Далайн гайхамшигт амьтад
НҮБ- н дүгнэлтээр хүн төрөлхтөн сүүлийн 100 жилийн дотор зарим төрлийн загасны 90 орчим хувийг хүйс тэмтэрчихээд байгаа юм байна. Түүнээс гадна жил бүр 21 сая баррель нефть ямар нэгэн байдлаар далай тэнгисийн ус руу орж байдаг аж. Энэ нь усны ертөнцөд нөхөж баршгүй хор хөнөөл учруулж, ургамал амьтныг нь бүрмөсөн сөнөхөд хүргэж болзошгүй. Одоо далай, тэнгисийн усанд амьдрагч, ер бусын сонин гайхамшигт амьтдын талаар өгүүлье.
Цөгөрцөг хавч
Халуун орны тэнгисийн харьцангүй гүехэн усанд амьдардаг эдгээр хавч нь дэлхий дээр хамгийн нандин нүдтэй амьтан юм. Хүн 3 үндсэн өнгийг л ялгадаг бол цөгөрцөг хавч 12-ыг ялгана. Мөн хэт ягаан цацраг болон хэт улаан туяаг хүлээн авч, өнгө гэрлийн янз бүрийн туйлыг ч харж байдаг. Энэ нь хавчинд олон төрлийн шүрийг ялган танихаас гадна ан хийх, махчнаас зугтах зэрэгт нь тусалдаг. Бас хүчирхэг хөлөөрөө оносон цохилт хийхэд ч нүд нь хэрэг болдог юм. Сонирхолтой нь, өөрөөсөө хавьгүй том ан буюу дайсныг энэ хавч хөлөөрөө хэдхэн цохиод л алах буюу муужруулдаг гэнэ.
Дамбо наймаалж
Энэ амьтан толгойныхоо дээд хэсэгт диснейн үлгэрийн баатар Дамбогийн чихийг санагдуулам салбантай байдгаас ийнхүү нэршжээ. Усан дор 3000-4000 метрийн гүнд амьдардаг эл ховор төрлийн наймаалж 6 кг орчим жинтэй бөгөөд уртаараа 1,8 метр хүрдэг байна. Ихэнх цагаа далайн ёроолоор хөвж өөрсдийн идэш болох хавч хэлбэртэн, жаран хөлт зэргийг хайж өнгөрүүлдэг. Барьсан ангаа бүхлээр нь залгидгаараа бусад наймаалжаас ялгаатай.
Тэнгисийн сарьсан багваахай
Галапагоссийн арлууд орчмын усанд амьдардаг ер бусын тод улаан уруул бүхий энэ загас этгээд сонин гадаад байдлаараа анхаарал татдаг. Тод өнгийн уруул нь идэш хоолоо даллан дуудах үүрэгтэй байх гэж судлаачид анх таамаглаж байсан ч толгой дээрх хурдас нь усны хорхой, хавч, жижиг загаснуудын анхаарлыг татдаг өвөрмөгц үнэр ялгаруулдаг болохыг сүүлд олж мэджээ. Энэ загасны хөдөлж явах нь хүртэл сонин. “ Муу сэлдэг ” учир цээжний сэлүүртээ тулгуурлан далайн ёроолоор мөлхдөг гэнэ.
Мөчирлөг одхон
Тэнгисийн гүнд амьдардаг энэ амьтан олон тийш салаалсан цацрагтай бөгөөд цацраг тус бүр нь өөрийнх нь биенээс том байна. Эдгээрийнхээ тусламжтайгаар идэш хоолоо барьж авдаг. Өргөст арьстан бусад амьтдын нэгэн адилаар мөчирлөг одонд цус байхгүй бөгөөд хийн солилцоо нь тусгай судаст системийн тусламжтайгаар явагддаг.
Мөчирлөг од нь голдуу 5 кг орчим жинтэй, биеийн диаметр нь 14 см байх ба харин цацрагууд нь уртаараа 70 см хүрдэг байна.
Гуурсан хоншоорт Арлекин
Энэ нь маш бага судлагдсан амьтан бөгөөд хэрэгцээ гарсан тохиолдолд далайн ёроол, эсвэл замагны мөчрийг яг дууриан “ алга болдог ”чадвартай. Голдуу усны ёроолын ширэнгэнд, 2-12 метрийн гүнд байхыг хичээдэг энэ амьтан аюулыг мэдэрмэгц ойролцоох чулуулаг, эсвэл ургамлын өнгөөр зүсээ хувиргана. Тайван үедээ толгойгоо доош харуулан аажим хөвж идэш хоолоо хайдаг аж.
Эдгээр амьтад нь гадаад төрхөөрөө нилээд ялгаатай ч далайн морьны нэг төрөл юм. Хий үзэгдэл хочтой энэ загас нилээд урт сэлүүртэй. Урт сэлүүрийнх нь дотор талд том цүлхэн уут байдаг ба энд эмэгчин загас түрсээ тээдэг байна.
Йети буюу алмасан наймаалж
2005 онд Номхон далайд ажиллаж байсан судлаачдын баг 2400 метрийн гүнээс гадуураа “ үсээр “ хучигдсан ер бусын хавч олж Йети буюу алмасан хавч гэж нэрлэжээ. Хавчны цээж, хөлийг бүрхсэн үс нь үнэндээ үс ч биш, урт өдлөг хялгаснууд бөгөөд энд олон тооны утаслаг бактер илэрчээ. Эдгээр бактер нь хавчны амьдардаг орчны усыг цэвэршүүлэх үүрэгтэйгээс гадна хоол тэжээл нь болдог ч байж магадгүй гэж судлаачид үзэж байна.
Боргоцой загас
Энэтхэгийн болон Номхон далайн усанд орших энэхүү загас нь шөнийн амьдралтай бөгөөд усан доорх агуй, хад асганы завсар нуугдаж өдрийг өнгөрөөнө. Сэлүүр нь жижиг, хайрс нь ширүүн учир маш удаан сэлдэг. Шөнө болмогц нуувчнаасаа гарч өөрөөсөө гэрэл цацруулан ангаа хайж эхэлдэг. Бас өөр хоорондоо харьцахдаа гэрлээ ашиглана.
Загасны фотофор гэдэг эрхтэнд шимэгчлэн амьдардаг Vibrio fischeri бүлэг бактерууд энэ гэрлийг үүсгэгчид юм. Энэ бактерууд загасны биеэс гарч далайн усанд бие даан амьдарч чадах боловч цацруулах гэрэл нь бүдгэрдэг гэнэ.
Ятган хэлбэрт далайн хөвөн
2012 онд Калифорнын эрэг орчимд 3300-3500 метрийн гүнээс олдсон энэ загас нь далайн ёроолын хамгийн хортой загаснуудын нэг болно. Гадна хэлбэрээрээ ятгыг санагдуулдаг учраас ийм нэр авчээ. Ургамлын үндэс мэт бүрдэснийхээ хүчээр далайн ёроолд тогтож байдаг бөгөөд тэдгээрийн дээд хэсгээс 1-6 ширхэг хөндлөн багана гарсан байдаг.
Эдгээр баганууд дээр хоорондоо адил хэмжээний зайд байрласан хүрзэн хэлбэрт босоо мөчрүүд тогтоно. Энэ мөчрүүдээрээ олзоо шүүрэн авч хоол боловсруулах мембранаар бүрхэн уусгаж эхэлдэг. Үүний дараа л далайн хөвөн боловсорсон хоолыг тусгай нүхээр сорон авдаг. Хамгийн том нь 60 см хэмжээтэй хөвөн тааралдаж байжээ.
Алиалагчид
Халуун орны бараг бүх далай тэнгист тааралддаг энэ загас нь хорвоогийн хамгийн хурдан араатнуудын нэг юм. Тэд олзоо секундээс ч бага хугацаанд барьдаг.
Ангаа хармагц огт хөдөлгөөнгүйгээр мөрдөнө. Ан нь тэднийг огт анзаарахгүй, учир нь “алиалагч” гадаад байдлаараа усны ургамал эсвэл гэм хоргүй амьтан шиг байдаг. Заримдаа олз нь нилээд дөхөж ирэх үе бий. Энэ үед махчин урд сэлүүрээ хөдөлгөж эхэлнэ, золиос болох амьтан ч үүнд нь татагдан бүр ойрхон очдог. Махчин гэнэт амаа ангайн дайрч секундыг 6 хуваасны нэгтэй тэнцэх хугацаанд олзоо залгиж орхино. Ийм аянга цахилгаан мэт дайралтыг удаашруулсан бичлэгээр л үзэхээс биш энгийн нүдээр олж харах боломжгүй.
Олзоо залгих үед махчин загасны ам ердийнхөөсөө 12 дахин томордог ажээ. Хурдаас гадна тэдний өнгө зүс, биеийн хачирхалтай хэлбэр, зүсээ хувиргах чадвар зэрэг нь ангуучлахад маш их хэрэг болдог. Зарим “алиалагч” чулуу эсвэл шүр мэт, зарим нь далайн хөвөн шиг хэлбэртэй байдаг. 2005 онд усны замаг шиг “алиалагчийг” олж байжээ. Биеэ далдлах чадвар нь зөвхөн ан агнахад хэрэгтэй төдийгүй бас хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг байна.
Бяцхан амт макропинна
Номхон далайн хойд хэсэгт усны гүнд амьдардаг энэ загас нилээд сонин дүр төрхтэй. Толгойн урд хэсэг нь тунгалаг тул гуурсан нүдээрээ олзоо нэвт хардаг аж. Энэ хачирхалтай загасыг 1939 онд нээсэн боловч түүний босоо, хөндлөн байрлалын аль алинаар нь байж чаддаг бортогон хэлбэрт нүдийг судлах боломж 2009 онд л олджээ.
Уртаараа 15 см л хүрдэг энэ жижиг загасны хурц ногоон нүд тунгалаг шингэнээр дүүрсэн толгойныхоо дотор байрладаг байна. Харин толгойг нь уян боловч бат бэх тунгалаг хальс бүрхэнэ. Энэ тунгалаг хальсны цаанаас дээшээ болон эгц урагшаа сайн харж чаддаг онцлог нүдтэй макропинна загас олзондоо ойртож очмогц ухасхийн залгина.
Тэнгисийн аалз
Карибын болон Газар дундын тэнгис, мөн Хойд мөсөн далайн усанд өргөн тархсан эдгээр үе хөлтнүүд бол үнэн хэрэгтээ аалз биш, бүр аалз хэлбэртэн ч биш билээ. 1300 гаруй зүйлийн энэ амьтдын заримынх нь урт 90 см хүрдэг.
Тэнгисийн аалз голдуу 8 урт хөлтэй, мөн олзныхоо биед зоож хоолоо сорж иддэг тусгай хошуутай байдаг. Эдгээрийн ихэнх нь хортой бөгөөд далайн хөвөн, жаран хөлт зэргийг иднэ. Мөн ургаа амьтан – актинигаар хоолох нь ч бий. Ингэхдээ хошуугаа актинийн биенд зоож доторхыг нь сорж авна. Актинии аалзнаас том тул энэ “ тамлалыг “ тэсч амь гардаг ажээ.
Эмгэн хумс
Энэ эмгэн хумсны дун хурц улбар шар өнгөтэй харагдавч огт тиймгүй аж. Зөөлөн нялцгай биетэн маань өөрөө ийм өнгөтэй гэнэ. Биеийн урт нь 25-35 мм, дун нь 44 мм хүрдэг. Атлантын далайн баруун эргийн бүлээн усанд, мөн Карибын тэнгис, Мексикийн хойгт 29 орчим метрийн гүнд тааралддаг.
Гоёмсог тод өнгөнөөсөө болж байнгын аюулд өртдөг энэ эмгэн хумс дун цуглуулагчдын анхаарлын төвд байдаг гэнэ. Харамсалтай нь тэд үнэн хэрэгтээ дун нь жирийн л цагаан өнгөтэй болохыг огт мэддэггүй ажээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
You said this really well!
рексатал 500 цена отзывы
рексатал 500 отзывы
рексатал купить
рексатал цена в аптеке
рексатал таблетки
ÿþ<
ÿþ<