Л.Цэнд: Олимпийн стадионд төрийнхөө тугийг өргөн, орж ирсэн тэр мөч үнэхээр сайхан

527-1392369489цэндӨвлийн олимпийн XXII их наадам OXУ -ын Сочи хотноо эхлээд удаагүй байна. OXУ өвлийн олимпийн бэлтгэл ажилд 51 тэрбум ам.доллар зарцуулж, дэлхийн хүчтнүүдийг хүлээн авлаа. Өнөөдрийн зочноор өвлийн олимпод эх орноо төлөөлж гурван удаа оролцсон Монгол Улсын тэшүүрийн спортын ууган Гавьяат тамирчин ,спортын мастер Булган аймгийн Сайхан сумын харъяат Л.Цэндийг урьсан юм. Тэрээр, 70 насны босго аль хэдийнэ алхсан ч өнөөг хүртэл шигшээ багийнхаа зөвлөх дасгалжуулагчаар ажилласаар байна.

-Монгол Улс хэдэн оноос өвлийн олимпод оролцож эхэлсэн талаар ярилцлагаа эхлүүлэх үү?

-Монгол Улс анх 1964 онд өвөл, зуны олимпод оролцож эхэлсэн. Тэр үед өвлийн олимпийг “цагаан”, зуны олимпийг “ногоон” гэж нэрлэдэг байлаа. Өвлийн олимпийг анх дэлхий даяар 1924 онд Францын Шамони хотод зохион байгуулсан байдаг. 1960 -аад оноос Монгол Улсын нэр хүнд олон улсад өсөж, тив, дэлхийд зохиогддог спортын уралдаан, тэмцээнүүдэд тамирчдаа оролцуулж байх төр засгийн бодлого сэргэж ирсэн юм. 1961 онд Монгол Улс өвөл, зуны олимпод оролцох тогтоол гарч, олимпод оролцох тамирчдаа сонгох, улсын шигшээ багаа залуу тамирчдаар сэлбэх ажлыг эрчимжүүлж эхэлсэн гэдэг.

-Та тэшүүрийн спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?

-Тэр үед би УБДС -ийн биеийн тамирын ангийн II курст суралцдаг, хичээлийн бус цагаар тэшүүрийн бэлтгэл сургуулилтаа хийдэг, Булган аймагтаа тэргүүн байранд шалгарсан энгийн нэгэн оюутан байлаа. Намайг ОХУ-ын мэргэжилтэн багш Данилов их дэмжиж бэлтгэл сургуулилт хийж байгааг ажиглаж, зөвлөгөө өгнө. Үндсэндээ Данилов багш маань намайг Бүх ард түмний анхдугаар спартикиадад бэлтгэж байлаа. Тэрээр, надад “Чи холын зайд сайн уралдаж байна. Түрүүлэх найдвартай” гэж урамшуулна. Спартикиад болохоос нэг сарын өмнө ЗХУ -аас мэргэжилтэн П.И.Павлов ирсэн юм. П.И.Павлов Монголын тэшүүрчдийг Дэлхийн аварга, Олимпийн их наадамд бэлтгэн оролцуулах зорилготой уригдан ирсэн юм билээ. Монголын бүх ард түмний спартикиад 1961 оны хоёрдугаар сард цана, тэшүүрийн төрлөөр эхэлсэн. Хот, хөдөөгөөс 200-аад тамирчин ирсэн байв. Тэдний дотор манай тэшүүрийн спортын алдартай “томчууд” Ж.Гүржав, Д.Намсрай, П.Галсан, Д.Сүхээ, Ц.Лхамжав, М.Наранцэцэг, Сонинбаяр, Дулмаа нар ирсэн харагдав. ёстой сүрдмээр.

-Спартикиадад хэдэн метрийн зайд уралдаж, ямар амжилт үзүүлсэн бэ?

-Би 5000, 10.000 метрийн зайд оролцсон. 5000 метрийн зайн уралдаан шөнийн 01.00 цагт эхэлсэн юм. Намайг гараанд гарахаас өмнө “Алдар” нийгэмлэгийн тамирчин Д.Сүхээ 5000 метрийн зайд есөн минут 15.2 секундын амжилт үзүүлж, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байлаа. Миний гарах ээлж ч болов. Хөвсгөл аймгийн тамирчин Б.Жалбаатай гараа таарсан. Оюутны байрнаас шөнө тэмцээнд ирэхдээ “намайг хар” гээд байрныхаа бараг бүх оюутныг дагуулж ирсэн. Мөн манай сургуулийн Намын хороо, Үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөл, багш нар ирсэн юм. Гараа эхлээд төдий л удаагүй байхад хөгжөөн дэмжигчид маань хашгиралдаж, багш Данилов хуруугаа гозойлгон “молодец”, “хорошо” гэж орилж байлаа. Барианд ороход радио узелиэр “УБДС -ийн оюутан Л.Цэнд есөн минут 10.1 секунд хурдалж, БНМАУ -ын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо” гэж зарлав. Ингээд 5000 метрийн зайд УБДС -ийн оюутан Л.Цэнд миний бие I байр, “Алдар” нийгэмлэгийн тамирчин Д.Сүхээ II байр, “Хөдөлмөр” нийгэмлэгийн тамирчин Ж.Гүржав III байр эзэлсэн юм. Маргааш нь болох 10.000 метрийн зайн уралдаан намайг нэлээд түгшээж байлаа. Өрсөлдөгч тамирчид маань бэлтгэлээ Эрхүү хотод хийгээд ирсэн. Данилов багш “Чи түрүүлнэ, рекорд эвдэнэ, багш нь тооцоог сайн хийнэ. Харин чи багшийнхаа хэлснээр яваарай” гэж захилаа. 10.000 метрийн уралдааны гараанд алдарт тэшүүрчин Д.Сүхээтэй таарчээ. Гараа эхлээд 13 тойроход Сүхээгээ 200 метр орхисон юм. 10.000 метрийн зай нь цэнгэлдэх хүрээлэнг 25 тойрно гэсэн үг. Таван тойрог дутуу үлдэхэд Сүхээгээ гүйцэд түрүүлж, барианд 19 минут 04 секундын хурдалж мөн улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, спортын мастерын болзол ханган хоёр дахь алтан медалиа хүртсэн. Аваргыг давж, аварга болдог гэдэг шиг миний хувьд ёстой од нь гялалзсан тэмцээн болсон юм даа.

-Та улсын шигшээ багийн тамирчин болсон тухайгаа яриач?

-Бүх ард түмний спартикиадад амжилттай оролцсон тул улсын шигшээ багт тамирчнаар авах санал ирснийг би баяртайгаар хүлээж авсан. УБДС-иасаа гурван жилийн чөлөө авч шигшээ багийн тамирчин боллоо. Сургуулийн захиргаа, оюутнууд “Чи шигшээ багт орсноор Дэлхийн аварга, олон улсын тэмцээн, Олимпийн наадамд оролцох эрх чинь нээгдэж байна хичээгээрэй гэж ерөөж байсан нь биелэлээ олсон юм. 1961 оны оны 11 дүгээр сарын 01 -нд улсын шигшээ багт ороход Ж.Гүржав, П.Галсан, Д.Сүхээ, Ц.Ламжав, М.Наранцэцэг, Ж.Сонинбаяр, дасгалжуулагч Д.Намсрай мэргэжилтэн П.И.Павлов нар байлаа. Тэр үед надтай хамт шигшээ багт У.Очирбат, Л.Дамдин, Б.Жалбаа, Н.Цогзолмаа, О.Шаравсэнгэ, Б.Сүрэнжав, Л.Зундуй, Д.Чагнаа, Баярмагнай нар орж байлаа.

-Тухайн үед тамирчид л гадны орнуудаар хамгийн их явж үзсэн байдаг?

-Би шигшээ багт багш, багийн ахлагчаар 12 жил ажилласан. Улсын шигшээ багт байсны буянаар ЗХУ -ын Москва, Киров, Свердловск, Эрхүү, Улаан-Үүд, Казахстаны Алма-Ата, Польшийн Варшав, Запоконе, Германы Берлин, Карлмарксштат, Инцель, Франкфурт-Май, Мюнхен, Австрийн Венн, Инсбруг, Италийн Де Модоно, Норвегийн Осло, Ёвиг, Францын Парис, Герноволь, Альбертвил, Японы Токио, Хакуне, Кариузова, Саппоро, БНАСАУ -ын Пхенянь, Самуужнь, БНСУ -ын Сөүл, БНХАУ-ын Бээжин, Шанхай, Харбин, Чаньчунь зэрэг улс, хотуудаар явлаа. Энэ нь ард түмний минь буян, эх орны минь хишиг гэж бодож баярлаж явдаг шүү.

-Та гаргасан амжилтаа тооны хэлбэрээр тайлбарлавал сонин байх?

-За тэгье. Too бол товчхон, тодорхой байдаг. Би олимпийн их наадамд гурван удаа оролцсон. Тодруулбал, 1964, 1968, 1972 онд. Мөн дэлхийн аваргад гурван удаа оролцсон. Олон улсын шигшээ тэмцээнд 10 гаруй удаа оржээ.

-Үзүүлсэн амжилтаасаа дурьдвал?

-Ази тивийн рекорд амжилтыг 10.000 метрийн зайд хоёр удаа, Монгол Улсын рекорд амжилтыг 43 удаа шинэчлэн тогтоосон. Олон улсын тэмцээнээс гурван алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл медаль буюу нийт 10 медаль хүртсэн. Монгол Улсын аварга, Спартикиадын тэмцээнээс 50 гаруй медаль хүртсэн байх юм.

- Дэлхийн аваргын тэмцээнд оролцож байсан тухайгаа уншигчдад сонирхуулаач?

-1964 онд Австри улсын Инсбургт болсон өвлийн олимпийн IX их наадмын өмнөх жил ДАШТ -д орох бэлтгэл хийхээр Казахстаны Медеогийн мөсөн гулгуурын талбайд ЗХУ-ын шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийсэн юм. Бэлтгэлд  Дашням, Гүржав, Зундуй-Ёндон, Лхамжав, Наранцэцэг, Сонинбаяр, Очирбат, дасгалжуулагч багш Намсрай, мэргэжилтэн Павлов нар байлаа. Оросын шигшээ багийн дасгалжуулагч нь дэлхийн гурван удаагийн аварга Олег Гончаронко, Борис Цыбек нар бэлтгэлд байсан. Орос ах нараасаа их зүйлийг сурсан даа. Энэ үед 500 метрийн зайд 39.6 секунд хурдалж дэлхийн хамгийн хурдан хүнээр тодроод байсан Е.Гришин гуайтай танилцсан юм. Тэр алдартай аваргаар тэшүүрээ ирлүүлж үзсэн азтай хүн шүү, би.

-Олон улсын тэмцээний үеэр Оросын тамирчин таны хор шарыг малтсан тохиолдол гарсан гэсэн?

-1963 оны нэгдүгээр сард болсон олон улсын тэмцээний үеэр болсон явдал. Энэ тэмцээнд долоон орны тамирчид хоёр өдөр өрсөлдсөн. Тэмцээний эхний өдөр би 5000 метрийн зайд найман минут 17.5 секундын амжилт үзүүлж III байр эзлээд их л баяртай байлаа. Хоёр дахь өдөр 1500 метрийн зайд уралдаж дуусаад байтал 10.000 метрийн тамирчид гараанаас гарсан юм. Урьд өдөр нь 5000 метрийн зайд I байр эзэлсэн Оросын олон улсын хэмжээний мастер Павлов над руу ирээд “Чи бид хоёр гараа таарчээ. Чи энэ зайд хэд явдаг вэ?” гэж байна. Би 17 минут гэлээ. Өө тийм бол би чамайг бүтэн тойргоор гүйцэх юм байна гээд их л ёжлож байна. Гэнэт хор шар хөдөлсөн. Гришин аваргаар тэшүүрээ ирлүүлсэн юм чинь тэр муу онгироо Оростой үзэлцэнэ дээ” гэж бодоод гараанаас гарч нөгөө Оросыг ардаа орхин 16 минут 25.4 секундын амжилтаар I байр эзэлж Ази тивийн рекордыг шинэчлэн тогтоосон. Павловын хорон үг намайг хурцалсан байх гэж боддог. Тэр тэмцээнд манай Лхамжав, Дашням нар өөрийн улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.

-Олимпод оролцсон тухайгаа сонирхуулаач?

-1964 оны Австрийн Инсбург, 1968 оны Францын Герноволь, 1972 оны Японы Саппорогийн олимпод тамирчнаар, 1992 оны Францын Албертвиллийн олимпод дасгалжуулагчаар оролцсон доо.

-Өвлийн олимпод оролцсон Монгол Улсын анхны баг тамирчдын талаар дурсахгүй юу?

-За тэгье. 1964 онд Австри улсын Инсбург хотноо IX “цагаан” олимп болсон юм. Энэ олимпод оролцох баг тамирчдыг хоёр хэсэгт хуваасан. Тэшүүрчдийг Казакстанд, цаначдыг Польшид бэлтгэлд гаргасан. Тамирчдыг Намын төв хорооны Б.Боёо, БТСЭТ -ийн зөвлөлийн орлогч дарга Г.Цэрэндорж нар ахалж, орчуулагчаар Л.Боль ажилласан. Тэшүүрийн дасгалжуулагчаар Д.Намсрай, тамирчдаар Ц.Лхамжав, Ж.Гүржав, Л.Дашням, Б.Жалбаа нар явсан. Цанын дасгалжуулагчаар П.Рэнцэндорж, тамирчнаар Д.Дамдинжав, Б.Дашгай, Ц.Данзан, Х.Баадай, Б.Зундуй, Л.Дашдэмбэрэл, С.Нацагдорж, Ж.Жавзандулам, Д.Пүрэвлоов нар оролцсон юм. Инсбургт олимпод зориулан шинээр байшин, орон сууц барьж, тамирчдад шаардлагатай иж бүрэн үйлчилгээг цогцлоосон байлаа. IX олимпод 35 орны 1000 орчим тамирчин оролцсон байдаг юм.

-Тамирчин хүний хувьд сэтгэлд тань үлдсэн хамгийн сайхан дурсамж юу вэ?

-Монголын тамирчид олимпийн тосгонд тугаа байрлуулахад манай төрийн далбааг дөрвөн хүн алган дээрээ барин хөгжмийн аянд алхан ирж, хүндэтгэлтэйгээр дээш өргөхөд манай төрийн дуулал эгшиглээд мөн ч сайхан байж билээ. Миний амьдралд тохиолдсон мартагдашгүй үйл явдал бол орчуулагч Л.Болийн хамт олимпийн стадионд төрийнхөө тугийг өргөн, баг тамирчдаа манлайлан орж ирсэн тэр мөч үнэхээр сайхан дурсамж үлдээсэн. Олимп дэлхийн бүх улс, үндэстнийг социалист, капиталист, хар, цагаан гэж ялгалгүй эвлэлдэн нэгдэх, харилцан ойлголцох, дэлхий нийтийг хамарсан хамгийн сайхан баяр.

-Инсбургийн олимпод та ямар амжилт үзүүлэв?

-Энэ олимпод би 20 -д орсон санагдана. Харин ЗХУ -ын тэшүүрчин Л.Скобликова дөрвөн зайд алтан медаль хүртэж олныг гайхшруулсан явдал болсон. Казахстаны олон улсын тэмцээнд 10.000 метрт 16 минут 25.07 секундын амжилт үзүүлж түрүүлсэн миний амжилтыг Германы тамирчин давтаж зургадугаар байр эзэлж байлаа.

-Та олон жил багш дасгалжуулагчаар ажиллалаа. Өөрийнхөө багш нарын талаар хуучлаач?

-Миний багш нар гэвэл Нямдорж, Намсрай, Гүржав, Даржаа, Дашдаваа гээд олон хүнийг нэрлэнэ. Би энэ олон сайхан багш нарынхаа хүчинд тэшүүрчин болсондоо баярлаж явдаг хүн. Хүн ер нь багшийнхаа ачийг хэзээ ч мартаж болохгүй.

-Таныг төмөр замд их элэгтэй хүн гэж сонссон…?

-Тиймээ, тэр үнэн. 1967 онд шигшээ багт байхдаа УБТЗ -ын “Замчин” нийгэмлэгийн нэр дээр тэмцээнд ордог байсан юм. Тухайн үед даргаар нь Нямсүрэн, Аравсал нар ажиллаж байсан. Би ажлынхаа чөлөө заваар “Замчин” нийгэмлэгийн хүүхдүүдэд дасгалжуулагч ажилладаг байлаа. Тэр үед манай секцэнд сайн тамирчин болох ирээдүйтэй хүүхдүүд олон байсан. Эрдэнэчимэг, Жавхлант, Даваасүрэн, Норжоо гээд л… “Замчин” нийгэмлэгийн хүүхдүүд улсын аварга шалгаруулах болон бусад тэмцээнд дээгүүр байр эзэлдэг байсан нь намайг 1970 онд Монгол Улсын Гавьяат тамирчин болоход нөлөөлсөн гэж боддог. Гавьяат болсны дараа Ц.Лхамжав, Л.Дашням нар маань Гавьяат тамирчин болж намайг “тэшүүрийн спортын булган сүүлт” гэж нэрлэсэн гэдэг.

-Та хүсэл мөрөөдлөө манай уншигчидтай хуваалцаач?

-Олон газраар явж, юм үзэж нүд тайлаагүй залуу байхдаа үзсэн Казахстаны Ала-Тау уулын хормойд байрладаг Медеогийн мөсөн гулгуурын талбай шиг битүү дээвэртэй, орчин үеийн хөргөлтийн системтэй талбайтай болох юмсан гэж мөрөөддөг байсан. Харин одоо бид мөсөн гулгуурын талбай барих газартай, мөрөөдөл биелэх боломж ч бий болсон. Одоо талбайгаа барьж байгуулах ажлыг тал талаасаа дэмжин хийх л үлдээд байна.

- Таны бахархал?

-Би Булган нутгаараа бахархдаг. Булганыхан эх орондоо бүхний анхдагч нь байдаг. Анхны Хөдөлмөрийн баатар, анхны сансрын нисгэгч, анхны олимпийн аварга гэх мэтээр яваад өгнө дөө. Ард түмэн бүгд мэдэх учраас илүүг нуршаад яахав.

Р.Цэрэнжав

Эх сурвалж: “Ганзам” сонин


URL:

Сэтгэгдэл бичих