Марш тактикт шалгарсан цэргийн зүрх гэнэт зогсчээ

цэрнэгНалайх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 12-13-нд шилжих шөнө нэгэн байлдагч нас баржээ. Сар гаруйхны өмнө М.Мөнхцэцэг 18 настай хүү М.Мөнх-Эрдэнээ цэргийн албанд мордуулсан байж. Гэтэл нэг л шөнө хүү нь нас барчихлаа гэсэн хар мэдээг дуулсан юмсанж. Хүү нь нас барснаас яг нэг сарын дараа шүүх шинжилгээний дүгнэлт гарч талийгаачийг зүрхний шигдээс болсон гэжээ.
13 настайгаасаа оёж сураад мөнгөн бүс хийж зах дээр ээждээ өгч заруулан, амьдралаа авч явсан сэргэлэн хүү нь гэнэт хорвоогоос яваад өгсөнд ар гэрийнхэн нь одоог хүртэл итгэж чадахгүй байгаагаа хэлэв. Эргэлтээр очиход хүү нь марш тактикт шалгарчихлаа хэмээн баярлан хэлж байсан удаатай гэнэ. Хамт алба хааж байсан цэргүүд нь ч талийгаачийг гүйж харайхдаа сурамгай, авхаалжтай хүү хэмээж байж. Тэгээд ч хүү нь цэргийн комиссоор орж эрүүл саруул нь батлагдаад явсан атал сар гаруйхны дараа зүрх нь зогссонд ихэд гайхжээ. М.Мөнхцэцэг хүүгийнхээ цогцсыг үзэх үед биенийнх нь нэг хэсэг хөхөрсөн байсан нь хар төрүүлж, өмнө нь очиж уулзахад зодууртай байгаа гэж ярьж байсан нь санаанд оржээ. Тиймээс хүүгийнх нь үхэлд гаднын нөлөө байж болзошгүй хэмээн цэргийн ангийнхан болон хуулийн байгууллагад хандсан байна. Гэвч шүүх шинжилгээний дүгнэлтийг үндэслэн уг хэрэгт эрүү үүсгэхээс татгалзсан хариуг цагдаагийн байгууллагаас саяхан өгчээ. Хүүгийнх нь үхэл гэнэтийн явдал байгаагүй, хар төрүүлэх сэжмүүд байгааг талийгаачийн ээж М.Мөнхцэцэг хэлж байна.
М.Монхцэцэг:
СОГТОЛТТОЙ ХҮНИЙ МЭДЭЭЛЛИЙГ ХЭРГИЙН МАТЕРИАЛААС ТАТЧИХСАН
-Хүүд тань тохиолдсон явдалд эмгэнэл илэхийлье. Талийгаач зүрхний янз бүрийн өвчтэй байсан юм уу?
-Эгч нь охин, хүү хоёртой. Гэтэл хүү маань зуурдаар яваад өглөө. Надад их тус болдог хүү байлаа. Талийгаач маань өнгөрсөн жил Да хүрээ зах дээр машин зардаг байсан. Захынхан ямар хүүхэд байсныг мэднэ. Ямар ч хууч өвчингүй хүүхэд байсан. Цоо эрүүл гээд явсан хүү маань сар гаруйн дараа нас барчихсанд итгэж өгөхгүй байна. Үүнийг зодуур гэж үзэж байна. 40 гаруй хүүхэд марш тактикт шалгаруулж авч байгаа. Би шалгарчихсан гэж хамгийн сүүлд уулзахад хэлж байсан. Хэрэв зүрхний өвчтэй байсан бол тэнцэхгүй. Тав алхахгүй үсрээд унана биз дээ.
-Та зодуураас болсон гэж хэлэх гээд байна уу?
-Хүүтэйгээ уулзаж байхад “Зодууртай байна. Тонгойлгож байгаад элэг рүү өшиглөдөг” гэж хэлж байсан. Тэр үед би “За яахав миний хүү. Олон газраас ирсэн аавын хүүхдүүд байна. Ийм юм байлгүй яахав” гэхэд хүү маань ч санал нэг байсан. Гэхдээ би арай үхтэл нь зодчихно гэж бодоогүй. Цэргийн ангийнхан хүүрийн толбо гэдгийг сайн мэддэг юм билээ. Оршуулахынх нь өмнө үзэхэд өрөөсөн хөл, гар нь хөх няц болчихсон байсан. Түүнийг нь ангийнхан нь хүүрийн толбо гээд байсан. Ийм толбо нас барсан хүний хэвтсэн хэсгээр гардаг гэж эмч нараас сонссон. Яахав ар нуруугаар нь толбууд байсан.
-Хэргийн бүртгэлээс баримт алга болсон гэл үү?
-Хэргийн материалтай танилцаж байхад 1.48 хувийн согтолттой Мянганбаяр гэж хүний тухай мэдээлэл байсан. Мөрдөн байцаагчаас тодруулах гэтэл “Хэргийн материалд өөр хүнийх орчихож” гээд татаад авчихсан. Цэргийн ангийн удирдлагуудаас асуухад нь “Манай ажилтан тэр өдөр уучихсан байсан юм. Доор өрөөнд унтаж байсан. Тэр хүн хамаагүй” гэж хэлсэн. Яагаад ажлын цагаар ажлын байран дээр согтуу хүн байсан юм. Тэр хүн ч зодсон байж болно.
-Цэргийн ангийнхан нь тантай холбоотой байгаа юу?
-Үхсэний хохь, амьдын зол гэдэг үнэн юм. Анх цэргийн ангийнхан намайг харж чадахгүй, найр тавиад сонин байсан. Гэтэл шинжилгээний дүгнэлт гарсны дараа өөр болчихсон. Энэ маягаар олон ч хүүхэд үхэж байгаа. Олоп ч анги дээр байлдагчид нас бардаг, дандаа өвчний улмаас гээд хаагдсан тохиолдол байдаг юм билээ. Ар гэрийнхэн нь жаахан яваад шантраад хаячихдаг учир олон нийтэд хүрдэггүй. Тэдний адил хүүгиин маань хэргийг хаахыг үгүйсгэхгүй. Гэхдээ би эцсийг нь хүртэл явна. Ерөнхийлөгчид захидал хүргүүлсэн. Задлан шинжилгээний дүгнэлтийг ар гэрийнхэнд нь гараагүй гэж хэлчихээд цэргийн ангийнханд түрүүлж өгчихсөн байсан нь эргэлзээтэй.
Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдэг. Гомдлын мөр тасардаггүй учир М.Мөнхцэцэгийн хүүд тохиолдсон хэргийн үнэн мөнийг олоход цэргийн анги, хуулийн байгууллага ч анхааралдаа авах биз ээ. Учир нь талийгаачийн талынхан шинжилгээг бүрэлдэхүүнтэйгээр дахин хийх шаардлагатай гэж үзэж буй юм. Хүсэлтээ холбогдох албаныханд тавьснаа дуулгасан.
ЭРХ ЗӨРЧИГДСӨН ГОМДОЛ ГАРДАГГҮЙ ГЭВ
Энэ хэрэг гарснаас хойш тус ангиас нэгэн цэрэг оргосон тухай мэдээлэл байгаа юм. Цэрэг оргосон нь зодууртай холбоотой болохыг ч эх сурвалж хэлсэн. Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийнхан иймэрхүү хэл аманд өртөх тохиолдол өмнө нь ч гарч байсан нь цахим хуудаст тэмдэглэгдэж үлджээ. Зодууртай холбоотойгоор цэргийн эрх, эруүл мэнд ямар нэгэн байдлаар зөрчигдсөн тохиолдол сүүлийн үед дуулдах болсон. Энэ тухай Хүний эрхийн үндэсний комиссын холбогдох ажилтнаас тодруулахад “ХЭҮК-оос цэргийн ангиудад шалгалтыг тогтмол зохион байгуулж ирсэн. Цэргүүдийн амьдрах орчноос гадна эрх нь хэрхэн хангагдаж байгаа талаар тус бүрээр нь нууцаар санал авдаг. Эрх нь зөрчигдсөн гэсэн гомдол санал гардаггүй” гэсэн юм.

 

Б.ЗАЯА


URL:

Сэтгэгдэл бичих