Галшар суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ

шүлхийХэнтий аймгийн Галшар сумын хэд хэдэн багийн малчны суурьт шүлхийн шинж тэмдэг илэрсэн бөгөөд тус суманд нийтдээ 26 мал шүлхий өвчнөөр өвчилжээ. Өнгөрсөн баасан гарагт Хэнтий аймгийн Галшар сумын Жаргалант багийн нутаг “Дунд булгийн эх” гэдэг газар өвөлжиж буй малчны нэг үхэр шүлхийгээр өвчилсөн байна. Тус газарт Галшар болон Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын айлууд ойр саахалт байгаа бөгөөд нийтдээ 23 өрхийн 8000 шахам мал байгаа ажээ. Тус сумаас зүүн тийш арван километрт “Адагийн шанд” гэдэг газар дахин нэг пост гаргаж Онцгой байдал, Цагдаагийн алба хаагчид ажиллаж байгаа юм.

Галшар сумын нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг дарга өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байна. Түүнчлэн Баянхутаг суманд хоёр ажлын хэсэг гарч хоёр багийн 51 өрхийн 274 хүнд сэрэмжлүүлэг хүргэж, 50 мянга шахам малыг үзлэгт хамруулжээ. Тус сумын байгаль хамгаалагч, багийн дарга, удирдлагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг зээрийн тандалт хийхэд Галшар, Баянхутагийн зааг нутаг “Дөхөм” гэдэг газарт 200-гаад, “Майхан уул” гэдэг газарт 100-гаад зээр байгаа бөгөөд одоогоор үхсэн болон өвчний сэжиг илрээгүй байна.
Өчигдрийн байдлаар Галшар суманд нэмж гурван голомтонд 13 үхэрт шүлхийн шинж тэмдэг илэрчээ. “Арвин”, “Буянт булаг” багийн арван өрхийн 434 малыг урьдчилан сэргийлэх тарилгад хамруулсан бол Баянхутаг суманд гурван пост нэмж гаргажээ.
Одоогийн байдлаар 502 м/т вакцин ирж байгаагаас Галшар сумын нийт мал сүргийг вакцинжуулах ажилд сумдаас малын эмч нарыг дайчлан гурван хэсэг болгон явуулсан байна. Мөн Бор-Өндөр. Дархан, Баянмөнх, Баянхутаг сумын тэмээ, үхрийг вакцинжуулахаар болжээ.

 

С.УЯНГА /Зууны мэдээ/


URL:

Сэтгэгдэл бичих