Эрдэнэцагаанд үүссэн улс төрийн нөхцөл байдлын асуудлаар Ерөнхийлөгчид хандана

Эрдэнэцагаанд үүссэн улс төрийн нөхцөл байдлын асуудлаар Ерөнхийлөгчид ханданаСүхбаатар аймгийн  Эрдэнэцагаан сумын ИТХ-ын төлөөлөгч Ч.Адьяасүрэн, сумын МАН-ын хорооны дэд дарга Д.Оюунбилэг, залуучуудын төлөөлөл Д.Жагварал, Б.Сайнжаргал, А.Оюун-Эрдэнэ нар тус суманд үүссэн улс төрийн нөхцөл байдлын талаар өчигдөр  хэвлэлийн бага хурал хийлгэлээ.

2012 оны орон нутгийн сонгуулиар Эрдэнэцагаан сумын ИТХ-д МАН 14, АН 13 суудал авчээ. Гэтэл мөн оны арванхоёрдугаар 7-нд сумын ИТХ дахь цөөнх буюу АН-ын 13 төлөөлөгч ИТХ-ын хууль бус анхдугаар  хуралдааныг хийж, даргаа сонгон, Засаг даргад нэр дэвшигчээ тодруулж, аймгийн Засаг даргад өргөн барьжээ. Харин ИТХ-ын олонхи бүрэн эрхийн дагуу арванхоёрдугаар сарын 14-нд ИТХ-ын хууль ёсны хуралдааныг зарлан хуралдуулсан боловч АН-ын бүлэг хуралд оролцох боломжгүй гэж мэдэгджээ. Тиймээс   олонхи буюу МАН-ынхан 51.8 хувийн ирцтэйгээр хурлаа хуралдуулж, ИТХ-ын даргаар Д.Нандинцэцэгийг сонгожээ. Сумын Засаг даргад Ч.Энхцэцэгийн нэрийг дэвшүүлж аймгийн Засаг даргад өргөн барив. Гэвч аймгийн Засаг дарга Ж.Батсуурь АН-ын төлөөлөгчдийн хийсэн хурлаас нэр дэвшүүлсэн Амартайван гэгчийг Засаг даргаар батламжилсан байна. Тэр ч байтугай  Эрдэнэцагаан сумын ИТХ дахь АН-ын төлөөлөгчид ИТХ дахь олонхийн хийсэн хурлын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг хуулийн байгууллагад тавьжээ.

Аймгийн захиргааны хэргийн шүүх АН-ын бүлгийн хуралдуулсан ИТХ-ын хуралдааны шийдвэрийг хүчингүй болгожээ. Үүнээс зургаан сарын дараа  Захиргааны хэргийн шүүхээс ИТХ-ын олонхийн шийдвэрийг хүчинтэй гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, МАН –ын бүлгийн ирцээ бүрдүүлэн хуралдсан хуралдааныг хүчинтэйд тооцон, ИТХ-ын дарга Д.Нандинцэцэг, Засаг даргад нэр дэвшсэн Ц.Энхцэцэг нарыг  бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн байна.   ИТХ-ын хууль ёсны дарга Д.Нандинцэцэг 2013 оны аравдугаар сард ажлаа хүлээн авчээ. Гэтэл ажлаа хүлээж аваад удаагүй байтал аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон комисс тус суманд ирж, түүний өмнө эрхлэгчээр нь ажиллаж байсан цэцэрлэгийн санхүүгийн баримтуудыг ухаж төнхөн, ямар нэгэн “но” илрүүлэхээр улайрчээ. Улмаар эрүүгийн хэрэг үүсгэн өнөөг хүртэл ажлаа хийх боломж олгохгүй, шалгаж байгаа гэх. Саяхнаас нэмээд түүнд дахин нэг хэрэг тохох гэж санаархаж байгаа нь тамга тэмдэг нуусан гэх хэрэг. Яагаад гэдгийн учрыг өгүүлье.

Энэ  оны төсөв хэлэлцэх болж, ИТХ-ын ээлжит хуралдааныг 2014 оны нэгдүгээр  сарын 17-нд хуралдуулахаар зарлажээ. Уг  хуралдаанаар төсвийн төсөл, газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэрэг дөрвөн асуудлыг хэлэлцэхээр ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарсан байж. Гэтэл АН-ын төлөөлөгчид  зохион байгуулалтын асуудал хэлэлцэхээр асуудал оруулж ирснээр өнөөдрийн нөхцөл байдал үүсчээ.  МАН-ын бүлэг хурлыг нээлттэй орхин гарч,  АН-ын төлөөлөгчид хууль бусаар хуралдааныг үргэлжлүүлж, ИТХ-ын даргаар  Амгаланбаатарыг сонгож, Засаг даргад Амартайваныг дахин нэр дэвшүүлсэн байна. Ингэхдээ ИТХ-ын хууль бус хурлыг даргалж байсан  нэг төлөөлөгч нь ИТХ-ын албан бичгийн бланкийг ашиглан тогтоол үйлдээд л асуудлыг шийдчихэж. МАН-ын бүлэг энэ асуудлаар аймгийн Захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа юм байна.  Уг хууль бус хурлын дараа  буюу саяхан хоёрдугаар  сарын 8-нд аймгийн цагдаагийн хэлтсийн Эрүүгийн  тасгийн дарга, хошууч Б. Ганхуяг, мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Ганзориг нар аймгийн орлогч прокурор Сүхчулууны зөвшөөрөлтэйгээр  Эрдэнэцагаан суманд  очиж, ИТХ-ын дарга Д.Нандинцэцэгийн албан өрөөнд болон гэрт нь ИТХ-ын даргын тамгыг хүчээр авах зорилгоор нэгжлэг хийжээ. Ингэхдээ албан өрөөнийх нь хаалгыг эвдэн орж,  хорино, цагдана гэх зэргээр сүрдүүлсэн байна.  ИТХ-ын хууль ёсны дарга тамгаа дурын хэн нэгэнд шилжүүлэх ёсгүй учраас ямар нэгэн аргаар хамгаалж үлджээ. Чухам энэ нь аймгийн цагдаагийн байгууллагад   тамга нуусан гэх хэргээр шалгагдах сэжүүр болсон байна.   Гэвч ИТХ-ын хууль ёсны хурлаас сонгогдсон, энэ нь шүүхийн шат шатны ийн шийдвэрээр баталгаажсан дарга тамгаа хэн нэгэн хүн, хэсэг бүлэг этгээдийн хүссэнээр шилжүүлэх нь өөрөө хуульд харш учраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Эрдэнцагаан суманд үүссэн энэ мэт бусармаг асуудлаар   Монгол Улсын Ерөнхийлөгчид хандахаар зэхэж байгаагаа хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо.

 

 


URL:

Сэтгэгдэл бичих