Төвбанк мөнгөний бодлогын хүүг 10.5 хувьд хэвээр үлдээв

887994585a386c903b5fdf418129f90f_LМонголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл энэ сарын 7-11-ний өдөр хуралдаж бодлогын хүүг 10.5 хувьд хэвээр үлдээхээр болжээ.

Мөнгөний бодлогын зөвлөлийнхөн эдийн засгийг тогтворжуулах, өсөлтийг дэмжих Монголбанк, Засгийн газрын хамтарсан дунд хугацааны хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхдээ үр ашгийг нь дээшлүүлэхэд анхаарч ажиллах нь чухал хэмээн үзжээ. Түүнчлэн бодлогын хүүг бууруулаагүй хэвээр үлдээсэн гол шалтгаан нь гадаадын хөрөнгө оруулалт буурсан, томоохон төсөл, хөтөлбөрүүд он дамжин удааширсантай холбоотой аж. Арилжааны банкуудын төвшинд олон улсын зах зээл дээрээс гурав ба түүнээс дээш жилийн хугацаагаар татсан валютын эх үүсвэрийг заавал байлгах нөөцийн шаардлагаас чөлөөлөх шийдвэрийг гаргажээ. Банкуудын гадаад зах зээл дээрээс урт хугацаагаар валютын эх үүсвэр татах үйл ажиллагааг Монголбанк дэмжсэн нь энэ аж. Эл шийдвэрийн үр дүнд валютын дотогшлох урсгал нэмэгдэх боломжтой, улмаар ам.долларын ханшийн төвшинд эерэгээр нөлөөлнө хэмээн Төв банкнаас  үзэж байна.

Өнгөрсөн онд Монголбанк бодлогын хүүгээ гурван  удаа бууруулсан. Тодруулбал, Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн 2013 оны нэгдүгээр сарын 25-ны хурлаар бодлогын хүүг 0.75 нэгж хувиар бууруулан 12.5 хувь болгох шийдвэр гаргасан.Үүний дараа дөрөвдүгээр сарын 5, зургаадугаар сарын 24-ны өдөр бууруулж өнөөдрийн 10.5 хувьд хүргэсэн билээ. Бодлогын хүүг бууруулснаар таагүй байсан эдийн засагт түлхэц болсон хэмээн тухайн үед эдийн засагчид дүгнэж байв. Түүнчлэн бодлогын хүүг бууруулснаар арилжааны банкны зээлийн хүү 18-13 хувь болтлоо буурч эерэг үзүүлэлт гарсныг мэргэжилтнүүд тодотгож байна. Харин энэ удаа Төв банкны бодлогын хүү буурснаар арилжааны банкуудын зээлийн хүү буурч бизнес эрхлэгчдэд таатай нөхцөл бүрдэх байсныг эдийн засагчид хэлж байна. Учир нь бизнес эрхлэгчид хямд хүүтэй зээл авснаар эргэлтийн хөрөнгөд нь эерэгээр нөлөөлж  орлого нэмэгдэж татварт орох мөнгө өсөх боломжтой аж.

 Б.Заяа


URL:

Сэтгэгдэл бичих