Шүлхий гурван аймгийн найман сумдаар газар авлаа
Малын гоц халдварт шүлхий өвчний голомт хүрээгээ тэлж Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн найман сумыг хамарч байна. Өчигдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Дарьганга, Наран, Онгон, Түвшинширээ сумдад 434, Хэнтий аймгийн Галшар суманд 21, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумдад тус бүр таван мал нийтдээ 476 мал шүлхийгээр өвчилснөөс 405 малыг зориудаар устгаад байна.
Шүлхийн голомтот бүс нутагт байрлаж байгаа 216814 малыг вакцинжуулсан байна. Хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутагт 34 цэгт 121 хүн 34 автомашинтай байнгын хяналтын бүлэг ажиллуулж, 25 цэгт 24 автомашин 63 хүний бүрэлдэхүүнтэй хөдөлгөөнт эргүүл хийж, долоон цэгт 13 автомашин 103 хүний бүрэлдэхүүнтэй устгалын баг ажиллаж байгаа юм.
Шүлхийн халдвартай дээрх сумдаас гадна хил залгаа сумууд, Нийслэлийн Багахангай, Багануур, Баянзүрх дүүрэгт байнгын хяналтын цэг ажиллаж байна.
URL: