Монголын төр Мүүний Солонгосчуудтай хамтран наадам хийнэ

Солонгосын Мүүн гэх шашны талаар сэрэмжлүүлдэг. Монголын хэвлэлүүдэд энэ шашныхан гадаад орнуудад юу хийдэг талаар өмнө нь бичиж байв. Мүүний шашин Монголд нэвтрээд багагүй хугацаа өнгөрчээ. Гэвч мүүнийхэн өөрсдийгөө шашныхан гэдэггүй, харин энх тайван, сайн сайхны төлөө байгууллага нэрийн дор ажилладаг тул үйл ажиллагаа нь нууцлаг. Тэд монгол хүүхэд залуусыг нэг дор амьдруулж хачин жигтэй ёслол үйлдүүлдэг, энэ байгууллагад элсээд солонгос иргэдтэй гэр бүл болох тохиолдол олон гэх зэрэг зүйлс дуулддаг. Гэтэл тэд Монголд ямар их нөлөөтэй болсныг саяны үйл явдал харууллаа.

Ирэх наймдугаар сарын сүүлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Дэлхийн энхий их наадам сан” гэх байгууллага Монголд “Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам” гэгчийг зохион байгуулах гэж байна. Харин энэ байгууллагын тэргүүн нь Мүүн гэгч солонгос хүн ажээ. Мүүн энэ онд Монголд ирээд буцсан ба монгол хүүхэд залуустай уулзахдаа тэнгэр заяат солонгос үндэстний талаар сурталчилж байжээ. Тухайн үед Монголын гол мэдээллийн хэрэгслүүд бүгд энэ тухай мэдээлсэн учраас энэ бол баттай мэдээ юм. Энэ оны 4 дүгээр сарын 22-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны вэб сайт, “Өдрийн сонин” болон мэдээллийн гол вэб сайтуудад “Дэлхийн энхийн их наадам сан” Монгол Улсын Ерөнхийлөгч, Гадаад харилцааны яамтай хамтран “Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам” хийнэ гэх албан ёсны мэдээг цацсан болно.

Солонгосын Мүүн ба Монголын төрийн эрх баригчид ямар замаар дотно холбогдсоныг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ Монголын төрийн ивээл дор солонгосчуудын хийж буй энэ наадмын цаад учир юу вэ гэдэг нь одоо ил болжээ. Арваад жилийн өмнө Хятадын түүхчийн бичсэн “Гадаад Монголын тусгаар тогтнолын нууц учир” гэдэг ном манай улсад орчуулагдан хэвлэгдэж билээ (Номыг хэвлэсэн даруй худалдаанаас буцаан татсан). Тус номд монгол, хан үндэстнүүд эртнээс нэг түүхтэй бөгөөд Монгол гэх тусгаар үндэстэн байгаагүй, харин өнөөгийн Монгол нь зуугаад жилийн өмнө оросуудын байгуулсан тоглоомын улс гэж бичжээ. Энэ нь өнөөгийн Монгол үндэстэн тусгаар улс байх ёсгүй гэх санаа.

Тэгвэл Зүүн Өмнөд Азийн полинез гаралтай гэгдэх солонгосчуудын дунд монгол, солонгос үндэстэн нэг түүхтэй гэх үзэл дэлгэрч байна. Хэдэн жилийн өмнө солонгос эрдэмтэд Монголын түүхийг Солонгосын түүхийн нэг хэсэг гэж үзэх хэрэгтэй гэсэн мэдээ Өмнөд Солонгосын “Донга илбо” гэдэг төвийн сонинд нэг бус удаа гарч байсныг тэнд байсан хүмүүс мэдээлж байсан билээ. Үнэхээр ч дараахан нь Өмнөд Солонгосын түүхэн кинонд монголчуудтай гарал нэг киданчуудыг солонгосын нэг овог аймаг мэтээр харуулсан кино хийгдэж түүнийг нь Монголын телевизүүдээр үзүүлсэн. Солонгосчууд эртний Хүннү төдийгүй 13-р зууны татаарууд ч солонгос угсаатай байсан гэж бичих болжээ. Харин үүнийг нь манай түүх, хэл судлаачид ишлэсэн байх юм. Солонгос түүхчийн үздгээр өнөөгийн монголчуудын бие даасан улсын түүх бас л эргэлзээтэй. 2009 оны 8 сард Монголд болсон хуралд Өмнөд Солонгосын судлаач Сүк Жун Хан илтгэл тавихдаа Монгол нь тоглоомын улс байсан гэж үзэж байв.

Одоогоос яг 100 жилийн өмнө бидний өвөг эрх чөлөөнийхөө төлөө чин сэтгэлээр эрслэн босч тусгаар тогтносон “шинэ” Монгол Улсын түүхийг эхлүүлсэн билээ. 20-р зуун монголчуудын тусгаар тогтнолын тэмцлийн зуун байсан. Тэр тэмцлийн ачаар бид одоо “тусгаар улсын иргэн” болжээ. Харин 2011 онд Монголын үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгчдийг дурсах тэмдэглэлт ой болох ёстой байлаа. Биднийг тусгаар улсын иргэн болгосон жинхэнэ баатруудаа мартаж болно гэж үү?

Гэтэл Монгол үндэстний тусгаар тогтнолын ойтой давхцуулан Монгол Улсынх нь Ерөнхийлөгч яаран сандран зарлиг гаргаж өөрөө ч сайн мэдэхгүй Хүннү гүрний ой гэдгийг тэмдэглэх болов. Ингэхдээ монголчуудын түүхийг өөрийн түүхийн хэсэг гэж үздэг, Монгол улсыг жинхэнэ биш тоглоомын улс гэж үздэг харийхны санаанд нийцүүлэн түүнийгээ хийхээр боллоо.

Ийнхүү шинэ Монгол улс мандсан 100 жилийн түүхэнд Монголын төр анх удаа өөрийн түүхийг бусдын түүхийн хэсэг, өөрийн нутгийг бусдын түүхэн газар нутаг гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрч байна.
Монгол хүн өнөөдөр гутамшигт амьдралаар амьдарч байна, магадгүй эх ороныхоо хөрс шороон дээр мэдэх зүйл түүнд тун цөөн үлдсэн байх гэж ярьж байна. Захын ганц жишээ. Гадаадын компани Улаанбаатарын усны нөөц Туул голын эрэг дээр өөрийн зугаа цэнгээний байгууламж байгуулахын тулд тэндэхийн айлуудыг хөөжээ. Олон жил амьдарч дассан газраасаа хөөгдсөн нөгөө Монгол хүмүүс хаа очихоо мэдэхгүй байх нь үнэхээр өрөвдөлтэй. Энд хүний эрх гэдэг ойлголт байхгүй ажээ.

Одоо Монгол хүн өөрийн түүхийг үнэнээр мэдэхийг хориглож байна. Өөрийнхөө түүхийг мэдэхгүй ард түмэн хэн ч биш. Өнөөдөр гадаадын мэдээллийн хэрэгслүүдээр тэд Монголын тариалангийн газар нутгийг авлаа гэж шуугиж байна. Үүнтэй зэрэгцээд тэд Монголоос авсан газраа өөрсдийн түүхэн газар нутаг гэж нэрлэх ажээ. Тэд танай түүх чинь ийм байсан, бид танай нутгийн эзэн байсан, танай улс тоглоомын улс байсан гэж итгүүлсээр, ерөөсөө та нар бие даах чадваргүй гэдгийг л сануулж байна. Эцсийн дүнд өөрийгөө хэн гэдгийг мэдэхгүй Монгол хүн өөрийн хүчээр амьдрах чадваргүй, бусдын гараас хоол эрэх мал мэт болох учиртай. Харин энэ эгзэгтэй үед Монголын шинжлэх ухааны байгууллагад шургалж, эрдэмтэн доктор цол зүүсэн зальт этгээдүүд Хүннү гүрний ойг олз ашгийн нүдээр шуналтайяа харж уухайлах ажээ.

Цог-Оршихбат


URL:

Сэтгэгдэл бичих