Б.Цогтгэрэл: Сонгууль болохоор л сэргэдэг намууд төрийн бодлогод хортой
Энэ удаагийн “Ярилцах цаг” буландаа Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд, МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэлийг урилаа.
-Ярилцлагаа таны хариуцлагатай албанаас илүүтэй намын генсек болсноор эхэлье. Та МҮАН-ын генсек болсноор танай намд ямар өөрчлөлт, шинэчлэлт өрнөж байна?
-Манай намд орсон өөрчлөлт, шинэчлэл гэх онцын зүйл байхгүй. Тийм шаардлага ч алга. Харин хийж ирсэн, ярьж ирсэн үнэ цэнэтэй үзэл санаагаа улам түгээх хүч, хурдаа нэмэх шаардлага бол байна. Хамгийн гол нь, өнөөдөр Монголын улс төрд маш их өөрчлөлт орж байна. Найман жилийн өмнө бид намаа байгуулчихаад “Намын үнэт зүйл бол үндэсний үзэл, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол. Эзэн Чингис хаанаа бид дээдэлсэн нам байна” гэхэд “Юун үндэсний үзэл, бараг балар эртний юм, ухралт хийх нь. Фашист нам байгуулах гэж байна” гэцгээж байлаа.
Одоо бол үндэсний эрх ашиг, үндэсний үзэл гэсэн үг хэллэг бараг улс төрч болгоны өдөр тутмын хэрэглээ болж. Бид Үндсэн хуулиа өөрчилье гээд тавдугаар Үндсэн хуулийн төсөл хүртэл гаргаж хэлэлцүүлж байв. Өнөөдөр тэгвэл бусад намууд энэ талаар ярьж ярьж эхэллээ. Улс төрийн энэ их талцал, тэмцэл орон даяар хүн амаа хоёр хувааж сөрөг ард түмэн болтол нь улс төржүүлсэн хийрхэлийг арилгахыг уриалж өөрсдөө хүртэл намын гишүүнчлэлийн төлөө ажиллахгүй гэдгээ зарлаж байлаа. Нам нь иргэдээ гишүүнчлэлээр барьцаалдаг, эргээд гишүүд болоод үндэсний аварга бүтэц нь намаа барьцаалдаг. Бүтцээ тэжээхийн тулд, хадгалж байхын тулд төрд байршуулсан хүмүүсээрээ дамжуулж авилгын бүтэц бий болгодог. Үүнийг ашиглаж төрийн албан хаагчид намаар хамгаалагдсан, хөрөнгөжих уралдаанд оролцдог болчихсоноо бүгд хараад ойлгосон байна. Энэ бол маш том дэвшил. Гадна дотнын судлаачид ч гэсэн ийм дүгнэлтийг хийж байна лээ. Энэ бүхэн нь манай нам өөрчлөгдөх бус харин ч улам их талбайд үзэл санааныхаа үрийг цацах хэрэгтэй. Нийгэмд гүйцэтгэж буй think tank үүргээ сайн хийхийг л шаардаж байгаа юм. Өнгөрсөн баасан гаригт буюу шинийн 15-нд намын дарга М.Энхсайхан “Иргэншил ба Үндэстэн улс” гэсэн илтгэлийг намын гишүүдэд тавьж хэлэлцүүллээ. Мөн улс төрийн намуудын хуульд намын зүгээс барих байр суурийн талаар Бүгд хурлын гишүүдийн санаа бодлыг нэгтгэсэн.
-Та МҮАН-д хэзээнээс хүчин зүтгэсэн билээ?
-Үндэсний Шинэ Намыг санаа зорилго нэгтэй хүмүүсийн хамт Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн жил буюу 2006 онд үүсгэн байгуулцсан. Манай нам 2011 онд нэрээ Монгол Үндэсний Ардчилсан Нам \МҮАН\ болгож өөрчилсөн юм.
-УИХ, Засгийн газарт байгаа намын хувьд улс төр дэх дүрээ тодруулах шаардлага тулгарч байна уу. Эсвэл шаардлага алга уу?
-Шинэчлэлийн Засгийн газраас нийгэм-эдийн засгийн олон томоохон хөтөлбөр санаачилсан. Засгийн газрын бүрэлдэхүүнд манай нам, МАХН-ын хамтарсан “Шударга ёс” эвсэлд орсны хувьд олон санаачилга хэрэгжүүлэхэд түшиг тулгуур болох учиртай. Энэ ч утгаараа манай нам хөтөлгөө мориныхоо үүргийг гүйцэтгэж ирсэн. Манай намын УИХ-ын гишүүд засаг, төрийн тогтвортой байдлыг хадгалах, бодлого зорилтыг дэмжсэн байр суурийг баримталж байна. Н.Батцэрэг гишүүн “Шударга ёс” эвслийнхээ бүлгийг ахалж, Д.Батцогт гишүүн маань Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороог удирдаж байна. Мэдээж Эрчим хүчний яамыг толгойлж байгаа М. Сономпил сайд маань ч салбараа маш сайн авч явааг онцлох ёстой. Өөрийн тань асуусан дүрээ тодруулах тухайд бол үндэсний зөвшилцлийн чиглэлд л хараагаа чиглүүлэх болно.
-Намын их хурлаа хийх цаг хугацаа дөхөж байгаа байх аа?
-Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн хуулиуд өөрчлөгдөхөөс нааш намын Их хурал хуралдуулах шаардлага байхгүй.
-МҮАН нийт хэдэн гишүүн, дэмжигчтэй вэ. Нуулгүй хэлэхэд, МАХН-тай эвсэж олон нийтэд илүү танигдсан, УИХ-д суудалтай болсон гэж хэлэх хүн байна. Өмнө нь зөвхөн ганц, хоёр лидер дагасан нам байсан шүү дээ?
-Манай нам гишүүддээ “Алтан гэрэгэ” гэж хадгалуулдаг. Өнөөдрийн байдлаар нийт 52 мянган өрхөд “Алтан гэрэгэ” тараагдсан байна. Цаашид “Алтан гэрэгэ”-гээ Монголын бүх өрхөд хүргүүлнэ гэж бодож байгаа. Монгол төрийн амин эрдэнэ бол өрх гэр юм. Үндэсний намын хувьд улс төрийн бодлого өрх гэр бүлийг бэхжүүлэх, өрхийн тэргүүнүүдийн үүргийг бэхжүүлэхэд чиглэнэ. МАХН-тай эвсээд олонд танигдсан гэдгийг бол хүлээн зөвшөөрөхгүй. Тангадын Галсан гуайн хэлсэнчлэн “Эвлэрвэл бид үржүүлэхийн хүрд” гэдэг шиг МАХН-ын брэнд нэр болоод Н.Энхбаяр даргыг тойрсон улс төр, манай намын үзэл санаа, бодлоготой нийлснээр ард түмний дэмжлэг нэмэгдсэн гэвэл илүү зохимжтой.
-Танай нам орон нутагт салбар, нэгжээ нээгээгүй гэдэг шүү дээ. Бүтцийн хувьд шинэчлэл хийх ажил их бий биз. Магадгүй АН-тай угшил нэг учраас энэ намтай нэгдсэн нь дээр гэж хэлэх улстөрч байдаг юм билээ?
-Манай нам гишүүнчлэлийн хойноос улайрахгүй. Үүнийгээ ч олон нийтэд зарласан нам. Нам бүтцээрээ томрох нь өөрсдөө бодлогоор хязгаарлаж байгаа гэж ойлгож болно. Харин бодлогоо томруулах ухаалаг нам байх шаардлага бий. Монголын төрд ухаалаг бодлого, намуудад ухаажсан улс төр хэзээ, хэзээнээс хэрэгтэй байна. Ардчилсан намын баримт бичгүүдэд эрх ашгийн дараалал “…ардчилал, хүний эрх, шударга ёс, тэгш байдал, тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл” гэж бий. Манай намынх “…тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, ардчилал, шударга ёс, хүний эрх” гэж байгаа. Хөл толгой хоёр нь одоогоор зөрүүтэй байгаа байз. Энэ нь намууд нэгдэх, нийлэхээс хавьгүй том зүйл шүү.
-Танай намын Г.Уянга гишүүн намынхаа татварын хуудсыг хараад “Ийм нам байдаг билүү” гэж жиргэсэн. Төд удалгүй намаасаа гарах тухай ч ярьсан гэх юм?
-”Краткость сестра таланта” гэж нэг үг оросуудад байдаг. Би Г.Уянга гишүүний жиргээг “Нам унтаад байна. Сэрээч, ажиллах хэрэгтэй байна” гэсэн сэрүүлэг гэж ойлгосон. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга болсон маань ч үүнтэй холбоотой.
-Бусад намтай хэрхэн холбоотой ажиллаж байна. УИХ дахь АН-ын бүлэг “УИХ-д суудалгүй намыг татан буулгах тухай” мэдэгдэл хийлээ. Үүнийг хэрхэн хүлээж авч байна?
-УИХ дахь АН, МАН хоёр тусдаа салангид хана, хаалга шиг л байна. Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл нугасны үүрэг гүйцэтгэж байна. Нугасаа зэврээлгүй улам л сайн тосолж байх хэрэгтэй байх. АН-ын бүлгийн даргын мэдэгдлийг нэг их гомдож, цочирдож хүлээж авсан намууд харагдах юм. Өвөл болохоор айлын хашаанд аваачаад хаячихдаг. Зун болонгуут энд тэндээс мөнгө гуйж шатахуун хийж аваад найр наадам хэсээд явдаг тийм нэг машин байдаг даа. Түүн шиг сонгууль болохоор захиалгаар бусдыг жаахан гөвшдөг, виз паспортхан хөөцөлдсөн намууд байх нь төрийн бодлогод хортой. Тэд эргээд мөнгөтэй гадна, дотны хүчинд үйлчилж мэднэ. Хаах механизм нь хэрэгтэй.
-Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамаар сонин сайхай юутай. Х.Баттулга сайд та хоёр үйлдвэржилтийн эрин үеийг эхлүүлэх шиг боллоо. Ямар, ямар бүтээн байгуулалтын ажил өрнөж байна вэ?
-“Үйлдвэржилтийн шинэ эрин үе” гэдэг санаачилга маш чухал байжээ гэдэг нь өнгөрсөн оны эдийн засгийн үзүүлэлтүүдээс тодоос тод харагдаж байна. Мөнгөтэй, мөнгөгүй нийтийг хамарсан хийх бүтээх, үйлдвэрлэх хөдөлгөөн өрнөлөө. Хүмүүс хэзээ өнөөдөр шиг юу хийх вэ, яах вэ, ямар төсөл хийх вэ, юу барьж авбал зөв бол гэж гүйлддэг байлаа. Саяхан Засгийн газар төсөл шалгаруулах зар өгөхөд 1000 гаруй төсөл очсон байна. Би 2012 оны намар ажлаа аваад манай яаманд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн, эсвэл дэмжүүлэхээр хувь хүмүүс, компаниудын ямар төслүүд байна гэдгийг судалсан юм. Тэгэхэд 14-хөн төсөл байсан. Одоо хэдэн зуу, мянгаараа ирж байна. Энэ бол хийж бүтээж баялаг бий болгодог, үе удмаараа эрхэлдэг, өвлүүлэн хөгжүүлдэг бүтээлч, үйлдвэрлэгч сэтгэлгээнд шилжиж байгаагийн нэг дохио. Харин төр яаж дэмжих, тэр дэмжлэг нь яаж нэг мөр хэрэгжих вэ гэдэг нь чухал асуудал. Бид ажилладаг механизмаа устгачихаад төрийн бодлогод хувийн хэдэн банк, эзэд нь өөрсдөө дүн тавьдаг буруу тогтолцоонд ээрэгдчихээд ажил урагшлахгүй байгаа юм. Үүнийгээ зах зээлийн механизм гээд ойлгоод хамгаалах хандлага хүчтэй байгаа нь бүр ч ноцтой. Одоо мөнгө хүүлэгчид, түрээслэгчдийг бүтээлч, үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагчид болгох нь юу, юунаас чухал байна. Энэ чиглэлд үйлдвэрлэл хариуцсан дэд сайд болоод МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар ч тэр анхаарч ажиллая гэж бодож байна.
-Дорноговийн Сайншандыг аж үйлдвэрийн парк болгох төслийн гол бүтээн байгуулалтын ажил энэ жилээс эхлэх байх аа?
-Сайншандын төсөл хугацаа их шаардсан төсөл. Олон хүчин зүйлээс хамаарна. Бид жаахан яараад хурдан үр дүн хүлээгээд байна. Ердийн мега төслийн хугацаан дээр манайд төсөл хэрэгжүүлэх механизм байгаагүй, туршлага, баг бүрдүүлж байгаагүй нь бүгдийг шинээр бүтээх зэргээр хугацааг уртасгаж байна. Ерөөсөө бид чинь 1994 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэр барьснаас хойш төрийн бодлогоор томоохон төсөл огт хийгээгүй. Тэгэхээр том төсөл, мега төсөл яаж хэрэгждэг, ямар хугацаанд, хэрхэн яаж хэрэгжүүлдэг талаар ойлголт тун маруухан байна.
-Дарханыг мөн л аж үйлдвэрийн хот болгоно гэж төлөвлөсөн байгаа билүү?
-Дархан-Сэлэнгийн районы төмрийн хүдрийн нөөцөд түшиглэн төмөрлөгийн цогцолбор байгуулах, Дарханд арьс ширний кластер үйлдвэр байгуулах гэсэн хоёр том төсөл яригдаж байна. Энэ жилдээ багтаан аль, алиныг нь эхлүүлэхээр ажиллаж байна.
-Монгол Улс одоогийн байдлаар төмрийн хүдрийн тэрбум орчим тоннын нөөцтэй гэж тогтоогдоод байгаа. Эрдэнэт, Оюутолгой, Цагаан суврагын орд газар гээд зэсийн асар их баялагтай. Энэ бүгдийг түүхийгээр нь гаргах биш бид эцсийн бүтээгдэхүүн болгохын тулд хэрхэн баяжуулах, ямар техник технологийг хэрэглэх гэдгээ шийдэх хэрэгтэй байна гэж та ярьж байсан. “Монгол зэс”, “Монгол төмөр” хөтөлбөрүүд ямар шатандаа явна вэ?
-Хөтөлбөрүүдийн төслийг боловсруулаад дууссан. Эдийн засгийн болоод Уул уурхай, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд нарын хамтарсан хурлаар үүнийг хэлэлцүүлээд Засгийн газарт оруулахаар бэлтгэж байна. Энэ төслүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэх бүрэн бололцоотой. Ер нь ийм томоохон төслүүдээ хэрэгжүүлж чадвал тэр аж үйлдвэрийн парк, кластер, жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих, экспорт нэмэгдүүлэх, импорт орлох, эдийн засгаа солонгоруулан тэлэх боломжтой. Хамгийн гол нь үйлдвэржилтийг дэмжих төрийн зорилтыг нэг мөр шийдчих бололцоотой юм. Төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэрүүд, 500000 тонн ган хайлуулах үйлдвэрүүдийг Дарханы бүсэд барихаас л эхэлнэ. Зэсийн хайлуулах үйлдвэрийн тухайд гэвэл хүхрийн хүчлийн дотоодын хэрэглээ, зах зээл хайлуулах үйлдвэрийн хүчин чадлыг тодорхойлно. Хүчин чадал нь технологио шууд тодорхойлж байгаа. Энд шийдвэр гаргагчдын байр суурь л хүлээгдэж байна. Баяжмалын зах зээлд ажиллаад дасчихсан хүмүүс үйлдвэр бариад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний гинжин хэлхээ бүр илүү ашигтай гэдгийг ойлгох байх гэж найдаж байна.
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Том төрөөс ухаалах төр рүү” уриалгыг танай яамныхан хэрхэн хүлээж авч байна. Энэ дагуух санал санаачлага өрнүүлэв үү?
-Ерөнхийлөгч маш чухал санаачилгыг дэвшүүлсэн. Харагдах байдлаараа бус ажиллах чадвараараа ухаалаг байхыг шаардаж байгаа. Монголчууд бид том түүхтэй, том сэтгэлгээтэй, том харилцаатай ард түмэн. Манайхан чинь Орос, Хятад, Япон, Америк, Европын Холбоо л гэж яриад байгаа биз дээ. Португал, Испани, Чад, Нигери гээд манайхаас том эдийн засагтай орнууд олон ч бид толгойн хэдтэй л илүү харилцах хувьтай ард түмэн. Тэгвэл тэр улсуудынх шиг төртэй байж гэмээнэ амжилтад нь хүрч ажиллана. Эдийн засаг ч тэлж байна. Тиймээс төр том байх, төрийн өмч бүхий томоохон компаниудыг бий болгох зэрэг чухал асуудлууд байна. Түүнээс биш төлөвшиж амжаагүй хэдхэн жижиг хувийн компаниудыг том үндэстний төрийн бодлогын дэмжлэгтэй компаниудтай тулгаж тавиад “Өрсөлд” гэдэг нь хэзээ залгиулахыг нь харж суугаатай адил юм. Ерөнхийлөгчийн санаачилсан “Шилэн данс”-ны механизм хэрэгжихэд төрийн болоод төрийн өмчит компаниудын унасан нэр хүнд богино хугацаанд сэргэх боломж харагдаж байгаа. Гэхдээ ямар ч тохиолдолд тогтвортой ажиллах, урт дунд хугацааны цэгцтэй бодлоготой, залгамж чанараа хадгалсан тасралтгүй байх учиртай. Ухаалаг төрийг урлан бүтээх асуудал өнөөдрийн энэ глобалчлагдаж, даяаршсан мэдээллийн энэ үед юу юунаас амин чухал байна.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: