Зээлийн хүүг бууруулах боломж бий
Д.Моломжамц (Эдийн засгийн шинжлэх ухааны доктор)
Зах зээлийн харилцаа төлөвших шатандаа яваа өнөөгийн нөхцөлд манай эдийн засаг банкны богино хугацаатай зээл дээр суурилан хөгжиж байна. Зөвхөн манайх биш бидэнтэй нэг үе зах зээлд шилжсэн ихэнх орнуудад урт хугацаатай хөрөнгийн эх үүсвэр дутагдаж, банкны богино хугацаатай зээл нь хөрөнгө оруулалтын гол эх үүсвэр болж байна. Өөрөөр хэлбэл банкны богино хугацаат зээл нь эдийн засгийг урагш нь чирч яваа нэг гол хөдөлгүүр гэж хэлж болно. Нөгөө талаар зээл нь хамгийн ашигтай бизнесийн нэг яах аргагүй мөн. Үүнээс гадна зээл нь нийгмийн гэсэн чиг хандлагыг өөртөө агуулж, зээлдүүлэгчээс гадна зээлдэгчийн эрх ашигт бас нийцэж байх учиртай. Мөн зээлийн болон хадгаламжийн хүүгийн хувь хэмжээ нь банкны системийн төдийгүй улсын эдийн засгийн хөгжлийн дүр төрхийг илэрхийлэн харуулдаг нэг чухал үзүүлэлт билээ.
Иймээс зээл олгох, төлүүлэхтэй холбоотой бүхий л процессыг хуулиар зохицуулдаг билээ. Манайд сүүлийн жилүүдэд зээлийн хүү харьцангүй өндөр хэвээр байна. Энэ нь мэдээж инфляцийн түвшинтэй шууд уялдаж байгаа нь тодорхой, мөн зээлийн эрэлт их байгаа болон хөрөнгө төвлөрүүлэх шаардлагын үүднээс банкуудын хадгаламжийн хүүгийн хувь хэмжээ ч өндөр байгаа болон зээл буцаж төлөгдөхгүй байх магадлал өндөр байх хийгээд эдийн засгийн бусад олон эрсдэл гарах зэрэг бодит шалтгаан зээлийн өртгийг нэмэгдүүлж байгааг үгүйсгэх аргагүй. Зарим банкууд, ялангуяа жижиг банкууд мөнгө хүүлэх сонирхолд хэт автагдан зээлийн болон хадгаламжийн хүүг өндөр тогтоох хандлага ч байж болох талтай. Банк бус санхүүгийн байгууллагууд ч зээлийн хүүг хөөрөгдөж байгаа нь ойлгомжтой.
Өнөөдөр манайд банкуудын зээлийн хүүгийн хувь хэмжээ нь Төв банкны бодлогын хүү болон инфляцийн түвшингээс хэтэрхий тасархай өндөр байна. Монголбанкны бодлогын хүү 10,5 хувь, инфляци 12 хувь байхад ихэнх банкуудын бизнесийн зориулалтаар олгож байгаа төгрөгийн хэрэглээний зээлийн жилийн хүү 19-30 хувийн хооронд хэлбэлзэж байна. Орон сууцны 8 хувийн зээлээс бусад төрлийн зээлийн хүү арай л өндөр байгаа юм биш үү. Банк бус санхүүгийн байгууллагуудын олгож байгаа зээлийн хүү бүр ч өндөр байгаа. Банкуудын төгрөгийн хадгаламжийн хүү 10-15 хувьтай байна.
Гэхдээ зээлийн өртөг өндөр байна гэж арилжааны банкууд болон банк бус санхүүгийн байгууллагуудыг буруутгах үндэс байхгүй, тэд өнөөгийн нөхцөлд бүрэлдэн тогтсон эрх зүйн болон эдийн засгийн орчин, нөхцөлд нийцүүлэн хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, мөнгө хүүлж байгаа. Иймээс зээлийн хүү өндөр байгаа шалтгааныг олж, зээлийн өртөг буурч байх, түүний хувь хэмжээ инфляцийн түвшинтэй уялдаж байх эдийн засгийн хийгээд эрх зүйн орчин, нөхцлийг сайжруулж өгөх нь төр, засгийн үүрэг гэж хэлмээр байна.
Зээлийн өртөг хэт өндөр байгаа нь өнөөгийн нөхцөлд хэд хэдэн сөрөг үр дагавар авчирч байна. Нэгд, ийм өндөр хүүгийн нөхцөлд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бизнесийнхнийг зээлийн бодлогоор бодитой дэмжих боломж байхгүй байна гэж хэлж болно. Хоёрт, зээлийн өндөр хүү нь бизнесийн идэвхижлийг сулруулж, эдийн засгийн өсөлтийг чөдөрлөж байна. Гуравт, зээлийн өндөр хүү нь гадаадын хөрөнгө манайд орж ирэхэд ихээхэн саад учруулж байна. Дөрөвт, зээлийн хүү өндөр байгаа нь манай эдийн засаг тогтворгүй байгааг харуулж, улсын зээлжих эрх буюу зээлийн рейтингийн чанарт сөрөг нөлөө үзүүлж байна. Гэх мэтчилэн зээлийн өндөр хүүгийн сөрөг үр дагавруудыг тоочоод байвал нилээн урт жагсаалт гарна. Энэ талаар манайд дээр доргүй мэдэж байгаа төдийгүй холбогдох арга хэмжээ авч байдлыг сайжруулахын төлөө ажиллаж байгаа нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч энэ талаар хийх судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлж, зээлийн хүү буурахгүй байгаа шалтгааныг олж, тодорхой арга хэмжээ авахгүй бол үүнээс үүдэлтэй сөрөг үр дагавар манай эдийн засгийн тогтвортой өсөлтөд муугаар нөлөөлөх үйл явц улам газар авсаар байх болно.
Мэдээж зээлийн хүүгээ тогтоох нь тухайн банкны эрх хэмжээний асуудал. Банкны тухай хуульд 10.1. заалтад «Банк иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгож болох бөгөөд зээлийн хүүг өөрөө тогтооно», мөн хуулийн 10.3 заалтад «Банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна» гэж заасан байдаг. Өнгөц харахад зээлтэй холбогдолтой бүхий л үйл ажиллагаа манайд хуулиар зохицуулагдаж байгаа мэт боловч нарийн судлаад үзэхээр зээл олгох, төлүүлэхтэй холбогдолтой зарим асуудал хуулийн хүрээнд бүрэн гүйцэд зохицуулагдаагүй юм шиг санагдана. Би энд ганцхан асуудлыг хөндөж, манай холбогдох байгууллагуудыг анхаарлыг үүнд хандуулах гэсэн юм. Тухайлбал, зээлийн хүүгийн хувь хэмжээний дээд хязгаарыг зохицуулах, хянах эрх зүйн орчинг сайжруулах ёстой юм биш үү? Зээлийн болон хадгаламжийн хүүгийн зөрүү –марж арай их байгаа юм биш үү? Бид зээлийн хүүгийн жолоог хэтэрхий сул тавьсан юм биш үү? гэж хэлмээр байна.
Зах зээлийн харилцаа өндөр хөгжсөн ихэнх орнуудын банкны хууль тогтоомжийг судалж үзэхэд зээлийн хүүгийн хувь хэмжээг ямар нэгэн байдлаар хязгаарлаж, мөнгө хүүлэлтэд төрөөс зохицуулалт хийсэн байгааг анхааралдаа авч өөрийн нөхцөл байдалд тохирсон төрийн ямар нэгэн зохицуулалтын механизм бий болгох нь зүйтэй санагдана.
Германд иргэний хуулиар хууль бусаар мөнгө хүүлэхийг хориглосон байдаг бөгөөд банкны зээлийн хүүгийн хувь хэмжээний дээд хязгаар нь тухайн төрлийн зээлийн зах зээлийн дунджаас 2 дахин их бол энэ нь мөнгө хүүлсэнд тооцогдоно. Мөнгө хүүлэх шинж чанартай гэрээ хэлцэл хийсэн тохиолдолд мөнгөн торгууль оногдуулах эсвэл гурав хүртэл жил хорих хүртэл арга хэмжээ авч, мөнгө хүүлэхээр хийсэн гэрээ хэлцэлийг хүчингүйд тооцдог ажээ.
АНУ-д банкны зээлийн хүүгийн дээд хязгаарт мөн л хяналт тавьдаг байна. Муж бүрт өөрийн орон нутагт мөрдөх хууль тогтоомжоор зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоосон байдаг ажээ. Жишээ нь, Нью-Йорк мужийн хуулиар мөнгө хүүлэхийг хориглож, иргэдэд олгох зээлийн хүүгийн дээд хязгаарыг 16 хувиар тогтоож, түүнийг зөрчсөн хуулийн этгээдийг торгохоос авахуулаад дөрөв хүртэл жил хорих хүртэл арга хэмжээ авдаг байна.
Францад мөн зээлийн хүүгийн дээд хязгаарт хяналт тавьж байна. Хэрэглээний тухай хуульд тухайн төрлийн зээлийн хүүгийн хэмжээ өмнөх улирлын зах зээлийн дунджаас 30 хувь өндөр хүүтэй байвал уг зээлийг мөнгө хүүлсэнд тооцдог байна. Францын төв банкнаас зээлийн хүүгийн дунджийг зээлийн төрөл тус бүрээр улирал бүр гарган албан ёсоор нийтэд зарладаг байна. Мөнгө хүүлэхийг хориглосон хууль зөрчсөн этгээдийг 45 мянган еврогоор торгохоос авахуулаад хоёр жил хүртэл хорьж шийтгэх арга хэмжээ авдаг байна.
Их Британид хэрэглээний зээлийн тухай хуулиар мөнгө хүүлэхийг хориглосон байдаг бөгөөд зээлийн гэрээ, хэлцэл шударга бус болж, хохирсон гэж үзэж байгаа бол хохирогч гомдлоо гарган шүүхэд хандан шийдвэрлүүлдэг ажээ.
Польшид мөнгө хүүлэх үйл ажиллагааг мөн хуулиар зохицуулсан байна. Польшийн иргэний хуульд бүх төрлийн зээлийн хүүгийн хэмжээ Польшийн төв банкны бодлогын хүүг дөрөв дахин нэмэгдүүлсэн хэмжээнээс хэтэрч болохгүй байхаар заажээ. 2013 оны 12 сарын байдлаар Польшийн төв банкны бодлогын хүү 4 хувь байгаагаас үзэхэд банкуудын зээлийн хүүгийн дээд хязгаар 16 хувь байх естой болж байна. Мөн иргэний хуульд хүү болон зээлтэй холбоотой бусад төрлийн бүх нэмэгдэл зардал нь олгосон зээлийн 5 хувиас хэтэрч болохгүй байхаар заажээ.
ОХУ-д энэ оноос мөнгө хүүлэх үйл ажиллагааг хуулийн зохицуулалтад оруулсан байна. Хэрэглээний зээлийн тухай хууль шинээр гарч, түүнд орон сууцны зээлээс бусад бүх төрлийн зээлийн хүүгийн хэмжээний дээд хязгаарыг тогтоожээ. Тухайлбал, банкуудын зээлийн хүү нь тэдгээр төрлийн зах зээлийн дундаж хүүгийн хэмжээнээс 30 хүртэл хувь өндөр байж болох ажээ. Бүх төрлийн хэрэглээний зээлийн хүүгийн зах зээлийн дундаж өртгийг Төв банк улирал бүр тооцож, албан ёсоор мэдээлж байх болжээ. Мөн банкны хуулийн дагуу Төв банк өөрийн үзэмжээр шаардлагатай гэж үзвэл зарим банкны хадгаламжийн хүүгийн дээд хэмжээнд хязгаарлалт хийх эрхтэй. Тухайлбал хязгаарлалтын дээд хэмжээ нь Төв банкны бодлогын хүүгийн хоёрны гүравтай тэнцэх хэмжээнээс багагүй байхаар заасан байна.
Испанид банкуудын хадгаламжийн хугацаатай уялдуулан хадгаламжийн хүүгийн ашигт ажиллагааны түвшинг Төв банкнаас тогтоон хяналт тавих болжээ. Жишээ нь: нэг жил хүртэлх хугацаатай хадгаламжийн ашигт ажиллагааны түвшин 1,75 хувь, хоёр хүртэл жилийн хугацаатай хадгаламжийнх 2,25 хувь, гурав хүртэл жилийн хугацаатай бол 2,75 хувь гэх мэтээр тогтоожээ. Ингэснээр банкуудын хадгаламжийн хүүгийн өсөлтийг хянах замаар зээлийн хүүгийн хэт өсөлтийг эдийн засгийн аргаар хязгаарлах болсон төдийгүй энэ зохицуулалт нь банкны системийн тогтвортой байдлыг бүхэлд нь хангахад чиглэсэн арга хэмжээ болжээ.
Энэ бүхнээс үзэхэд зах зээлийн харилцаа өндөр хөгжсөн орнуудад банкуудад хуулийн хүрээнд мөнгө хүүлэх шаардлага тавьж, хадгаламжийн болон хэрэглээний зээлийн хүүгийн дээд хэмжээнд ямар нэгэн байдлаар хязгаарлалт хийж, төрөөс зохицуулсан байна. Төрийн энэ зохицуулалт нь хязгаарлалтын «улаан шугам» бөгөөд түүнийг давж алхаж, хууль зөрчихгүйгээр зах зээл дээр шударга өрсөлдөж ажиллах нь банкуудын үүрэг мөн. Ийм зохицуулалт нь банкны үйл ажиллагаанд саад хориг тавьсан хэрэг биш, харин хуулийн хүрээнд шударга өрсөлдөн ажиллах боломжийг олгож байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл зээлийн болон хадгаламжийн хүүгийн зохистой харьцаа бүрэлдэн тогтох талбар нь зах зээл, зээлийн болон хадгаламжийн хүүгийн дээд хэмжээг хязгаарлах гол арга хэрэгсэл нь шудрага өрсөлдөөн юм.
Энэ бүхнээс санаа авч, уг асуудлыг гүнзгийрүүлэн судалж, зээлийн болон хадгаламжийн хүүгийн зохистой харьцааг олж тогтоох, манай эдийн засгийн хөгжлийн өнөөгийн нөхцөлд нийцсэн зохицуулалттай болгох замаар зээлийн өртгийг бууруулах эдийн засгийн болон эрх зүйн орчинг сайжруулах нь зүйтэй санагдана. Нөгөө талаар Төв банкны бодлогын хүү болон инфляцийн түвшин нь банкуудын зээл, хадгаламжийн хүүгийн бодлогод шууд нөлөөлдөг болгох, тэдгээрийн шууд хамааралын механизмыг бий болгох нь чухал. Мөн Монголбанкны хүүгийн арга хэрэгсэл дотор аль нь өнөөдөр давамгайлах нөлөөтэй байна бэ? Бодлогын хүү юу эсвэл овернайт репо болон репо хүүгийн банк хоорондын зах зээлд аль хир нөлөөлж байна вэ? гэдгийг судалж, Төв банкны бодлогын хүүгийн эдийн засагт гүйцэтгэх үүрэг, ролийг дээшлүүлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
URL: