“Эх орноосоо урвагчид”-ыг нотлох “Оюутолгойн гэрээ”
Монгол улс үндсэн хуулиндаа “Монгол улс бол тусгаар тогтносон бүрэн эрхэт бүгд найрамдах улс мөн” гэж заасан ч “Бүгд найрамдах гэдэг” нь тодорхойгүй ойлголт гэдгийг 100 гаруй жил бодохгүй иржээ. Үнэндээ “REPUBLIC OF MONGOLIA” гэдэг бол Монгол хүн буюу Монгол үндэстний төр гэсэн тов тодорхой ойлголтыг хэн хэнтэйгээ найрамдах нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл хулгайч хулгайчтайгаа найрамдах, залилагчтай, худалчтай найрамдах юм уу гэсэн асуулт тавьж болохоор орчуулсан нь Монгол хүн, Монгол үндэстэн Монголын төрийн эзэн гэдгээ олж харах, ухамсарлах, итгэх боломжгүй болгосон.
Түүнийг илтгэн харуулах нэгэн жишээ нь өнөөгийн Монголын төрийг удирдаж яваа улс төрчдийн байгуулсан “Оюутолгойн гэрээ” гэгч билээ. Тэр орд газарт 43 сая тонн зэс, 1800 тн алт, газрын ховор элементүүд, бусад металууд их хэмжээгээр агуулагдаж байгаа. Энэ нь багаар бодоход 550 тэрбум доллар. Төгрөг биш шүү.
Ийм мөнгөөр дэлхийн түвшний хөгжилтэй эн зэрэгцэхүйц 275 хотыг байгуулж болох баялаг юм. Гэтэл манай эрх баригчид гаднынханд найр тавин ард түмний хэдэн зуун жил идэх хоолыг ийнхүү дээрэмдлээ. Оюу толгойн орд газрын баялгийг үнэлээгүй “Айвенхоу майнз Монголия” компанийн 34 хувийг эзэмшинэ гэдэг нь хоосон компанийн 34 хувийг эзэмшсэнтэй адил юм. Түүндээ Монголын эзэмших хувийг Монголын тал худалдаж авахаар заасан нь 10 жилийн боловсролтой хүн ойлгоход бэрх. Урьдчилгаа 125 сая доллар гэдэг нь үнэндээ өндөр хүүтэй зээл байсан гэдэг нь хэний эрх ашгийг дээдэлсэн гэрээ вэ.
Хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн хэдий ч өндөр хүүтэй зээлээр гүйцэтгэж байгаа нь “Хөрөнгө оруулалтын гэрээ” гэгч нь худал болж таарч байна. Хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын хувь хэмжээ 50 хувиас багагүй байна гэж гэрээнд тусгасан нь Фридландуудын эрх ашгийг дээдэлж Монголын эрх ашгийг уландаа гишгэснийг харуулж байна.
Монгол улсын үндсэн хуулийн 6.1-д “Монгол улсын газар, түүний хэвлий, ой, ус ургамал, амьтан болон байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн Үндсэн хуулийн заалтыг уландаа гишгэсэн “Ашигт малтмалын хууль”-ийн дагуу хийгдэж байгаа нь цэвэр гадныхны эрх ашгийг Монгол үндэстний эрх ашгаас илүү дээдэлсэн гэмт хэрэг юм.
Гурван үхрээ луйварчинд алдаад нэгийг нь худалдсан авах болсондоо баясан хөөрсөн тэнэгийн үлгэр
Оюутолгойн орд газар Эрдэнэтээс 7 дахин том орд юм. Оюутолгойн зэсийн нөөц 45 сая тонн бол Эрдэнэтийнх 7сая тонн юм. Дээр нь Оюутолгой 1800 тонн алттай, 12000 тонн мөнгөтэй.
Тэгэхээр Оюутолгой зэсээрээ 6 Эрдэнэт, алтаараа 40 Бороо, Мөнгөөрөө 4 Асгаттай тэнцэнэ. Өөрөөр хэлбэл 6 Эрдэнэт + 40 Бороо + 4 Асгатыг нийлүүлсэнтэй тэнцэх тийм их баялгаа гадныханд сул тавиад туучихлаа. 66%-ийг тэдэнд өгөөд 34%-ийг авна. Авахдаа өөрийн юмыг өөртөө үлдээгээд авч байгаа биш.
Хүний юмыг худалдан авч байгаатай адилаар мөнгөө төлж, төлсөн мөнгө нь хүүтэй зээл болж авна. Та минь ээ, өөрийнхөө юмыг өөрөө мөнгө төлж авна гэдэг юу болж байна вэ?
Гэтэл Африкийн Гвиней улс төмөрлөгийн орд газраа гадаадын компанид /Рио Тинто/ ашиглуулах гэрээ хийхдээ 35%-ийг Гвинейн Засгийн газар мөнгө төлөхгүй шууд авна. Өөрийнхөө юмыг худалдаж авдаг тэнэгүүд биш гэжээ. Түүнээс гадна урьдчилгаа төлбөр 700 000 000 доллар аваад байна. Мөн төмрийн хүдрийг тээвэрлэхэд зориулж далайн боомт болон төмөр замыг /650 км/ Рио Тинто компани 100% өөрийн хөрөнгөөр байгуулна.
Рио Тинтогийн хөрөнгөөр байгуулсан далайн боомт, төмөр замын 51%-ийг Гвинейн засгийн газар эзэмшинэ. Африкт гэрээг иймэрхүү байдлаар хийж байна. Тэгвэл Монголын засгийн газарт хувь эзэмших объект байхгүй. Хил хүртэл 180 км төмөр зам тавих боловч түүнээс нь хувь эзэмшихгүй. Тэнд боловсруулах үйлдвэр барихгүй түүхий эдээ урагш зөөнө. Эцэст нь Монголд үлдэх юмгүй. Ийм наймаа болж байна.
Зүйрлэвэл та 3 үхэртэй байлаа. Гэтэл танайд нэг доншуур зочин ирсэний балгаар таны 3 үхэр зочны мэдэлд аль хэдийн очсон байна. Та тэр хүнээс юу ч аваагүй байхад яахаараа таны үхрүүд 100% доншуур зальт этгээдийн өмч болдог байна аа? Тэр зальт хүн танай үхрийг хэд хоног хариулсан.
Эм тариа хийсэн гэх мэтийн шалтагаар хөлс мөнгө нэхэж, хууль номоор далайлгаж байгаад таны өмчийг булаасан байна. Зальт этгээд 3 үхрийг тань бүгдийг туугаад явахад луйвар нь дэндүү илт болох учир “За би чамд нэг үхрийг чинь үлдээе. Гэхдээ чи надад мөнгө төлж ав” гэжээ. Танд мөнгө байсангүй. Зальт этгээд хэлрүүн: “За яахав, би чамайг харж үзье. Чи надаас хүүтэй мөнгө зээлж аваад тэр мөнгөөрөө надаас үхэр ав” гэсэн ажгуу. Тэгэхэд нь та ихэд хөөрөн баясжээ.
Орчин цагийн Монгол үлгэр ийнхүү түүх болдог байна шүү. Дэлхийн доог, ичмээр юм!
Эх сурвалж: “Дорнод”
URL: