ХАЙРЫН ШҮЛГИЙН 247 НОМ ХЭВЛЭГДЛЭЭ
Хуудас бүрт нь “хайр” шингэсэн нэгэн ном 02.14-нд нээлтээ хийлээ. Энэ ном бол 247 хэмээх Facebook group-ийн гишүүд, дэмжигчдийн санаачлага, уран бүтээл, дурсамж хайрын хэлхээ юм. Дэлхийн болон Монголын сонгодог зохиолчдын шилдэг бүтээлээс гадна “Байртай хүнтэй биш хайртай хүнтэйгээ” суусан буюу суухаар төлөвлөж буй залуусын зүрх, сэтгэлээс ундран гарсан хайрын шүлгүүд энэ номд багтжээ.
247 номын 50 хувь нь 247 хэмээх Facebook группын уран бүтээлч найзуудын шүлгүүдээс бүтсэн бол үлдсэн 50 хувь нь Дэлхийн сонгодог зохиолчид болох Омар Хайям, Шекспир, Пушкин, Монголын уран зохиолын аварга, арслангууд болох Д.Нацагдорж, Б.Явуухулан, Р.Чойном, Ч.Лодойдамба, Б.Лхагвасүрэн нарын хайрын тухай, ханийн тухай уянгат мөрүүдээс бүрдэж байгаагаараа онцлог юм.
Номын нээлтэд “Болор цом”-ын хоёр удаагийн тэргүүн шүлэгч Баярхүүгийн Ичинхорлоо оролцож, залууст хайрын шүлгээрээ бэлэг барьж, номын дээжийг гардуулан өглөө.
Хөдөлмөрийн баатар, Ардын эмч Хайрулла, төрийн соёрхолт Доржийн Гармаа нарын ханийнхаа тухай хэлсэн сэтгэгдлүүд багтсан тус номонд Солонгос улс болон Дорноговь, Увс, Ховд аймгуудаас шүлэг ирүүлж, 1 доктор, 3 соёлын тэргүүний ажилтан бүтээлээ илгээсэн байна.
Номын нээлтэд ХЦДБЧ-ын дуучин, МУСТА Г.Батсүх тэргүүтэй уран бүтээлчид болон тун удахгүй “Сэтгэлийн чамдаа” нэртэй хайрын дууны тоглолтоо хийх гэж буй залуу дуучин А.Оросоо нар оролцож, ая дуугаа өргөлөө.
Ийнхүү хайртынхаа сэтгэл, зүрхэнд зүүж өгөх шүлгэн сондорыг урлан бүтээж, хүлээлгэн өгөхөд тус хүргэсэн “BSS принт” хэвлэлийн компаний хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүсэхийг 247 группын залуус уламжилсан юм.
Хайрын баяраар нээлтээ хийсэн 247 номыг бүтээгч залуус энэ оны “Гэгээн хайрын баяр”-ын бэлгийг баяжуулж өглөө. Уламжлал ёсоор хайртдаа набор, сарнай бэлэглэдэг байсан залуус энэ жил өөрийнхөө бичсэн шүлгийг эрхмийн дээд номд багтаан бэлэглэх боломжийг бүрдүүлжээ.
URL: