Албан тушаалаар нь барьцаалан агаарын бохирдлын эсрэг тэмцэж байна

a19647d28fd137d9originalАлбан тушаалаар нь барьцаалан агаарын бохирдлын эсрэг тэмцэж байна

Амьдран байгаа хотынхоо агаарын бохирдлыг бууруулж чадаагүй Засаг дарга нарыг хатуу шийтгэн, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх болсноо Өвөрмонголын Засгийн газраас мэдэгдлээ.

БНХАУ-ын төрөөс хотуудын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор авч байгаа цуврал арга хэмжээний нэг нь энэ юм. Агаарын болон хүрээлэн буй орчны бохирдлыг тогтоосон түвшинд барьж чадаагүй удирдах албан тушаалтнууд ажилгүй болоод зогсохгүй ял эдлэх хуулийн зохицуулалт хийснээр Хятадын хотуудад агаарын бохирдлын эсрэг компанит ажлууд өрнөж эхлээд байна. Эрдэмтэн судлаачдаас эхлээд жирийн иргэд хүртэл хотынхоо агаарын бохирдлыг бууруулах талаар санал санаачилгууд гаргаж туршилт судалгааны ажлуудаа танилцуулж эхэлжээ.

Өвөрмонголын Хорчны тал нутагт цагаан сүлдийг заллаа

Монгол үндэсний цагаан сүлдийг Өвөрмонголын Түнляо хотын Хорчин Зүүнгарын дунд хошууны төв талбайд заллаа.

Зургаан метр өндөр уг сүлдийг Хорчин нутгийн залуу уран барималч Бө Же хүрэл, цагаан хас, боржин чулуу зэрэг материалаар урлажээ. Талбайн хоёр талд дөрөв дөрвөөр босгосон найман цагаан сүлдийг тэрээр 2010 оноос хийж эхэлсэн байна. Хорчин Зүүнгарын дунд хошуу нь Монгол үндэстний соёлын өвийг хадгалж хамгаалдгаараа Өвөрмонголдоо ихээхэн алдартай билээ.

“Шинэ тахал”-ын эсрэг вакцин гаргажээ

Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн “шинэ цагийн тахал” хэмээн нэрлээд байгаа H7N9 хэлбэрийн шувууны ханиадны эсрэг вакцин гарсныг зарлалаа.

Өнгөрсөн онд Хятадын өмнөд нутагт 300 орчим хүн амь насыг авч одсон энэ өвчнөөр он гарснаас хойш 20 орчим хүн өвчлөөд байсан юм. Гэтэл өнөөдөр Эрүүл мэнд, төлөвлөгөөт төрөлтийн Үндэсний хорооны хэвлэлийн төлөөлөгч Яо Хун Вэнь  H7N9 вирусын эсрэг вакцин үйлдвэрлэх эдийг амжилттай судлан гаргаж, судалгааны ололт амжилтыг баталгаажуулан, халдварын тархалтын байдалд зохицуулан зах зээлд гаргахыг зөвшөөрлөө хэмээн мэдэгдлээ.

Камиказэг ЮНЕСКО-д бүртгүүлэхийг эрс буруушаав

Япон “Камиказэ”-г дэлхийн өвд бүртгүүлэхээр оролдож буй нь дэлхийн фашизмын эсрэг дайны үр дүн, дайны дараах олон улсын дэглэмд халдаж байгаа хэрэг мөн. Энэхүү ажиллагааг олон улсын хамтын нийгэмлэг эрс эсэргүүцэн буруушаах болно” хэмээн Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь Инь сэтгүүлчдэд албан ёсоор мэдэгдлээ.

Японы “Чиран энх тайвны ордон”-д хадгалагдаж байгаа Камиказэ дайралтын тусгай бригадын цэргийн гэрээ, захидал зэрэг баримт сэлтийг дэлхийн санамжийн өвийн жагсаалтад бүртгүүлэх хүсэлтээ энэ сарын 4-нд ЮНЕСКО-д дэвшүүлсэн юм.

Төвдийн экологийн нөхөн олговор 10 тэрбум юаниас давжээ

Түвдийн өөртөө засах районы албаны мэдээнд тэмдэглэснээр, сүүлийн 10 гаруй жилд Төвдийн нутаг бэлчээр, ой шугуй, экологийн гол бүс болон намгархаг газрыг хамгаалахад 10 тэрбум 915 сая юаний нөхөн олговрыг зарцуулсан байна.

Төвдийн өөртөө засах районы байгаль орчныг хамгаалах танхимын танилцуулснаар, 2004 оноос хойш Хятадын төв засгийн газраас жил бүр Түвдэд 763 сая юаний нөхөн олговрыг олгож, 65 сянь, 10 сая га талбайг ойн бүст хамруулжээ. 2011 онд нутаг бэлчээрийн экологийн орчныг хамгаалах, урамшуулахад зориулсан жилийн санхүүжилт хоёр тэрбум гаруй юаньд хүрчээ. Эврестийн байгалийн дархан цаазат бүсийн удирдах зөвлөлийн мэдээллээр экологийн нөхөн олговрын зарчмыг тус бүс нутагт хэрэгжүүлснээс хойш, ан амьтад мал унаа болон үр тариаг сүйтгэхээс иргэд сэтгэл түгшихээ больж, зэрлэг араатныг агнаж байсан явдал бараг оргүй арилж, янгир ямаа, цагаан ирвэс, чонын тоо толгой илэрхий нэмэгдсэн гэнэ.

Б.Занданхүү. Хөххот


URL:

Сэтгэгдэл бичих