А.Бакей: Засаг даргыг томилохгүй сонгодог байх санал гарсан

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэхийг судлах ажлын хэсгийнхэн дүгнэлтээ гаргажээ. Тэд удахгүй дүгнэлтээ танилцуулах гэнэ. Энэ тухай УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтай ярилцлаа.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсгийнхэн дүгнэлтээ гаргасан байна. Тэд ямар өөрчлөлт хийх ёстой гэж үзэв?

-УИХ-ын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг нэг жилийн хугацаанд судалж ажиллалаа. Урьдчилсан дүгнэлтээ гаргасан байна лээ. Хаврын чуулганаар ажлын хэсгийн дүгнэлтийг сонсоод цаашдаа яах вэ гэдгээ ярилцаж таарна.

Урьдчилсан дүгнэлтээс үзэхэд Үндсэн хууль нь нийгмийн бүх талын харилцааг сайн зохицуулж байгаа, үүргээ сайн гүйцэтгэж байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, эдийн засаг, улс төр гээд нийгмийн бүх талын харилцааг зохицуулах үүргээ сайн гүйцэтгэж байна гэж үзжээ. Мэдээж энэ хууль батлагдснаас хойш 20 гаруй жилий хугацаанд нийгмийн амьдралд ихээхэн өөрчлөлт орсон. Хувийн өмч бүрэлдэн тогтож, Монгол Улсын эдийн засагт хувийн өмчийн эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг давамгайлах боллоо.  Мөн эдийн засагт оролцож байгаа өмчлөгч, үйлдвэр эрхлэгчдийн хооронд зах зээлийн өрсөлдөөн бий боллоо.

Дээрээс нь хүн болгоны сэтгэлгээнд өөрчлөлт орсон. Ажиллаж, хөдөлмөрлөж амьдарна гэсэн арга ухаанд суралцах байдал төлөвшиж байна. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэхэд томоохон өөрчлөлт гарсан зэрэг олон зүйлийг дурьдаж болно. Гэхдээ бүх асуудал сайхан гэж хэлж болохгүй. Эдийн засгийн хөгжил, нийгмийн хүрээнд ядуурал, ажилгүйдэл их байна. Ажлын хэсгийнхэн эрх мэдлийн хуваарилалтыг эргэж харах ёстой гэсэн санал хэлсэн. Тодруулбал, аймгуудын  Засаг даргыг шууд томилдог нь зөв үү, буруу юу гэдгийг эргэж харахыг сануулж байна. Засаг даргыг томилохгүй, сонгодог санал гарсан. Мөн хот гэдэг ойлголтыг Үндсэн хуульдаа тодорхой тусгах асуудлыг оруулжээ.

-Эрх мэдлийн хуваарилалтыг өөрчилнө гэдэг нь Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг уриалж байгаа хэрэг үү?

-Ажлын хэсгийн дүгнэлт бүрийг байнгын хорооны хуралдаанаар нарийвчлан хэлэлцсэний дараа энэ талаар ярих ёстой.

-Үндсэн хуулийн цэцийг Улсын дээд шүүхэд нэгтгэх, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насыг уртасгах, УИХ-д гишүүнд нэр дэвшигчийн насыг уртасгах тухай яриа байна. Ажлын хэсгийнхэн энэ талаар дүгнэлт гаргасан болов уу?

-Энэ талаар яригдаагүй.

-Ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулъя гэхэд эхлээд  ард түмнээс асууна биз дээ?

-Шууд өөрчлөхгүй. Цаашид УИХ-ын төвшинд ярьж байж шийднэ. Дээрээс нь судлаачид, мэргэжлийн байгууллага, улс төрийн намууд, иргэдээс санал авч таарна. Тэгээд ч өөрчлөлт орууллаа гэхэд амархан шийдэх асуудал биш.

-Энэ парламентын үед өөрчилж амжих нь уу?

-Зоригловол амжина гэж бодож байна. Хамгийн гол нь улс төрийн намуудын хүсэл зоригоос шалтгаална. Үнэхээр улс орны хөгжлийн төлөө санал нийлж, ойлголцож чадвал өөрчлөлт оруулна.

-УИХ-д суудалгүй улс төрийн намуудыг татан буулгах хуулийн төслийг танай байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх гэж байгаа гэх юм?

-Тийм төсөл байхгүй. Тэгээд ч улс төрийн намуудыг татан буулгах асуудал АН-ын хүрээнд албан ёсоор яригдаагүй.

-Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганаар ямар асуудал хэлэлцэж амжив. Үр дүн нь ямар байна вэ?

-Ирэх долоо хоногийн даваа гаригт энэ талаар дэлгэрэнгүй ярина.

Д.БОЛОР

polit.mn


URL: http://www.fact.mn/152681.html

Сэтгэгдэл бичих