Cүүгээ заавал буцалгаж хэрэглэхийг зөвлөжээ
Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга, Баяндэлгэр, Түвшинширээ сумуудад малын шүлхий өвчин гарч, улмаар Дорноговь аймгийн Алтан ширээ, Дэлгэрэх, Хэнтий аймгийн Галшар сумын нутагт өвчлөл бүртгэгдээд байна. Иймээс шүлхийн халдвараас сэргийлэх зорилгоор нийслэлийн иргэд та бүхнийг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.
Халдварлах зам: Шүлхий өвчтэй мал, амьтантай шууд хавьтал болох, ялангуяа өвчтэй малын сүүг буцалгаж хэрэглээгүйн улмаас хүнд халдварладаг.
Тархвар судлал: Өвчний эх уурхай нь өвчтэй мал, амьтан юм. Өвчтэй мал амьтдын шүлс, сүү, өтгөн, шингэнээр шүлхий өвчний вирус ялгардаг. Эдгээрээс хамгийн аюултай нь өвчтэй мал, амьтны шүлс бөгөөд вирус хамгийн ихээр агуулагддаг. Хүнээс хүнд халдварладаггүй. Ямар төрлийн вирусээр үүсгэгдсэн, тэр вирусын дархлаа 1.5 сар хүртэл хугацаанд тогтдог.
Эмнэл зүй: Халдварын нууц үе 3-8 хоног. Өвчний эхэн үед 38-39 хэм хүртэл халуурах, толгой өвдөх зэрэг томуу өвчинтэй төстэй шинж тэмдгүүд илэрч байснаа гарын арьс, амны салстанд цэврүү гарах шинж тэмдэг илэрнэ.
Урьдчилан сэргийлэхийн тулд: Судалгаагаар хүний шүлхийгээр өвчлөгсөдийн 65% нь халдвартай малын сүү ууснаас, 1% нь халдвартай сүүгээр бэлтгэсэн сүүн бүтээгдэхүүн хэрэглэснээс, 34% нь халдвартай малтай ойр хавь ажилласнаас халдвар авдаг нь тогтоогджээ. Халдвартай сүүг таван минут буцалгахад шүлхийн вирус үхдэг. Иймээс:
·Малын сүүг заавал буцалгаж цай ундандаа хэрэглэх
·Махыг баталгаатай газраас худалдан авч, сайтар чанаж хэрэглэх
·Гашилсан сүү, тараг, хоормог, цөцгийн тос, мах зэрэгт шүлхийн вирүс тодорхой хугацаагаар амьд байх чадвартай тул халдварын голомттой газрын малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхээс зайлсхийх, сайтар боловсруулан хэрэглэхийг зөвлөж байна.
URL: