Ц.Баярсайхан: Нийлүүлэлт нэмэгдэхээр байрны үнэ тогтворжино

Шинэ орон сууц хаана баригдах, ямар ханштай байх, зээлд хэн хэрхэн хамрагдах вэ гэсэн олон асуулт, хүлээлт олон нийтийн дунд байдаг. Үүнд хариулт өгөхөөр Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханы яриаг хүргэж байна. Төрийн ордонд өчигдөр болсон “Бүтээн байгуулалтын цаг”-аар БХБЯ-наас өнгөрсөн онд хэрэгжүүлсэн хөтөлбөр болоод энэ онд хийхээр төлөвлөсөн ажлуудаа мэдээлсэн юм.

-Олон нийтийн дунд асуулт хэвээр байгаа орон сууцны үнэ хэзээ буурах вэ гэдэгт салбарын сайд ямар хариулт өгөх вэ?

-Орон сууцны нийлүүлэлт нэмэгдвэл үнэ тогтворжино. Хөрөнгө оруулагчдын сонирхох хэмжээнд энэ салбар байвал хөгжих ёстой. Тиймээс ашгийн тодорхой төвшин байх ёстой гэж үздэг.

-Орон сууцны үнийг бууруулахын тулд барилгын материалыг дотооддоо үйлдвэрлэж, үнийг нь буулгах ёстой гэж ярьдаг шүү дээ?

-Засгийн газрын 171 дүгээр тогтоолоор барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг баталсан. Үүгээр 260 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөөд явж байна. Цаашид барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр хэрэгжинэ. Барилгын үйлдвэрлэлийг улирлын хамаарлаас гаргах зорилт тавьж байгаа. Улаанбаатарт  байшин үйлдвэрлэх хоёр камбинат байсны нэгийг нь сэргээхээр 14 сая ам.долларын зээлийг “Чингис” бондоос гаргасан. Одоо гэрээ хэлэлцээ үргэлжилж Германы технологиор үйлдвэрийг сэргээх ажил хийгдэж байна. Мөн Орхон аймагт “Хөх ган” арматур төмөрлөгийн үйлдвэрт 22.7 сая ам.долларын зээлийг мөн “Чингис” бондоос гаргасан. Ирэх долдугаар сар гэхэд 100 мянган тонн арматур үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орно.

-Орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр хэр амжилттай хэрэгжсэн гэж үзэж байна вэ?

-Энэ хөтөлбөр Монголбанктай хамтран Засгийн газрын хэрэгжүүлж буй зургаан хөтөлбөрийн нэг нь. Энэ хөтөлбөрийн хүрээнд цемент, арматурын үнийг тогтворжуулах, улмаар барилга, орон сууцны үнийг хямдруулах зорилгоор 50 гаруй компанид 125.4 тэрбум төгрөгийн зээл олгосон. Ингэснээр 1.2 сая тонн цементийг импортоор авлаа. Барилгын материалын үйлдвэрлэлд 69 компанид 170 тэрбум төгрөгийн зээл олгосон. Тэгэхээр барилгын үйлдвэрлэлийг улирлын хамаарлаас гаргахын тулд материалын үйлдвэрлэлийг дэмжих ёстой. Энэ онд бид зөвхөн үнэ тогтворжуулахаас гадна үйлдвэржилтийг дэмжих чиглэл рүү шилжинэ.  Арматурын хэрэгцээгээ хангана, мөн импорт ч тодорхой хэмжээнд байна. Гэхдээ гаднаас авах биш аль болон дотооддоо үйлдвэрлэхийг хичээнэ. 2015 оноос цемент, арматурыг гаднаас авахаа больж, дотоодынхоо үйлдвэрээр бүрэн хангана гэж зорьж байна.

-Энэ жил яг хэдэн байр ашиглалтад орох боломжтой вэ?

-Барилгын хөгжлийн төвтэй хамтраад мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан судалгааны баг ажиллуулж байна. Улаанбаатарт хэдэн барилга баригдаж байна, цаашид хэдийг барих вэ, эрэлт, нийлүүлэлт хэр байна, иргэд ямар орон сууцанд орохыг хүсч байгааг судалдаг. Энэ судалгааны дүн гарна. Өнгөрсөн жил 20 мянган байр шинээр гэрчилгээ авлаа. Тэгэхээр энэ жил бидний тооцож буйгаар 35 мянган орон сууц ашиглалтад орох байх. Ер нь иргэдээ орон сууцаар хангах нь төрийн бодлогын маш том хэсэг. Тиймээс Засгийн газрас хэд хэдэн бодлого өмнө нь хэрэгжүүлснийг дүгнэж үзээд цаашид эрэлтийг нэмэгдүүлэх, түүнийг хангах нийлүүлэлтийг нэмэх бодлого барихаар болсон. Ялангуяа найман хувийн хүүтэй зээлийг гаргахын тулд урт хугацаатай байх бодлого хэрэгтэй гэж үзсэн.Энэ хүрээнд одоогийн байдлаар 17105 иргэний өндөр хүүтэй зээл найман хувьд шилжсэн. Шинээр 14685 иргэн найман хувийн хүүтэй зээл авсан байна. Нийт 31700 иргэн бага хүүтэй зээлд хамрагдсан байна.  Үндэсний компаниудад санхүүгийн дэмжлэг өгөх маягаар “Буянт Ухаа” хороололд 1764 айлын орон сууц барьж 567 айлын орон сууцыг бэлэн болгоод байна. Мөн дуусаагүй барилгуудыг санхүүжүүлэх зорилгоор 429 тэрбум төгрөгийн зээлийг төв, хөдөөгийн 97 компанид олгоод байна.

-Шинээр барих орон сууцнуудыг хаанаас санхүүжүүлэх вэ?

-Нийт  санхүүжилтийн хэмжээний ихэнхийг улсын төсвөөс гаргана. Мөн “Чингис” бондоос 100 орчим сая ам.долларыг зарцуулна.

-Орон сууцны зээлийн хөтөлбөрт ямар нэгэн өөрчлөлт орох болов уу. Урьдчилгаа төлбөр, зээлийн хүү буурах уу?

-Өнгөрсөн онд Улаанбаатарт 20232 айлын орон сууц эд хөрөнгийн эрхийн бүтгэлд бүртгэгдсэн байгаа.  Орон нутагт 7000 гаруй айлын орон сууц ашиглалтад орсон. Барилгын салбарын өсөлт 70 орчим хувьтай байлаа. Эдийн засгийн өсөлтөд чухал нөлөөтэй байлаа. Иймд ипотекийн зээлийн арга хэмжээ цаашид үргэлжилнэ. Орон сууцны зээлийн хөтөлбөрт хоёр чиглэлийн өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа. Нэгдүгээрт, 80 ба түүнээс дээш метр.кв орон сууц сонирхож буй иргэдэд тодорхой боломж нээж өгөх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Хоёрдугаарт, амины орон сууцыг төв, хөдөөгүй барихыг дэмжинэ. Ингэхийн тулд амины орон сууц барьсан иргэдэд найман хувийн хүүтэй зээл олгоно гэсэн чиглэл барьж байна. Дээр нь Улаанбаатар хот руу чиглэсэн их нүүдлийг зогсоох, хөдөө орон нутагтаа ажиллаж, амьдрах бололцоог дэмжсэн тодорхой хэмжээний өөрчлөлт оруулна. Ер нь моргейжийн зээлийн тогтолцоонд урьдчилгаа төлбөрийн хэмжээг бууруулбал эрсдэл үүсдэг байдал харагдаж байна. Харин хүүг хөдөлгөх бололцоо байгаа эсэхийг Засгийн газар хэлэлцэж байна. Энэ хөнгөлөлтийг Засгийн газар даах уу, үгүй юу гэдгийг ярилцсаар байгаа. .

-Амины орон сууцыг зээлд хамруулна гэлээ. Одоогоор барьчихсан, барьж байгаа барилгууд хамаарах уу. Эсвэл зээлээ авчихаад барих ёстой юу?

-Одоогоор ярьж буй хувилбараар бол амины орон сууц барих гэж байгаа хүнд зээл олгож, барьж дууссаны дараа найман хувийн зээл рүү шилжүүлэх нь оновчтой гэж үзэж байгаа. 1980-аад онд амины орон сууцны зээл гэж 15 мянган төгрөг олгож байсан. Тэр үед барилгын материалуудыг үйлдвэрээс нь олгож, барилга бэлэн болонгуут зээлийг нэр дээр нь бичүүлээд явдаг байсан. Ийм бололцоо байгаа гэж харж байгаа.

-Орон нутагт орон сууцны хорооллыг хэрхэн барьж байгуулахаар төлөвлөж байна вэ?

-1000 айлын орон сууцыг орон нутагт барих чиглэлээр Архангай, Баян-Өлгий, Булган, Баянхонгор, Говьсүмбэр Дундговь, Дорнод, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий, Ховд аймгийн ерөнхий төлөвлөгөөг хийж байна. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн жил Булган, Өвөрхангайд хэсэгчилсэн төлөвлөлт хийсэн. Ингэснээр 1000 айлын орон сууцыг барих бололцоо бүрдэж байгаа юм. Энэ жил Завхан, Дорнод, Хэнтий аймагт хэсэгчилсэн төлөвлөлтийг хийж байна. Иргэдийн оролцоотойгоор гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил Улаанбаатарт үргэлжилж байна. Аймгийн төвүүдэд баригдах 1000 айлын орон сууцны инженерийн шугам сүлжээнд зориулж “Чингис” бондын хөрөнгөөс аймаг бүрт 5-7 тэрбумыг зарцуулна. Одоогоор хэд хэдэн аймгийн инженерийн шугам сүлжээг шийдчихээд байна. Булган, Ховд, Дундговь, Говь-Алтай, Завхан, Увс, Дорнод аймгуудын инженерийн шугам сүлжээнд зайлшгүй хөрөнгө гаргахаар байгаа. Шийдвэр нь удахгүй гарна.

-Өнгөрсөн онд танай яамнаас хууль эрх зүйн томоохон ямар өөрчлөлт хийсэн бэ?

-Өнгөрсөн онд Газрын багц хуулийн төслийг өргөн барьсан. Багц хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын байнгын хороодоор хийгээд явж байна. Мөн Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг өргөн барьсан, УИХ-аар хэлэлцэж байгаа. Мөн аймгийн төвүүд болон 15 мянгаас дээш хүн амтай суурин газрыг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг Засгийн газраар хэлэлцүүлсэн. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын бичиг баримтыг УИХ-аар батлуулж, хэрэгжүүлэх арга хэмжээг Засгийн газраар батлуулахаар ажиллаж байна. Мөн өнөөдрийн байдлаар Сайншанд, Өлгий, Ховд, Чойр, Зуунмод, Даланзадгад, Дархан хотын ерөнхий төлөвлөгөөг эхлүүлээд явж байна. Энэ бол цаашид аймгийн төвүүд хөгжих ерөнхий төлөвлөгөө юм.

-Тэгвэл энэ онд барилга, хот байгуулалтын салбарт хууль, эрх зүйн ямар шинэчлэлийг хийх вэ?

-Газрын багц хуулийг УИХ-аар батлуулна. Хот байгуулалтын тухай хуулийг өргөн барина. Авто зогсоолын тухай хууль, Барилгын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай зэрэг хуулийн төслүүдийг өргөн барихаар ажиллаж байна. Нэлээд цаг хугацаа гарган ажиллаж байна. Бүхэл бүтэн салбарын зохицуулалтыг шинэчлэх учир цаг хугацаа ихээхэн хэрэгтэй байгаа. Мөн шинээр баригдаж буй нисэх онгоцны буудлыг дагасан дагуул хотын ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийхээр ажиллаж байна.

-Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар 16 сумыг шинэчлэхээр шийдсэн. Энэ тухай тодруулна уу?

-Сумын төвийг шинэчлэх хүрээнд 80 тэрбум төгрөгийг УИХ-аас баталсан. 16 аймгийн тус бүр нэг сумыг сонгосон. Энэ хүрээнд цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээг цэвэрлэх байгууламжтай нь хамт барих, иргэдийг энэ сүлжээнд холбох, сумын төвүүдийг тохижуулах, шинээр баригдах бүтээн байгуулалтын ажилд энэ мөнгө зарцуулагдана гэсэн чиглэлтэй байгаа.

 

М.ЦЭЦЭГ

polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих