Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын дөрөв дэх удаагийн ОУ-ын чуулга уулзалтад 1000 гаруй төлөөлөгч оролцоно

Ирэх долоо хоногийн даваа, мягмар гариг буюу хоёрдугаар сарын 20, 21-нд “Coal Mongolia-2014” чуулганыг Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, “Эрдэнэс МГЛ” ХХК-аас хамтран зохион байгуулах гэж байна.
Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын дөрөв дэх удаагийн олон улсын чуулга уулзалтад найман улсын 1000 гаруй төлөөлөгч оролцохоор санал ирүүлээд байгаа ажээ. Хэдийгээр өнгөрсөн онд дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаж, Монгол Улсын хувьд ч нийлүүлэлт буурсан боловч нүүрсний салбар хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан хэвээр байна гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.
Чуулга уулзалт нүүрсний аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратегийн чиг хандлага, Монголын нүүрсний өрсөлдөх чадвар, төслийн санхүүжилт, нэмүү өртөн шинэгсэн аж үйлдвэрлэл, эрчим хүчний нүүрс гэсэн сэдвийн хүрээн дор өрнөх ажээ. Чуулга уулзалтын зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай хэлэхдээ “Нүүрсний салбарын чуулга уулзалт нь нэгдүгээрт хөрөнгө оруулалт татах, хоёрдугаарт дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, гуравдугаарт өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зоригыг өвөрлөж буй. Энэ жилийн хувьд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх асуудлыг нэгдүгээрт тавина” гэлээ.
Энэ удаагийн чуулга уулзалт  нь Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг болоод Хөрөнгө оруулалтын хууль шинээр батлагдсаны дараа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Чуулганд 30 илтгэгч илтгэл тавих бөгөөп зургаан модиратор, 13 панелистууд оролцох ажээ. Чуулганы үеэр нүүрсний салбарын оны шилдэг хүн, шилдэг олборлогч, шилдэг хайгуулын компанийг шалгаруулах юм.

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих