МУИС-ийн шинэчлэл нэр хаасан ажил уу, зөв зүйл үү

527-13921747329c982f7eafc46d0bbigМонгол Улсын их сургуулийн Удирдах зөвлөлөөс сургуульд өөрчлөлт хийх тогтоолыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-нд гаргасан. Түүнийг эсэргүүцсэн багш нар “МУИС-д ардчилал сэргээх түр хороо” гэгчийг байгуулаад байсан юм. Тус түр хорооны гишүүн МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхмийн багш Б.Болд-Эрдэнэ өөрийн нэр дээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан аж.

Гомдлын дагуу Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч Т.Энхжаргал энэ сарын 07-ны өдөр МУИС-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрийг хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж үзэн МУИС-д хийгдэх бүтцийн өөрчлөлтийг түр түтгэлзүүлэх захирамж гаргасан байна. Харин БШУЯ-ны зүгээс хоёрдугаар сарын 10-ны дотор МУИС шүүхэд тайлбар өгөх ёстой байтал хоёрдугаар сарын 7-нд захирамж гаргасан нь буруу гэж байгаа юм. Энэ талаар БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн багш, доктор Б.Болд-Эрдэнэ нарын байр суурийг сонирхлоо.

МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн багш, доктор Б.Болд-Эрдэнэ: Өөрчлөлт хийсэн нэр зүүхийн тулд өөрчилж байна

-Шүүхэд хэзээ хандсан бэ?

-Удирдах зөвлөлийн тогтоол МУИС-ийн дүрмийг үл хэрэгсэж боловсролын хуулийн тодорхой заалтыг зөрчиж энэхүү шийдвэрийг гаргасан гэдэг үндэслэлээр нэгдүгээр сарын 15-нд шүүхэд хандсан. Гол нь нэгж салбар сургууль, МУИС-ийн нийт эрдмийн хамт олны санал, байр суурийг сонсолгүйгээр ийм шийдвэр гаргасан гэж үзэж шүүхэд хандсан байгаа. Харин хоёрдугаар сарын 7-ны өдөр шүүгчийн захирамж гарсан. Тэр захирамжаар МУИС-ийн шинэчлэлийн тогтоолыг түр түтгэлзүүлэхээр болсон. Өөрөөр хэлбэл бидний НЭХЭМЖЛЭЛИЙГ шүүхээр шийдвэр гаргаж, хэлэлцэж дуусах хүртэл тогтоолын хэрэгжилтийг түтгэлзүүлнэ гэсэн захирамж гаргасан байгаа.

-Түр түтгэлзүүлснээр та нарт ямар тустай гэж?

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бидэнд “та нар хууль зөрчиж байна”, “буруу юм ярьж байна”, “ер нь бол их сургуулийн дүрмээр аливаа ажлыг хийх ёсгүй” гэсэн зүйлсийг удирдлагын зүгээс, БШУЯ-ны тодорхой түшмэлийн зүгээс өгч байсан. Харин энэ захирамж бид тэдэнд өгч байгаа маш том хариу цохилт гэж ойлгож байгаа.

-Тогтоолын юуг эсэргүүцээд байгаа вэ?

-Тогтоолын 04-д нь их сургуулийн дүрмүүдийг хүчингүй болгосон өөрөөр хэлбэл эрдмийн зөвлөлийн эрх мэдэл тэдний удирдлагатай харьцдаг хэм хэмжээг устгасан. Мөн бүтцийн өөрчлөлт хийж таван сургууль байгуулсан тэнхимийн эрхлэгч, дикан зэрэг бүх хүнийг захирал томилдог, өөртөө санхүүгийн эрх мэдлийг төвлөрүүлдэг энэ бүх зүйлсийг баталгаажуулсан тогтоол. Гэхдээ энэ тогтоолыг хийхдээ өмнөх удирдах зөвлөлөөр баталсан МУИС-ийн дүрмийг хүчингүй болгоогүй. Хүчингүй болгохын тулд зохих журмаараа бол эргээд эрдмийн зөвлөлөөрөө хэлэлцэх ёстой байсан. Хэлэлцэж ярилцаад Удирдах зөвлөлд оруулах ёстой. Гэтэл энэ үйл ажиллагааг хийгээгүй. Ингээд Удирдах зөвлөлийн тогтоолыг хийсний дараа Эрдмийн зөвлөлд танилцуулах маягаар оруулж ирсэн. Эрдмийн зөвлөлийн хурал дээр “Үүнд та нар шийдвэр гаргахгүй. Энэ бол танилцуулга юм” гээд өнгөрсөн.

-Шүүхээс гаргасан захирамжийг сургуулийн удирдлагад танилцуулсан уу?

-Захирамжийг нийслэлийн Гүйцэтгэх албаар дамжуулж удирдлагуудад хүргэсэн байгаа. Гэвч энэ талаар ямар нэгэн арга хэмжээ авсан юм одоогоор алга. Тухайлбал, өнөөдөр гэхэд хичээлийн туслах ажилтнуудын талаархи тушаалаа гаргаад л явж : байна. Бид нэхэмжлэлээ нэгдүгээр сарын 9-нд өгсөн. Сүүлд асуухад их сургуулийн зүгээс ямар нэгэн тайлбар хариу ирээгүй байна гэсэн. Тэгэхээр эд нар шүүхийг илт үл тоож байгаагийн жишээ. Захирамж гарсан талаар таг дүлий сууж тогтоолынхоо дагуу тушаал гаргаж байна. Их сургуулийн багш нар хаана ямар сургуульд тэнхимд харъяалагдах юм бүү мэд. Ерөнхийдөө энэ бол өөрчлөлт хийхийн төлөө хийсэн өөрчлөлт болохоос биш ямарваа нэг зайлшгүй тулгамдсан асуудлыг шийдэх гэж байгаа өөрчлөлт биш гэдэг нь харагдаад байгаа юм. Тэгээд өөрийгөө тойрон хүрээлсэн олон хүнийг дарга болгож байгаа. Нэг хэсэг манай сургууль үндсэн баахан захирал, шинэ баахан захирлуудтай ёстой захирлуудын сургууль болох үйлдлийг эд нар хийсэн.

-Багш нарыг цомхотгох тухай ярьж байна уу?

-Ер нь бол халахгүй гэж байгаа. Өнөөдөртөө халахгүй нь ойлгомжтой. Бидний хувьд ажлаас халах, халахгүй нь гол биш үнэхээр багш хүн ажиллах эрх чөлөө, боломж, үүрэг хариуцлага, нэр төр гэдэг юм маш чухал байдаг. Түүнийгээ бид МУИС-ийн дүрмээрээ баталгаажуулсан юм. Эрдмийн зөвлөлийн эрх, үүрэг гэдэг бол бидний баталгаа. Гэтэл бидний үнэт зүйлийг шууд үгүйсгээд өөрсдийнхөө явуулгыг хийж байна.

-Тогтоолын дагуу ажлаа эхэлсэн байгаа юу?

-Тогтоол гарсны дагуу түр орлон гүйцэтгэгч, шинэ захирлуудаа томиллоо. Хуучин захирлууд болоод сургалтын албаны эрхлэгч, төгсөлтийн дараах сургалтын албаны дарга нарыг чөлөөлсөн. Өнөөдөр (өчигдөр) ажилтнуудын асуудлыг хэлэлцэнэ. Түүний дараа тэнхимийн эрхлэгч нарын асуудлыг шийдэх төлөвтэй байгаа. Ер нь албан тушаалын хөдөлгөөн яваад байгаа болохоос биш яг стратеги, төлөвлөгөө ямар зүйлийг хийх гээд байгаа мөрийн хөтөлбөр нь одоогоор байхгүй байгаа. Эд нар хийж чадах ч үгүй гэдгийг би мэдэж байна.

БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр: Эсэргүүцэх гэж эсэргүүцэж байна

-МУИС-ийн хэсэг багш нар мэдээлэл хийлээ. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс МУИС-ын шинэчлэлийг түр зогсоох захирамж гаргасан байна. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?

-Миний мэдэж байгаагаар МУИС-ийн Удирдах зөвлөлийн хоёр шийдвэр гарсан. Тэр хоёр шийдвэр хууль, дүрэм журмынхаа дагуу явсан. Иргэн ямар шүүхэд гомдол гаргаад ямар шийдвэр гарсныг одоохондоо би мэдээгүй байна. Гэхдээ хоёрдугаар сарын 10 гэхэд тэр шүүхийн тайлбарыг МУИС-ийн зүгээс өгөх ёстой байсан. Гэтэл энэ захирамж хоёрдугаар сарын 7-ны өдөр гарсан байна. Шүүгчийн нөгөө талын хуулийн этгээд МУИС-ийн зүгээс тайлбарыг хүлээж авахгүйгээр захирамж гаргасан ийм мэдээллийг би одоогоор мэдэж байна.

-МУИС-ийн Удирдах зөвлөл сургуулийнхаа дүрэм, боловсролын зарим хуулийг зөрчиж тогтоол гаргасан гээд байгаа. Энэ талаар?

-МУИС-ийн өмнө нь байсан дүрэм өөрөө хууль зөрчсөн байсан. Тэр хууль зөрчсөн бүх асуудал нь өөрчлөгдөж шинэчлэгдсэн. Бүх зүйл хуулийн дагуу болсон. Хууль, дүрэм журмынхаа дагуух тогтоолын шийдвэр гарсан. Тогтоол гаргахын өмнө бүтэн жил судалгаа хийгдсэн. Одоо буцаад шүүхийн талаасаа ч гэсэн мэдээллийг хоёр талаас нь авч үзэх байлгүй. Гэхдээ хоёрдугаар сарын 10-нд тайлбар өгөх эцсийн хугацаа байсан. Гэтэл хүлээхгүйгээр хоёрдугаар сарын 7-нд шийдвэр гарсан байна.

-Зарим багш нар “МУИС-ийн өөрчлөлтийг өөрчлөлт хийхийн тулд хийгээд байна. Түүнээс хэдэн дарга нар хамт олноос асуугаагүй, судалгаа хийлгүй албан тушаал хувааж байна” гэж мэдээллээд байна?

-МУИС-ийн вэб хуудас дээр өнгөрсөн жил хийсэн бүх судалгаанууд нээлттэй байж байгаа. Тэгэхээр энэ бол харин жинхэнэ эсэргүүцэх гэж эсэргүүцэж байгаа хэдэн хүмүүсийн хэрэг юм. Эсэргүүцэхийн оронд харин яаж нэгдэж, сайн ажиллах вэ гэж хамтарч ажиллах ёстой доктор, багш нар нь баймаар юм. Нарийн ширийн юмыг нь сайн мэдэхгүй байна л даа. Хамгийн гол нь Удирдах зөвлөлийн тогтоол дээр БШУЯ, тухайн сургуулийн Удирдах зөвлөлийн шийдвэр бүгд хуулийн дагуу явагдсан гэдэгт итгэлтэй байна.

-Судалгаа хийгээгүй. Гадаадын сургуулийн бүтцийг хуулсан өөрчлөлт хийх гээд байна гэсэн. Энэ талаар?

-Тийм юм ерөөсөө яриагүй. МУИС-ийн вэб сайтруу ороод үзэхэд өнгөрсөн жилийн өдийд судалгааны хэд хэдэн төсөл гарсан байгаа. Бүр сургууль дотроосоо төсөл зарлаад хөтөлбөрийн нэмэгдэл, сургуулийн өөрчлөлт яриад хамгийн эцэстээ бүтцийн өөрчлөлт дээр очоод тулж байсан. Гурав, дөрвөн төсөл байгаа н.Галтбаяр захирал дээр очоод үзсэн ч болно. Төсөл зарлаад, төслийнхөө дагуу багууд томилогдож судалгаа хийсэн. Тэр судалгааны дүнгүүд нь байж байгаа.

-Шүүхээс тогтоолын хэрэгжилтийг түр түтгэлзүүлчихсэн байна. Одоо яах вэ?

-Буцаагаад тайлбарыг шүүхэд гаргана. МУИС-ийн ажил дүрэм журмынхаа дагуу явж байсан шүү дээ. Бүхэл бүтэн МУИС буюу хуулийн этгээдээс тайлбар гаргаагүй байхад шүүх шийдвэр гаргана гэдэг бол шүүгчийн алдаа шүү дээ. Миний одоогоор мэдэж байгаагаар шүүхийн алдаа болсон шиг байна. Тайлбар авалгүйгээр зөвхөн иргэний гомдлоор шийдвэр гаргаж болохгүй шүү дээ. Тэдний өдөр хугацаандаа ирж тайлбар өгнө үү гэсэн атлаа тухайн хугацаанаасаа өмнө шийдвэр гаргасан байна.

Ж.Баярсайхан

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих