Сайхан зан ааш нь насан туршийн баялаг мөн
Монголчуудын хамгийн шилдэг уламжлал бол сайхан зан ааш билээ. Бидний багад настан буурлаа хүндэтгэсэн, балчир дүүмэд хүмүүсээ хайрлан халамжилж, бас ирсэн очсон хүмүүстээ эвтэй найртай, яриа хөөрөөтэй, инээд наргиатай их л сайхан зантай хүмүүс байдагсан.
Улс нийгэм, хүний оюун ухаан хөгжсөн, эрдэм соёл дээшилсэн өнөө үед тэр сайхан зан ааш хувирамтгай болжээ. Юугаар ч сольж орлуулж болшгүй эрхэм нандин чанар бол хүний мөс, зөв зөөлөн сэтгэл билээ.
Хүн хүнээ хүндэтгэдэг, бие биеэ хайрладаг, эх захаа мэдэх, авах гээхийг ойлгох, ам хэлээ татах, аядуу зөөлөн ааш, араншин зарим талаар алдагдаж, бие биеэ отож гэтсэн, олж матсан, хөрөнгө мөнгө шүтсэн, алдар нэр хөөцөлдсөн байдал илрэх боллоо.
Өрх гэрт уур уцаартай, ухамсар соёл доройтож, итгэл сэтгэл, хайр халамж муудаж, шударга бус байдал ч газар авах хандлагатай. Гэхдээ мэдлэг инноваци, манлайлал, нэр хүндээрээ хошуучилж яваа бие хүн, өрх гэр бүл дийлэнх нь байгаа гэтэгт итгэлтэй байна.
Бяр дуусдагч, ухаан дуусдаггүй гэгчээр яавал зөв сайхан амьдарч болох, түүний эх сурвалж, арга зам нь юу болох тухай мэдрэмж, мэдээлэлтэй хүн, мэдээж сайхан ааштай байх нь сэтгэл зүйн тогтолцоотой. Тэгэхээр зан аашийн сайхан байх нь сэтгэхүйн эрүүл орчин, амьдралын зөв хэв шинж, айл өрх, аав ээжээс өвлөж, хоцорсон унаган хүмүүжил, төрмөл ухаан юм. Харин ааш зангаа хувиргах нь хүмүүжил муутайнх төдийгүй сэтгэхүйн сахилга батын хариуцлагагүйнх гэж боловсрол судлалын ухаан үздэг.
Амьдрал хариуцлага
Ардчилал эрх чөлөө бол хариуцлагын нөгөө тал бөгөөд харин ч хариуцлагатай, сахилга баттай байвал ардчилал жинхэнэ утгаараа хөгжих билээ. Хариуцлагагүйн ардчилал гэж байж болохгүй. Хэрэв байвал тэр нь анархизм /дур зоргоороо, замбараагүй байдал/ гэж ойлгож болно.
Хариуцлага гэдэг сэтгэл зүйн талаасаа / зорилгоо ухамсарлаж, бие сэтгэлээ бэлтгэж, нийгмийн ба хувийн сахилга бат сахихыг/ хэлнэ. Хариуцлага ерөөс гурван талтай Хүний сэтгэхүйн сахилга батыг хэрэгжүүлэх арга ухаан юм
Ах захаа алдах, хэлэх ярихаа үл цэнэх, авах гээхийг огоорох зэрэг нь сэтгэхүйн сахилга бат сул байгаагийн шинж. Монголчууд ухаангүй толгой биеэ зовооно гэж мэргэн сургасан байдаг. Цагийн хязгаарт үйлийг гүйцэтгэх чанар Цагийн юмыг цагт нь чанартай хийх гэсэн ойлголт юм.
Манайхны нэг дутагдал нь цаг үл баримтлах явдал байдаг. Энэ нь цагийн багцаа муутай монгол уламжлал нөлөөлсөн байх талтай ч цаг хором бүрийг хэмнэж, цагийн юмыг цагт нь хийснээр амжилт бүтээл гарч хариуцлага шалгагдгийг мартах ёсгүй ээ. Тогтсон журам, дэглэм, ёс суртахууныг хувь хүн өөрийн ухамсараараа биелүүлэх үйлийн хариуцлага.
Хэний ч шахалтгүйгээр хийх юмаа эзний ёсоор хийдэг үйл буюу нэг ёсны хувь хүний ухаан ухамсар, сахилга бат, хүн хүнээ хүндлэх, хийх ажлаа бие даан гүйцэтгэх үүргийг хариуцлага гэж ойлгож болно.
Ингэхлээр хариуцлага бол хүний голч чанар, ухаалаг байдал, аливааг харьцуулж үзэх үзэл, амьдралд хандах зөв хандлага болох нь харагдаж байна. Хариуцлагыг хэлбэржүүлэхэд хамтын ухаан, эв эе, манлайлан дагуулах чадвар, хүнтэй ажиллах арга барил чухал. Хариуцлагатай байж хувь хүн өөрөө бас нийгэм хөгжих болой.
Ш. Баатарчулуун
Эх сурвалж: “Эрх чөлөө” сонин
URL: