МАХН-ын золиос “Зоос” Төрийн банк болсон түүх
Улсын мөрдөн байцаах газрын сүүлийн үеийн баривчилгаануудаас “Зоос” банк хэрхэн төрийн золиос болсныг тод харж болно. Эхлээд тус банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжий хоёр хэлтсийн даргын хамт эрүүгийн хариуцлагад татагдсан. Энэ бол өнгөцхөн хувилбар. Дараа нь ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Сангийн яамны Төрийн сангийн дарга Х.Пүрэвсүрэн хоёрыг сэжигтнээр цагдан хорив. Энэ хоёр хүн “Зоос” банкинд төрийн ямар сан төвлөрч байсныг гэрчлэх хүмүүс. Төрийн хөрөнгийг энэ банкаар дамжуулан угаадаг нөлөө бүхий албан тушаалтан, ямар гэрээ хэлэлцээртэй явж байсныг хэлэх хүмүүс бас тэд. Харамсалтай нь тэдний энэ үйлдлийг олон нийтэд дэлгэхгүй байхыг хүсдэг хүмүүс байдаг бололтой. “Зоос” банк дампуурсан даруй энэ хоёр хүнийг цагдан хорьж, байцаалт аваагүй нь хуулийн байгууллагынхан яараагүйнх. Учир нь тэднийг хорилоо гэхэд жинхэнэ гэмт хэргийн эзэн тогтоогдохгүй аюултай. Иймд тэд цаг хугацаа үл хайхран хэргийн цаад эздийг олохыг зорин өнөөг хүрчээ. Тэгээд Д.Батбаяр, Х.Пүрэвсүрэн хоёрыг хорьж. Харамсалтай нь Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч Н.Сүхбаатар өнгөрсөн баасан гаригийн орой Сангийн яамны Төрийн сангийн дарга Х.Пүрэвсүрэнг суллажээ. Уг нь энэ хүнийг хууль журмаараа бол батлан даалтад гаргаад суллах байж. Гэтэл дүүргийн ерөнхий шүүгч батлан даалтад гаргах нь бүү хэл зүгээр л эрх мэдлээ ашиглан сулласан байх юм.
“Зоос” банкны дампуурлыг ярихын тулд магадгүй хадгаламж зээлийн хоршоодтой холбоотой процессыг сануулах хэрэгтэй гэдэг. Хадгаламж зээлийн хоршоодыг дампуурахаас өмнө мөнгөө хадгалуулж байсан том хадгаламж эзэмшигчид нь мөнгөө банк руу шилжүүлсэн баримт бий. Тодруулбал 20-30 тэрбум төгрөгийн хадгаламжтай хүн мөнгөө “Зоос” банк руу шилжүүлсэн байдаг. Тэр зээлдэгч мөнгөө өндөр хүүтэйгээр нь хүүлж байгаад татан буугдахаас нь долоо хоногийн өмнө мөнгөө хамаад явжээ. Энэ хүн МАХН-д нөлөөтэй нэгэн учраас ийн цэвэрхэн мултарч чадсан гэдэг. Тэр хүн яахав, уснаас хуурай гараад байж болох ч хадгаламж зээлийн хоршоодын дампуурал, банкны уналт зэрэг нь нэг хүнтэй холбоотой дүр зураг харагдаж буй юм. Олон жил намаа санхүүжүүлж явсан учир нам нь түүний мөнгийг ийн эрсдлээс хамгаалсан байх. Гэвч түүний мөнгө “Зоос” банкны хувьцааг шахаасанд өгсөн хүмүүсийн эцсийн төлбөр болсон байх юм. Тодруулбал, МАХН-ын удирдлагууд бие биедээ шахаж өгсөн хувьцааг дампуурах үед нь шахаасаар хувьцааг нь хямд үнээр авсан баримт ч байгаа юм. “Зоос” банкинд МАХН-ын мөнгөн сан байрладаг байжээ. Улаанбаатар төмөр зам, Эрдэнэт үйлдвэр зэрэг томоохон газруудын мөнгө орж, гардаг байж. Үндсэндээ МАХН-ыг санхүүжүүлдэг их мөнгө энд төвлөрдөг байсан аж. Төвлөрсөн энэ мөнгөнөөс намд орох тодорхой хувь нь санд нь “гүйдэг”.
Хөрөнгийн биржийн захирал Шадар сайд М.Энхболд, УИХ-ын гишүүн Ч.Улаан нарт хувьцаа бэлэглэсэн.
МАХН-ын тодорхой хэмжээний хөрөнгийн сан “Зоос”-т байсан. Мөн хотын фракц буюу М.Энхболд их хэмжээний зээл аваад барилгын салбарт хөрөнгө оруулсан. Тэр нь төлөгдөөгүй байгаа. Хөрөнгийн биржийн 15 жилийн ойгоор Хөрөнгийн бирж өөрийнхөө ажлыг сурталчлахдаа уригдсан зочдодоо “Зоос банк”-ны хувьцааг бэлэглэсэн байдаг. Энэ дотор “Зоос” банкны хувьцааг төрийн томчууд олны танил хүмүүсээс М.Энхболд, Ч.Улаан эзэмшиж байсан нэр гарч байгаа юм. Энэ хүмүүст хувьцааг Хөрөнгийн биржийн захирал бэлэглэсэн талаар ч мэдээлэл байгаа юм.
Хөрөнгийн биржийн захирал Р.Содхүү төрийн түшээдэд хувьцаа бэлэглэнэ гэдэг өөрөө авлигын хэрэгт унахаар зүйл юм. Гэвч төрийн түшээд “Зоос”-ын хувьцааг бэлгэнд авсан хэмээн мэдүүлэхэд болохгүй гэх газаргүй.
Нөгөө талаар Засгийн газар Европын сэргээн босголтын банкинд 2002 онд хоёр сая еврогийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг юм билээ. Европын сэргээн босголт банк тэр утгаараа манай улсад янз янзын хөтөлбөр оруулж ирж байна. Сүүлийн жилүүдэд их ойртоод байгаа. Зөвхөн банкныхад ч бус олон салбарт хамтран ажилладаг. Гэхдээ хөнгөлөлттэй мөнгө, төгрөг өгдөггүй аж. Зах зээлийн үнэ ханшаар мөнгө өгдөг.
“Зоос” банкны оронд сүндэрлэсэн Төрийн банкны гүйцэтгэх захирлаар Бэн Турнбул хэмээх гадаад нөхөр ажилладаг. Тэрбээр “Зоос”-ыг татан буулгахад энэ албыг хашиж байсан. “Зоос”-ын гүйцэтгэх захирлаар ажиллахдаа банкийг яаж удирддагаа харуулсан ч энэ эрийг төрийн өмчит банкны гүйцэтгэх захирлаар Сангийн яам, Монголбанкныхан үргэлжлүүлэн томилсон. Ингэхдээ тэд “Гадаадын сайн баг банкийг удирдах нь иргэдэд илүү итгэл найдвар төрүүлэх алхам” хэмээн тайлбарлаж байв. Энэ хүн сард 28 мянган еврогоор цалинждаг байсан. Тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийг толгойлдог гэх Сангийн дэд сайд Т.Очирхүү түүнээс дутахааргүй цалин авдаг гэнэ. 28 мянган евро гэдэг бол их тоо. Маш их мөнгө. Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108 мянган төгрөг. Энэ төгрөгөөр олон монголчууд амьдралаа залгуулж ядан яваа. Үүнтэй харьцуулбал гадаадын нэгэн мэргэжилтнийг бид хэтэрхий үнэлээд байх шиг. Гэхдээ түүний цалинг татвар төлөгчдийн мөнгөнөөс өгдөг гэдгийг мартаж болохгүй. 28 мянган еврог монгол төгрөгт шилжүүлээд үзье л дээ. Нэг еврог 2300 төгрөг гэж бодвол энэ хүн сард 60 орчим сая төгрөг авдаг гэсэн үг. Арай л хэтэрсэн гэрээний ажилтан биш гэж үү. Сарынхаа цалингаар энэ хүн элбэгхэн хоёр өрөө байр авахаар байгаа биз. Сар болгоныхоо цалингаар шүү дээ. Гэтэл цалингаа хэдэн жил хураагаад ч хоёр өрөө байртай болох хүн Монголд хэд билээ. Өнөө л гадныхныг сайн мууг нь мэдэхгүй шүтдэг хоцрогдсон сэтгэлгээ. Бэн Турнбул энэ цалинг наад зах нь хоёр жил авъя гэж бодъё. Худалч хүнд бол “Зоос” банкны алдагдлыг энэ мөнгөөр нөхөхөд их дөхөж очихоор тоо гарч буй юм. Иймэрхүү маягаар өнөөдөр манайхан гадаадынханд бөхийж, гадаадын хэнд ч байсан байр сууриа тавьж өгсөөр байгаа юм. Манай томоохонд тооцогддог Худалдаа хөгжлийн банк, Голомт, Хас гээд харахад монгол хүний нэртэй цаанаа гадаадын иргэдээр удирдуулж буй банкууд олон. Үүнээс үзэхэд банкны бүх удирдлага гадаадынхны гарт байгаа юм биш үү. Гэвч монголчуудын бүтээн босголтын хөрөнгө ямар банкаар орж ирж ашиг тусаа өгөхийг өнөөдөр хэлж мэдэхгүй л сууна.
Г.ЯЛГУУН
URL: