Спортын экс сайд авлигын хэргээр хорих ял авлаа

monica-iacob-ridzi
Албан тушаал, авлигын хэрэгт буруутгагдсан Румын улсын Спортын сайд асан Моника Якоб Ридзи /Monica Iacob Ridzi/-д тус улсын Дээд шүүхээс таван жилийн хорих ял ногдуулав.

2008 оны 12 дугаар сараас 2009 оны 7 дугаар сарын хооронд спортын сайдаар ажиллаж байсан Моника Якоб Ридзиг 2009 онд нийт 650000 еврогийн өртөг бүхий гэрээнүүдийг хувийн компаниудад хууль бусаар олгосон хэрэгт буруутай болохыг тогтоосон байна. Прокуроруудын хэлж байгаагаар хууль бус үйл ажиллагааныхаа талаар нотлох баримтуудыг өөрийнхөө компьютрээс устгах оролдлого хийсэн гэж мэдэгдэж байгаа юм.

Харин экс сайд тус хэргийг үгүйсгэж байгаа ба уг шийдвэрийг давж заалдах аж. Түүний туслахуудын нэг Иоана Ворстад мөн таван жилийн ял ногдуулсан байна.

Авлигын эсрэг тэмцэх үйл ажиллагааг шинэ шатанд гаргахыг уриалсан Европын холбооны шахалтын дор, 2007 онд тус улс Европын холбоонд нэгдсэнээс хойш Румын улсын хуулийн байгууллагууд авлигын эсрэг томоохон алхмуудыг хийж ирсэн юм.

Албан ёсны мэдээлэлд дурдсанаар, 2006 онд өндөр албан тушаалтнуудын холбогдсон хэрэг 155 байсан бол 2013 онд 1000 гаруй болжээ. Одоогийн байдлаар авлигын хэргүүдэд холбогдсон өндөр албан тушаалтнуудын тоонд Ерөнхий сайд асан Адриан Настасе болон шүүгч, цагдаа, хэд хэдэн сайдууд багтаж байгаа аж.

Б.Буд


URL:

Сэтгэгдэл бичих