Архангайн засаг ноён 11 сургуулийн захирлыг хоолноос нь салгажээ

Архангай аймагт Ерөнхий боловсролын нийт 29 сургууль үйл ажиллагаа явуулдаг байна. Тэдний 11-ийнх нь захирал тус аймгийн Засаг даргын шийдвэрээр халагджээ.
Тодруулбал, өнгөрөгч 2013 оны нэгдүгээр сараас эхлэн сургуулиудын захирлыг халж эхэлсэн ба энэхүү үйлдэл үргэлжлэн 11 сургуулийн захирлыг халаад зогсохгүй, одоо аймгийн төвийн гурван сургуулийн захирлуудад ажлаа чөлөөлж өгөх шийдвэр очоод байгаа аж.
Энэ тухай мэдээллийг ажлаас халагдсан захирлуудын төлөөлөл болон тус аймгийн ЕБС-ийн захирлуудын холбооны тэргүүлэгч Ч.Цэцэгээ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Түүнээс зарим зүйлийн талаар тодрууллаа.
-Сургуулийн захирлуудыг ямар үндэслэл, шалтгаанаар ажлаас нь халж байгаа юм бол?
-Дөрвөн захирлыг нь Засаг дарга өөрөө хүсэлтээрээ ажлаа өг гэсэн учраас ажлаа өгсөн. Гэхдээ ажлаа өгсөн захирлуудынхаа ажлыг дараагийн удирдах албан тушаалтанд түр хүлээлгэж өгч байгаа гэж “Архангай амьдрал” сониноор мэдээлэл хийсэн боловч тийм биш байна Жишээлбэл Хашаат сумын ЕБС-ийн захирлыг 2013 оны нэгдүгээр сарын 21-нд жирэмсний амралтаа авчихаад байхад ажлаас халах захирамжийг нь хүргүүлээд  түүний оронд Хашаат сумын ИТХ-д Ардчилсан намаас сонгогдсон Дуу хөгжмийн багш эмэгтэйг томилсон байгаа юм. Мөн Хотонт суманд энэ жишээ давтагдаж байгаа. Захирлын түр орлон гүйцэтгэгчээр нэг багшийг томилсон. Тэгээд сонгон шалгаруулалт хийхээр тэр багшийг ганцааранг нь оруулаад л жинхэнэ захирлын албан тушаалд томилчихно. 11-ээс зөвхөн хоёр сургуулийн сургалтын менежерийг л түр орлон гүйцэтгэгчээр тавьсан. Бид үнэнийг хэлэхэд улстөрийн үйл ажиллагаа л гэж үзэж байна.
-Улс төрийн үйл ажиллагаа гээд байгаагаа тодруулбал?
-Уг нь сургуулийн захирлууд чинь Төрийн албан хаагчид болохоор бүгд намын гишүүнчлэлээс татгалзсан хүмүүс. Халагдсан 11 захирал ч мөн тийм л байсан. Гэтэл тэднийг өнөөдөр намын харьяалалд оруулж өөрчилж байна. Жишээг нь дээр хэллээ. ИТХ-д АН-аас суудаг хүнийг нэг захирлын оронд томилсон гэж. Манай аймгийн Засаг дарга АН-аас сонгогдсон Д.Бат-Эрдэнэ гэдэг хүн байгаа.
-Нэг жилийн өмнө энэ асуудал эхэлсэн юм байна. Та нар яагаад тэр үед нь дуугүй байгаад байсан юм бэ?
-Бид шүүхийн байгууллага болон Засаг даргад хандаж байсан. Тухайлбал Цэцэрлэг сумын сургуулийн захирлыг ажлаа хийх боломжтой гэж шүүхийн байгууллагын шийдвэр гарчихаад байхад одоог хүртэл ажлаа хийх боломжийг нь олгохгүй байна. Тэгээд дахин гурван захирлыг халах захирамж гарчихсан болохоор бид хэвлэл мэдээллээр дамжуулан Архангай аймгийн боловсролын салбарыг улстөржүүлээд байгаа энэ үйл ажиллагааг зогсоож өгөхийг холбогдох албаны хүмүүсээс хүсч, тэдэнд хандахаар ирлээ.  Үнэндээ энэ үйлдлийн ард сурагчид хохирч байна. Хэрэв энэ болоод буй үйл явдлыг очиж шалгах, нягтлах газар байдаг бол очиж, шалгахыг хүсч байна. Мөн Ерөнхий сайд болон БШУ-ны сайдад дуу хоолойгоо хүргэнэ. Тэгээд ч бидний ярьж буй асуудал баримттай болохоор цааш үргэлжлүүлнэ.
-Аймгийн Засаг даргатайгаа уулзсан гэж байна. Юу гэсэн хариулт өгдөг юм бол?
-Халагдаж байгаа захирлууд орж уулзаагүй л дээ. Халагдах мэдэгдэл авсан эсвэл халах захирамжийг гаргах гэж буй хүмүүс орсон. Хүмүүст “улстөр ийм байна ажлаа өг” л гэж хэлдэг. Өгөхгүй гэснийг нь шууд халдаг.

URL:

Сэтгэгдэл бичих