуримтлуулсан ард түмэн юм. Харин тэр өвийг нь судлах ажил дутмаг байх тул миний бие өөрийн цуглуулга судалгаагаар “Монгол дохио” гэдэг нэгэн сэдэвт ном бичиж 2003 онд хэвлүүлсэн юм.
Тэрнээс өмнө дохио зангаа, бие дохио, үггүй мэдээлэл (невербальная информация), малд өгөх дуут дохио, тамга тэмдэг зэрэг сэдвээр үе үе бичиж байлаа. “Дактилогия”, “Пактинология” ер нь сурдопедалогийн талаар манай улсад судалгаа шинжилгээний ажилд нэг их анхааралгүй явж байтал хүн амын дотор, ялангуяа хүүхэд залуучуудын дунд согогтой хүмүүсийн тоо ихэд нэмэгдэж бүхэл бүтэн сургууль байгуулахад хүрсэн юм.
Тийм сургуулийг (29 дүгээр тусгай сургууль) удирдан захирлаар нь олон жил ажилласан согог судлаач Цогтын Лантуу арваад жилд “Дохионы хэл сурцгаая” (1994), “Too бодлого” зэрэг сурах бичиг зохиож “Хурууны бичиг” гэгдэх олон улсын дохионы хэлний цагаан толгойд “ө,у” үсэг нэмэн боловсруулж олон улсын хурууны бичгийг монголжуулж өгсөн буянт үйлс бүтээсэн юм.
Тэр ололтыг нь дэмжиж “Хэлгүйг нь хэлд оруулах шидтэн, дүлийд нь сонор өгөх ачтан” гэдэг нийтлэл би бичиж “Дал” сонинд нийтэлж билээ. Удалгүй Ц.Лантууд төр засаг “гавьяат багш” цол шагнасан юм. Ингэснээр “сурдопедалог (согог судлал) төрийн үнэлгээ, анхааралд орсон нь гэрчлэгдсэн хэрэг.
Дохионы хэлний талаар МУИС-ийн социологийн тэнхмийн багш Д.Оюунцэцэг мөн Энхсайхан, Уранчимэг зэрэг судалгаа хийж бичдэг мэдлэгтэнгүүд нэмэгдэж байгаагаар барахгүй дохионы хэл сайтар эзэмшсэн багш нар олширч байгаа нь хүмүүнлэг нийгэм хөгжиж буйн үр дүн гэлтэй.
Түүгээр ч зогсохгүй Монгол улсын Үндэсний телевизэд дохионы хэлтэнгүүд (гол төлөв эмэгтэйчүүд) мөнхүү хэлээр хөтлөгч хийх болсон нь баяр хүргүүштэй томоохон амжилт юм.
Телевизээр хөтлөгчийн үг, хумүүсийн яриаг дохионы хэлээр хөрвүүлэгч тэдгээр эмэгтэйчүүд (голдуу залуухан насны) уул нэвтрүүлгийг эхнээс нь эцэс хүртэл (заримдаа цаг гаруй) таван хуруугаа зогсоо зай, амралтгүй хөдөлгөн ажиллаж байгааг харахад нарийн бөгөөд хүнд хөдөлмөр хийж байгаа нь ойлгогдож, тэднийг урьд өмнө байгаагүй хэлбэрийн онцгой ажил хийж буйг сайтар ойлгон зохих ёсоор үнэлэх шаардлагатайг хэлүүлэлтгүй харагдах юм.
Харамсалтай нь дохиолон хөтлөгч тэдний нэгийг нь ч нэрийг шинэ маягийн хөтлөгчийн нь хувьд телевизийн найруулагч нар гаргахгүй байдаг нь дор хаяхад л бүдүүлэг хандлага юм. Тэдний хөдөлмөрт өндөр үнэлэлт тогтоох шаардлагатай байна.
Бас Брайлийн үсгээр монгол ном хэвлэдэг болмоор бичлэгийг яагаад хийх болсон бэ гэвэл сонсголгүй, хараагүй хүүхэд багшлах юм бол яах вэ гэдэг асуудалтай тулгарч бага ангийн багш болохоор Багш нарыг бэлтгэх сургуульд суралцан төгсөх гэж байх үеэс хойш жаран жил, мөн Монголд анхны тийм чиглэлийн тусгай сургууль байгуулагдснаас хойш тавин жилийн ой болж байгаагаас хуучин дуртгал сэргэсэн хэрэг.
Тэгтэл бас манай улсын хүн амд 12640 хүн сонсголгүй, бараг 500-гаад нь 0-16 насны хүүхэд сонсголгүй гэдэг тоо гарсныг олж үзээд 29 дүгээр тусгай сургуульд зуу гаруйхан хүүхэд суралцдагийг эргэцүүлэн бодоход хүрсэн юм.
Нөгөөтэйгүүр жаран жилийн тэртээд бол манай нутагт гэхэд л ганцхан “хэлгүй Дүү дүү” аман дохио, хуруун зангаагаар ойлголцдог хүн байсан бол одоо зөвхөн улсын нийслэлд бараг 3000-гаад сонсголгүй иргэд байгаа ажээ.
Тэдний хоёр нь нэгэн үйлчилгээний газар дохионы аргаар чимээгүй ярилцаж зогсохтой би тааралдав, Бас Монгол улсын Үндэсний телевизийн гол нэвтрүүлгээр бямба, ням гаригаас бусад өдөрт дохионы хэлээр залуухан хүүхнүүд нэвтрүүлэг тайлбарлаж байх болсон зэрэг нь энэ чиглэлээр ихээхэн өөрчлөлт гарсныг ойлгуулав.
Тэгтэл Монгол улсын Багшийн Их сургуулийн (миний бас нэг төрөлх сургууль багш Б.Намираа орчин үеийн сонин нэртэйг бодвол залуухан багш биз) “Монголын сонсголгүй иргэдийн боловсрол” гэдэг нийтлэл бичсэн нь “Өнөөдөр” сонинд (2013 он № 280) хэвлэгдсэнийг олж уншлаа.
Энэ бол ийм сэдвээр бичигдсэн анхдагч гэж үзэх үндэстэй нийтлэл учир анхаарал татав. Бас “Хос хэл, соёл дээр тулгуурласан боловсролын систем” гэж давхар гарчиг өгчээ. “Сонсголгүй байх нь хөгжлийн бэрхшээл биш бөгөөд тэд бол өөрсдийн хэл, соёлтой нийгмийн цөөнх юм” гэж Б.Намираа дүгнээд сонсголгүй хүүхдийн бүрэн чадамжийг хөгжүүлэх сургалтын сайн системтэй байх талаар тодорхой, маш чухал саналуудыг дэвшүүлсэн байна.
Эдгээр саналуудыг манай “шинэчлэх” уриатай төр засгийн газар, боловсрол, соёл, шинжлэх ухаан хариуцсан сайд, дарга нар нь шуурхай, бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлэн өнөөх “ухаалаг” төр цолоо хамгаалах буй заа гэж найдья.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Уран зохиолч, сэтгүүлч, эрдэмтэн Л.Түдэв
URL: