ГАЗРЫН АЛБАНААС ТӨРСӨН ТЭРБУМТАН НИЙСЛЭЛИЙН МАН-ЫГ АТГАХ УУ?

Хийгүй, хэрийн юманд барьц алдаггүй МАН-ын дарга М.Энхболд хэвлэлийнхэнд төдийгүй улс төрчдөд сул талаа атгуулчихаад байгаа нь Ц.Сандуй. Миеэгийн хүүг хотын дарга сэтэртэй явахад газрын албаны даргаар ажиллаж байсан Ц.Сандуй хотын аль л өнгөтэй өөдтэй газрыг зувчуулж, хөрөнгөжсөн баян эр.

Түүний мэдэлд “Metro Mall”, Солонгосын  худалдаа үйлчилгээний сүлжээ төв болох “Home palace” “Бизнес сентр” Замын цагдаагийн ойролцоох өндөр тансаг шилэн  барилгууд хамаарагддагаас гадна уул уурхайн бизнест ч хоосонгүй их хэмжээний хөрөнгө эргэлдүүлдэг гэлцэнэ.

30 гаруйхан насны шавилхан эр хаанаас хэрхэн толгой эргэм их хөрөнгө босгосон бэ? Ойрын хүрээнийхэн нь түүнийг хотод газрын албаны даргын алба хашиж байх хугацаандаа хотын төвийн газрыг зарж, зуучилж багагүй мөнгө хураасан гэдэг нь ч оргүй үг биш бололтой. 2013 оны 3 сарын 15-ны өдөр Хотын дарга Э.Бат-Үүл 307 тоот захирамж гаргаж өмнө засгийн үед олгогдсон уул уурхайн зөвшөөрлүүдийг цэгцлэх үүргийг НӨХГ-ын дарга, санхүү эдийн засгийн газрын дарга нарт үүрэг болгосноор нийслэлийн газрын албаны даргаар ажиллаж байсан Ц.Сандуй тэргүүтэй нэр бүхий эрхмүүдийг цагдаагийн байгууллага уул уурхайн лиценз зөвшөөрлийн асуудлаар шалгаж эхэлсэн.

Харамсалтай нь нэр нөлөөтэй, мөнгөтэй эрхмүүдийн сэтэртэй хэргүүд цагдаад очоод ор сураггүй замхардагын нэг адил Ц.Сандуйн уул уурхайн хууль бус лицензын асуудал он дамнан сураг тасарсан. МАН-ын сэтэртэй хурган дарга нар буюу хэвлэлийнхний нэрлэсэнээр нам дагасан жараахайнуудыг АН-ынхан толгой дараалан АТГ-д шалгуулж , дээлийг нь нөмөргөсөн атал хотын төвийн өндөр зэрэглэлийн газар зарж хөрөнгөжсөн Ц.Сандуйг хууль хяналтынхан зүв зүгээр толгойг нь илээд өнгөрөөсөн нь МАН-ын дарга М.Энхболдын нөмөр нөөлгөөс гадна Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нөлөө гэж намын цагаан байраар шивэр авир хийлдэж байна. Нийслэлээс төрсөн тэрбумтан эр тал тохой тэлж, ерөнхийлөгчтэй ганзага нийлсэн бол хууль хяналтын байгууллага бэлтэй эрийн өмнө хүчгүйдсэнд гайхаад байх зүйл үгүй.

Тэр ч бүү хэл түүний нам дагасан улс төрийн карьер гэрлийн хурдаар өсч,  2016 онд УИХ-ын гишүүний зөөлөн суудал халаасанд нь “бат” бололтой. Түрүүлж ургасан чихнээс сүүлд ургасан  эвэр урт гэдгийг ах нартаа сануулж, нийслэлийн намын хороог дахин атгаж, 2016 онд жагсаалтаар саарал ордонд морилж мэдэх энэ эрийн уяаг нь богиносгоё гэх шум нам дотор тэнүүчлэх болж. МАН-ын дарга М.Энхболдыг мөлжих мөлжүүргүй болтол олон жил үлгэсэн хэвлэлийнхэн түүний сүүдэр дор хөрөнгөжиж, улс төрд ногоон гэрлээр өсч яваа Ц.Сандуйг газрын наймаачнаар цоллож, МАН-ын даргын шарханд давс үргэх болж.

МАН нийслэлийн удирдлагаа өөрчлөх тухай яригдаж эхлүүт Ц.Сандуйн бөгсийг ухаж, М.Энхболдыг давхар цохилтонд оруулж байгаа нь С.Батболд С.Баяр нарын зүгээс шидсэн чулуу гэдэг нь оргүй ч үг биш бололтой. М.Энхболдын сул тал болчихоод байгаа Ц.Сандуйн хандыг хага дарж чадах ганц хүнээр Д.Сумъяабазар нэрлэгдэж байна. Дүрмээрээ бол МАН Их хурлаа хийж намынхаа удирдлагыг шинээр бүрэлдүүлсэний нэг адил нийслэл дүүрэгтээ салхи оруулж, шинэ хүний гарт өгөх учиртай. Чухам хэний гарт өгөх вэ гэдгээс энэ намын ирэх сонгуулийн өнгө харагдана. Тусгаар тогтнолын ордон нэртэй гантиг ордон дотор Д.Сумъяабазарын ноёрхол хэрээс хэтэрч байгаа тухай дуулдах болж. УИХ-ын отгон гишүүн барьцаа лавшруулж нийслэлийн намын хороог атгах цаашлаад Удирдах зөвлөл, намын даргыг базаж ч мэдэх тухай шивэр авир хийх болсоноос харахад намын удирдлагууд Хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ын даргад аль нэг сул талаа атгуулсан нь лавтай. Хачирхалтай нь намын удирдлагууд өнөөдрийг хүртэл нийслэлийн удирдлагаа солих тухай ган хийхгүй байгаа нь хотын фракц Ц.Сандуйгаа улираан ажиллуулж 2016 онтой хав дөрвөлжин золгох сонирхолтой байгаа харуулж байна.  Тун удахгүй тов зарлагдах МАН-ын нийслэлийн намын хорооны даргын сонгууль өнгөн дээрээ Ц.Сандуй, Д.Сумъяабазар 2-ын дунд өрнөх боловч М.Энхболд С.Батболд 2-ын хэн нь нийслэлд ноёрхож, эрх мэдлээ хэрэгжүүлэхийн төлөөх тулаан өрнөнө. Давхар ялагдал амсч, сөрөг хүчний дүрдээ орж чадахгүй байгаа МАН-ын нийслэл дэхь эрх мэдлийг газрын наймаачин Ц.Сандуй барих уу? амбийц нь амтагдаж байгаа отгон гишүүн Д.Сумъяабазар хэрэгжүүлэх үү гэдгийг харахад цөөн хоног үлдлээ.


URL:

Нэр: suuri Огноо: 17 April 2015

uheeseedee iimerhii yumnuud

Сэтгэгдэл бичих