ДАРЬГАНГЫН ЯРУУ ГУРВАЛ

хүрлээГурван марал од тэнгэрт зэрэгцэн оршихын бэлгэдэл юу вэ?

ХХ зууны далаад оны үеэс туурвил бүтээлээ эхэлж наяад онд нэгэн цутгалант гол мөрний ай сав бүрдүүлсэн уран бүтээлийн “Гал” нэгдлийн ундарга нь Дарьгангын гурвал байсан юм. “Гал” нэгдэл гол нэгдэл болж, гол нэгдэл нь гол мөрөн болж, гол мөрөн нь “Голын ус намуухан урсна” буюу ГУНУ хэмээх уран зохиолын бие даасан урсгал болтлоо тэлсэн нь эдүгээ монголын уран зохиолын наяад оныхон хэмээх нэгэн үеийн төлөөллийн гол цөм болон түүхэнд үлдсэн юм.

“Гал” нэгдэл гэдэг нь Гомбожавын Мэнд-Ооёо, Очирбатын Дашбалбар, Данзангийн Нямсүрэн цөмтэй Дагвадоржийн Цогт, Бат-Очирын Сундуй, Ядамбатын Баатар, Шагдарсүрэнгийн Гүрбазар, Ламжавын Мягмарсүрэн,  Жүмпэрэлийн Саруулбуян, Жамъяндоржийн Оюунцэцэг, Цэвэгдоржийн Ойдов, Үржингийн Хүрэлбаатар зэрэг зохиолч, яруу найрагч, утга зохиолын шүүмжлэгчдийг нэгтгэсэн одоогоор бол төрийн бус байгууллага байсан юм. Монголын уран зохиолд наяад оныхон хэмээх ямархан үе түрэн орж ирснийг эдгээр нэрс бэлхнээ илэрхийлэх боломжтой гэж бодож байна.

Бид үзэл суртлын чанга хатуу дуулган дор байсан уран зохиолын хөгжлийн голдирлыг өөрчилж уран чадвар хийгээд сэтгэлгээний шинэ төвшинд хүргэхийн тулд нэгдсэн зохион байгуулалттайгаар бие биенээ дэмжиж, дутуугаа нөхөж дундуураа дүүргэж бүхэл бүтэн шинэ үеийн шинэ давалгааг эхлүүлэхийг зорьсон юм. Эдүгээгийн өндөрлөгөөс харахад “Гал” нэгдлийн энэ эрхэм зорилт биелж түүхэн үүргээ гүйцэтгэсээр явна гэж дүгнэн хэлж болохоор байна. Үүнд “Гал” нэгдлийн цөм болсон Дарьгангын гурвал буюу Г. Мэнд-Ооёо, О. Дашбалбар, Д. Нямсүрэн нарын нэгэн цогц болсон уран бүтээлийн найрсал буюу Дарьгангын яруу гурвалын жирмэн сүлжээ болсон гурвалын гурвал шинж онцгой үүрэгтэй байсан юм. Тэгээд ч “Гурван марал од тэнгэрт зэрэгцэн оршихын бэлгэдэл юу вэ?” гэсэн асуултыг Д. Нямсүрэн нэгэнтээ хөндөн тавьсан тул энэ гурвалын гурвал буюу урвалж шинжийг дараах гурван томьёоллоор тайлж болмоор санагдана. Үүнд нэгдүгээрт, “Нутаг амь буюу таталцлын хууль”, хоёрдугаарт, “Үе амь буюу наяад оныхон”, гуравдугаарт “Уран бүтээлийн амь буюу нөхөх ба үл нөхөх байрлал” эдгээр болно.

Нэг. Нутаг амь буюу таталцлын хууль

Г. Мэнд-Ооёо, О. Дашбалбар, Д. Нямсүрэн нарын онцгой холбоо, алтан аргамж нь нутаг ус нэгтэйд байсан юм. Чухам л Сүхбаатар аймгийнхан гэх хүйн холбоо тэр гурвын онцгой имиж буюу содон дүр төрх, агаар амьсгал нь болж байв. Чухам л энэ амьсгалын дор монголын уран зохиолын Дарьгангын яруу гурвалын амь бүрэлдэж уран бүтээлийн ундарга эх булгаа эх барин авсан юм. Чухам л Дарьгангын Оргихын булаг шиг оргилон бургилсан энэ эх ундарга Сүхбаатар аймгийн Онгон, Наранбулаг, Асгатын уул усыг өндөлзүүлж оюун санааны нэг урсгалын шинж байдлын тараг мэт исгэн бүрэлдүүлсэн юм. Чухамдаа Онгоны шар бүрдийн элсэн толгод, Наранбулагийн нарны булаг, Дарь овоо, Ганга нуурыг бид төдийгүй монголын уран зохиол тэднээс илүү танин мэдэж уран авьяастаны  онцгой газар нутаг хэмээн “улсын бүртгэлийн сан хөмрөг”-т данслан бүртгэн авсан юм. Хар бага наснаасаа зэргэцэн зэрэглэн тоглон өссөн нэгэн нутгийн онгон байгаль тэдний уран бүтээлийн сэтгэлийн байгаль болон ижилсэхэд нутаг амь буюу таталцлын хууль үйлчилсэн нь мэдээж.

Далаад оны дундуур Г. Мэнд-Ооёо УБДС-ийн оюутан болж Улаанбаатарт эхнэр, хүүхдүүдийн хамт нүүн ирж суурьшсан нь О. Дашбалбар, Д. Нямсүрэн нарын Улаанбаатар дахь хаяг нь болсон юм. Нэхмэлийн Шар хэмээх домогт 10-р байшин дахь түүний хадмын жижиг халаасны өрөө Сүхбаатар аймгийн Улаанбаатар дахь уран зохиолын гэр дугуйлан болж хувирсан бөгөөд нэг ёсондоо тэр үеийн нутгийн зөвлөлийн уран бүтээлийн урлангийн өрөө болж байсан юм. Г. Мэнд-Ооёогийнх оюутан үедээ, түүний дараахан үедээ ч ямархан хөл ихтэй айл байсныг бидний үеийнхэн сайн мэдэх юм. Тэр тусмаа хожмоо нэр алдрын оргилд хүрсэн дорнын их яруу найрагч Данзангийн Нямсүрэн, Монгол улсын Төрийн шагналт домогт яруу найрагч, нийтлэлч Очирбатын Дашбалбар хоёр эхлэн бичигчийн цөөвтөр шүлгээ дөрвөлжин шугамтай тавын дэвтэрт нямбайлан бичиж гэрэвшингүй ирж байсныг би тодхон санаж байна. Тэд Мэнд-Ооёогийн хаалгыг зөөлхөн тогшиж монголын уран зохиолын их өргөөнд орж ирсэн юм.

Төрсөн нутаг нь тэднийг амь нэгтэй болгох нэгэн чухал нөхцөл болж  байлаа. Бас сонин хувь заяа тэднийг холбож байв. Тухайлбал Дашбалбарыг эрдмийн замд хөтлөн оруулсан бага ангийн багш нь Нямсүрэн байсан бол унаган шавь нь багшийгаа монголын уран зохиолд хөтлөн оруулж бас нээж бусдаар хүлээн зөвшөөрүүлж чадсан юм. Д. Нямсүрэн, О. Дашбалбар, Г. Мэнд-Ооёо гурвын энэ таталцлын орон зай, соронзон туйлын тайлал энгийн бөгөөд тодорхой юм. Гаргалгаа нь нутаг амь. Утга зохиол судлаач Я. Ганбаатарын анх томьёолсон Дарьгангын гурвал хэмээх энэ нэр томьёо Д. Нямсүрэнгийн “Өвлийн гол усныхаа эгшиглэн цагаан дунг сонсмуй” шүлгээс эхлэлтэй юм. Тэр яруу гурвалын мөн чанар буюу “Гурван марал од тэнгэрт зэрэгцэн оршихын бэлгэдэл нь юу вэ?” гэсэн Данзангийн Нямсүрэнгийн мөнхийн асуултын нэгэн хариулт нь нутаг амь гэсэн таталцлын хууль мөн болох нь гарцаагүй.

Хоёр. Үе амь буюу наяад оныхон

“Гурвуулаа байлаа гэж Мэнд-Ооёо, Нямсүрэн хоёр дуулмуй.
Гурван марал од тэнгэрт зэрэгцэн оршихын бэлгэдэл юу вэ?” гэж он жилүүдийн чанадад Данзангийн Нямсүрэнгийн босгон тавьсан асуултын бас нэг хариуг түүний уран бүтээлээ ид туурвиж байсан наяад оны тэр орон зай, цаг хугацааны хэрчлээс дунд тавьж судлан үзэх нь зохистой санагдана.

Наяад оныхон бол ХХ зууны монгол орчин үеийн уран зохиолын сэргэн мандлын эхэн жарны охь дээжийг амсагчид, ерээд оны ардчилсан хувьсгалын оюун санааны галыг бадраагчид байсан юм. Өөрөөр хэлбэл хориод оны үед эхэлсэн монголын орчин үеийн уран зохиолын реалист арга барил ид хүчээ авч дорнын уламжлал, өрнийн боловсрол нэгэн шугам дээр нэгдэн найрсах хөгжлийн төрх байдал төлөвшиж ирсэн тэр сонирхолтой үеийг тэд залгамжлахын зэрэгцээ дэлхий дахинаа өрнөсөн ардчиллын шинэ үеийн уур амьсгалыг бүхнээс түрүүн мэдэрч уран бүтээлээрээ тосож өлгийдөн авсан ховор тавилант шинэ үеийнхэн байсан юм. Тиймээс наяад онд уран бүтээл туурвигчид болон уран бүтээлийн шинэ үеийн төлөөлөл болон гарч ирж буй залуу үеийнхэнд онцгой сонин хувь заяа оногдож, бас олон нийтийн оюун санааг дэлхийн урсгалд хөтлөн оруулах үүрэг нийгмийн захиалга болон ноогдсон юм.

Энэ түүхэн үүргийг Дарьгангын гурвал гурван өөр хэлбэрээр хүлээн авч хэрэгжүүлсэн билээ. Тухайлбал, Очирбатын Дашбалбар шууд утгаар нь хүлээн авч “Мөнхийн бүтээлүүд мөхлийн ирмэг дээр”, “Номон дээр гишгэсэн алдас” зэрэг гал цогтой нийтлэл, шинэчлэлд уриалсан уран бүтээлээ туурвиж улмаар АИХ-ын депутат, УИХ-ын гишүүн, МУНН-ын дарга зэрэг улс төрийн өндөр албан тушаалд сонгогдож эгэл түмнийхээ шударга, амьд, гал цогтой дуу хоолой болон хувирсан юм.

Харин Гомбожавын Мэнд-Ооёо улс төрийн галын улаан шугамаас аль болох зайлсхийж нийгмийн оюун санааг уран бүтээлээр зөөллөж, ариусгах чиглэлийг тууштай баримталж байлаа. Тухайлбал улс төрийн сэдэвт дуу моодонд орж байх тэр үед “Дэлхий ээж”, “Ээжийн бүүвэйтэй хорвоо”, “Манайд ирээрэй” зэрэг дуугаа бичиж наяад оныхны уран бүтээлийн чиг хандлагыг монгол жудаг ёс,  хүнлэг сэтгэл, байгаль хамгаалах сэдэв рүү чиглүүлэхийг уран бүтээлээрээ уриалж байсан юм. Наяад оны уран бүтээлийн энэ ариун санаа, уриалгыг гучаад жилийн дараа монголчууд нүүр тулан ойлгож дуу алдан сонирхон эхэлж байна. Нийгэмд хандсан уран бүтээлийн ой санамжийг олон арван жилийн турш үл ойлгон тээн явдгийн гунигт жишээний нэг нь энэ юм.

Тэгвэл Данзангийн Нямсүрэн энэ хоёроос тэс өөрөөр наяад оныхныг төлөөлөн ерээд оныг угтсан юм. Хүмүүс төв рүү тэмүүлж байхад тэр төвөөс зугтах хүчийг эрхэмлэж байв. Хүмүүс хот руу их нүүдэл хийж байхад тэр хөдөөнөөс хөдөө рүү бага нүүдэл хийж байв. Хүмүүс үзэл суртал, улс төрийн шүлэг бичиж байхад тэр борог өвс, бодь гөрөөс, Бон-Аагийн навчны тухай дуулж эхэлсэн юм. Тэр аглагхан тал, Эрээнцаваа бясалгалын сүм болтол нь ариусган дуулж ерэн оны ардчилсан хувьсгалыг угтсан юм. Тэгснээрээ Нямсүрэн наяад оныхны уран бүтээлийн оргил цэгийг хатгаж гүн бясалгалын тиг гортигийг шинээр татсан билээ.

Ийнхүү Дарьгангын яруу гурвал наяад оныхны гол төлөөлөл болон гурвалсан морьд шиг нэгэн зүгт “дэл сүүл”-ээ шаширлуулан давхихдаа бие биенээ хурцалж, бас нөхөж, нөхөн төлжүүлж явсан юм. О. Дашбалбарын тэмцэгч яруу найрагчийн гал имиж, Г. Мэнд-Ооёогийн тэнгэрлэг сэтгэлгээгээр тэнхээжиж, Д. Нямсүрэнгийн бурханлаг бодь сэтгэлийн хөрсөн дээр амилж байсан юм. Наяад оныхон зөвхөн өөрсдийн үеэ төдийгүй ерээд оныхныг өлгийдөн авах уран бүтээлийн шинэчлэлийн өв өлгийг ийнхүү бүрдүүлсэн билээ. Тиймээс Дарьгангын яруу гурвалын гурван марал од шиг тэнгэрт зэрэгцэн оршихын бас нэгэн учир нь өөрсдөөсөө хэтийдэж үеийнхнээ бүрдүүлсэн үе амь гэж тайлж болох мэт санагдана.

Гурав. Уран бүтээлийн амь буюу нөхөх ба үл нөхөх байрлал

Дарьгангын яруу гурвал өөрийн уран бүтээлийн исэлдэх үеийг амь мэт хайрлахын зэрэгцээ бие биенийхээ уран бүтээлд онцгой анхаарал тавьдаг байлаа. Нэг талаас тэд өөр өөрсдийн өнгө аяс, арга барилыг олж авахын төлөө тэмцсэн. Үүний төлөө тэд уран бүтээлийн эрх чөлөөг эрхэмлэхийн зэрэгцээ ялгарал, онцлог, сэтгэлгээний хэв маягаа харилцан судалж байв. Уран бүтээлийнхээ тухай тэд л бие биедээ чин сэтгэлээсээ шүүмжлэлтэй хандаж зохиолчийн амьд лабораторийн судалгааг анхлан хийж, бичиж, номлож байсан гэж хэлж болно. Яруу найргийн тэдний судалгааны анхны объект нь тэд өөрсдөө байв. Нөгөө талаас тэд Дарьгангын яруу найргийн дэг сургуулийг шинээр бий болгохын тулд эвсэн нэгдэх, нэгэн цул бүтэц  судлагдахуун, тогтолцоог бий болгохын төлөө тэмцэж байв. Сүхбаатар аймгаас төрсөн алдартнууд, тухайлбал Д. Шагдарсүрэн, Д. Гомбожав, Д. Маам зэрэг өмнөх үеийнхээ уран бүтээлчдээсээ суралцаж нэгдмэл нэгэн урсгал чиглэл буй болгох боломж, бололцоо, нөхцөл байдлыг өргөн хүрээнд авч үзэх, шинжлэн судалж шингэн уусахыг эрмэлзэж  байлаа. Тэд уран бүтээлийн амь нэгдэл, нутаг нэгдэл хоёрыг нэгтгэхийг мөрөөдөж байсан юм.

О.Дашбалбар энэ зорилгоор монголын уран зохиолын өв санд зоригтой нэвтэрч уран чадварын задаргаа, түүхэн үнэн, ирээдүйн чиг хандлагын тухай олон нийтлэл, шүүмж бичив. Түүний цөм нь Г. Мэнд-Ооёо, Д. Нямсүрэнгийн тухай хөрөг нийтлэлүүд байв. Чухамдаа “Сарны шүлэгч буюу Гомбожавын Мэнд-Ооёо”, “Сэтгэлийн байгаль буюу Данзангийн Нямсүрэн”  зэрэг хөрөг нийтлэлүүд нь  тэдний тухай жин дарахуйц анхны томоохон үнэлэлт дүгнэлт болсон юм. Чухам О.Дашбалбарын хийсэн энэ мэт уран бүтээлийн задаргаа, тайлбар сэлт нь Г. Мэнд-Ооёогийн утга зохиолын хүрээнд эзлэх байр суурийг тодотгон өргөжүүлж, Д. Нямсүрэнг цоо шинээр нээсэн юм. Тэгвэл Г. Мэнд-Ооёогийн судалгаа, ялангуяа О.Дашбалбар, Д.Нямсүрэнгийн тухай бичсэн цувралууд монголын уран зохиол дахь тэдний байр суурийг лавтайяа баталгаажуулж дэлхийн түвшинд түгээн сурталчлах ажлыг гардан гүйцэтгэж байна. Харин Д.Нямсүрэн мөнөөх хоёрынхоо тухай найраг шүлгэндээ шингээж мөн чанарын гүн мэдрэмж бүхий яруу найрсалын судалгааг анх томьёолон хийсэн юм.

Эдгээрээс үзэхэд Дарьгангын гурвал монголын уран зохиолын эрх ашиг, хөгжлийн түвшин, дэлхийн гарцыг дэлгэн харахдаа нөхөх ба үл нөхөх байрлалыг чадмаг ашигласан нь тодорхой байна. Нэг талаас бие биенийхээ дутууг нөхөж нэгэн цулын сэтгэлгээнд нэгдэж чадсан, нөгөө талаас бие биенийхээ дахин давтагдашгүй тэр уран бүтээлийн зан чанарыг үл нөхөх байрлалд баттайяа байрлуулж чадсан нь өнөөгийн энэ өндөр түвшинд хүрч, түүнээ хадгалж нийгмийн оюун санаа, уран зохиолын ой санамжинд дэлхийн хэмжээний зэрэглэл тогтоход нөлөөлсөн байна. Г. Мэнд-Ооёо, О. Дашбалбар, Д. Нямсүрэнгийн уран бүтээл тус тусдаа тухайлан судалгаа шаардахын зэрэгцээ гурвуул нийлээд цогц судлагдахуун болж байгаагаараа онцлог байна. Ийнхүү монголын уран зохиолд Дарьгангын яруу гурвал өөрөө бие даасан судлагдахуун болон хувирлаа.

Дарьганга угаасаа судалгааны сонирхолтой объект юм. Ялангуяа дарьгангын дархны урлал, яруу найргийн яруу сэтгэлгээний монгол гаргалгаа, төгс гүйцэтгэл нь уран бүтээлийн ай сав нутгийн өвөрмөц хэв загварыг ямагт илэрхийлж байдаг. Чухам түүний нэгэн ховор үргэлжлэл болох Дарьгангын яруу гурвал хэмээх яруу найргийн энэхүү иж бүрдэл бүхий шинэ судлагдахуун судлаачдын анхаарал татаж байна. Дарьгангын хийц өөрийн дэг сургуультай байсан. Одоо ч шинэ үеийнхэн тэрхүү дэг сургуулийг оюун санааны бүхий л хүрээнд шинэчлэн үргэлжлүүлж яваагийн нэгэн гайхалтай жишээ нь Д. Нямсүрэн, О. Дашбалбар, Г. Мэнд-Ооёо хэмээх Дарьгангын яруу гурвал болж байна. Утга зохиол судлаач Я. Ганбаатарын анхлан томъёолсон Дарьгангын гурвал хэмээх энэхүү дуулиант үзэгдэл эдүгээ монголын их утга зохиол төдийгүй дэлхийн утга соёлын өв санд бүртгэгдэн өөрийн орон зай, цаг хугацааг эзлэнхэн орших ажгуу.

“Гурвуулаа байлаа гэж Мэнд-Ооёо, Нямсүрэн хоёр дуулмуй.
Гурван марал од тэнгэрт зэрэгцэн оршихын бэлгэдэл юу вэ?
Гүйгээд очмоор Наран-Булгийн жаахан Хандмаа минь дээ,
“Гүнгийн зуугийн гэгээний алтан сургаал”-ийг би л зохиосон юм шүү дээ
Гүйцээгээгүй орхисон учраас Дашбалбар дүү минь алга болсон юм даа”

Данзангийн Нямсүрэнгийн маань энэ гуниглал яруу найрслын судалгаа байсан юм.  Гүйцээгээгүй орхисон учраас Нямсүрэн анд минь алга болсон юм биш байгаа. “Гүнгийн зуугийн гэгээний алтан сургаал” адил мөнхийн бүтээл туурвиснаа “гүйгээд очмоор Наран-Булгийн жаахан Хандмаа”-даа захиж орхисон юм биш байгаа.

Дарьгангын яруу гурвалын гурвал шинжийг нутаг ус нэгтэйн орон зайн алслал, наяад оныхон хэмээх цаг хугацааны амьсгал, уран бүтээл туурвилын мөн чанар, амь шинжээс цухасхан эрэлхийлэхэд ийн ажээ. Ер нь “Гурван марал од тэнгэрт зэрэгцэн оршихын бэлгэдэл юу вэ?”

Утга зохиолын шүүмжлэгч  Ү. Хүрэлбаатар


URL:

Сэтгэгдэл бичих