Нийслэлийн хүн ам 2016 он гэхэд усны гачаалд орж эхэлнэ

Гүний цэнгэг усаар машинаа угаадаг орон Монголоос өөр байхгүй. Саудын Арабт нэг хүн хоногт дунджаар 150л,Германд 100-110 л ус хэрэглэж байхад Улаанбаатарт орон сууцны нэг оршин суугч хоногт 200 гаруй л ус хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Харин гэр хорооллын оршин суугчид устай л байвал баярлалаа гэдэг дундад зууны үеийн хэрэглээтэй хэвээр байгаа юм.

 

Монгол Улс усны нөөц багатай, усны хэрэглээний талаар доголдолтой орон. Усыг чандмань эрдэнэ гэдэг атлаа “Хар ус, хар усыг харамладаггүй” гэсэн буруу ойлголт, сэтгэхүйтэй явж ирсэн. Гэвч нийгэм өөрчлөгдөж, нийслэл хот 1,3 сая гаруй хүн амтай болж, төдий тооны хүн ганцхан цэгт төвлөрч нягтарч суудаг болсон. Ийм нөхцөлд усан хангамж хамгийн чухал асуудал болоод буй.

 

 

Улаанбаатар хоттын усны нөөцийг 1955-1961 онд ЗХУ-ын мэргэжилтнүүд тогтоож байсан бол 1980-1983 онд ус хангамжийн шинэ эх үүсвэрийн нөөц тогтоох судалгааны ажил хийж байжээ. Мөн 1981-1986 онд усны хайгуул, судалгааны ажил хийсэн байна. Түүнчлэн ЖАЙКА-гийн тусламжтайгаар 1990-ээд оны эхээр мөн судалгаа хийжээ. Эдгээр ажлыг тухайн үед маш чанартай, чамбай хийсэн боловч сүүлийн жилүүдэд судалгаагүй явж иржээ.

 

Тэгвэл яг энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өчигдөр “Улаанбаатар хотын усны хангамж, өнөө ба ирээдүй” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл хамтран зохион байгууллаа.

 

Хэлэлцүүлгийг нээж Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр үг хэллээ.

 

Тэрээр “Усан хангамж, ариутгах татуургын салбарт шийдвэл зохих тулгамдсан асуудал маш олон бий. Одоо бодитойгоор тулгараад байгаа бэрхшээлүүдээс дурдвал нийтийн аж ахуйн салбар дахь усны үнэ тарифийн асуудал хурцаар тавигдаж байна. Хэрэглэгчдийн зүгээс усны үнийг нэмэхэд таатай хандахгүй. Уг ажлыг эрхлэн явуулж буй байгууллагуудын хувьд усны үнэ тариф багаас болж цалин тааруу байдгаас ажиллах ажилтан олдохгүйд хүрэх гэж байна. Хөдөө орон нутгийн нийтийн аж ахуйн салбарт ажиллаж байгаа ажилтны сарын цалингийн дундаж 330-370 мянган төгрөг, Улаанбаатарт 400-450 мянган төгрөг байгаа нь ажиллах хүчний хомсдолд оруулжээ. Усны үнэ гаргаж байгаа зардлынхаа 70 хувийг л төлж байгаа гэсэн судалгаа бий. Усны эрүүл ахуйн шаардлага тааруу, зэвтэй усаар үйлчлүүлдэг тухай гомдол иргэдээс их ирдэг. Улсын хэмжээнд бохирын 125 байгууламж ажилладгаас 43 нь ямар ч ашиглалтгүй байгаа нь байгаль орчинд хор хохирол учруулахад нөлөөлж байна” гэв.

 

Үүний дараа Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал Газрын гүний ус дахин сэргээгдэхгүй баялагт ордог болсон талаар хэлээд Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн нэгдүгээр сард Давосын Дэлхийн эдийн засгийн форумын усны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцож илтгэл тавьсныг онцоллоо. Ерөнхийлөгч илтгэлдээ усны менежмент, хотын усан хангамж, хөдөө аж ахуйн усжуулалт, уул уурхайн хэрэглээний ус гэсэн дөрвөн асуудалд анхаарлаа хандуулсныг дурдаж энэ дотроос өнөөдөр хотын усан хангамжийн талаар хэлэлцэхээр цугласныг танилцуулсан юм.

 

Сүүлийн үед гэр хорооллыг дахин төлөвлөхтэй холбоотойгоор нийслэлд усны хэрэглээ асар их нэмэгдэх төлөвтэй болсон байна. Улаанбаатар орчимд тогтоогдсон усны нөөцөөс олборлолт давахаар төлөв үүсчээ. Гэтэл нийслэлийн орон сууцны хэрэглэгчид усыг хэт тансаг байдлаар хэрэглэж байгааг хэлэлцүүлэгт оролцсон мэргэжилтнүүд дурдаж байв. Мөн нийслэл орчимд газрын дорх усны түвшин буурч, Туул голын урсац хавартаа тасарч, ерөнхийдөө 2016 он гэхэд Улаанбаатар усны хомсдолд орж мэдэхээр болжээ.

 

Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ч.Эрдэнэчимэг хэлсэн үгэндээ усны үнэ тарифийн сэдвийг хөндөв. Тэрбээр “Усны үнэ тарифийг сүүлийн 4-7 жилд огт өөрчлөөгүй. Усны салбарт усны үнийг нэмэх зайлшгүй шаардлага байгаа ч иргэдийн зүгээс үүний эсрэг байр суурьтай байдаг. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт удаа дараа хүсэлт явуулсан ч одоо болтол шийдэлд хүрээгүй байна” гэв.

 

Нийслэлд ахуйн хэрэглээний ус үйлчилгээний үнээсээ хямд байдгаас ус хангамжийн салбар ихээхэн алдагдалтай болжээ. Ус сувгийн салбарын алдагдал 2012 онд 11,1 тэрбум төгрөг байсан бол 2013 оны гуравдугаар улирлын байдлаар 24,9 тэрбум төгрөгт хүрчээ. Салбарын хуримтлагдсан алдагдал 63 тэрбум төгрөг байсан бол 2013 оны гуравдугаар улирлын байдлаар 101,1 тэрбум төгрөг болж өссөн байна. Тус салбарт 1990 оноос хойш Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, бусад санхүүгийн байгууллага, хандивлагч орноос зээлсэн зээлийн өр 150 гаруй тэрбум төгрөг болжээ. Алдагдал болоод зээл нийлээд Ус сувгийн салбарт 250 гаруй тэрбум төгрөгийн өр үүсээд байгаа аж.

 

Усны үнийг хөдөлгөлгүй хэт барьсан, усны нэгдсэн менежмент, салбарын бүтэц, зохион байгуулалт тааруу, технологи хоцрогдсон, хэрэглэгчдийн соёл муу зэрэг олон сөрөг хүчин зүйл байгааг хэлэлцүүлэгт оролцогчид дурдаж усны салбарт шинэчлэлт, өөрчлөлт нэн даруй хийх хэрэгтэй болсныг тэмдэглэв.

 

С.Санчир

Eagle.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих