Ц.Шаравдорж: М.Энхболдыг сольж байж л сонгуульд ялсан түүх МАН-д бий

4j0pdcvv3iu1713ccsehoum3pjМАХН-ын гишүүн Ц.ШАРАВДОРЖТОЙ ярилцлаа. Тэрээр саяхан намын гишүүнчлэлээ сэргээсэн юм.

-Таныг Солонгос явсан юм болов уу гэж бодсон. Н.Энхбаяр даргатай очиж золгоогүй юм уу?

-Үгүй, яваагүй. МАХН-ын удирдлагууд, явах ёстой хүмүүс нь очиж нэлээд өргөн золголт хийгээд ирсэн л гэж сонссон.

 

-Сар шинийн өмнөхөн та МАХН- ын гишүүнчлэлээ сэргээсэн. Намын амьдралд оролцож амжив уу?

-Ямар ч байсан МАХН-д гишүүнчлэлээ сэргээлээ. Намын дотоод амьдралд бол нэг их оролцсон юм одоогоор алга. Ер нь бол цаашдаа оролцоно гэж бодож байгаа шүү. Намын гишүүнчлэлээ сэргээхээс өмнө Говь-Алтай аймагт болсон орон нутгийн сонгуулийн үеэр тэнд очиж өөрийнхөө чадал чинээгээр МАХН-аас нэр дэвшсэн хүмүүсийн төлөө явсан.

 

-Уг нь танд МАН гэсэн сонголт бас байсан шүү дээ. Яагаад заавал МАХН-ыг сонгож гишүүн нь болсон юм бэ?

-Олон л хүн тэгж асууж байна. МАХН-д гишүүнчлэлээ сэргээсэнд зарим хүн гайхаж, яагаад гэсэн асуулт тавьж байна л даа. Энэ талаар нэг бус удаа хэлсэн. Дахиад ч тодотгож хэлье. Би МАН-ын гишүүн биш. Хоёрдугаарт, угаасаа би анх МАХН-д элсч, энэ намын нэрээр УИХ-ын гишүүн болж ажиллаж байсан хүн. УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг хийх тэр үед хуульд заасны дагуу намын гишүүнчлэлээсээ татгалзсан. Тэгээд Тамгын газрын ажлаа хүлээлгэж өгсний дараа нэлээд хугацаанд харсан шүү. Жил гаруйн хугацаанд энэ намуудын улс төрийн үйл ажиллагааг ажиглаж явлаа. Эцэст нь МАХН-д гишүүнчлэлээ сэргээх нь өөрөө өөрийгөө хүндэтгэсэн ийм үйл явдал гэж бодсон.

 

-Энэ хугацаанд МАН-д гишүүнээр элсэх талаар бодоогүй юү?

-Зарим хүн МАН-д элсэхгүй юм уу гэж асууж л байсан. Гэхдээ энд би нэг л юм хэлье. Цаг хугацааны хүчин зүйлийг бүрэн тооцоогүй, яаравчлан, түргэвчлэн хэдхэн хүний хүрээнд МАН гэж нэрээ өөрчилсөн энэ үйл явц бол нийт МАХН-д бол ашигтай биш, хортой туссан ш дээ. Үүнээс болж намын хагарал явагдсан. МАХН гэж нэгэн цул улс төрийн хүчин байсан бол өнөөдөр хоёр хуваагдчихсан байна. Үүнээс болж гишүүд нь ч хоёр тийшээ хуваагдсан. Улс төрийн тэмцэлд орох хүч нь суларч, арга хэлбэр нь байхгүй болж, ер нь л мохоо болсон шүү дээ. Үүнийг улс төрийн нөгөө хүчнүүд ашиглалгүй яахав. Би АН-ыг яг л замаараа зөв явж байна гэж хардаг. Ямар ч улс төрийн хүчин нөгөө намаа алдаа гаргахад ашиглаж чаддаг байх ёстой. Энд миний сэтгэлийг эмзэглүүлсэн юм бас бий. МАН шинэчлэгдэж байна гэж зөндөө л ярьж байна. Гэвч энэ нь зөвхөн ярих хэмжээнд байна. Бодитой шинэчлэл энэ улс төрийн хүчнээс харагдахгүй байгаа нь нууц биш.

 

-МАН сая даргаа солиод л, шинэчлэлийн Их хурлаа хийсэн шүү дээ. МАН шинэчлэгдэж чадаагүй хэрэг үү?

-Саяын намын Их хурлыг зөвхөн намын гишүүд нь төдийгүй Монголын ард түмэн анхааралтай ажиглаж байсан. Ихээхэн зүйлийг хүлээсэн. Одоо л энэ улс төрийн хүчин хэлсэн үгэндээ хүрч шинэчлэгдэх нь гэж харж байсан л даа. Гэтэл тэр итгэлийн галыг унтраасан хурал боллоо. Үнэнийг хэлэхэд тэр хүлээлтийг бүрэн дүүрэн хангаж чадсангүй. Процессыг харахад намын Их хурлаас эхэндээ бол шинэчлэл харагдаж байсан. Ө.Энхтүвшин илтгэл тавиад дуусах хүртэл гайгүй явсан. Энэ нам шинэчлэгдэх нь гэж харж байсан. Гэвч дараагийн зохион байгуулалтын асуудлаас эхлээд л нийгмийн хүлээлтэд зөв хариулт өгч чадаагүй. Үндсэндээ шинэчлэл хийнэ гэсэн үгэндээ хүрсэнгүй. Энэ мэтийн байдлыг би ажиглаж байсан.

 

-Таны сонголтод нөлөөлсөн гэсэн үг үү?

-Яг юу гэхийг нь мэдэхгүй юм. Ямар боловч надад урдаас бодож байсан юм бий. Ингээд үзэхэд цоо шинээр нэрлэгдсэн намд би элсэх үү, эсвэл хуучин намын гишүүн нь байж байгаад бодит шалтгаанаар гарчихсан тэр намдаа эрхээ сэргээх үү гэдэг л миний сонголт байсан. Тийм ч учраас би өөртөө зөв сонголт хийсэн гэж бодож явна.

 

-Магадгүй намын дарга нар нөлөөлсөн үү. Та одоогийн МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАН-ын дарга М.Энхболдыг хуучин МАХН-ын дарга байхад гишүүнчлэлтэй байсан хүн шүү дээ?

-Тиймээ тийм. МАХН гэж нэг цул хүчин байх үед энэ бүх удирдлагын дэргэд би ажиллаж байсан хүн. Удирдуулж байсан, хамтдаа улс төрийн тэмцэл хийж, хамтдаа УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагаанд оролцож л байсан. М.Энхболд, Ө.Энхтүвшин, Сү.Батболд, Н.Энхбаярыг нь ч бай би бүгдийг нь мэднэ. Гэхдээ МАХН гэдэг тэр нэгдмэл цул хүчин яагаад өнөөдөр ингээд хуваагдалд хүрэв гэдгийг бодитой дүгнэх ёстой. Харамсалтай нь, МАН-ын нөхөд түргэвчилсэн байдлаар, тооцоо буруу хийсэн. Улс төрд бол алдах эрх байх ёсгүй. Яагаад гэвэл, тэр гаргасан шийдвэрээс нь цаашдын үйл ажиллагаа, намын хамт олны хувь заяа шийдэгддэг. Тэр байтугай улс орны хувь заяа ч шийдэгдэнэ. Тийм учраас яаравчлах, түргэвчлэх, хөнгөн гоомой хандах эрх хэнд ч байхгүй. Харамсалтай нь, тийм юм болчихсон. Улс төр бол өөрийнх нь дүнг ч тавьчихсан.

 

-Та М.Энхболдыг өмнө нь намын дарга байхад огцруулах асуудлыг хөндөж байсан хүмүүсийн нэг байх аа.

-Би энд нэгэн түүхийг эргэн ярья. Та мэдсэн үү, Л.Одончимэд гуайн зургаан боть ном гарсан байгаа. Саяхан нээлт нь болсон. Тэр номонд “Элсний 13” гээд хэдэн хүний тухай юу болсон юм бэ гэдгийг их тодорхой бичсэн байна лээ. Тэрийг хүмүүс уншаасай. Ер нь бол “Элсний 13” гэдэг хүмүүсийг хувьсгалын эсэргүү байсан мэтээр л нийгэмд зохиомлоор ойлгуулсан шүү дээ. Гэтэл “Элсний 13” гэж нэрлэгдсэн тэр хүмүүс тухайн үед ихээхэн зориг зүрх гаргаж энэ МАХН-ыг аврах, тухайн үед болсон УИХ-ын сонгуульд ялах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө бүх юмаараа зүтгэсэн хүмүүс. Нэр төр гээд бүх юмаа золиосолсон. Харамсалтай нь, тэр үед гарч ирсэн С.Баяр буруу шийдвэр гаргасан. Уг нь намын Их хурал 13-ын хүчээр хийгдэж, С.Баяр ч 13- ын хүчээр л гарч ирсэн. Түүнээс С.Баяр эрийн сайндаа гарч ирээгүй юм шүү дээ. Яагаад бид тийм алхам хийх болсон нь тодорхой. М.Энхболд тэр үед намын дарга байсан. Гэхдээ нийгэм бүхэлдээ МАХН гэхээс илүүтэй, тэр үед удирдаж байсан М.Энхболдын үйл ажиллагаанд сөрөг хандлагатай болчихсон. Ийм намын даргатай УИХ-ын сонгуульд орох юм бол МАХН ялагдах нь тодорхой байсан үе. Улс төрийн прогноз, бүхий л судалгаа тийм гарч байсан л даа. Ялагдал хүлээхгүйн тулд яах вэ гэдэг асуулт тэр үед намын хамт олны өмнө тавигдсан. Гарц нь шинэчлэлийн Их хурал хийх ёстой байсан юм. Ялангуяа удирдлагыг сольж, цоо шинэ хүн гарч ирж байж МАХН тэр сонгуульд ялах улс төрийн нөхцөл байдал бүрэлдсэн байсан. Энийг бид зөв тооцсон. Тэгээд хийсэн. Үүний хүчинд МАХН сонгуульд ялсныг бүгд мэдэж байгаа. Харамсалтай нь, дараа нь шинэ болсон дарга, хуучин байсан дарга нарын хоорондын хэлхээ холбоо, шинэ дарга нарын Засгийн газраа бүрдүүлэхдээ хийсэн алдаатай үйл ажиллагаа энэ намыг хоёр хуваагдах эхлэлийг тавьсан. Өөрөөр хэлбэл, тэр үед л одоогийн энэ хуваагдал, ялагдлын эхлэлийг тавьсан. Намын дарга болчихоод, сонгуульд ялчихаад явуулсан С.Баярын тэр үйл ажиллагаа, сөрөг хүчинтэйгээ эвсч, засаг байгуулсан тэр цаг мөчөөс эхэлж бүрэлдсэн юм. Явсаар байгаад өнөөдөр аль аль нь ялалт гэж ярих биш, удаа дараагийн бүх сонгуулиудыг ялагдал гэсэн үр дүнтэйгээр л дуусгаж байна.

 

-Стандарт бус Засгийн газар байгуулснаас намын хуваагдал эхэлсэн гэж үү?

-Хаана ч тийм стандарт бус гэж юм байдаггүй. Угаасаа тэр үед стандарт бус гэдэгт бүгд л гайхаж байсан. Гагцхүү тэр стандарт бус нь сөрөг хүчнийг л бэхжүүлж өгсөн. Өнөөдөр эрх барьж байгаа улс төрийн хүчин яаж байгаа билээ. АН гэхэд стандарт бус гэж ярихгүй л байна. Яагаад гэвэл улс төрийн ялалт асар их үнээр олддог. Тэр ялалтыг ард түмэнд ашигтайгаар тусах нөхцөлийг хангаж өгөх ёстой. Ярьсан яриагаа, мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд ашигтайгаар авч хэрэгжүүлэх тэр нөхцөлийг хангаж өгөх ёстой юм. Харамсалтай нь, тухайн үед МАХН-ын төлөө сонголт хийсэн сонгогчдын итгэлийг алдсан. МАХН-ыг ялаасай гэж сонголт хийж байхад ялагдсан намтайгаа хамтраад явчихаар утга байна уу гэдэг л юм болсон доо. Энэ нь өөрөө сонгогчдын итгэл, үнэмшил, зорьсон зорилго гээд бүхий л юмыг унагасан.

 

-”Элсний” гэгдсэн 13-ын тэмцэж авчирсан ялалтыг үгүй хийчихсэн гэж хэлэх гээд байна уу?

-Үнэндээ тэр 13-тай дараа нь улс төрийн тооцоог сайн хийсэн. Та нар Л.Одончимэд гуайн бичсэн тэр номоос зориуд олж үзээрэй.

 

-Хараад байхад “Элсний 13” бараг бүгдээрээ МАН-аас гарч, МАХН руу оржээ.

-Энэ бол зөвхөн гомдлын тухай асуудал биш ээ. Итгэл үнэмшлийн асуудал. Зарим нь ажилгүй явж байна. Зарим нь МАН-даа ч явж л байгаа. Над шиг алхам хийсэн нь хэд байгаа юм. Зарим нь бүр АН-д орлоо шүү дээ. Д.Арвин жишээ нь АН-ын гишүүн болчихсон явж байгаа биз дээ. Тэгэхээр нэлээд хүнд хэцүү үед энэ намын төлөө явсан хүмүүс. Ер нь бол МАН одоогийнх шиг байгаагүй юм. Бүр парламентад цөөнх болчихоод олонхи шиг ажиллаж байсан үе ч бидэнд бий. Тэр үед бидний улс төрийн үйл ажиллагаа үнэхээр цэгцтэй, чиглэсэн зорилготой, өөрийнхөө бодлогыг төрийн бодлогод оруулж чаддаг. Улс төрийн олонхи болсон хүчинд өөрсдийн бодлого, зорилго, үйл ажиллагааг ойлгуулж чаддаг ийм л нягт хамт олон байсан ш дээ. Гэтэл 2008 оны сонгуулийн дараа парламентад олонхи болсон мөртлөө цөөнхдөө тоглуулаад л байсан. Би хувьдаа АН-ын тэр тоглолтыг зөв гэж боддог. Зөв тоглолт хийсний үр дүнд ч одоо УИХ-д олон суудалтай болчихсон байна. АН-ын энэ суудал бол зүй ёсны суудал. Энэ бол МАН-ын нөхөд өөртөө дүгнэлт хийх шалтгаан. АН-ын энэ ялалт биднээс болсон юм шүү гэж дүгнэлт хийх ёстой. Энэ бол гашуун боловч үнэн.

 

-Таны харж байгаагаар МАН, МАХН хоёр нэгдэж байж л ялалт байгуулахаар байна уу?

-Би энийг ноднингийн цагаан сарын өмнө хэлж байсан. Санаж байвал МАН, МАХН-ын нийт гишүүд, дэмжигчдэд гээд ил захидал бичсэн. Эргээд харах юм бол ялагдлыг ялалт болгоё гэвэл хамтарч ажиллахаас өөр арга зам харагдахгүй байна гэж хэлсэн. Би энэ хоёр намын нөхөд хамтрахын төлөө яваач гэж хэлмээр байна. Зарим улс төрийн акц дээр хамтраад эхлэх юм бол зөв зам руу орох гээд байна. Тусдаа л яваад байвал сайн үр дагавар авчрахгүй нь. Энийгээ ч тэр захидалд тодын тод бичсэн. Бүтэн жил харлаа, дахиад л олон ялагдал амслаа. Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн сонгууль гээд л. Дандаа л ялагдал ирээд байгаа биз. Би тэр үед зөв хэлж, тэрийгээ одоо дахиад давтаж байна. Энэ хоёр хүчин хамтрахгүй л бол удаа дараагийн ялагдлыг авчраад байх нь ээ. Хагарал, хуваагдлын гороор ялагдлаас хуваалцдаг боллоо гэдгийг би зүгээр ч нэг хэлчихээгүй юм шүү. Эв эе гэдэг улс төрд маш чухал. Дээр нь байгаа хэдхэн хүний санал бодлоор энэ улс төрийн хүчнүүд ажилладаггүй юм байна. Ямар ч улс төрийн тодорхой алхам хийхэд намын хамт олон, нийгмийн сэтгэл зүйг заавал сонсч, судалдаг байх ёстой.

 

-МАХН нэрээ солих процессыг бүх шатандаа хэлэлцүүлэг явуулж, Их хурлаараа олонхийн саналаар шийдээ биз дээ. Гэсэн ч үр дүн нь өнөөдөр эсрэгээрээ эргэчихлээ?

-МАХН-ын нэрийг МАН болгосон шийдвэрийг өнөөгийн МАН-ныхнан хэлдэг л дээ. Намын Их хурлын 99 хувийн саналаар нэрээ өөрчилсөн гэдэг юм. Гэтэл энэ чинь үнэндээ худлаа байхгүй юу. Анхан шатны үүр болгоноос намын Их хурлын төлөөлөгчид сонгогдсон. Тэр хүмүүст юу гэж хэлж явуулсан байдаг вэ гэхээр намын нэрийг өөрчлөх цаг нь биш гэсэн байдаг юм. Чи намын нэрийг өөрчилж болохгүй шүү гэж үүрэг даалгавар өгөөд явуултал энд ирээд өөр болчихсон. Ингээд намынхаа нэрийг өөрчлөөд очсон төлөөлөгч болгон гишүүдтэйгээ уулзаагүй. Нүүр байхгүй болохоор яаж ч уулзах билээ. Гэтэл араас нь МАН-ын шинэ батлах хүрээд очсон. Сургуулийн хүүхдээр тараалгасан энэ батлах нь үнэндээ одоо МАХН-ын гишүүдийг хоёр батлахтай болгосон байна. Нэгийг нь өвөртөө аваад явж байна. Хүүхдээр юм уу, хөндлөнгийн хүнээр хүргүүлсэн батлах нь авдрандаа байж байдаг. Энийг миний явсан газар болгон уулзсан хүн бүр ярьдаг юм. Бодит үнэн бол ийм л байна.

 

-Нэгдэхээ больё гэхэд хамтрах ёстой гэж байна. Улс төрийн өнөөдрийн нөхцөл байдал ийм боломж олгох уу. МАН сөрөг хүчин гээд явж байна. МАХН харин засгийн эрх барилцаж байгаа улс төрийн хүчин шүү дээ.

-Нөхцөл байдлыг харахад намын дээд төвшиндөө харзнасан байдалтай, дунд болон доод төвшиндөө энэ хоёр нам хамтарч ажиллах ёстой, нэгдэх ёстой гэсэн үзэл бодол давамгайлж байна. Одоо гол нь сэрээх ёстой. Хоёр намын удирдлагаас санаачилга хэрэгтэй. Өөр арга байхгүй. Үнэндээ дээд төвшинд байгаа хоёр гуравхан хүний хоорондын хувийн харилцаанаас нэлээд зүйл шалтгаалж байна.

 

-Та Н.Энхбаяр даргатай уулзаж, энэ талаар ярилцсан уу?

-Юуг нь нуух вэ. Н.Энхбаяр даргыг хориход байхад нь, эмнэлэгт байхад нь очиж уулзсан. Энэ бол хүн ёсны асуудал. Зарим нь тэр хүнийг тэнд ороход нь ч нүүрээ буруулсан, хилс хэрэгт буруутгагдан орсон хойно нь ч аль болох хол байхыг бодсон байх. Надад бол тийм ёс зүй байхгүй. Би тэр хүнтэй хамт ажиллаж л байсан. Тэр хүний үйл ажиллагааг мэдэх учраас хориход орсон байхад нь очоод мэндийг нь мэдчихдэг ёс зүй бол байх ёстой. Тэгэхдээ би уулзахдаа тийм улс төрийн юм яриагүй. Биеийн эрүүл мэндийн байдал, УИХ-ын үйл ажиллагаа ч гэдэг юм уу сэдвээр ярилцсан даа. Тэр үед чинь би УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга байсан шүү дээ. Тийм л сайхан уулзалт болж байсан.

 

-Гишүүнчлэлээ сэргээснээс хойш уулзаагүй хэрэг үү?

-Очиж уулзаагүй байна. Ер нь бол уулзах л юмсан гэж бодож яваа. Надад бололцоо гарвал заавал ашиглана.

 

-Ер нь МАХН дотор асуудал байна уу, үгүй юү. Жишээ нь, МАХН-ыг дотор нь Н.Энхбаярын, Д.Тэрбишдагвын гээд хоёр хуваагаад эхэлсэн байна?

-МАХН-ыг улс төрийн чадвартай хүчин болж өсч өндийх вий гэж болгоомжилдог хүн олон бий. Аль болох л доош нь дарахыг хичээдэг. Хоёр том гэсэн намууд нь ээлж дараалан засаг төрийн эрх барихыг бодож байна. Хоолойд нь тээглэсэн яс гэдэг шиг МАХН-аас эмээж байгаа явдал ажиглагдаж л байгаа. Ийм ч учраас гадна болон дотроос нь хагалах гэсэн кампанит сурталчилгаа хийж байна. Д.Тэрбишдагва нь нэг бүлэгтэй, бараг Н.Энхбаярынхаа эсрэг ажиллаж байна гэсэн юмыг зохион байгуулалттай явуулж байгаа нь харагдаад л байгаа. Би бол энэ намын нөхөдтэй уулзаж учраад явж байхад тэр зарим нөхдийн өргөх бичиг бол намын ажлыг сайжруулах гэсэн л шүүмжлэл шиг харагдсан. Түүнээс хагараад бутарсан юм байхгүй. Би хувьдаа Д.Тэрбишдагвыг Н.Энхбаяр даргыг эзгүйд дэд даргын хувьд их идэвхтэй ажиллаж байгаа хүн гэж дүгнэдэг. Угаасаа ажлын төлөө гэсэн дайчин хүн. Магадгүй тийм хүн хатуухан шаардлага тавиад эхлэхээр нөгөө шүүмжлэлд дургүй, хөнгөн хялбараар байгаад байхыг боддог улсууд эсэргүүцдэг юм байлгүй дээ. Ер нь бол МАХН-ын дотоод шүүмжлэл бол байх ёстой. Гэхдээ хагарал бутралд хүргэх хэмжээний юм бол байхгүй.

 

 -Та намын ажилд идэвхтэй оролцоно гэж хэллээ. Ингэхэд танд ямар нэгэн сонгуульт албан тушаал байна уу?

-Байхгүй ээ. Саяхан л намын гишүүнчлэлээ сэргээсэн хүн шүү дээ. Үйл явдал яаж өрнөхийг харзналгүй яахав.

 

-МАХН-ын Бага чуулган удахгүй хуралдана биз дээ?

-Миний авсан мэдээллээр Бага чуулган, Их чуулган хоёроо нэлээд хойш тавьж байгаа юм шиг байна лээ. Тэр нь ч зөв байх. Хаврын их ажлын үеэр намын гишүүдийг хот руу авчрах асуудал нь хүндрэлтэй байх. Тиймээс тав, зургадугаар сард хийх байх.

 

-Янз бүрийн л яриа гарах юм. Энэ засаг хөдлөх нь, Н.Энхбаяр ирж сайд болох нь ч гэдэг юм уу. Та бас иймэрхүү ярианууд дуулсан л биз дээ?

-Одоогийн Засгийн газар, УИХ-ын талаар яриад байх юм алга. Тэртэй тэргүй олон түмэн мэдэж байгаа. Хажуугаас нь харж байхад шүүмжилмээр, болохгүй бүтэхгүй юм их л харагдах юм. Алсдаа сонгогч олон дүнгээ тавьчихна даа. Нэгих сайхан ярьснаар Н.Алтанхуяг тэр үнэлгээг өөрчлөхгүй байх. Ард түмэн сонголт хийснээсээ эхлээд одоог хүртэл дүн тавиад л яваа. Тэр нь дараа, дараагийн сонгуулиар харагдана. Дотоод юм бол их л дуулддаг. Гэхдээ энд би яриад яахав дээ.

 

-Засагт хамтарч байгаа намын хувьд танайд ч тэр дүн тавигдана биз дээ?

-Намын гишүүнчлэлээ сэргээхийн өмнө би нэг үг хэлсэн шүү дээ. Засаг төрийн эрхийг хамт барилцана гэдэг бол том хариуцлага. Гэхдээ хамтарсан Засгийн газарт бид ажиллаж байна гэдэг нь амаа үдүүлэх тухай асуудал биш. Харин ч дэргэдээс нь хэлдэг үгээ хэлэх болно. МАХН гарч ирэхдээ ямар үг хэлсэн, тэрийгээ улам тод хүчтэй хэлэх тийм л хариуцлага байгаа юм. Ийм учраас ажил албан тушаал авлаа гээд амарч болохгүй. Тэр хүмүүсээсээ МАХН хариулт авах ёстой. Чи сайд боллоо, чи яам агентлагийн толгойд ажиллаж байна. Чи дуугүй байх биш, хүчтэй ажиллах ёстой гэдгийг хэлэх л болно.

 

Ч.Гангэрэл

http://www.aravt.mn/content/30447/.htm;jsessionid=B4789B38F0DDD986983A6D0A9B19E6AC


URL:

Сэтгэгдэл бичих