Амьдралын хамгийн үнэт зүйл гэр бүл

img_7919_200_200Гунгаа Алтанхуяг

Бэгзсүрэн Ган-Энхбаяр

                         \цуврал ярилцлага-13\

…Өнгөрсөн оны 5 сарын 8 нд Лос-Анжелос хотноо “Монгол номын сан”-гийн 5 жилийн ой тохиож, намайг урьсан юм. Нилээд эртнээс дотроо төлөвлөж байсан,  Г.Алтанхуягийн гэр бүлийнхэнтэй уулзаж ярилцах боломж  энэ үед тохиов. 5 жилийн ойн арга хэмжээний маргааш өдөр нь би тэднийд зочилж, бид нилээд удаан хууч хөөрч сууцгаалаа. Тэдний санаачилж байгуулсан “Монгол номын сан”, “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмаас гадна, спортын ертөнцийн тухай, одоо амжилт гаргаж байгаа хүүхдүүдийнх нь тухай, Г.Алтанхуягийг зохиолч Д.Маамын “Газар шороо” романаар хийсэн уран сайхны кинонд “Хангай Базар”-ын дүрийг бүтээсэн тухай юу эсийг хөөрөлдөв. “Орсон гарсанд цай хоолтой, хууч дурсамжтай, бас олон номтой” энэ гэр бүлийнхэнтэй хуучилсан дотно сэтгэлийн яриагаа уншигч тантай хуваалцаж байна.

    Нэг. Энэ бүхний эхлэл. \ Г.Алтанхуягтай хөөрөлдөв\

-Г.Галбадрах: Уламжлал ч гэх юм уу даа, “Хаана төрж, хаана өсөв?” гэдэг асуултаар яриагаа эхлэх үү дээ?

-Г.Алтанхуяг: Би 1962 онд Дорноговь аймгийн Замын-Үүдэд төрсөн. Тэр үед чинь одоогийнх шиг том суурин байгаагүй юм. Төмөр замын зангилаа л байсан юм шүү дээ. “Борхойн тал” гэдэг нэртэй, дээр үеийн газрын зураг дээр тэгж тэмдэглэгдсэн байдаг. Аав минь Архангайн Их Тамирын хүн, төмөр замд ажилчнаар ороод  ээжтэй минь Дорноговьд танилцсан гэдэг.  Ээж минь урлагийн авьяастай, сайхан бүжиглэдэг байсан. Цирк анх байгуулагдахад  нугарч байсан анхны хоёр нугараачийн нэг нь байсан юм билээ. Даанч залуугаараа “өнгөрсөн” дөө. Бид аав ээжээсээ дөрвүүлээ.  ”Бусдын жишиг”-ээр гэдэг шиг ясли цэцэрлэгт явж, социалист, коммунист суртлаар хүмүүжиж байв.

-Г.Галбадрах: Бидний үед нээрээ л тэгж өсч хүмүүжиж байв даа. Багаас нь  бидэнд “тохож” байсан энэ үзэл сурталд сайн, муу хандлага аль аль нь байсан?

-Г.Алтанхуяг: Гол нь шударга байхад сургадаг байв. Ямар ч тохиолдолд “үнэнч, шударга байх ёстой” гэнэ. Худал хуурмаг байж болохгүй.  Бас хөдөлмөрлөж сургасан. Ямар ч юмыг ажил хөдөлмөртэй нь их холбоно.  Зоригоо ах маань “МУГЖ” цолтой бүжигчин хүн байдаг юм. Анх 1973 онд Дэлхийн Оюутан Залуусын Фестиваль дээр С.Сүхбаатар , Оюубазар тэр гурав “Жалам хар” -ыг бүжиглэж дэлхийн тавцан дээр гайхуулж байсан гавьяатай хүмүүс.  Би бас зүгээр байгаагүй, ахыгаа дууриаж бүжигчин болох гэж нэг хэсэг үзсэн л дээ.

-Г.Галбадрах: Аль сургуульд суралцаж байсан юм бэ?

-Г.Алтанхуяг: “Улаанбаатар” төмөр замын 20-р сургуульд суралцаж, 10-р ангидаа 51-р сургуулийн анхны төгсөгч болсон юм. Багадаа бүх л төрлийн спортоор хичээллэж, сургууль дээр болдог бүх л спортын тэмцээнд оролцоно. Тэгсэн мөртлөө яг голлоод энэ спортод “илүү” гэх юм байхгүй болчихсон.  Урлаг спорт гэж гүйсээр тогтож барьсан төрөлгүй. Хоккейд байж л байдаг, хөл бөмбөгт  ч, боксд ч байж л байдаг. Бас болоогүй ээ, төмөр замын “Ган зам” нэртэй хүүхдийн дуу, бүжгийн чуулгад бөмбөр тоглодог байв.

-Г.Галбадрах:  Их л “элдэвтэй” нөхөр байж дээ? Гэхдээ хичээлдээ гайгүй дүнтэй суралцаж байсан биз дээ?

-Г.Алтанхуяг: 10-р анги төгсөхдөө “Нийгэм судлал”-ын шалгалт дээр 3 авч байв. Манай аавын ах маань намайг “Нийгэм”-ийн шалгалтанд бэлтгэсэн юм. Ямар ном уншихыг зааж өгч, заримдаа хоорондоо ярилцана. Ер нь миний хамгийн сайн мэддэг хичээл маань тэр байсан байх. Тэгээд шалгалтандаа орж билетээ сугалчихаад, хариултаа ярихдаа нөгөө ярих сэдвээсээ давж, хальж давхиад. Багш нар минь ойлгоогүй, дургүйцсэнийг ч мэдэхгүй, “онц” биш “дунд” дүн тавьж байсан юм даг. Хамгийн сайн мэддэг хичээлдээ “дунд” авчихаад, цэвэр “сайн”  биш дүнтэйгээр 10-р ангиа төгсөж байлаа.

-Г.Галбадрах: За “сайн” биш дүнтэй 10-р ангиа төгсөөд, ямар сонголт хийв дээ?

-Г.Алтанхуяг: Би чинь 10-р ангиа тэгж төгсөөд дээд сургуулийн шалгалтанд “уначихаад”,  СОТ-3 -т ажилд орсон юм.  Эхлээд “нимгэн төмөрчин” гөөр ажилд оров. “Учебний комбинат” дээр хичээлд суух ёстой. Би ажлаа их махруун хийдэг болохоор манай мастер ажлаа хийлгэх гээд хичээлд суулгадаггүй. Оросуудаас хичээж сурсаар байгаад нимгэн төмөрчний 4, 5 -р зэргийн ажлыг нь “хөнгөхөн” хийдэг болчихсон байсан.  2 сарын дараа бүгдээрээ зэргийн шалгалт өгсөн чинь, надад 3-р зэрэг өгөв. Ажил дээрээ 4, 5 зэргийн ажлыг нормоороо хийдэг хүн чинь, нөгөө 3-р зэргийг нь “авахгүй” гэлээ. Бас жаахан дургүй хүрч байгаа юм чинь. Яг тэр үед Дарханд “Улсын аварга шалгаруулах” хоккейн тэмцээн болох гэж байсан юм. Тэгээд тэмцээнд оролцох болоод, ажлаасаа чөлөөлөгдөөд явчихсан.

-Г.Галбадрах: Санаанд тань нийцэхгүй болохоор, өөр сонголт хийхээр  шийдсэн юм уу?

-Г.Алтанхуяг:  Дарханд хоккей тоглож яваад, тэр үед Дарханы театрт ахын ангийнхан илгээлтээр очсон байсантай тааралдлаа. Тэд нар л намайг “ингэж хар ажил хийж явахаар манай театрт шалгуулаад үзээч, тэртэй тэргүй чамд авьяас байгаа шүү дээ” гэж “цаасан малгай” өмсгөсөөр байгаад шалгалт өгүүлчихсэн. Тэр үеийн “Энэтхэг” нэрээр алдаршсан Долгор багш шалгуулаад тэнцсэн.

-Г.Галбадрах: Дарханы “Залуучууд” театрт бүжигчнээр орсон юм уу?

-Г.Алтанхуяг: Тэгээд Дарханы театрт 300 төгрөгийн цалинтай дагалдан бүжигчнээр оров. Тэр үедээ ямар их баярласан гээч. Цалиндаа биш л дээ. Би чинь 10 жилд сурч байхдаа нүүрс ачсан вагон буулгадаг ажил хийдэг байсан юм. Тэр үед чинь нэг вагон буулгахад 8 төгрөгийн хөлстэй. Тэгэхэд би өдөрт дээд тал нь 5 вагон буулгадаг байсан юм шүү дээ. Заримдаа  өдрийн 40 төгрөг олж байв. Сард 20 өдөр ажиллахад  чамлахааргүй мөнгө олчихдог. Гэтэл Дарханы театрт дуртай юмаа хийгээд, тэр гоё хөгжмүүдийг сонсоод, тэр их мундагчуудтай хамт ажиллана гэдэг үнэхээр сайхан байсан. Хөгжмийн удирдаач нь гэхэд Чойдог гуай байсан юм шүү дээ. Одоо бодоход тухайн нийгэмтэй “таарамж муутай” хүмүүс хөдөөд тэгж ажилладаг байсан юм шиг байгаа юм.

-Г.Галбадрах: Тийм тал байсан шүү. Гэхдээ л их урлагийн ертөнц гэдэг орчин сайхан байсан байх?

-Г.Алтанхуяг: Дарханы театрт ахын ангийнхан бөөнөөрөө сургууль төгсөөд оччихсон, ёстой л ид шижигнэж байсан үе. Дагалдан бүжигчнээр ороод 7 хоноод л тайзан дээр гарсан. Эхлээд учраа ч тэгтлээ олохгүй хөөрч явсан үе бий. Жаахан учраа олоод орчин тойрноо анзаарч, юм юмыг харьцуулан эргэцүүлж байгаа юм. “Хаана юу болж байна?”, “дарга нар жүжигчид хоорондоо ямар харилцаатай байна?” гэхчилэн. Социализмын үед урлагийнхан “алиалагч”-ийн үүрэг гүйцэтгэж байгаа ч юм шиг, хэн нэгний захирамж заавраар, хүсэл сонирхлоор л явдаг хүмүүс шиг санагдсан. Тэр авьяастай хүмүүсээ “хүн” гэдэг талаас нь ер харахгүй, хоол цайгүй, ядарч зүдрэх болгоныг нь огт тоохгүй, “тэгж байх ёстой” юм шиг хандаж байгаа нь ч анзаарагдсан. Цалин багатай, тэгсэн мөртлөө шөнө орой ч гэхгүйгээр дуртай үедээ дуудаж авчраад л тоглуулна.

-Г.Галбадрах: Магадгүй юм. Чамд тэгж санагдсан болохоор, мөнөөх араншингаараа зөрөөд шийдвэр гаргасан уу?

-Г.Алтанхуяг: Би тэр болгонтой эвлэрч, дагаж чадаагүй. 1 жил 8 сар орчим ажилласан байх. Тэгээд Дарханы театраас гараад, төмөр замд ажилд орж, тэндээсээ цэрэгт явлаа.Цэргийн карантин дээр очоод 7 хонож байхад “Самбо барилдааны барилгын цэргийн аварга”-ын тэмцээн болж жиндээ түрүүлээд , тэр зундаа болсон бүхий л төрлийн тэмцээнүүдэд оролцож явсаар  карантин дээр ирж тангаргаа өргөчихөөд “Алдар” руу хуваарилагдсан.

-Г.Галбадрах: Чамайг зохиолч Д.Маамын “Газар шороо” романаар хийсэн уран сайхны кинонд  шилийн сайн эр болох “Хангай Базар”-ын дүрийг бүтээсэн гэдгийг мэдэх юм байна. Кинонд яаж яваад тоглочихсон юм бэ?

-Г.Алтанхуяг: Намайг Дарханы “Залуучууд” театрт бүжиглэж байхад Нямгаваа найруулагчаар ажиллаж байсан л даа. Тэр үед Нямгаваа найруулагч “Гарын таван хуруу” киногоо хийх гээд бэлтгэж байсан юм. Нямгаваа ах ер нь их  ширүүн хүн. Адил ааш зангаасаа болоод бид 2 тийм ч таатай биш.  Гаваа ах надад их ширүүлэхдэгч гэсэн цаанаа бол “хайрладаг” л байсан юм билээ. Намайг чинь “энэ муу хулигааныг театраас зайлуулбал таарна” гэдэг байсан юм шүү дээ. Тэгсэн мөртлөө “Гарын таван хуруу” кинондоо надад дүр хуваарилаад, миний чаддаг юмыг минь оруулсан байсан. Хоккей тоглож байгаа хэсгийг бас хулсан хуураар тоглох хэсэг оруулсан байв. Би хулсан хуурыг нь сурах гээд, манай театрын цэвэрлэгч хийдэг байсан Цагаанаа эгчтэй хамт театрын нэг буланд оролдоод л суудаг байв. Тэр кинонд тоглосон бол их л аз завшаан болох байлаа.

-Г.Галбадрах: “Гарын таван хуруу” кинонд тоглоогүй юм уу?

-Г.Алтанхуяг: Харамсалтай нь тэр кинонд тоглож амжаагүй. Би яг тэр үед нь муухай ааш хөдлөөд Дарханы театраас яваад өгчихсөн. Хожим нь 1995 онд “Газар шороо” гоор кино хийхэд  оролцуулсан. Анх манай Зоригоо ахад санал тавьсан юм билээ. Тэр үед Зоригоо ах, “Би ёстой завгүй, их ажилтай байнаа. Та нар Хуягаа дээр оч ” гэж л дээ. Манайд жүжигчин Мөнхгэрэл, Болормаа хоёр ирж, киноны пробонд орохыг санал болголоо. Тэгээд “яаж зүгээр байх билээ?” гээд очиж пробонд ороод тэнцсэн. Муухай ааштай хүмүүс чинь хааяа уулзахаараа их сайхан ааштай уулздаг юм шүү дээ. Киноны зохиолоо “уншаад хариу өгөөрэй” гээд надад өгчихсөн. Тэр зохиолыг нь би биш, Ганаа уншаад “За тэг, тэг” гэж хэлснээр шийдэгдэж байв.

-Г.Галбадрах: “Хангай Базар”-ын дүр их сайхан дүр санагддаг юм.

-Г.Алтанхуяг:  Уг нь зохиолдоо бол гол дүр нь мөртлөө хамгийн эхэнд бичигдэхээр дүр байгаагүй юм. Кино бэлэн болоод дэлгэцэнд гарах болсон чинь хамгийн эхэнд нь бичигдсэн байсан. “Яагаад ийм болчихвоо?” гэтэл, “тухайн дүрийн зурганд орсон хэмжээгээр тэгж үзсэн юм” гэх ойлголт л надад хэлж байсан санагддаг юм. Тэр кинонд олон мундаг жүжигчид оролцсон юм шүү дээ. Киноны нээлтийн дараа Гаваа ах “алив чи наашаа энд суу” гээд хажуудаа суулгах гэдэг юм. “Итгэлт баян”-ы дээд талд суух болчихоод, тэвдэхдээ “Очирбат гуай, яах вэ?” гэж асуусан чинь өөдөөс  ”Үгүй миний хүү наанаа суу” гэж хэлж байж билээ.

-Г.Галбадрах:Урлагийнхны бас их сайхан чанар юм даа. Ахмад хүмүүсээ хүндэтгэдэг.

-Г.Алтанхуяг: “Газар шороо” бол их ч том хэмжээний гоё кино болсон. Би зураг авалтын үед мэдэрч байсан л даа. Бүх зураг авалт дууссаны дараа кино үйлдвэр дээр хальсаа угааж байхад нь тог тасраад, хальсан дээр нь гологдол гарчихсан юм билээ. Тэгээд тэр хэсгийг нь хасч хайчилж, эвлүүлэх маягаар нилээд богино болчихсон гэдэг. Анхнаасаа 2 ангит кино болгохоор төлөвлөж байсан нь нэг ангит кино болсон.

         \Б.Ган-Энхбаяртай хөөрөлдөв\

-Г.Галбадрах: Ганаа хаана төрж, хэрхэн өсөв?

-Б.Ган-Энхбаяр: Би чинь “луу” жилтэй хүн шүү дээ. 1964 оны “луу” жилтэнгүүд гэхээр Бат-Эрдэнэ аварга, Мөнх-Эрдэнэ арслан, П.Сүхбат гарьд, Баярсайхан заан гээд л явж өгнө шүү дээ. Бид нэг үеийнхэн. Улаанбаатарын 2-р төрөхөд төрсөн. Аав ээж хоёр маань багш хүмүүс. Аав минь МХЗЭ, МҮЭ-д ажиллаж,  сүүлд нь  ”Намын Дээд” төгсөөд, хөдөө сумдуудад “Намын дарга” олон жил хийсэн. Аль аль нь урлаг спортод дуртай, авьяастай хүмүүс. Тэр үед хөдөөд их ч жүжиг тоглодог байж. “Алтан үст охин” гэдэг жүжиг тоглоход ээж минь “Алтан үст охин” болно, “Учиртай гурван толгой” жүжиг тоглоход ээж минь Нансалмаа болж, харин аав минь Балган болно, их ч хөгжилтэй. Манайх их ч олон номтой айл байсан. Би чинь ээж ааваасаа долуулаа юм шүү дээ, өнөр өтгөн гэр бүлд өссөн хүн.

-Г.Галбадрах: Тэгэхээр ямартай ч сэхээтэн гэр бүлд өсч хүмүүжиж дээ?

-Б.Ган-Энхбаяр: Би чинь “тавиул хүүхэд” байлаа шүү дээ. Өвөө эмээ дээрээ мал маллаж өссөн. Их л багаасаа хонь хариулсан, өвөөтэйгээ гишүү түүнэ. Үнээгээ саана, сүүгээ хөөрүүлж, таргаа бүрнэ. Хөдөөний хүүхдүүдийн хийдэг байсан бүгдийг л хийж өсөв. Морио унаж яваад услахдаа мориноосоо бууж, хазаарыг нь авч амгайвчлаад  усална. Мориндоо мордож чадахгүй болохоор морио хөтөлж яваад жаахан өндөрхөн газар, эсвэл чулуу тааралдвал дамжиж байгаад мордчихдог. Тэр хэрээрээ нилээд эршүүд өссөн байх. Хөдөө хонь малаа хариулж явахдаа дээгүүр нисч өнгөрч байгаа онгоцыг хараад “онгоцны жолооч болох юм сан” гэж мөрөөднөө.

-Г.Галбадрах:Сургуульд хаана орсон юм бэ?

-Б.Ган-Энхбаяр: 1-р ангидаа эмээ өвөөгийнхөө дэргэд хөдөө суманд ороод, 2-р ангиасаа хотод орж ирсэн л дээ. Хотод байх дургүй. Намайг 5-р ангид байхад манайх Төв аймаг руу шилжсэн юм. Баянчандмань, Улаанбаатар хоёроос өөр газар үзээгүй хүн чинь анх удаа аймгийн төв үзэв.  10 жилд байхаасаа л спортоор хичээллэж эхэлсэн, мөнхийн нэг “сэтэр”тэй л хүүхэд явдаг.  Юм зохион байгуулахдаа нилээд авьяастай. Ээж минь бага ангийн багш байсан болохоор оройд баахан дэвтэр гэртээ авчирч “засдаг”.  Би бараг 2-р ангиасаа л ээждээ тусалж, хүүхдүүдийн дэвтэр засдаг болсон. Гэртээ орж ирээд л математикийн, монгол хэлний дэвтэр засна шүү дээ, муухай бичигтэй хүүхдийн дэвтэр дээр “онцмуу” гээд их томоор дүнг нь тавина. Тэр хэвшлээсээ болоод би ямар ч юмыг уншихдаа алдааг нь хараад сурчихаж, одоо хэр нь. Энэ ч бараг “өвчин” шахуу болчихсон доо. \инээв\

-Г.Галбадрах:Багшийн хүүхдүүд ихэвчлэн дэвтэр засдаг байсан даа. Харин спортын ямар төрлөөр хичээллэж байв?

-Б.Ган-Энхбаяр: Эхлээд хөнгөнөөр хичээллэсэн. 800 м, 1500 м-т гүйдэг байв. Тэгээд сагс руу орсон.  ”Алдар”-т ирэн иртлээ сагс тоглосон. Болоогүй ээ, хажуугаар нь аймгийн “Соёлын ордон” д бүжгийн дугуйланд явдаг. Нэг бол спортын зааланд, эс бол “Соёлын ордон”-д байж байдаг, чөрийсөн туранхай, өндөр охин байв.  Тэр үед би волейвол тоглодоггүй байсан юм. Спортод гайгүй хүүхдийг багш нар булаацалддаг болохоор, нэг хүүхэд нэг л спортоор хичээллэхээс өөр аргагүй. Тэр үед Төв аймагт шүхрийн “спортын мастер”  Александр, шүхрийн  курс хичээллүүлэв.  Тэр курсэд нь ороод нэг хэсэг шүхрээр “өвчилсөн” дөө. Шөнө ч зүүдлээстэй, өдөр ч бодоостой.  Гэрийнхнээсээ нууж явдаг. Шүхрийнхэн “амьсгаа задлах” хэрэгтэй болохоор кросст их гүйнэ. Шүхрээ заавал өөрсдөөр нь эвхүүлж сургадаг юм. Тэр гэхэд хүүхдийг их хариуцлагад сургаж байгаа юм. Нөгөө онгоцны жолооч болох мөрөөдөл минь л шүхрийн курст хөтөлсөн юм даг. Их ч дуртай байсан даа.

-Г.Галбадрах:Харин 10-р ангиа төгсөхдөө?

-Б.Ган-Энхбаяр: 10-р анги төгсөх үед “улаан шугам” татдаг байв даа. Тэр “улаан шугам”-д  нь 3-р ангийн, 8-р ангийн дүнгүүд нөлөөлдөг. 10-р ангиа төгсөхдөө 5 “сайн” тай, бусдыг нь “онц” дүнтэй төгссөн мөртлөө “улаан шугам”-д багталгүй, урдуураа таслуулчихсан юм. 10-р ангид орсон намар сагсан бөмбгийн “Идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн” Сэлэнгэд боллоо. Тэр тэмцээн дээр “Алдар”-ын Аюурзана багш надтай тааралдаад “Хэрвээ чи цаашдаа спортоор явахыг хүсч байгаа бол сургуулиа төгсчихөөд хүрээд ирээрэй” гэж хэлсэн. Тэр яриа үндсэндээ миний амьдралыг бараг шийдчихсэн юм даа. Ангийнхан маань конкурст орох гээд бэлдэж байхад би шүхрээр буугаад л явж байлаа.

Хоёр. Спорт биднийг учруулсан

-Г.Галбадрах:Тэгэхээр 10-р ангиа төгсөөд шууд “Алдар”-т очсон хэрэг үү?

-Б.Ган-Энхбаяр: Тэгсэн.  7 сард “Алдар”-т очоод  сагсан бөмбгийн дагалдан тамирчингаар орчихсон юм.  8 сард нь  хотын аваргаар тэмцээнд орж “хүрэл медаль” аваад,  дараа нь улсын аварга шалгаруулах тэмцээнд  Дарханд очиж оролцон  ”мөнгөн медаль” авсан. Дараа жил нь буюу 1983 онд “Бүх ард түмний спартакиад” болох байлаа. Гэтэл тэр спартакиадад сагсан бөмбгийн төрөл ордоггүй, харин волейвол ордог байсан юм. Тэгээд намайг волейволд оруулах гэж шалгав. Түүнд нь тэнцээд  волейволын багт орох болоход нь, сургуульд байхдаа нэг багт хамт тоглож байсан найз охиноо гуйж байж оруулаад, түүнээс хойш хамтдаа “хэлхэлдэх” болсон доо.  18 настай байхдаа анх тэгж волейволын спорт руу орлоо. 1983 оны “Бүх ард түмний спартакиад”-аар манай волейволын баг “хүрэл медаль” авч, “Алдар” багаараа түрүүлж байсан юм. Их ч сайхан үе байсан даа.

-Г.Галбадрах: Хуягаа  армид очоод?

-Г.Алтанхуяг: 1984 онд “Алдар” -т очиход Ганаа маань “ахлагч” цолтой ” том амьтан” байлаа шүү дээ.  Энэ маань 1982 онд армид оччихсон “хуучин цэрэг”, би “шинэ” мөртлөө хөгшин цэрэг. “Хал цэргүүд” надаас дүү, би чинь хэрдээ амьдрал юм юм үзчихсэн, бас ч гэж хүнд нэг их дээрэлхүүлээд байхааргүй. “Алдар”-т бол бүгдээрээ тамирчид болохоор нэг их ялгагдахгүй. Бидний амьдрал болохоор тэмцээний бэлтгэл, зочид буудал, тэмцээн гэсэн хэмнэлээр л явдаг. Тэгж явсаар Ганаатай тааралдаж, танилцаж байгаа юм. “Ахлагч” цолтой дүүхэлзсэн хэдэн хүүхнүүдийн дунд л байсан юм даг. Тэр олон аавын хүүхдүүд эднийг хараад зогсож байхад нь нэг муу байлдагч урдуур нь ороод эхнэрээ болгоод авчихсан л юм даа.  \инээв\

-Б.Ган-Энхбаяр: 1983 онд “Алдар”-т таван охин ирж байсан юм. Хотоос 2,  Сэлэнгээс 1, Төв аймгаас 2. Бүгд цэргийн хувцастай, жинхэнэ л жавхалзаж явцгаасан. Армид  цаг барьж, хүний үг сонсож, биеэ зөв авч явж, бусадтай харилцаж, ер нь  юм юмыг л сурдаг. Тэгж яваад Хуягаатай учирсан юм даа.

-Г.Галбадрах: Бас мундаг цэрэг байжээ. Мэдээж энэ нь бас л спортын ач тус байсан байх.

-Г.Алтанхуяг: Армид “Алдар” нийгэмлэгийн дарга, хурандаа Тавхай гээд  мундаг хүн байсан л даа. Би нэг удаа гарын сарвууныхаа 2 ясыг хугалчихаад бэлтгэлд ч явж чадахгүй, ажил ч хийж чадахгүй ротод байж байхгүй юу. Тэгсэн хэн нэг нь миний тухай Тавхай хурандаад жаахан муугаар “матаж” хэлж л дээ. Тэгсэн хамаг “томчууд” жагссан жагсаалын өмнө намайг загнав аа. Тэгсэн нөгөө дуугүй байж чаддаггүй араншин маань хөдлөөд “Та ч бас спортын хүн. Би гараа хугалчихаад бэлтгэлээ ч хийж чадахгүй байхад яагаад ингэж зэмлэж байгаа юм бэ?” гээд хэлчихсэн. Гэтэл түүнээсээ болж бараг л “Алдар”-аасаа хөөгдөх дээрээ тулж байв. Тэгээд анги руу буцаж байгаа юм.

-Б.Ган-Энхбаяр: Тавхай дарга их мундаг хүн. Тавхай хурандаагийн үед “Алдар” үнэхээр “мандаж” байсан юм шүү.

-Г.Алтанхуяг:Тэр үед чинь тамирчдыг бэлтгэхэд санхүүжилт нь сайн байсан, нөгөө талаас спортоор хичээллээд амжилт гаргаж эхэлж байгаа залуусыг цэрэгт ирэхэд  шууд “Алдар”-т авдаг байсан. Тэд чинь үндсэндээ “бэлэн тамирчид” шүү дээ. Тийм болохоор  ”Алдар” бол тэр үед үндсэндээ Улсын 2-р шигшээд тооцогддог байж. Тийм сайхан үед л “Алдар”-т тамирчин байсандаа одоо хэр бахархдаг юм. Тэр маань бидний өнөөдрийн амьдралд хүртэл эерэг сайнаар нөлөөлж байдаг юм шүү дээ.

-Г.Галбадрах: Миний санахын “Алдар”-ын тамирчид мундаг байсан шүү. Мэдээж спорт хүний төлөвшил, хөгжилд сайнаар нөлөөлдөг гэдэгтэй санал нийлж байнаа?

-Г.Алтанхуяг: Би хүүхэд байхаасаа л спортоор хичээллэж олон уралдаан тэмцээнд оролцож явсан болохоор ихэнхдээ зочид буудалд л байрлаж байлаа шүү дээ. Сүүлд нь армид очоод ч тэр хэвээрээ. “Улаанбаатар”, “Баянгол” , “Залуучууд” энэ хэдэн зочид буудлууд л тэр үедээ хамгийн сайн нь байсан. Тэгээд байнгын бэлтгэл сургууль, уралдаан тэмцээн. Тэрний чинь  хүчээр бид одоог хүртэл ямар ч ажлаас халширч, түүртэж  явсангүй. Спортын их гоё чанар нь нас ахихад мэдрэгдэж байдаг юм. Өөртөө итгэлтэй байх чанар.Өөртөө итгэлгүй л байх юм бол Америкт ч тэр , хаана ч тэр ажил болгоныг тийм сайн хийж чадахгүй л болов уу? Өвдөх өвдөхгүйг, чадах чадахгүйг, баярлах гомдохыг ч сайн мэдэрнэ.

-Г.Галбадрах: Хуягаа спортын олон төрлүүдээр амжилт гаргаж байсан юм аа даа?

-Б.Ган-Энхбаяр:  Хуягаа болохоор спортын олон төрлүүдээр хичээллэдэг байсан. Гэхдээ тэр болгондоо дунджаас дээгүүр түвшинд тоглодог болохоор ер нь  жигд, их авьяас, мэдрэмжтэй юм шиг байгаа юм. Боксоор бол Олон Улсын тэмцээнд орж байсан, хоккейгоор гэхэд  ”шилдэг хаалгач”-ын шагналыг нь авч байлаа. Тэр жил энд нэг охин биднээс ярилцлага авч сэтгүүл дээр гаргаж байсан юм. Тэр охин “Хуягаа ахаас та юу чаддаг вэ? гэж асуухад хэцүү, харин та юу чаддаггүй вэ? гэж асуувал арай амар байх” гэж хэлж байсан юм даг.

-Г.Алтанхуяг: Спортын олон төрлөөр хичээллэж байсан л даа. Түүн дотроосоо нилээд “шүүсээ шахуулж” байсан нь хоккей, бокс хоёр юм даа. Бокс гэдэг их спортод, цэрэгт очсон хойноо 22 настайгаасаа л тоглож эхэлсэн. Би бүтэн жил “зодуулахдаа”, бокс гэдэг чинь “ямар гоё урлаг байдаг юм бэ?” гэдгийг их сайн ойлгосон. Том Энхбат, Нарантуяа, Энхтөр гээд мундаг мундаг мастерууд болчихсон, зарим нь тоглохоо больж байх үед нь би очиж байсан юм. Нилээд “махийж” байж жилийн дараагаас учраа олж байв. Хоккей бол бага залуугаасаа хичээллэж нилээд амжилтад хүрч байсан төрөл.  Бусад төрлүүдийн хувьд бол яахав дээ, боломжоороо л явж байсан. Эхнэрээ дагаж волейвол, хүүхдүүдээ дагаж сагс тоглож  байсан байх.

-Г.Галбадрах: Бокс, Хоккейн спортыг жинхэнэ “эр хүний спорт” гэж дүгнэдэг байсан. Мэдээж эр зориг, тэвчээр шалгасан амаргүй спорт болохоор тэгж үздэг байсан байх?

-Г.Алтанхуяг: Бид нарыг 7-р ангид сурч байхад боксын Банди багш секциндээ шалгаж аваад, нэг ангид оруулж суулгаж байгаад анхны хичээл дээрээ сургаж байгаа юм.  ”Хамгийн 1-рт боксчин хүн гэдэг бол жентельмен байх ёстой. Жентельмен хүн гэдэг чинь ямар хүн байдгийг мэдэх үү?” гэж асуугаад  бидэнд зааж сургаж байв. 2008 оны Бээжингийн олимпод Бадар-Ууганы алтан медалийн төлөөх тоглолтыг зурагтаар үзэх гэж очихдоо Ганаа бид хоёр хамгийн гоёороо хувцаслаж очсон. Би тэгэхэд тас хар костюм дээр, цагаан цамц өмсөж, хар бантик зүүсэн. Хүмүүс биднийг хараад “Та нар ямар гоё харагдаж байнаа?” гэж гайхахад нь, “Энэ боксын спорт бол жентельмен хүний спорт” гэж тэртээ нэгэн цагт Банди багшийнхаа хэлж байсан үгийг давтаж хэлсэн. Бид өөрсдөө их спортоо хүндэлж байх учиртай хүмүүс.

-Г.Галбадрах: Би өөрийг тань “Спортын мастер” гэж бодож байсан чинь, одоог хүртэл аваагүй юм уу?

-Г.Алтанхуяг: Аль ч төрлөөр нь аваагүй ээ. Тухайн үед надад тийм ухаан, самбаа байсангүй. “Цаас ямар хамаатай юм бэ, би өөрийн хийж чадах юмаа чадаж л байвал болоо” гэж бодож явсан үе бий. Одоо эргээд бодоход ямар ч юман дээр баримт заавал бүрдүүлж явах хэрэгтэй байсан юм билээ. Хүн үргэлж залуугаараа байхгүй шүү дээ.

-Б.Ган-Энхбаяр: Би болохоор сагсан бөмбгийн 1-р зэрэг, шүхрийн спортын 3-р зэрэг, волейволоор “Спортын мастер” авсан. Сагсан бөмбгийн Аюурзана багш надад “спортын мастер”-ийн тэмдгээ зүүж өгч байсан юм даг.Бас болоогуй ээ, армийн “онц буудагч” болж байлаа. Алдараас түр гараад, бага даргын 150 -р ангид буудлагын трэнежёрийн багш хийж байсан. Аюурзана багш миний амьдралд их ч сайнаар нөлөөлсөн буянтай хүн дээ. Одоо бурхан болчихсон л доо.

-Г.Галбадрах:Тийм ээ, энэ амьдралд сайн хүмүүс маш олон байдаг. Тийм хүмүүсийн тус дэм нь хүмүүсийн амьдралд сайнаар нөлөөлөх тохиолдол зөндөө бий.

-Б.Ган-Энхбаяр: Хуягаа цэргээс халагдах жилээ Эрхүүд болсон “Улаанбаатарын Соёлын өдрүүд”-ийн арга хэмжээнд оролцлоо. Урлагийн томчууд явж байсан, тэдэнтэй цуг яваад бүжиглэж байв. Би хүүгээ төрүүлчихсэн, вокзал дээр очиж гаргаж өгөөд л. 1986 оны намар юм байна.

-Г.Алтанхуяг: Тэр арга хэмжээн дээр ахтайгаа  тайзан дээр хамт бүжиглэсэн алтан боломж минь.  Сүхбаатар багшийн дэглэсэн “Цоглог” гэдэг бүжгэн дээр ах гоцлож, бид хамтдаа бүжиглэж байхад ямар гоё санагдаж байсан гээч. Тэр концерт Эрхүүгээс ирсний дараа, Дуурь Бүжгийн Эрдмийн Театр дээр тоглогдсон. Тэр багт оролцсон ганц цэрэг нь би, дээрээс нь наймаачин. Эрхүү хүртэл жижиг сажиг зүйл авсныгаа замдаа наймаалаад л, буухдаа нилээд “баян” бууж байгаа юм. Яахав дээ, цэргийн хүн, эхнэр хүүхдэдээ, гэр орондоо жаахан юм авчих санаатай. \инээв\

Гурав. Гэр бүлийн үнэ цэнэ

-Г.Галбадрах: Та хоёр хэзээ яаж гэрлэв дээ?

-Г.Алтанхуяг:Бид хоёр чинь 1985 онд анх танилцаж, бие биендээ дурлаж хайрлаж явсаар 1986 онд анхны хүү минь төрсөн юм. Тэр үед би чинь цэргийн хүн, байлдагч цолтой. Би Улаанбаатар зочид буудалд бэлтгэлд гарчихсан, Ганаа жирэмсэн гэртээ байж байхдаа нэг өдөр ярилцаад, “За хоёулаа ямар ч байсан бүртгүүлье. Тэгэхгүй бол хүүхдийн овог энэ тэр дээр асуудал үүсэх байх” гээд, 1986 оны 2 сарын 22 нд  бүртгүүлж байлаа. 2 талаасаа болзож уулзаад “Гэрлэх ёслолын ордон” дээр хамт очоод л бүртгүүлчихсэн. Бүртгүүлчихээд манай гэрт аав дээрээ очиж “Гэр бүлийн баталгаа” -гаа үзүүлээд аавдаа үнсүүлж, аавынхаа хийсэн будаатай хуургыг идэж, “тэмдэглэж” байв.  Аав минь ахтайгаа хамт бид хоёрт будаатай аяганд сүү хийж, хадган дээр тавиад “Миний хүүхдүүд энэ будаа шиг үржиж, өнөр өтгөн болоорой” гэж ерөөж байсан юм. Нөгөө хоёр маань ганц шил юм задлаад л баяраа тэмдэглэчихсэн.

-Б.Ган-Энхбаяр: Хуягаа боксын олон улсын тэмцээний бэлтгэлд гараад “Улаанбаатар” зочид буудалд байрласан байснаасаа, тэр үеийн “Ленин клуб”-ийн үүдэнд ирж, би гэрээсээ автобусаар яваад ирж байсан юм. Батлуулчихаад гэртээ очиж “тэмдэглэчихээд” би гэртээ үлдэж, Хуягаа зочид буудал руугаа явж байгаа юм.

-Г.Галбадрах: Том хүү төрөөд, амьдралд нилээд өөрчлөлт авч ирдэг. Мэдээж их бэлэгшээж байсан байх.

-Г.Алтанхуяг: Том хүүг минь төрөхөд манай найзууд болон “Алдар”-ын тамирчид бүгдээрээ л “Алдар гэдэг нэр өг” гэх. Надад өөрийн гэсэн бодол байсан. Миний гэр бүлийг, миний амьдралыг баталгаажуулж өгч байгаа, үүгээр дамжин “манай гэр бүл бат бөх байх ёстой” гэсэн бэлэгдлээр ууган хүүдээ Бат гэдэг нэр өгсөн. Миний хүү чинь “бар” жилтэй, би бас өөрөө “бар” жилтэй, Ганаа маань “луу” жилтэй.  Хүүхдийн нэр  гэдэг чинь их утга учиртай. Тийм болохоор би нэрэн дээр их ач холбогдол өгдөг юм. Хүүхдүүдийнхээ нэрэн дээр заавал бэлэгдэл бодож байж өгнө. Одоо том хуу маань эхнэр авч бидэнд хөөрхөн ач охин бэлэглэсэн.

-Г.Галбадрах: Би л лав тэгж бодож байгаагүй юм байна шүү? Тэгж их нухацтай боддог хүмүүс олон биш байхаа?

-Г.Алтанхуяг: Дараагийн хүү минь 1993 онд төрсөн. Ганаа төрөх гээд төрж чаддаггүй, гэтэл гадаа хүчтэй бороо орж, тэнгэр дуугараад, цахилгаан цахилж байсан. Их ч устай, аадар асгаж байх мөчид ” хүү төрлөө” гэж хэлсэн. Өмнө нь дотроо бодож байсан нэр байсан ч, тухайн үеийн гоё мэдрэмж сэтгэлд  нөлөөлөөд Цог гэдэг нэр өгсөн юм. Тэр их аадрын цахилгаан, тэнгэрийн дуу надад “Цог” авч ирлээ гэж бодсон.  Тэнгэрээс надад бууж ирсэн Цог гэж бэлэгшээсэн.  Охин маань 1995 онд төрсөн. Охины нэр бол хэцүү юм билээ. Ганаагийн эгчийнх нь охин надад нэр хэлж байснаас Ану гэдэг нэр нь их ч зөөлөн сонсогдож, надад таалагдсан. Тэгээд охиндоо Ану гэдэг нэр өгөв. Түүхэн талаасаа ч тэр, ах нарынх нь нэр гуравхан үсэгтэйг ч бодолцсон тэр. Манай гэрийг их намуухан түвшин болгож ирлээ гэж бэлэгшээсэн юм.  Бага хүүдээ бол Том гэдэг нэр өгсөн. Хүмүүс “монгол нэр нь хэн юм бэ?” гэхээр нь Том, гээд “англи нэр нь хэн бэ?” гэхээр нь Тоом гээд жаахан уртасгаад дуудчихна. Бид хоёр хоёулаа л 4 хүүхэдтэй болохыг мөрөөддөг байсан юм. Бага хүү маань бидний мөрөөдлийг биелүүлж “том гэр бүл” болгосон болохоор ингэж нэрлэсэн юм.

-Г.Галбадрах: Эхнэрийнхээ нэрийг нь арай харж байж авсан юм биш биз дээ? \инээлдэцгээв\

-Г.Алтанхуяг: Эхнэрийн нэрийг ч арай харж байж авч болохгүй л дээ. Гэхдээ удам угсаа, хаана хэзээ төрсөн юм, аав ээж нь ямар хүмүүс юм бэ? гэдгийг сайн судлаж байж авна шүү дээ. Дараа нь Ганаад энэ тухайгаа хэлсэн чинь “Чи ямар муухай хүн бэ?” гэж дуу алдаж байгаа юм.  Энд чинь муухай юм байхгүй шүү дээ. Миний амьдралд хамгийн чухал зүйл, бас миний үр хүүхдүүдэд ч нөлөөлнө шүү дээ.  Гэр дотор нь орж үзнэ, аав ээжийнх нь болон ах дүү нарынх нь харьцааг ажиглана. Гэрт нь “муушиг” тоглоод  сууж байхдаа л анзаарч судална шүү дээ. \инээв\ Ганаа болохоор нөгөө өрөөнд орж унтаж, унтаж байснаа босч ирээд “Яасан?” гэж асууна, би болохоор бөөн судалгаа. \инээлдэв\

-Б.Ган-Энхбаяр: Би энэ талаар юу ч анзаарч мэдээгүй. Манай гэрийнхэн анх Хуягаатай уулзаж байхдаа цэрэг, офицер алиныг нь ч мэдэхгүй. Нэг л их битүү сахалтай нөхөр.  Уг нь бол сайхан цэрэг явж байгаа юм чинь.

-Г.Галбадрах:Сайхан дурсамжууд байнаа.  Мэдээж гэр бүлийн хосууд бие биенийхээ дутуу талыг “нөхдөг” гэж үзэх нь бас бий?

-Б.Ган-Энхбаяр: Хуягаа амьдрал дээр, яг л спортод ханддаг шигээ ямар нэгэн юмыг дундуурхан ч хийдэггүй. Юмыг яс, тэгээд маш чанартай хийдэг. Тийм учраас барагтай хүний хийсэн юмыг голно. Хэрийн юм санаанд нь таарахгүй. Сэтгэлд нь таарахгүй  байгаа зүйлээ хүний нүүрэн дээр нь шууд л хэлчихдэг. Би болохоор тийм юмыг тэр хүндээ тоглоомоор хэлбэл хэлнэ, хэлэхгүй бол дуугай л байдаг. Хүнд шууд улаан нүүрэн дээр нь хэлнэ гэдэг нэг бодлын амар ч юм шиг, нөгөө бодлын их хэцүү. Хэрэв цаад хүн нь ойлгохүй бол “өстэй” болчих гээд.

-Г.Галбадрах:Надад бол эр хүний мундаг чанар шиг санагдаж байна? Гэхдээ амьдрал авч явна гэдэг амаргүй.

-Г.Алтанхуяг:Ер нь эр хүн, эхнэр авч амьдралаа зохиохоосоо өмнө л сургууль соёл төгсөж, хүнд үзүүлэх юмтай болж авахгүй бол гэрлэснийхээ дараа амжихгүй юм билээ. Эр хүн өөрийн гэр бүл, амьдралаа авч явах үүрэгтэй болохоор, тэр үүрэгтээ л гол анхаарлаа хандуулах хэрэгтэй болдог. Би  тэгж л боддог юм.

-Б.Ган-Энхбаяр: Тэгж спортоор явж байгаад нилээд сүүлд УБДС-ийн харьяа,  БТДС-ийг  волейволын багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн.  Хожим нь 2000 онд Хууль зүйн Дээд Сургуулийг төгсөв. Хожим нь сургуульд орохын сайн тал нь “сурах хэрэгтэй” гэдгээ өөрөө сайн ухамсарласан байдагтаа байх. “Эрх зүйч” мэргэжлээр төгссөн.  Ер нь хуулийг мэдэхгүйгээр хүн “амбан” явахгүй” гэж бодсон хэрэг.  Хуягаа минь амьдралынхаа төлөө зүтгэж, намайг болохоор юм юманд л сургачих санаатай. “Англи хэлний курст суу” гэнэ, “жолооны курст яв” гэнэ. Нэг мэдэхэд би л юм юманд сурчихсан байдаг.

-Г.Галбадрах: Тэгэхээр өөрөө амьдралын ачаагаа үүрээд, эхнэрээ л “хөгжүүлээд” байсан байх нээ?

-Г.Алтанхуяг: Ганаа нэг удаа Японд  6 сар мэргэжил дээшлүүлэх гэж явлаа. Тэр өдрүүд миний амьдралын хамгийн хүнд, бараан үеүд байсан. Их ч амаргүй байв. Би ер нь Ганаагүй бол ёстой бүтэхгүй юм билээ. Ирэх дөхөөд утсаар ярихаар нь “Миний хөгшин яг хугацаандаа ирээрэй, хэрвээ хоног хугацаа хэтрэх бол бараг ирээд хэрэггүй биз дээ?” гэж гомдонгүй маягийн юм ярьж байгаа юм. \инээв\ Тэрнээс хойш бид хоёр “Хэрвээ ямарваа нэгэн юманд явах бол дангаараа явахгүй, заавал хамт явж байна” гэж хатуу тохиролцсон. Бид 2 анх гэрлэхдээ бас нэг зүйлийг тохиролцсон байсан юм. “Хүний амьдралд сайдалцаж муудалцах үе зөндөө гарна. Яаж ч  муудалдаж байсан нэг орон дээр л унтаж байна” гэж.

-Б.Ган-Энхбаяр: Гэрээсээ гарч явахгүй, өөр өрөөнд орж унтахгүй, нэг орон дээрээ л унтах тохиролцоотой. Заримдаа муудалцнаа. Орой унтахдаа түнтэгнээд л хоёр тийшээ хараад нэг орон дээрээ унтана. Тэгээд яах юм, шөнө нойрон дундаа, сурсан заншлаараа тэврэлдээд унтчихсан байдаг. Нэгэнт тэврэлдээд унтчихсан болохоор өглөө босоод  дахиад уурлана гэж байхгүй л дээ. Дараа нь нэг удаа Хуягааг шилэн кабелийн сургалтад Солонгос руу хэдэн хүн ахлаад 2 жилийн хугацаатай яваад ирэхийг санал болгосон л доо. Тэр үед явбал хоёулаа л явна, гээд татгалзсан юм.

-Г.Галбадрах: Энэ чинь харин маш сайхан тохиролцоо байнаа. Залууст хэрэгтэй санаа байна.  Тэгээд Америк руу ямар ч гэсэн хамтдаа иржээ дээ?

-Г.Алтанхуяг: Америк руу явахаар судалж байсан л даа. Нэг найз минь энэ талаар бидэнд ярьж, зөвлөж байсан юм. “Ер нь яахав явбал бүгдээрээ л явья, явахгүй бол тэр л биз” гэсэн бодлоор гэр бүлээрээ визэнд орсон. Яагаад ч юм бэ? тохироо нь тэгж таарсан ч юм уу, бидний виз гарсан.

-Б.Ган-Энхбаяр: Тэр үед хамаг юм маань зуун задгай байдаг. Их л хурдан шийдээд эхлээд Оакландад ирцгээв. Дараа нь нилээд сураглаж байгаад Лос-Анжелост ирж суурьшицгаасан. Тэгээд бусдын адилаар зүтгэж байгаад, яваандаа арга эвээ олж болж байгаа юм.  Лос-Анжелос бидэнд их ч таалагддаг.

-Г.Галбадрах: Америкт ирээд “хөлөө олтол” -оо янз бүрийн ажил хийж байв уу?

-Г.Алтанхуяг: Нийтдээ 10 гаруй жилийн бараг 8 жил нь дунд оврын ачааны машин барьсан юм байна.  Сиэтлд  2 жил барилга барьсан. Барилга барихын сайхныг тэр үед их мэдэрсэн дээ. Оросуудтай ажиллаж байсан болохоор хэлний хувьд нэг их бэрхшээл байгаагүй.  ”Ямар ч ажлыг эхлээд хийхэд алдаа гардаг.  Алдаа  1-ээс эхэлдэггүй, 0-оос эхэлнэ. Алдаа гарах бүрд заавал засч бай. Хэрэв  дахиад алдаа гаргах юм бол 0 чинь өсөөд явчихна.  Алдаагаа засаад байнаа гэдэг чинь чи алдаагаа 0 дээр байлгаж байна гэсэн үг” гэдэг зарчим миний дүрэм. Энэ үг одоо ч гэсэн надад маш их хэрэг болдог. Би уран зураг болон шугам зураг унших дуртай. Тэгээд ч тэр үү, архитекторч нь надад их ч таатай ханддаг болсон.

-Б.Ган-Энхбаяр: Би хоолны газар ажиллаж байв. Эхлээд рестораны туслахаар ажилд ороод нэг мэдсэн чинь тогоочийн туслах болов. Дараа нь Лос-Анжелос хотын төвд дэлгүүрт ажилласан. Одоо бол нэг айлд ажилладаг.  Ер нь монголчууд их мундаг шүү дээ. Ямар ч ажилд орсон 2 хоногийн дараа бүх зүйлээ мэдэж, чаддаг болчихно. Ер нь удаан ажиллах юм бол бараг эзэнтэй нь эн зэрэгцэх хэмжээнд очдог.

Дөрөв. Хүүхдүүд маань бидний баялаг

-Г.Галбадрах: Ямартай ч мөрөөдөлдөө хүрч 4 хүүхэдтэй болжээ.

-Г.Алтанхуяг:Би хүүхдүүддээ “Хэзээ ч ямар ч юмнаас, хэн нэгнээс хараат байж болохгүй. Хүн болгоныг дагаад далдаганаад байж болохгүй. Ямар ч тохиолдолд өөрсдийгөө зохицуулаад, хариуцаад амьдарч чаддаг байх хэрэгтэй.  Хүнд гай болж болохгүй. Өөрсдийн бодолтой бай ” гэж л захидаг юм. Хүнд “гай болохгүй байна” гэдэг чинь л хамгийн том тус юм шүү дээ. Юм юмны салхин дор ороод далбаа шиг намирч явж болохгүй.  ”Салхи” гэж нэг үг байна,” далбаа” гэж нэг үг байна. Ээж нь заримдаа уур нь хүрэхээрээ хүүхдүүдээ, “Эцгийгээ дуурайсан, өөрийнхөөрөө зөрүүд юм” гэж загнадаг юм.\инээв\

-Г.Галбадрах:Хүүхдүүд тань бас спортоор нилээд амжилттай хичээллэж байгаа гэсэн?

-Г.Алтанхуяг: Хоёр хүү маань сагс, волейвол аль алийг нь гайгүй тоглоно шүү. Том хүү минь волейволыг Монголд байхдаа тоглож сурсан.  Энд ирээд сургуульд ороод хөгжөөд явчихсан. Ер нь спортоор хичээллэж байгаа хүүхдүүд бол хүмүүжлийн хувьд ямар ч асуудал алга. Бие бялдрын хөгжил, бас тэгээд сонирхлоороо найзалж нөхөрлөж байгаа  нь, аажимдаа өөрсдийгөө зөвөөр аваад явахад сургачихаж байгаа юм. Лос-Анжелосийн ахлах сургуулиудын лигт баг нь 2-р байр эзэлсэн мөртлөө миний хүүд “Шилдгийн шилдэг тоглогч”-ийн шагналыг өгсөн.  Тоглолтын бүх л үеийн туршид ард ч тоглоно, урд ч тоглоно. Би сайн мэдэхгүй ч, дотроо жаахан үнэлдэг юм. Харин ээж бол гол дасгалжүүлагч нь.  Заримдаа тэмцээн дээр ээж нь ” тэгээч, ингээч” гэж хашгираад л, хүүхдүүд нь болохоор “ээж дуугай байгаач” гэх жишээтэй.

-Г.Галбадрах:Хүүхдүүд спортоор хичээллэхдээ, өөрсдийгөө хамтад хөгжүүлээд явчихдаг гэж хэлсэнтэй тань санал нийлж байна.

-Г.Алтанхуяг: Манай хүүхдүүд багаасаа л машинаар биш, бөмбгөөр л тоглож өссөн. Одоо манай бага ч бас тийм.  Хүн аливаа юмыг заавал 100 хувь чаддаг байх албагүй. Спортоор хичээллэсэн хүмүүс,” бүр боломжгүй” гэхээс бусад аюултай тохиолдолд өөрийгөө болоод гэр бүлээ аваад гарч  чадна. Энэ бол мэдрэмж, чадвар юм.

-Б.Ган-Энхбаяр: Хүн ер нь юухныг ч байсан энэ залуу насан дээрээ амархан  сурчихдаг. Тэр болгон нь өөрт нь л хэрэг болно. Би заримдаа залуучуудад хэлдэг юм. “Та нар бүжиглэж сур аа. Бүжгэнд орчихоод эхнэрийнхээ хувцсыг тэврээд, өөр хүнтэй бүжиглэхийг нь хараад зогсож байх сайхан уу?” гэж.  Биеэ сайхан авч явж сурахад л хичнээн сайхан. Энэ залуу насан дээр юу ч сурсан эрдэм шүү дээ. Зөвхөн спортоор хичээллээд байна гэдэгтээ ч биш, хамгийн гол нь хүн эрүүл байна гэдэг нь чухал. Өнөөдөр хэдэн дээд сургууль төгссөн мөртлөө амьдралаа ч олигтой аваад явж чадахгүй залуус зөндөө л байна шүү дээ. Ном мэддэг мөртлөө “хар амьдрал” мэдэхгүй байна, эрүүл мэнддээ арчаагүй хандаж байна. Хичнээн эрдэмтэй мөртлөө, чөрийсэн туранхай, “амь нь хаана байгаа юм бол?” гэмээр залуус байдаг. Амьдралын баяр баясгалан гэдгийг хүн эрүүл байхдаа л илүү мэдэрдэг.

-Г.Галбадрах: Танай хүүхдүүд ер нь биерхүү юм аа?

-Б.Ган-Энхбаяр: Манай том хүү чинь 1, 93 өндөртэй, дараагийн хүү маань 1, 87 орчим, охин маань  над шиг өндөртэй. Хүмүүс болохоор надаас “Танай хүүхдүүд их биерхүү юм аа, та юу өгөөд байдаг юм” гэж асуунаа. Би болохоор хариуд нь “Сайн идүүл, сайн унтуул, сайн хөдөлгө” гэдэг юм. Өсөж байгаа хүүхдүүдэд энэ их хэрэг болдог . Зарим хүмүүс болохоор хүүхдүүдээ бөөцийлээд л витаминаар тордоод байдаг.  Уг нь дэмий юм шүү дээ.

Тав. Лос-Анжелосийн монгол номын сан

-Г.Галбадрах: “Монгол номын сан” байгуулсан тухайгаа дурсвал?

-Г.Алтанхуяг: Би болохоор түүх, шашин чиглэлийн ном нилээд уншдаг, Ганаа болохоор уран зохиолын ном их уншина. Монголоос ирж байгаа найз  нөхөд ном их авчирч өгнө, ах дүү нар хүн явахаар ном өгч явуулдаг. Тэгсээр нилээд их номтой болцгоосон. Түүнийгээ уншиж дуусчихаад, “хүмүүст уншуулах хэрэгтэй юм байна” гэж хоорондоо ярьдаг байв. Тэгээд “номын сан” байгуулж, хүмүүстэй хамтарч ажиллая гэж шийдсэн л дээ.  Тэр үед  Дашдорж, Монголчуудын Холбооны дарга байсан юм. Дашдоржтой уулзаж санаагаа хэлсэн чинь тэд дуртайяа хүлээж авч дэмжлээ.

-Б.Ган-Энхбаяр: 2008 оны сүүлээр энэ санаа яригдаад, 2009 оны 2 сарын 22 нд “монгол номын сан”-гийнхаа нээлтийг хийсэн.  Нэг жижиг өрөөнд цуглаад “Монголчуудын Холбоотой хамтран ажиллах гэрээ ” байгуулж байв.  Номын сангийн дүрмийг Бишүүгарам бичсэн юм. Бид хоёрын өөрсдийн 148 орчим номон дээр нийтдээ 59 ном хандиваар цуглав. Хүмүүс боломжоороо л ном хандивлахаар авчирч байв. Одоо бол нийтдээ 900 гаруй номтой болсон байгаа. Өмнө нь Хуягаа бид хоёр “ганц номоороо дагналгүйгээр, хүмүүсийг номонд дуртай болгохын тулд богино өгүүллэгийн уран уншлагын тэмцээн зохион байгуулж байвал зүгээр юм” гэж ярьж байсан юм.  Тэгээд анхны тэр тэмцээнд 9 хүн оролцож, түүнээс хойш жил болгон уламжлал болон хэвшиж байгаа.

-Г.Галбадрах:Энэ бол маш сайхан буянтай үйлс юм. Би болохоор АНУ-д байгуулагдсан анхны “монгол номын сан” гэдэг талаас нь нилээд эртнээс сонирхож байсан. Энэ чинь бас л түүх юм шүү дээ?

-Г.Алтанхуяг:2009 онд бид хоёр “монгол номын сан” гаа байгуулахад  ”Миний хөгшин жижиг гэлтгүй бүх зүйл дээрээ баримт бүрдүүлээд, болж өгвөл гарын үсэг зуруулж, болохгүй бол ядаж он сар өдөртэй нь заавал тэмдэглэж байгаарай” гэж Ганаадаа захиж байгаа юм. “Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг” гэдэг дээ. Хүмүүс зөндөө л ном хандивлаж тусалсан. Манай боксын Энхбат хүртэл тор дүүрэн ном барьчихсан, эхнэр хүүхдээ дагуулаад л “Ном бэлэглэх гэж байгаа юм шүү дээ хө” гэчихсэн манайд ирж байлаа.

-Б.Ган-Энхбаяр: Түүнээс хойш бүх зүйлээ өдөр хоногтой нь маш нарийн тэмдэглэж байгаа. Хэзээ хэн ямар ном бэлэглэсэн, хандивласан, Монголоос хэзээ ямар ном ирсэн гээд. 2010 оны арга хэмжээгээ “Монгол сургууль” дээр зохион байгуулахад Урнаа Сан-Францискогоос ирж оролцож байв.  Номын сан байгуулахаар ярилцаж байхад Хуягаа “Их сайхан дуулдаг хүн, гоё дуулаад байхад хүмүүс тэгтлээ сонсдоггүй байвал ямар байх вэ?.  Ийм сайхан номнуудыг хүмүүс уншихгүй юм бол, энэ номны сайхныг нь хэн мэдэх юм бэ?” гэж хэлж байсан. Хуягаа” номыг хайрлаж дээдлэх ёстой” гэж үздэг болохоор номыг бие засах газар оруулах, номны хуудсыг нь нугалахад хүртэл дургүй.

-Г.Галбадрах: Номыг хүндэлж, дээдэлнэ гэдэг чинь их ч сайхан заншил. Харин хүн болгон тэгж ойлгодоггүй талтай.

-Б.Ган-Энхбаяр:  Номын сан ажиллуулахад сайн юм зөндөө байдаг ч саар юм бас мундахгүй ээ.  Зарим хүн ном уншина гэж авч явчихаад, хугацаандаа авчирч өгөхгүй.  Зарим нь ном сонирхож үзэж байснаа бариад гараад явчихна. Зарим номыг авч явчихаад хуудсуудыг салгаад аваад ирнэ, зарим номноос тэр айлын  ”үнэр” үнэртдэг гээч. Ном гэдэг чинь харахад ном боловч, арчилгаа, ажиллагаа ихтэй. Ном гэдэг чинь хүний оюуны бүтээл, нөгөө талаар мөнгө.

-Г.Галбадрах:Бас номнуудыг хадгалах, арвижуулах, арчлах гэдэг амаргүй байх л даа?

-Б.Ган-Энхбаяр: Номоо катологижуулна, дугаарлана, байнга тоосыг нь арчиж байх гээд арчилгаа мундахгүй. Эхний үед ном л бол ном гээд аваад байдаг байсан бол,  одоо чанарт нь илүү анхаарч байгаа.Одоо номнууд маань 6 ангилалтай байгаа. Уран зохиолын, орчуулгын, сургалттай холбоотой, шашны, хүүхдийн, сэтгүүлүүд гэхчилэн.  Нэг номоо 2$-оор, сэтгүүлээ 1$-оор уншуулдаг юм. Номоо хэд хэдэн удаа алдсанаасаа хашраад одоо бол ном авч унших хүнээсээ 20 $-ын “баталгаа” авдаг болсон. Хэрээрээ хичээж, юм юм сурч л байна. Энэ чиглэлийн мэргэжлийн хүмүүсээс болон фейсбуук дээрх ийм чиглэлийн группуудтэй холбоотой болж зөвлөлгөө авч байгаа.

-Г.Галбадрах:”Утгын чимэг” -ээ яаж зохион байгуулж байна?

-Б.Ган-Энхбаяр: “Утгын чимэг”-ийг зохион байгуулахад амаргүй шүү дээ. Зүгээр зар тавиад хүмүүс ирдэггүй юм. Тэр болгонтой очиж уулзаж, учирлаж гуйна.  ”Хүмүүсийн өмнө гарч нүүр хагар, өөрсдийгөө нээ,  хэл яриагаа зүгшрүүл” гэхчилэн аргадна. За тэгээд арга хэмжээ болох газраа олох, бай шагналаа олох, байр саваа засч бэлтгэх гээд ажил мундахгүй. Номын сан болон “Утгын чимэг”-ийн логотой болж байгаа.  Спорт урлагийн олон арга хэмжээнд боломжоороо л хандив босгож, арга хэмжээ болгон дээр “Номын сан”-гийн нэрээр шагнал олгож байгаа. Бид мөнгөтэй дуртайдаа биш, “энд нэг номын сан байгаа шүү” гэж хүмүүст сануулаад,  сурталчлаад байгаа  хэрэг юм.

-Г.Галбадрах: Та нар бас “Америк дахь монголчуудын уран үгсийн чуулган”-д жил бүр оролцож, “Монгол номын сан”-гийн нэрэмжит шагнал олгож байгаа тань бусдыг дэмжиж байгаагийн нэгэн сайн илрэл.

-Б.Ган-Энхбаяр: Тэгэлгүй яахав. 2011 онд Лхамаа утсаар ярьж “Уран үгсийн чуулган” зохиоин байгуулах гэж байгаа талаараа танилцуулж, ирж оролцохыг урьсан. Эхний жил манайх 4 оролцогчидтой очиж, Сосорбарам маань “тусгай шагнал” авч, 2012 оны Чикагогийн наадамд “ганч морьтой” очоод түрүүлсэн. 2013 оны Вашингтон ДС хотноо зохион байгуулагдсан арга хэмжээнд 4 оролцогч оролцож Сосорбарам маань 2-р байр эзэлж, Мөнхтөр, Номуундарь нар “тусгай шагнал” авлаа. Жил бүрийн энэ арга хэмжээнд манай “монгол номын сан”-гаас “Үзэгчдийн таашаалд нийцсэн уншигч”-ийн шагналыг уламжлал болгон олгож байгаа.

-Г.Галбадрах: Энэ жил “Америк дахь монголчуудын “ТУЛГА” уран үгсийн чуулган” танай номын санг түшиглэн Лос-Анжелос хотноо болох гэж байгаа.

-Б.Ган-Энхбаяр: Харин тийм ээ. Энэ жилийн арга хэмжээг зохион байгуулахаар “амалж” авсан болохоор одооноос санаа тавьж, бэлтгэлээ базааж байгаа. Гэхдээ энэ арга хэмжээ бол зөвхөн “монгол номын сан”-гийн ажил биш,  Лос-Анжелест ажиллаж, амьдардаг бүх монголчуудын хамтын ажиллагаа болон дэмжлэг дээр л тулгуурлаж явагдана шүү дээ. Мэдээж энэ арга хэмжээ жилээс жилд улам төгөлдөржин, их аятайхан чиглэлдээ орж байгаад бид ч баяртай байгаа. Тэгэхээр өмнөх жилүүдийн зохион байгуулалтын алдаа оноог тунгаан илүү боловсронгүй, хүмүүсийн сэтгэлд нийцэхүйц болгох тал дээр гол анхаарал төвлөрч байгаа. Уг нь энэ “Уран үгсийн чуулган” болон “Утгын чимэг” наадмууд чинь гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд гэлтгүй бүх монголчуудын хэмжээнд эх болсон монгол хэл болон Монголын үргэлжилсэн үгийн зохиол, яруу найргийн яруу тансаг хэллэг, өгүүлэмжийг хүмүүст хүргэх боломж гэж бид харж байгаа юм.

-Г.Галбадрах: Би нилээд эртнээс та хоёртой уулзаж ярилцах сан гэж бодож байлаа. Энэ удаад боломж тохиож,  хууч хөөрч суухад сайхан байлаа.  Алив зүйлийг санаачлах амархан ч, хийж хэрэгжүүлэн, хүмүүст хүргэх гэдэг амаргүй. Бусдын бие бялдрын хөгжил, сэтгэл оюуны хөгжилд  тус болж байгаа сэтгэл болон санаачлагад тань маш их талархаж байна. Сайн санаачлага болгон хэзээ ямагт үр шимээ өгдөг. Та хоёрт болон танай гэр бүлд хамгийн сайн сайхны ерөөлийг бэлэгдье.

-Г.Алтанхуяг: Танд ч бас их баярлалаа. Бид “өөрсдөө л болж байгаа юм чинь, бусад хүмүүс сайн муу явах нь бидэнд хамаагүй” гэж бодож болохгүй л дээ. Хүн болгон дор бүрнээ хичээж, өөртөө байгаа боломжоороо бусдад тус дэм болж явбал, ажил үйлс нь ч аяндаа л бүтэж, сэтгэл санаа,  ахуй амьдрал нь дандаа өөдрөг сайхан явна гэдэгт бид итгэдэг. Тэгж байж л монголчууд бид хөгжинө шүү дээ.

-Б.Ган-Энхбаяр: Өнөөдөр гурвуулаа сайхан ярьж суулаа. Угаасаа монголчууд бид чинь нэг нэгнээ хүндэлж, байгаа цай хоолоороо дайлж, болж өгвөл тус дэм болж байх гэж хичээдэг хүмүүс. Бие биедээ тусалж, дайлж байхын муу гэж ер үгүй. Бид өөрсдөө ингээд сурчихвал бидний үр хүүхдүүд хүртэл бие биедээ тэгж хандаад сурчихна. Юухныг ч болов сурч байхад хүмүүст тэр хэрээрээ л тус хүргэж чаддаг. Дор бүрнээ хичээж явбал монголчууд бид чинь их мундаг хүмүүс юм шүү дээ.

 

…Энэ бүхний эцэст би юу бодсон гээч. Хүний амьдралын хамгийн үнэт эрдэнэ болсон гэр бүл гэдэг нандин ертөнц дотор ямар аугаа хүсэл мөрөөдөл, тэсвэр тэвчээр, ойлголцол тохиролцоо, зорилго тэмүүлэл оршиж байдгийг бид тэгтлээ анзаардаг бил үү? Бусдад амархан юм шиг санагдах үйлдэл болгон ямар их тэвчээр, хүлээц дунд бий болдгийг бид мэдэх бил үү? Амар амгалан гэр бүл дотор хүүхдүүд аандаа л өөрсдийн үнэ цэнээ бүрдүүлж  байдгийг бид ухаардаг бил үү? Тэд бидний монголчуудын дунд  байдаг эгэл жирийн хэрнээ сайхан гэр бүл.  Тийм болоод л тэд бусдад, өөрсөддөө байгаа боломж бүрээрээ дэм болж баярлуулахыг хичээдэг. Энэ хичээл зүтгэл нь олон олон монголчуудад тус дэм болж байгаа. Танай гэр бүлд  сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

e-mail:   gala_mn@yahoo.com


URL:

Сэтгэгдэл бичих