Төрийн албан хаагч хүн, хувийн хэвшлийнхэн “цэрэг” юм биш үү
Гэхдээ яг иймэрхүү хандлага цалин мөнгө нэмэх болгонд л гарч байгаа. Хамгийн сүүлд төрийн албан хаагчдын цалинг нэмсэний дараа хэдэн хувийн байгууллага цалингаа нэмсэн бол. Одоо ахмадуудын тэтгэвэр нэмэгдлээ. Удахгүй төрийн албан хаагчдын цалин бас л нэмэгдэх юм гэсэн.
Хувийн хэвшлийнхэнд бол энэ огт падгүй. Дарга, захирлынх нь сайхан зан хөдлөөд, дээрээс нь орлого энэ тэр нь гайгүй байвал цалин бага ч болов нэмэгдэж магадгүй. Энэ хувийн хэвшлийнхэн гэж “дагавар хүүхэд” шиг явах ёстой бололтой, хөөрхийс.
Тэр жил 4000 айлын орон сууц хөтөлбөр гэгч хэрэгжсэн. Гэр хороололд амьдардаг, тогтсон ажилтай залуучууд хамрагдчих гэж үзсэн ч бас л төрийн албан хаагчдад зориулсан байв. Ажилтай, орлоготой Монгол Улсын иргэн ердөө л хувийн хэвшилд ажиллаж байгаагийнхаа төлөө орон сууцны хөнгөлөлттэй зээлийн ард хоцорсон доо. Энэ мэт жишээ олон байна. Хамгийн сүүлд гэхэд “Буянт-Ухаа” хороололтой холбоотой асуудал мандлаа.
“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа” хорооллыг барьж байгаа. Уг хороолол 1764 айлын есөн давхар бүхий 28 барилга бөгөөд одоогийн байдлаар угсралт дуусч, 23 барилгад заслын ажил хийгдэж байгаа юм билээ. Хороололд автомашины дулаан зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг, үйлчилгээний төвүүдийг цогцоор нь шийдэж, энэ оны тавдугаар сарын 23-нд иж бүрнээр нь ашиглалтад хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн гэж албаны хүмүүс мэдэгдээд байгаа. Гэхдээ гол асуудал нь Засгийн газрын тэргүүний мэдэгдэл.
Юу гэхээр, “Буянт-Ухаа” хорооллыг иргэдэд өмчлүүлж эхлэхтэй холбогдуулан Төрийн орон сууцны зээл гэсэн тусгайлсан шинэ журам гаргахаар зэхэж байгаа аж. Уг журмыг энэ долоо хоногийн баасан гарагт багтаан батлах юм байх. Орон сууцны нэг метр квадратын үнэ нь 1.280.000 төгрөгөөр тооцож байгаа аж. Уг нь нэг саяд багтаана гэж байсан ч бага сага ашиг харсан юм байгаа биз дээ, эрхмүүд.
Дээрээс нь журамд уг хорооллын 1764 айлын 60 хувьд нь төрийн албан хаагчид орно гэж тусгах юм гэнэ ээ. Дахиад л хувийн хэвшлийнхний “өгзөг рүү өшиглөв”. Хөөрхий хувийн хэвшлийнхэн үлдсэн 40 хувьд нь орох бололтой. Гэхдээ өнөөх хувийн хэвшлийнхэнд хувааж өгөх гээд байгаа 40 хувьд нь залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оруулахаар тусгана гэж байгаа.
35-40 настай, гэр бүлээд 10-20 жил амьдарч байгаа, хөгжлийн бэрхшээлгүй, ажилтай орлоготой, хувийн хэвшилд ажиллаж байгаа хүн бол үнэ хямд байранд орох найдлага алга гэсэн үг. Үндсэндээ Монгол Улсын Засгийн газар иргэдээ ялгаварлан гадуурхаж, “салаавч” өглөө.
Эсвэл хэн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй болохоос өөр сонголт үлдээхгүй нь л дээ, янз нь. Ер нь хувийн хэвшлийнхэн энэ улсад ямар гэм хийж, гай тарьсан болоод ингэж хамаг юмнаас хаягдаж, нүдэнд өрсөн хог шиг үзэгдэх ёстой юм бэ. Уг нь хувийн хэвшлийнхэн л энэ улсын бүхий л үйлдвэрлэлийг авч явж, бүтээн байгуулалтыг нь хийж байгаа байх. Төрийн албан хаагчид юу ч хийгээгүй гэж хэлж болохгүй байх.
Гэхдээ л яам, тамгийн газарт ажиллаж байгаа хэдэн нөхдүүд өглөө хурууныхаа хээг бүртгүүлж, өдөржин ундалж, орой ажил тарахаас өмнө гарч алга болохоос өөрийг хийгээд гавьсан уу. Хатуухан хэлэхэд, нэг иймэрхүү л янзтай байгаа. Тийм байхад өмнө нь 4000 айлын орон сууцийг төрийн албаныханд тараасан. Ихээхэн гүрдвэл нэг байртай нь хоёр, хоёртой нь гурав болгож, өнөөхөө түрээсэлж бизнес хийсэн байх.
Харин энэ удаад “Буянт-Ухаа” хорооллоос байр авбал 15 жилийн хугацаанд бусдад зарахгүй, ашиг олох зорилгоор түрээсэлж болохгүй байхаар журамлах юм гэсэн. Яах вэ, оройтсон ч гэсэн ой тойнд орсон нь яамай даа. Нөгөө талаар төрийн албан хаагчид гэж чухам хэнийг хэлээд байна аа. Яаман дээр сууж, ярвилдаж, хамар дээр нь баас нялчихсан юм шиг байдаг, үнэтэй машин унасан хурган дарганцар уу.
Эсвэл өдөржин гудамжинд зогсч, машин зохицуулж байгаа замын цагдаа юу. Ардын хүүхдэд хичээл зааж, боловсролтой болгох гэж зүтгэж яваа багш уу. Хүний амь нас, эрүүл мэндийн төлөө өөрийгөө золиосолж байгаа эмч үү. Ард түмнийг аюулгүй байлгахын төлөө зүтгэж яваа цагдаа, онцгой байдлын ажилчид уу.
Яах вэ, энэ хүмүүс бүгд л төрийн албан хаагч. Тэр дунд гэр хороололд амьдардаг хэдэн мянган хүн байгаа нь мэдээж. Гэхдээ 4000 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэхэд гэр хорооллоос гэрээ буулгаж нүүгээд, орон сууцанд орсон хэдэн багш, цагдаа, эмч байгаа юм.
Яг үнэндээ гарын 10 хуруунд багтах тоо гарч ирж чадах болов уу даа. Төрийн байгууллагын цалин нэмэгдэхэд энгийн сувилагчийнх нь хэд болж байгаа бол. Оргүйгээс охинтой нь дээр гэдэг шиг юм байгаа. Одоо хямд үнэтэй 1764 айлын орон сууцны 60 хувь буюу 1058-д нь төрийн албан хаагчид орно.
Тэгэхдээ үнэхээр анх удаа орон сууцанд орж байгаа хүнд өгөх үү. Хяналт хаана байх юм. Хоёр орон сууцтай хүн тэнд байр авчихаад, Нисэхэд амьдраад, нөгөө хоёрыгоо түрээслээд ч байж болно. Ямар төр засаг хянах чадвартай биш. Чадвартай байсан ч хүсэхгүй нь их. Өнөөдөр байдал ийм л байна. Одоо хямд үнэтэй орон сууцны үлдсэн 40 хувь дээр нь хүч үзэх хувийн хэвшлийнхэн жинхэнэ “алалцана” биз дээ.
40 хувь ч юу байх вэ дээ, сайндаа л 15 хувь биз. Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувийг хасаад үлдсэн нь шүү дээ. Ийм байхад гэр хороолол цөөртлөө ч лөөлөө байна. Төр засаг цаг ямагт ингэж хувийн хэвшлийнхнийг хяхан хавчаад байвал ерөөсөө бүгдээрээ л төрийн албан хаагч болъё.
Өөр арга, сонголт ч алга. Эсвэл бүх хувийн хэвшлээ төрийнх болгох юм уу. Яг л хэдэн банкаа “Төрийн” нэртэй болгосон шиг. Тэгвэл арай шударга хуваарилалт болж магадгүй. Түүнээс биш хувийн хэвшилд ажиллаад, дундуур цалин аваад явбал төрдөө ч гэсэн “тийрүүлээд” л үлдэхээс өөр сонголт үлдэхгүй нь бололтой.
Н.Пунцагболд
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: