Эм нь цусаа, эр нь тусгаар тогтнолоо хамгаалж байж эх орон оршдог
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дэргэдэх Технологийн сургуульд багшилж байсан өвөрлөгч хошуунд нэлээд түгээмэл байдаг Б.Насанбаяр хэмээх нэртэй бүсгүй БШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтын газрын дарга болчихож. Тэрээр Эрдэнэтэдэд байх ахуйдаа УИХ-ын сонгуульд хүртэл нэр дэвшиж байсан. За тэр ч яахав. Мань хүүхэн саяхан бүүр Монгол улсын телевизээр нь нэгэн ярилцлага өгөхдөө Уран зохиолын хичээлийг дунд сургуулийн хичээлийн программаас хасах тухай ярьж Монголчуудын нүдийг орой дээр нь гаргав. Тэрхүү ярилцлагыг нь үзсэн хэл, утга зохиол шинжлэлийн эрдэмтэд эгээтэй л цус харвасангүй, хэдэн зохиолчид дээлээ хөөргөж бүслээд дайлаар мордсонгүй, Монгол хэл, уран зохиолын багш нар ажилгүй болох нь хэмээн боож үхэхээс наахнуур юм болов.
Харин сүүлдээ өнөөх нь сэтгүүлчийнх нь буруу болоод, Б.Насанбаяртан Уран зохиолын хичээлийг хэвээр нь үлдээх байсан гэдгээ тайлбарласнаар нийгэмийн сэтгэл зүйд дэгдээд байсан гал намжих тийшээ хандав.
Харин би бол хардаад байгаа юм. Сүхбаатар кинон дээр Сэлэм тогмид Цоохор Луузанд хандаж “Чамд ч санаа бий л дээ. Аягүй бол Хиагтын булгаарын заводыг нэхэх байсан юм” хэмээн төрийн яаман дотор гар нагаанаа сугалан омогшдог хэсэг байдаг.
Яг л түүн шиг аягүй бол энэ Мүүнийн шашныханд Монгол хэл соёлыг устгах нь байтугай Монголыг тэр чигт нь устгах санаа байж мэднэ шүү. Б.Насанбаярыг Эрдэнэт хотод байхаас нь л мүүнийн шашинтай гэж ярьцгаадаг байсан.
Мүүнийн шашин нь 1940-өөд оны үеэс Солонгосын Сан Мён Мүүн гэгч эрээс үүсэлтэй ажээ. Сан Мён Мүүн нь 1920 онд төрсөн бөгөөд тэрээр 1936 онд буюу “16 настай байхдаа би Есүстэй уулзсан” гэх яриа дэгдээснээр түүний шашны үйл хэрэг эхэлжээ. Тэрээр өөрийгөө “Би Есүс Христийн хоёр дахь төрөл, хүн төрөлхтөн бүгд нүгэлтэй учраас миний үгээр явах ёстой” гэсэн үзэл баримтлалыг номлодог байна.
Дэлхий даяар Мүүнийхэн “Энх тайвныг тогтоох нэрийн доор” хачирхалтай үзэл санаагаа түгээн, зарим тохиолдолд элдэв янзын шашны зан үйл явуулан, залуусыг хооронд нь гэрлүүлж, тэднээр гудамжинд бараа бүтээгдэхүүн заруулдаг байна. Уг шашныг үндэслэгч Мүүн гэгч эр “Хүн эхнэр нөхрөө өөрөө сонгох чадваргүй байдаг” хэмээн залуусын “тархийг угааж” эхнэр, нөхөр сонгон өгч тэднийг хооронд нь гэрлүүлдэг гэсэн. Монголд жилд доод тал нь 100 орчим залуусыг хооронд нь гэрлүүлдэг гэх албан бус мэдээлэл байдаг. Түүнээс доод тал нь 20 гаруй охид бүсгүйчүүдийг гадаадын иргэнтэй гэрлүүлдэг талаар эх сурвалжууд мэдээлжээ.
Энэ шашинд элсэн Солонгос эрчүүдтэй гэрлэсэн эмэгтэйчүүд дарамтанд орсны улмаас эх орондоо эргэн ирж байсан нь ч бий ажээ. Залуус дэвтэр, бал, оймс өндөр үнээр зарж сүмдээ хандивладаг. Залуус зах дээрээс хямд үнэтэй бал дэвтэр, бичгийн хэрэгсэл, оймс, салфетка худалдан авч гудамжинд хэд дахин үнэ нэмж заран мөнгөө Мүүнийн шашинд оруулдаг гэсэн. Гудамжинд явж байхад “Би хүүхдийн төлөө буяны байгуулагаас явж байна, таны бараа худалдан авч оруулсан мөнгө буяны үйлсэд зарцуулагдана гээд л залуучууд гүйгээд ирдэг.
Ер нь бол Мүүнийн шашин 1994 онд манай улсад орж ирсэн бөгөөд “Эв нэгдлийн Монголын сүм” нь 2000 онд Нийслэлийн иргэдийн хурлын 115 дугаар тогтоолоор шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч байжээ.
Тэгвэл сүүлийн жилүүдэд Мүүнийн шашинд дагаар орогчид Монголын төрд шургалах нь их боллоо. Энэ хэрээр Монгол төрийн хар хайрцагны бодлогод сэв суух магадлал нэмэгдэнэ.
Монгол улсын Ерөнхий сайд Дашийн Бямбасүрэн гуйгаас бусад Монголын үе үеийн ерөнхий сайд нар Америк руу явж Мүүнийн семинарт суудаг байсан талаар Баабар нэгэнтээ бичсэн байдаг.
Солонгос болон АНУ-д олон улсын конференци зохион байгууллагддаг бөгөөд энэ конференцид Монголын нэр нөлөө бүхий хүмүүс, УИХ-ын гишүүд, их, дээд сургуулиудын захирал, бизнесменүүд явж байсан. Мүүнийнхний урилга, зардлаар улс төрийн тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэг, “Номин”-гийн босс А.Шагдарсүрэн, УИХ-ын гишүүн М.Энхсайхан, Н.Содномдорж, С.Ганбаатар, Р.Гончигдорж, С.Баярцогт, А.Бакей, “Чингис” дээд сургуулийн захирал Х.Лхагвасүрэн, Нийслэлийн Засаг даргын орлогч байсан Ц.Цогзолмаа, , ерөнхийлөгч асан П.Очирбат, Монгол мэдлэгийн их сургуулийн захирал Л.Дашням, UBS телевизийн захирал Л.Балхжав, Гаалийн ерөнхий газрын дарга байсан Д.Цэвээнжав, нарын Монголын улс төр, нийгэмд нөлөө бүхий 100 гаруй хүн нэг болон хэд хэдэн удаа олон улсын конферецид явж байсан. Д.Цэвээнжав, Б.Дашзэвэг, УИХ-ын гишүүн асан, Дэлхийн энх тайваны төлөөх гэр бүлүүдийн Монголын холбооных нь ерөнхийлөгчөөр олон жил ажилласан Ша.Батбаяр нарын хүмүүсийн нэрийг Монголын залуусын тархийг угаах энэ ажилд хамгийн идэвхтэй оролцож, эх орны аюулгүй бүрэн бүтэн байдалд заналхийлж байгааг тэмдэглэхгүй орхих аргагүй.
Мүүнийн шашныхан УИХ-д өөрсдийн хүмүүсийг нэр дэвшүүлэхээс гадна төрийн өндөр албан тушаалуудад аль болох олон хүн томилуулах бодлого барьж байна. Манай аймагт хүртэл П.Алтантүлхүүр, Б.Насанбаяр гэх мэт хүмүүсийг УИХ-д сойж байсан удаатай.
Үүний зэрэгцээ олон улсын хурал зөвлөгөөнд Мүүнийн зардалаар манай улсын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслийн удирдлагууд төлөөлөгчөөр явдаг. Энэ нь сэтгүүлчдийн амыг хамхих гэсэн санаатайгаас гадна хэвлэл мэдэллийнхнийг өөрсдийн гарт байлгаж, Мүүнийн шашныг ямар нэг хэлбэрээр сурталчилуулж байх санаархал ч байж болох юм. Нэлээд хэдэн жилийн өмнө нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Цогзолмаагийн салхинд хийсгэсэн хөрөнгөнийх нь дөрвөн сая нь тэдний эрхлэн гаргадаг “Агуу үндэстэн” сэтгүүлийн дансанд орсон байсныг тогтоосон. Түүгээр ч барахгүй мүүнийхний гар, хөл, хэл болсон уг сэтгүүлийг дүүргийн сэтгүүл болгочихсон байлаа. Сүүлийн жилүүдэд телевизийн суваг бүхнээр Солонгосын олон ангит савангийн дууриудыг залхтал гаргаж, Монгол залуус тэр хэрээр үндэсний соёл, хувцас, бахархал, зан заншлаасаа холдож, өмссөн зүүсэн, үс гэзэг, алхах гишгэх, аашлах аяглах, уйлах инээх нь хүртэл эмэгтэйлэг болж ирэв. Албан ёсны зөвшөөрөлтэй хэмээн рекламдаж байгаад өдөр шөнөгүй гаргадаг тэдгээр сериал кинонуудыг нь бараг л Монгол залууст зориулан бүтээгдэж үнэ төлбөргүйгээр манай “гэнэн тэнэг” телевизүүдэд тарааж өгдөг юм шүү дээ. Монгол эх орны атар салхины доор алаглаж ургасан цэцэг цэврүү шиг охид Монгол залуусаа голж, хангүг эрийн өвөрт очиж хэвтсээр байна. Эм нь цусаа, эр нь тусгаар тогтнолоо хамгаалж байж эх орон оршдог.
Мүүнийн шашин шүтэгчид, мүүнийн чиглэлээр янз бүрийн үйл ажиллагаа явуулагчид Эрдэнэт хотод мэр сэр бий. “Эрдэнэт үйлдвэр”, аймгийн төр түшилцэх чухал албанд ч мөн Мүүнийн шашин шүтэгчид шургалан орсон байдаг. Зарим нь хотын төв хэсэгт газар авч энэ чиглэлийнхээ үйл ажиллагаа явуулах ордонг нэгэнт сүндэрлүүлээд амжсан.
Дэлхийн олон улс оронд хориотой, Шенгений орнуудад хардагддаг, Хятадад нууцаар үйл ажиллагаа явуулдаг энэ аюултай шашны урсгал Монгол эх орон, Монголын төрд үндэсээ улам бүр шигтгэн празитлаж, Монголын соёл, боловсрол, түүхийг гуйвуулах, Монголчуудыг хагалах, төрт ёсны уламжлалт сэтгэлгээг сулруулах үйл ажиллагаа явуулаад байна уу гэх хардлага улам бүр төрсөөр байгаа. Одоо энэ шашны үйл ажиллагааг дэлхийн олон улс оронд хориглодог. Тэд улсаа үндсээ, соёлоо, түүхээ хамгаалах гэж л тэр шүү дээ.
Аварга махчин загас мэт тэлэн томорч буй том гүрнүүд бусад бага буурай улс орнуудыг өөрийн эрхшээлд байлгах, хэл соёл, үүх түүх, бахархал зэргийг нь устган бууруулж, өөрийн бодлого, эрх ашгийг тулган хүлээлгэхээр олон янзын арга төлөвлөгөө хэрэглэдэг. Магадгүй түүний нэг гар нь шашин байж болох шүү дээ.
БШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтын газрын дарга Б.Насанбаярын энэ удаагийн Уран зохиолын хичээлийг алга болгох гэсэн үйлдлээс нь ч ийм үнэр ханхалж байна.
Монгол төрийн дархлаа болсон Тагнуулын байгууллага ч Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг энэ гаж шашны “халуун тогооруу” өнгийх цаг нь нэгэнт болсон шүү.
Нийтлэлч Д.Цэнд-Аюуш
Эх сурвалж: http://erdenetinfo.mn/
URL: