Нийслэлээс “Дүнжингарав” уралдааныг хойшлуулах санал гаргалаа

p18gn79smv1qq01vam17ob3ijgrp2Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 02 сарын 13-ны ээлжит хуралдаанаар “Малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын хурлаас гарсан шийдвэрийн тухай” танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ.
Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа.

2014 оны 1-р сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Хэнтий, Дорноговь 3 аймгийн 9 сумдын нийт 622 мал шүлхий өвчний ил шинж тэмдэгтэйгээр өвчилж нийт 522 үхрийг зориудаар утсгаж, дээрх сумдын 181 өрхийн 257 937 малд үзлэг тандалт хийж, нийт 309 248 толгой малыг вакцинжуулжээ.

Шүлхий өвчнийг нийслэлийн нутаг дэвсгэрт зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахаар Нийслэлийн Онцгой комисс яаралтай хуралдаж, комиссын дарга Э.Бат-Үүл “Мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/01 дүгээр тушаал гаргасан.

Тушаалын дагуу нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Улаанбаатар хот руу орох автотээврийн шалган бүртгэх товчоодын хяналтыг чангаруулж, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид товчоод дээр 24 цагаар байрлан, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Мөн мал, түүний гаралтай түүхий эд борлуулдаг хүнс, түүхий эдийн захуудад тавих хяналт шалгалтыг эрчимжүүлж, нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал бүхий өрхийн малд мал эмнэлгийн үзлэг тандалт явуулах , мал, түүний гаралтай түүхий эд борлуулдаг хүнс, түүхий эдийн захуудад ариутгал халдваргүйжүүлэлт хийх, лабораторийн шинжилгээ хийж хяналт тавьж ажиллаж байгаа юм.

Хэдийгээр шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг шуурхай авч хэрэгжүүлж байгаа ч өвчний тархалт хурдацтай нэмэгдэж байгаа тул ажлын хэсгээс нэмэлт зохицуулалт хийхээр болсон байна.
Өнөөдрийн байдлаар ажиллаж байгаа хяналт шалгалтын 7 постын Багануур хяналт, ариутгал, Налайх Городок хяналт, ариутгал, халдваргүйжүүлэлт, Налайх 4-р зөрлөг, Хан-Уул Яармагийн 4 товчоог 24 цагаар хүч нэмэн ажиллуулахаар төлөвлөсөн байна.

Сүүлийн өдрүүдэд хурдан морины Дүнжингарав уралдаанд оролцох зорилготой мал ачсан автомашины хөдөлгөөн Улаанбаатар хот руу чиглэсэн мэдээлэл байгаа тул Монгол Улсын Засгийн газрын 01 сарын 28-ны өдрийн 28 дугаар тогтоолын дагуу 2 сарын 23-нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсон Дүнжингарав уралдааныг хойшлуулах саналтай байгаагаа ажлын хэсгийн дарга Т.Бат-Эрдэнэ мэдээллээ. Мөн “Ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисын нөөцийг бүрдүүлэх, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг захиалах шаардлагатай байгаа” гэлээ.

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг Монгол улсад үйлдвэрлэдэггүй бөгөөд улсын хэмжээнд нөөцөлсөн вакциныг голомтот нутаг дэвсгэрийн малд хийж дууссан тул нийслэлийн малд хийх вакциныг Улсын захиалгад оруулжээ.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд ажлын хэсгээс гаргасан дээрх нэмэлт зохицуулалтыг яаралтай хэрэгжүүлж,  хүч нэмэгдүүлсэн 4 постод 24 цагаар ажиллах ажилтнуудын байр, хоол, унааны зардлыг шийдвэрлэн, “Дүнжингарав” уралдааныг хойшлуулах саналыг зохих журмын дагуу гаргаж танилцуулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Мөн цаашид болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж нийслэл вакцины нөөцтэй байх шаардлагатайг нийслэлийн Засаг дарга холбогдох албаныханд анхаарууллаа


URL:

Сэтгэгдэл бичих