“Билиг дэмбэрэлгүй 76″
УИХ-ын 76 гишүүн ард түмний итгэлээр тэдний төлөөлөл болон сонгогдож, дөрвөн жилийн хугацаанд иргэдийнхээ амьдралд хэрэгтэй зүйлийг хийх учиртай биз. Гэвч шинэхэн дээрээ сонихон гэдэг шиг сонгогдохдоо л ард түмэндээ жигтэйхэн хайртай, халамжтай нэгэн болж хувирдаг. Харин сонгогдоод явсан хойноо бол хэзээний тэнгэр заяат хүн шиг аашилдаг. Үүнийг хүн бүр л харж суугаа. 76 гишүүн нь ажлаа хийхгүй хэл ам таталж, жинхэнэ утгаараа ард түмнийг төлөөлж чадахгүй байгаа энэ үед 99 болговол ёстой дэмий биз. Татвар төлөгчдийн мөнгийг дэмий зүйлд үрж, үр ашиггүй зарцуулагчдын тоо л нэмэгдэнэ. Түүнээс биш овоож оцоотлоо ажиллаад, ард түмний амьдралыг дээрдүүлээд байх зүйл байхгүй л байх болов уу.
УИХ-ын гишүүн Д.Ганбат “Одоогийн парламентийн гишүүдийн 76 гэдэг тоо билиг дэмбэрэлтэй тоо биш гэнэ, яагаад наян хэд ч юм уу, 99 байж болдоггүй юм” хэмээжээ. 76 ажил таслаад, ажил нь урагшлахгүй, хэрүүл хийхээс өөр юм мэдэхгүй, өөр зуураа тэмцэлддэг шалтгаан нь ердөө л билиг дэмбэрэлгүй тоотой холбоотой бололтой дог оо.
1992 онтой харьцуулахад өнөөдөр Монголын хүн амын тоо 30 орчим хувиар өссөн байгаа аж. Тухайн үед үндсэн хуулийг баталж байхад 2 сая гаруй иргэнтэй байсан бөгөө ирэх оноос хүн амын тоо 3 саяд хүрнэ. Тиймээс хүн амынхаа тоонд дүйцэхүйц парламентын төлөөлөлтэй болох шаардлага үүсч байгааг үгүйсгэх аргагүй талаар эрхэм гишүүн хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр дурсчээ.
Н.Батаа
URL: