Ц.Балхаажав: Магадгүй бид улс төрөөр хэтэрхий их тоглосон байх
Шинжпэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Ц.Балхаажавтай ярилцлаа.
-Хүн бүхэн улстөр, ардчилал, эрх чөлөө гэдэг үгийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, сүүлийн хориод жил энэ тухай ярилаа. Энэ хугацаанд ер нь юу болоод өнгөрсөн талаар Таны үнэлэлт дүгнэлтийг юун түрүүнд сонсмоор санагдлаа?
-Энэ талаар хэн хүнгүй улиг болтол ярилаа, бичлээ. Чухам нарийн учир зүйг нь олж авлаа, одоо боллоо гэхэд хэцүү л байна. Би бол улстөрийг бодлого гэж ойлгодог. Улсын хэмжээний хөгжил дэвшлийн нийтлэг том асуудал дээр ч тэр, тодорхой салбар чиглэлийн ажил амьдрал дээр ч ялгаагүй. Онол, үзэл баримтлал, үйл ажил, үр дүнгийн нэгдэлд бодлого боловсорч хэрэгждэг.
Манайд ийм ойлголт дээр, доргүй бат тогтвортой итгэл үнэмшил болж чадахгүй байгаагаас будилж самуурах юм их гарч байх шиг санагддаг. Ихэнх тохиолдолд улс төр гэхээр тусгай нэг бодит хүч мэт үздэг.
Засаглалын дээд төвшний тогтолцоог бүрдүүлж байгаа парламент, Засгийн газар, Ерөнхийлөгчийн бодлого нь заримдаа цогц юм шигойлгогдох байдал цөөнгүй. Хүмүүст яаж харагддагийг мэдэхгүй.
Талцал дээр дөрөөлсөн улстөр л манайд дөрөв, дөрвөн жилийн насны хэмжүүр барьсаар явна. Улс орны хөгжлийн бодлого олигтой боловсорч, хүчээ авч хэрэгжиж чадаагүй л байна.
Ардчилал, эрх, эрх чөлөө гэсэн хийсвэр сэтгэлгээгээр цээжээ дэлдэж, шилжилт гэдэг том сав уруу сайн, муу бүхнээ далдлан чихлээ ч бариад авах бодитой, томоохон ахиц гараагүй. Ашгаа тогтвортой өгөх томоохон аж үйлдвэрийн объект босоогүй, зориуд унагасан жижиг, дунд үйлдвэрээ сэргээж амжаагүй, хөгжлийн шинэ төвшинд хараахан гараагүй өнөөх хэдэн мал газар тариалангийн буянг эдэлж, ганзагын худаддааны аргаар Монголчууд бид аж төрж байгаагаа өөрсдөөч, гадаад ертөнц ч ил тод ажиж харсаар байгаа нь нууц биш.
Энд засаглалын шинэ тогтолцоо, ардчиллыг өрнүүлэх чиг шугам, бид бүхний сэтгэл зүтгэлд бурууг өгөх нь гол биш. Гагцхүү бодлогыг шинжлэх ухааны нарийн чанд үндэслэлтэй боловсруулан хэрэгжүүлж чадахгүй явж ирсэнд л хамаг учир байгаа байх. Тиймээс ч бид ажилгүйдэл, ядуурал болон бусад олон тулгамдсан асуудлаа шийдэж чадахгүй, ядахдаа сонгуулийн бодлогоо оновчтой шийдэлд хүргэж чадахгүй ярьсаар, маргаж мэлзсээр цаг хугацааг үр ашиг муутайхан өнгөрөөж ирлээ гэж би боддог. Магадгүй бид улстөрөөр хэтэрхий их тоглосон байх.
-Таны яриаг ажвал манай орны өнгөрсөн 20 жилийн үйл явцын талаар нэлээд чамлангуй үнэлгээтэй яваа юмаа даа.
-Төрт ёс байгаа цагт хөгжил дэвшлийн асуудлыг хоёр төрөлд хувааж болно. Урсгалын, бодлогын гэж. Манай улсын хувьд өнгөрсөн хугацаанд шинээр болсон үйл явдлын, ахиц дэвшлийн гол нь урсгал талд хамаарна. Даяаршлын долгион дунд эрх чөлөө өргөжсөний ачаар хүн амын боловсрол, ахуйн хангамж, мэдээлэл олж авах цахим болон шууд боломж, авто тээврийн үйлчилгээ, хэвлэлийн орчин, нийслэлд голлосон замбараа муутай барилга байгууламж, дэлгүүр хоршоо зэрэгт бол үнэхээр хувьсгал гарсан.
Гэвч шуудхан хэлэхэд бодлогоор өөд татсан, мэдэгдэхүйц шинэ зүйлийн далайц, тоо чанарын хэмжээ хэрэв хэдэн зуун хуулиа л эс тооцвол төдийлөн шалихгүй шүү дээ. Хүний хөгжил, орлого зарлагын байдал, байгалийн баялгийн ашиглалт, иргэншлийн намба төрх зэрэг олон асуудал ямар байгаа билээ дээ.
Хэвлэл мэдээллийнхэн сайн мэдэж байгаа. Харин гадна, дотно явж суралцсан, ажилласан залуус, засаг төрийн албаныхан сүүлийн нэг хоёр жилд ихээхэн санаа сэдэв дэвшүүлж, шинэ бүтээн байгуулалт өөд хүч, хөрөнгө, сэтгэл зүтгэл гаргаж байгааг үгүйсгэх аргагүй. Энд хаана хаанаасаа тус дэм л чухал.
-Ардтүмний амьдралын дүртөрх, сэтгэл санаа Таны бодлоор ямаршуухан байна?
-Олон тодорхой ойлголт, тэдгээрийг тойрсон буруу, зөв гэмээр үзэл, үйлдэл, будлиан бухимдал маш их болчихсон юм уу даа. Баян-хоосон, шинэ-хуучин, төр-иргэн, ажилтай-ажилгүй, нам-хөдөлгөөн гээд л хэн нь ч алинаас эрс ялгарах шинж төлөв газар авсан янзтай. Надад төрж байгаа ийм ойлголтын эх сурвалж нь гол төлөв мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлж, үзүүлж харуулж буй зүйлс, сонин хэвлэлийн мэдээ шүү дээ.
Ам дамжсан яриа ч мөн орно. Гэхдээ би чинь нийгмийн амьдрал дотор аж төрж буй хүний хувьд бодохыг нь бодож, харахыг харж, ажигласнаа тунгаан шүүнэ шүү дээ. Тоймлон ажихад Монгол Улс ямар олон аж ахуй, нийгэм олон нийтийн нэгжтэй юм бэ, ямар олон дээд, тусгай сургууль, ямар олон үйлчилгээ, үйлдвэрлэл, худалдааны нэгжтэй юм бэ, ямар олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, банк санхүүгийн болон сан хөрөнгийн нэгжтэй юм бэ гэмээр сэтгэгдэлтэй болсон.
Хүн амын хэд нь баян, хэд нь хоосон, яагаад баян, яагаад хоосон, яагаад ажилтай, яагаад ажилгүйн талаархи судалгаа надад байхгүй болохоор хэлэх юм алга. Харин нэг зүйлийг нэлээд эргэцүүлэн боддог, гайхдаг. Энэ бол төр гээд нэг хэсгийгээ тусгаарлаад, иргэд гэж гол хэсгийг ялган авдаг байдал, тэгээд иргэд нь төр засгаа үзэн ядахад хүрч хэрэгтэй бүхнээ түүнээс шаардаж, төр засаг нь иргэдээ зохицуулж аргалах гэж ядаад байдаг үзэгдэл зуршил болоод байна.
Заримдаа иргэд нь дураа хүрэхээр засаг төр рүүгээ дайраад, нөгөө нь цэрэг цагдаадаа найдахад ойртох явдал ердийн болох нь. Энэ бүхэн бол миний ойлголтоор Монголын иргэншлийн тогтолцоо, ард түмний эв нэгдэл, хамтын чармайлтад харш, хөгжилд саад тотгор болох орчин нөхцөл.
Яавч ийм байдлаар бид эх орондоо хөгжил авчрахгүй. Эв зүйгээр аргыг нь олохын оронд хүч хэрэглэхийг урьдал болгосноор хонжоо хэрхэвч гарахгүй.
-Юм л бол хуучнаа санагалзах боллоо, захиргаадал дарангуйлал сэргэх нь, коммунист арга барил, үзэл санааг үндсээр нь устгах юмсан, хувьсгал хийсэн ч яадаг юм гэсэн зарим нэгний үг хэл ихсээд байх шиг. Энэ талаар Та юу хэлэх вэ?
-Таны ажиглалт минийхтэй адил байна. Би ч иймэрхүү хандлагыг мэдэрсээр, сонссоор, уншсаар байгаа. Парламент дотор ч ийм уур амьсгал, үг яриа үе үе ажиглагддаг, гарч байдаг. Олон нийт дотор ч их бий. Хэн нь хэнийгээ үзэн ядахыг ардчилал гэж үзэхгүй.
Дашрамд нэг зүйлийг сануулья.
Хууль гэдэг чинь эцсийн эцэст захиран барьж, хүчээр зохицуулах захиргаадал шүү дээ. Аль хэр зөв сайн захиргаадал вэ, үр дүн нь юу өгөх вэ гэдэгт мөн чанар нь оршино. Социализмын үеийг биеэр туулсан бид мэтийн хөгшид бол тэртэй тэргүй, тийм ч удалгүй жам ёсоор зүйл дуусна. Харин ёс уламжлал, дэг журам, хууль зүйн аль алин нь Монголд үлдэнэ, үлдэхээр үл барам хөгжилд тусална.
Ер нь капитализм ч бай, социализм ч бай авууштай, үнэлж хэрэглүүштэй шилдэг сайн юмаар баян. Яаж, юуг зөв зохистой судалж, ашиглах вэ гэдэг нь л чухал. Учрыг үл мэдэх, уншиж судлаагүй, таньж мэдээгүй байж хоосон хардлага сэжгээр хол явахгүй. Хэнд ч үнэн зөв мэдлэг л тус хүргэнэ.
-Та МАН-ын ахмад гишүүн. Намын гадна, дотор болж байгаа янз бүрийн үзэл бодлыг хэрхэн үнэлж дүгнэдэг вэ. “Хайртай гурвалын маань нэг нь МАН” гэж бичсэн байсныг тань санаж байна?
-Ард түмний нэр, сүрийг эсвэл урдаа барьсан, эсвэл ардаа чирсэн өмчлөлийн шинжтэй нэг юм яваад байх болсон. Бодлого ч юм шиг, арга ч юм шиг, тоглолт ч юм шиг. Нэг бол ард түмнээр нүүр тахлах, үгүй бол ард түмнээр бамбай хийх гэсэн тоглолтод би үнэхээр дургүй. Ард түмэн бол нэгэн улс орны эзэн эрхтэй бүхэл бүтэн нэгдмэл хүч.
Бид ярьж ойлгохдоо монголын ард түмэн, тийм ийм ард түмэн гэхээс биш бид ард түмний тийм хэсгийн нам, ийм бүлгийн нам, хөдөлгөөн гэдэггүй. Монголд ардчилалд дургүй, байгаль орчин сайн сайханд дургүй, шударга ёс, дэвшил хөгжилд дургүй хүн нэг ч байхгүй. Эрх ашгийн нэгдмэл хүч байж болох юмыг, тухайлбал, нэг эх орон, нэг ард түмэн, нэг монгол хүн, нэг эрх ашиг байгааг адалж тустусын ашиг сонирхлын хэсэг болгох нь хэнд, юунд ашигтай вэ?
Яагаад цөөхөн монгол түмэн маань дуу гарвал хоолой нэг, дугтарвал хүч нэг байж болохгүй гэж. Би л хувьдаа ний нуугүй хэлэхэд олон намд дургүй. Хүч сарнихын нэмэр. Тэр тусмаа нэрнээс болоод яг яривал ганц үгнээс болоод МАН, МАХН гэсэн нэг зорилго, нэг бодлого, нэг эрх ашиг илэрхийлсэн, хоёулаа уугуул нэг гаралтай хоёр нам болж салаад яах юм.
Монголын хөгжилд лав тус болохгүй. Надаас олон хүн “Та алинд нь багтаж байна” гэж асуудаг. Би “Олон хаана байна, олны шийдэл хаана байна, тэнд” гэж хариулдаг юм. Энэ бол амиа хоохойлсон бөөрөнхий үг биш ээ. Үнэндээ үлдсэн хэдэн насныхаа ноён нурууг хугалахгүй юмсан л гэж бодож явна.
-Ингэхэд социализм уруу эргэж харах дуртай юу?
-Дуртайгаар барах уу, XX зуун, социализм, МАН гурав Монголд, монголын ард түмэнд гэм хор хийгээгүй, харин ч хөгжил дэвшлийн жинхэнэ хөрс суурийг бий болгосон гэж хэлсэн бичсэн үгнэрсээ би хэзээ ч буцахгүй. Түүхийн үнэн өөрийн бодит байдлаас урваагүй буюу уйваагүй цагт шүү дээ. Миний энэ байр суурийг там гээчид орох нүгэл эж үзэх хүн байвал байж л байг.
-Та шинжлэх ухааны тухай олон ном, товхимол бичсэн. Манай шинжлэх ухаан хаана явна аа. Шашин өргөл, зурхайн номлол гээд гадна дотны, ил далд хүч нөлөө ихэсч олон нийт ийш тийшээ сүжиг, итгэл алдраад байгааг Та эрхбиш ажиж суудаг байлгүй?
-Мэдээ орсон цаг, сургууль соёл дамжсан хором агшин бүрээс аваад энэ яваа насанд шинжлэх ухаанд дур сонирхол, итгэл үнэмшил, бишрэл шунал их. Ойлгон шингээжавсан нь бага ч барааг нь харсан, уншиж судалсан, гайхал бахархал төрсөн оюуны бүтээл цөөнгүй.
Дэлхийн олон төрөл шашны үүсэл гарал, номлол сургаалаас дээд сургуулийн ширээн дээр албан ёсоор үзэж судалсан юм бий. Шинжлэх ухаан, шашны сэдвээр миний олж ухаарсан зүйлсээс цорын ганцыг дурсвал, хүн төрөлхтөн урт настай, сургаал номлол нь ч, бурхан өөрөө ч богино настай, хүнээс олон арван мянган жилээр дүү, номлолыг ч, бурхныг ч хүн бүтээсэн гэдэгт итгэл төгс явдаг.
Ийм л өвгөн. Ийм өвгөнөөс манайд шинжлэх ухаан хаана явна гэж асууж байгаа бол одоо болтол хоёрдугаараас хойш үнэлгээнд яваа даа л гэж хэлэх байна. Улсын хэмжээнд ач тусыг нь үнэлэх үнэлгээ ч, түүнд зориулдаг мөнгө хөрөнгө нь ч, түүнийг практик амьдралд ашиглах, нэвтрүүлэх арга эв, сонирхол хүсэл нь ч доогуур төвшинд яваа гэж би санадаг.
Би хэдийгээр ойр дотно нэр зүүдэг ч сайн мэдэхгүй байна. Надад их, бага чуулганд оролцох эрх байх биш. Саяхан Монголын шинжлэх ухааны академийн 50 жилийн ой болсон. Овоо өргөн тэмдэглэсэн гэнэ билээ. Би сонирхолдоо автаж үзэсгэлэнг нь үзсэн. Санаж сэдсэн, нээж олсон, бусдаас сурсан юм багагүй л бололтой. Энэ ойгоор бодвол манай шинжлэх ухааны хөгжлийн байдал тодорхой гарсан байлгүй дээ.
-Энэ жил олон ой тохиож байгаа. Ер нь янз бүрийн ойн баяр наадмыг нүсэр тэмдэглэдэг зуршил тогтож. Энэ талаар Та ямар бодолтой байдаг вэ?
-Баяр наадам хийх, ой тэмдэглэж, ололт амжилтаа дүгнэж, сэтгэл санаагаа сэргээж, олноороо өөдрөг сайхан хүсэл эрмэлзэлтэй явах юуны буруу байх билээ. Гэхдээ учир бий. Үнэн гуйвж, түүх холдож, мэдэмхийрэл ихдэж болохгүй. Яагаад гэвэл цаг хугацаа уртсах бүрийд үнэн бүдгэрч, улмаар хойч үеийн мэдлэг хохирдог.
Энэ жилийн их ойнууд сайн болж байна. МАН-ын 90 жилийн ой, ардын цэргийн ой түүхийн үнэний мэдрэмж мэдлэгт яггүй их юм өгсөн. Ирээдүйг харахад ч ач холбогдол ихтэй. Харин зарим ой дэндүү өндөршиж, зарим нь үл ажиглагдам бүдэг болох вий дээ гэж бага зэрэг эмээж байна.
Жишээ нь Манжийн эрхшээлээс мултарсан 1911 оны үйл явдлыг үндэсний хувьсгал гэж арай өндөрт гаргаж байна. Чин үнэндээ бол өөрөө аяндаа унаж мөхсөн хуучин ноёрхлын буурин дээр л Хятад нь ч, Монгол нь ч тусгаар улсынхаа эрхийг зарласан хэрэг. Энэ үйл явцыг үндэсний хувьсгал гэжтэмдэглэх нь 1921 оны ардын хувьсгалын ач холбогдлыг бууруулах гэсэн оролдлого болно.
Түүх мэдэхгүй “түүхчдийн” оролдлого биш байгаа даа гэж бодох үе ч байдаг. Гэтэл тэр үед үүсч байгуулагдсан Гадаад харилцааны яамны 100 жилийг дутуу үнэлээд байх шиг. Ядахдаа энэ ойгоор энэ салбарт насан турш шахам алба хаасан, ганц нэг нэртэй дипломатад засгийн өндөр шагнал хүртээж болох. Тус яамны харьяалалд 90 гаруй ахмад байж л байна.
-Тантай хамт салшгүй явдаг сэдэв бол хүн судлал. Өдгөө хүний хөгжлийн асуудлыг нийгэм өөрөөр ойлгодог, хүн бүхэн хөндөж ярьдаг болжээ. Та судалгаагаа хийсээр байгаа биз дээ?
-Энэ сэдвээр миний бичсэн, ярьснаас нийгэм уйдсан байх аа . Одоо энэ асуудал бараг олигтойхон зар сурталчилгааны рекламаас дор орсон. Нийслэлийн захад 2-З хүнтэй хүн судлалын төв гэдэг генетикийн судалгааны газар байгаа. Хүн судлалд ганц ген бус өчнөөн нарийн асуудал багтдаг.
Энэ газрыг ядаж хүүхэд судлалтай, сэтгэл зүй, оюуны болон хүн болохуйн судлалтай, дэргэдээ сургалт явуулах нөхцөлтэй газар болгохсон гэж боддог. Монголд биотехнологийн судалгааг жаахан бэхжүүлэхэд л хүний хөгжилд төдийгүй эдийн засгийн асар их хөрөнгө олох боломжтой. Хүн гэдэг хичээлийг дунд сургуулийн программд оруулъя гэж хөөцөлдөөд 20 шахам жил болоход хэн ч тоохгүй байгаа.
Энэ хичээлийн төслөө одоо өөр хэлээр интернэтэд цацна.
-Та бас бэлчээрийн мал аж ахуйн эрдэм шинжилгээний 20 боть судалгааг нэрт эрдэмтдийн бүтээл ёсоор хэвлүүлж оюуны өв-өмч болгоно гэж ярьдаг. Ном хэвлэх ажил дууссан уу. Ховор бүтээл болсон байх?
-Яахын аргагүй олон монгол эрдэмтний хамтын ховор бүтээл гэж бид үздэг. Мөн л удаан хугацаанд бараг 30-аад жилийн өмнөөс санаа сэдэж хөөцөлдсөн ажил л даа. Энэ бол хэн нэгэн хүний хувийн бус Монгол Улсын гэж үнэлэн өмчилж болох оюуны өв юм. Зарим хүн биднийг мөнгө олох гэж байна боддог, ярьдаг юм гэнэ билээ.
Олон хүнд учрыг хэлж 30 гаруй сая төгрөгийн хэвлэлийн зардал хүссэн боловч олдохгүй явсаар өнөөг хүрсэн. Энэ завсар наана цаана гүйсээр арван ботийг нь тус бүр 500 ширхэг хэвлүүлж хөдөө сум, аймаг бүрт ганц ганц хувийг үнэгүй тараасан. Зохиогчид болон редакцийн хэдэн хүнд сохор улаан мөнгөний ч ашиг унаагүй. Харин үлдсэн 10 ботийг ХХААХҮЯ хөрөнгө гаргаж хэвлүүлэхээр болсонд их баярлаж байгаа.
Энэ онд бүрэн дуусах байх. Уг бүтээл өнөөдөр нэг их үнэлэгдэхгүй байгаа ч 10-20 жилийн дараа үнэ цэнэ нь аяндаа мэдэгдэнэ.Хөшөөтийн нүүрс, уран, газрын тос, байгалийн сүйрэл, цөлжилт, усны хомсдол, агаарын бохирдол гэх мэт байнгын асуултын тэмдэг, анхааруулгатай олон асуудал дунд бид эргэлдэж байна.
-Хөгжлийн талаар Таны үзэл бодлыг сонсъё?
-Монгол Улс хөгжинө. Олон боломж нөхцөл байна. Нэгд, монгол хүний, ялангуяа залуусын мэдлэг, мэргэжил, арга чадвар, бүтээн байгуулалт уруу чиглэж эхэлж байгаа. Хоёрт, аж ахуйн гол гол салбар цаашид хөгжих суурь нь байна. Гуравт, зах зээлийн нээлттэй нөхцөл. Дөрөвт, байгалийн баялаг. Тавд, олон улсын харилцан ашигтай үйл ажиллагааны дэмжлэг, үйлдвэрлэлийн дахин сэргээгдэх түүхий эдийн нөөц зэрэг.
Цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн тооцоо сайтай, төлөвлөлт, асуудал шийдэх шуурхай зарчим, иргэний үүргийн ухамсар, ажлын үүрэгжилт, хариуцлагын болон хяналтын тогтолцооны дэг журам гэсэн таван үндсэн нөхцөлийг бүрдүүлж чадвал хөгжил урагшилна. Одоо бол асуудал нарийн төлөвлөгдөхгүй, удаан шийдэлтэй, хөрөнгийн зарцуулалт оновчтой бус, эргэж буцах явдал багагүй байгаа нь ажил эрчимтэй өрнөхөд саад болж байна.
Миний хатуу итгэл үнэмшлээр бол хүнээ хөгжүүлэх асуудлыг уриалгын бай биш, жинхэнэ ажил хэргийн шинжлэх ухаан болгомоор байгаа юм. Хүнээс бүх юм эхэлдэг ойлголтыг иргэн бүрт суулгаж чадвал хүний өөртэйгөө ажиллах, эрхээ ухамсарлах, үүрэг хариуцлагаа мэдрэх явдал хөгжлийн түлхүүр болно. Энэ бол номер нэг ажил. Дараа нь өөрөө үйдвэрлэн бүтээх чадварыг улс төв, хөдөөгүй эзэмших нь хөгжлийн нэг зангилаа асуудал.
Энэ бол өөрийн чадах бүхэн дээр монгол бүтээгдэхүүн гаргах явдал. Энд мөнгөний эх. үүсвэр, техник технологи, мэргэжлийн чадвар бүхнийг шийднэ. Хөгжлийн гурав дахь түлхүүр бол олдсон боломжийг цаг хугацаа алдалгүй эрчимтэй ашиглах. Жишээ нь Оюутолгой, Тавантолгойн уул уурхайн үйлдвэрлэлийг эхлээд жаахан алдагдалтай байсан ч зоригтой явуулах гэх мэт. Миний л мэдэхээр Тавантолгой дээр бид бараг 50 жил алдсан, Оюутолгойн хувьд арав шахам жил.
Эрдэнэтийг босгосон арга бол их л оновчтой шийдэл байсан. Цаашилбал, хөдөөгийн бизнес боломжийг эрхийн хувьд ч, хөрөнгийн дэмжлэгийн хувьд ч зоригтой хандах явдал чухал. Ер нь манайд био гарлын мал аж ахуйн болон газрын хөрс, ургамлын өгөөжийг шинжлэх ухааны технологййн үндэстэй ашиглах нь бусад салбарын үр ашгаас давж гарах учир бий. Энэ талаар бодлого, төлөвлөлт сул байна.
Энэ мэтээр яриад байвал боломжоос их юм алга. Ойжуулах, усжуулах, тариаланг өргөтгөх, аялал жуулчлалын нөхцөлийг бүрдүүлэх. ашигт малтмал ашиглах төрөл зүйлийг нэмэх, дэд бүтцээ сайж-руулах гэхчилэн асуудлууд бий. Чацарганы төглөөр Монгол дүүрвэл юу нь болохгүй гэж.
Хөл дээрээ бүрэн болон хагас ч гэсэн найдвартай босч байгаа том, дунд, жижиг газрууд энэ тэнд цөөнгүй боллоо. Тун сайхан хэрэг. Одоо залуу үе удирдахуйн ухааны гараагаа авч байна. Ирээдүй өөдрөг харагдаж эхэллээ. Ер нь юмыг эхнээс нь зөв эхэлчихвэл амар. Өнгөрсөн хойно нь дахин хийх, засч залах шиг хүнд юм байхгүй. Саяхан Засгийн газар үндэсний үйлдвэрлэлээ дэмжих шийдвэр гаргалаа. Энэ бол том шийдвэр, том бодлого. Монгол брэнд эндээс л оргилно шүү дээ. Түүнийг бүтээх хүн нь бэлэн байгаа гэж бодож байна.
Л.Эрдэнэмаа
Эх сурвалж: “Монголын үнэн”
URL: