Ж.Занаа: Юугаа ч мэдэхгүй амьтад миний байгуулалцсан намыг ардчилалтай нь хамт гутаалаа

14210-3tЯрилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор Иргэний хөдөлгөөний намын дэд дарга Ж.Занааг урилаа.

 

-Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэхэд намууд санал солилцож, байр сууриа нэгтгэхийн зэрэгцээ багагүй шүүмжлэл өрнүүлж  байна. Танай нам ямар санал дэвшүүлэв. Бусад намуудын саналын тухайд шүүмжлэх эсвэл дэмжиж байгаа ямар асуудлууд байна?

- ИХ нам  хүний эрхэд суурилсан хөгжлийн хөтөлбөр боловсруулж 2012 оны УИХ-ын сонгуульд оролцсон. Ингэхдээ   “Иргэний давуу эрх”, “Эдийн засгийн эрх чөлөө”, “Эзэнтэй нутаг” гэсэн бодлогын хүрээнд үйл ажиллагааныхаа зорилтуудыг тодорхойлсон. Тийм ч учраас Монгол Улсын Үндсэн хууль, нэгдэж орсон хүний эрхийн конвенцуудын үзэл санаа, тулгуур зарчмуудыг чандлан сахихыг эрмэлзэж ирсэн. Энд юуг онцолж байна  гэвэл, сүүлийн үед манай улс төрчдийн туйлшраад байгаа намуудыг хатуу гишүүнчлэлгүй болгоно гэдэгтэй санал нэгдэхгүй байна гэсэн үг. Монгол Улсын Үндсэн хуульд “Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдлэнэ”, “Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэж тунхагласан байдаг.  Тиймээс  ИХ нам  аливаа хүн өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлийнхээ төлөө эвлэлдэн нэгдэх эрх, эрх чөлөөг хаан боогдуулж болохгүй гэж үзэж байгаа юм.

-Намуудыг хатуу гишүүнчлэлгүй болгосноор харин ч шударга ёс тогтох биш үү?

-Нам бол иргэний нийгмийн байгууллага. Тийм  учраас улс төрийн намууд бусад иргэний нийгмийн байгууллагууд шиг гишүүнчлэлтэй байх уу, гишүүнчлэлгүй байх уу гэдгээ өөрсдөө шийдэх дотоод асуудал. Тухайлбал, Үйлдвэрчний эвлэл, “Улаанзагалмай”, Өмгөөлөгчдийн холбоо болон олон  мянган ТББ гишүүнчлэлийнхээ асуудлыг өөрсдөө  шийдэж байна. Энэ бол эвлэлдэн нэгдэх эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх ардчиллын зарчим, төрийн үүрэг. “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасан байдаг. Тэгэхээр  Улс төрийн намын тухай хууль ч Үндсэн хуульд бүрнээ нийцсэн байх учиртай гэдгийг тодруулах, мэдэхгүй байгаа хүмүүс мэдэж авах шаардлагатай байна гэсэн үг. Ялангуяа УИХ-д суудалгүй намуудыг гишүүнчлэлгүй болгох тухай санаархал байж болохгүй. Угаасаа улс төрийн намууд гишүүдээ буруу зорилгоор, буруу аргаар ашиглаад байгаа учраас намын нэр хүнд, гишүүдийнхээ нэр хүндийг гутаагаад байгаа юм. Улс төрийн нам төрийн эрхийг авахаараа зөвхөн өөрийн гишүүддээ, хамаатан садандаа бялуу хуваадаг байдлыг   болих хэрэгтэй. Тэгвэл аль нэг намын гишүүн болчихвол төрийн мөнгөөр баяжиж болдог гэсэн шуналтнууд байхгүй болно.  Харин ИХ намын зүгээс бусад намын байр сууриас  дэмжиж байгаа нэг асуудал бол  намын санхүүжилтын асуудлаар ижил, төстэй байр суурьтай байгаа. Гэхдээ хуулийн төслийг УИХ-аас боловсруулсан цагт нь асуудалд нарийн, няхуур хандах зүйл гарна гэж бодож байна.

-Хуулийн шинэчлэлийг далимдуулж аль нэг нам, эрх баригч нам болон парламентад суудалтай аль нэг намын  зүгээс гэх юм уу, өөрсдөдөө ашигтайгаар хуулийн зүйл, заалт оруулах вий гэсэн хардлага хэвлэлийнхний зүгээс байна. Та юу гэж үзэж байна?

-Угаасаа энэ бол эрх барьж байгаа улс төрчдийн хийгээд сурчихсан, гэм биш  зан болчихсон асуудал. Тэдний олонх нь үе залгамжилсан хаад, ноёд шиг цаг  мөнхөд эрх мэдэлтэй байх гэж зүтгэцгээдэг улс. Хууль тогтоох байгууллагыг тэдний олонх нь өөрийн эрх ашигт нийцүүлсээр ирснийг монголчууд андахгүй. Тэгээд ч АН-ын нэр барьсан хэдэн шүгэл одоо “Монголд хоёр нам байхад л болно, нэг нь АН нөгөө нь аль нь ч байсан яахав” гэж сэрүүн зүүдлээд байгаа байх.

Ер нь парламентад суудалгүй намууд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн хувилбарын төслийн хүлээсээр жил гаруй  болж байна. Дашрамд хэлэхэд, АН-ын УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат   биднийг “Хуулийг шинэчлэх ажлын хэсэгт орчихоод ажиллахгүй байна” гэж цуурсан байна лээ. Юу хийж, юу ярьж байгаагаа мэдрэхээ больчихсон иймэрхүү амьтад миний байгуулалцсан намыг, ардчилалтай нь хамт гутааж байгаа нь тун харамсалтай, гутамшигтай.

-АН-ын зүгээс парламентад суудалгүй намуудыг татан буулгахыг санаархлаа гэж бусад намын дарга нар  бухимдаж, уулзалт хийж мэдэгдэл хүргүүлсэн. Тэр нь  өөрсдийнх нь тайлбарлаж байгаагаар та бүхэнд өгсөн “сэрүүлэг” байсан уу, эсвэл ингэвэл яасан юм бэ гэсэн тандалт байв уу? 

-Ичсэн хүн хүн ална гэдэг л болж байхгүй юу, хамрын дор хагархай байна гээд мулгуу ухаандаа орж ирсэн болгоноо төрийн өндөрлөгөөс бураад байж болохгүй шүү дээ. Ядаж л Үндсэн хуулийнхаа 70 дугаар зүйлийг уншчих хэрэгтэй шүү дээ.

Сэрдэг дээрээ тулах юм бол харин өөрсдөө сэрэх цаг нь болчихоод байгаа юм биш үү.  Аль  жил гаруйн өмнө л Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэх ажлын хэсэг байгуулсан  гэсэн, ачир дээрээ өөрсдөө бүтэн жил гаруй  унтчихаад байгаа юм биш үү.

-Намууд өнөөдөр  хуулиа шинэчлэх тухай ид ярьж байна.  Тэгвэл өнгөрсөн хугацаанд намууд ер нь хуулиа хэр хэрэгжүүлж ирсэн бэ?

-Намууд одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж ирсэн байх. Гэхдээ тухайн хууль бол улс орны  хөгжил дэвшилд улс төрийн намуудын гүйцэтгэх үүргийг дутуу дульмаг тусгасан хууль юм. Тухайлбал, намуудын нийгмийн үүргийг огт хөндөөгүй, намууд өөрсдийн гишүүд, дэмжигчид, иргэдийн хүний эрх, ардчиллын болон бусад асуудлаарх боловсролыг ямагт дээшлүүлэхийн төлөө тогтвортой ажиллаж байх тухай нэг ч заалт байхгүй, төрийн эрх мэдлийн төлөө өрсөлддөг өлөн мангас шиг байгууллага байхаар бичигдсэн хууль гэж бодож байгаа.

-Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэх тухайд Үндсэн хуулиа өөрчилснөөр бүх зүйл шийдэгдэнэ гэх юм?

-Тийм юм байж болохгүй. Улс төрийн намуудын хуулийг өөрчлөхөд Үндсэн хууль садаа болоод байгаа юм байхгүй.

-Намуудын санхүүжилтийн асуудал сүүлийн үед хамгийн анхаарал татсан сэдвийн нэг болсон. Эрх барьж байгаа нам нь улсын төсвөөс “хумсалдаг” гэсэн шүүмжлэл мөнхийн сэдэв боллоо. Нөгөөтэйгүүр, намууд том ордон бариад тусгаар тогтнож байхад, эхчүүд, эмэгтэйчүүд төрөх эмнэлэггүй, хүүхдүүд цэцэрлэг, сургууль хүрэлцэхгүй байх юм?

-Угаасаа дарга нар нь иргэдээсээ илүү тохьтой амьдардаг бол хүний төлөө улс төр, хүний төлөө нийгэм гэж үздэггүй шүү дээ. Дарангуйллын нийгэмд л дарга нар нь иргэдээсээ илүү орчин, нөхцөлтэй байдаг, тэгээд л төрөө дээдлээд, дарга нар энд тэнд очиж сайн хүн, мундаг хүн болж тууз хайчлаад л, төсвийн хөрөнгөөр алд биеэ арчлаад л, улам л  баавгар болоод л, алхаа гишээ нь хүртэл өөрчлөгдөөд  байгаа биз дээ.  Гэтэл ард иргэд нь бахь байдгаараа, ядуурал нэмэгдэж, дундаж амьдралтай хүн ч өнөөдөр ядууралд ороход ойрхон болчихсон байна. Эмэгтэйчүүд, хүүхдүүд эмнэлэгийн гудманд эмчлүүлж байна. Өмнө нь ийм л байсан,  одоо ч ийм   байна. Тэгээд энэ ядарсан байдлыг шүүмжилснийхээ төлөө ад үзэгдэж, ямар ч нийгэмд амьдраад байгаа юм, учир нь олдохгүй асуудал олон  бий.  Нэг үгээр бол “Чи сайхан хоолны нэр хэлбаа, би савхдъяа” гэдэг шиг л байна шүү дээ.

-Жижиг намууд  сонгуулиар том намуудыг “шантаажилж” зардал өсгөдөг гэсэн яриа дуулддаг. Энэ ямар учиртай юм бол. Үнэхээр тийм зүйл байдаг юм болов уу?

-Зүүдээ ярих гээд хулгайгаа гэдэг шиг  юм  болж байгаа юм биш үү.  Миний мэдэж байгаагаар АН, хуучин МАХН хоёр намын дарга нар л сонгуульд ялах гэхдээ ард иргэдийг хууран мэхлэж, хэдэн сая төгрөг, өчнөөн тэтгэлэг амалсаар байгаад 1990 онд нэг ч төгрөг зарцуулалгүйгээр сонгууль хийж болоод байсан улс орныг хаанаас нь гараад ирдэг юм өчнөөн олон тэрбум төгрөгөөр сонгуулиа арай чарай хийдэг улс орон болгочихлоо шүү дээ.

-Намын тухай хуулиас гадна сонгуулийн шинэчилсэн  хуулийг  дахин өөрчлөх шаардлагатай гэж зарим хүн хэлдэг?

-Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх шаардлагатай. Баахан тунхаг маягийн заалттай, тэр тусмаа  сонгох, сонгог­дох эрхийг  бүдүүлгээр зөрчсөн харгис хууль.

-Тухайлбал, саналын хуудаст намууд болон нэр дэвшигчдийн нэрийг байршуулахаас эхлээд ихээхэн маргаан гардаг. Ямар байвал зөв болох вэ?

-Сонгуулийн  саналын хуудсанд  намуудын нэрсийг жагсааж байгаа  зарчим нь ойлгомжгүй, Дээд шүүхэд бүртгүүлсэн дэс дараагаар гэдэг бол өөрсдийгөө том гэж нэрлэдэг намуудын эрх ашигт тохируулсан дүрэм. Гэтэл Хүний эрхийн олон улсын конвенцуудад “хэн нэгнийг дээрд эсвэл дорд” үзэхийг ялгаварлан гадуурхалт, мөн Авилгалтай тэмцэх тухай олон улсын Конвенцид “хэн нэгэнд илүү давуу байдал олгох ” асуудлыг АВИЛГА гэж үзнэ гэж заасан байдаг.

Тэгэхээр сонгуулийн хуудсанд намуудын болон тэдний нэр дэвшигчдийн нэрсийг жагсаах хамгийн энгийн, ойлгомжтой арга бол цагаан толгойн үсгийн дэс дараагаар байрлуулах нь зүйтэй байна.

-Ард түмний саналаар биш намын жагсаалтад нэрээ оруулж намаас томилогдсон  хүн УИХ-ын гишүүн болж байгааг юу гэж үзэж байна?

-Энэ бол улс төрийн авилга. Намын дотоод ардчилал хөгжөөгүй ма­найх шиг улсад на­мын жагсаалтаар УИХ-д сонгогдож байгаа нь төлөөллийн ардчиллыг Үндсэн хуульд заасан байдлаар нь хэрэгжүүлэхгүй байна гэсэн үг, энэ бол маш ноцтой алдаа.

-Намуудыг хатуу гишүүнчлэлгүй болгоё гэсэн санал гараад удаж байна. Энэ зөв үү?

-Би түрүүнд  тайлбарласан шүү дээ. Гэхдээ нэмээд хэлэхэд аль нэг намын гишүүн байна гэдгээрээ манайх шиг төрийн албан тушаалд очих, бас төрөөс төрсөн тэрбумтан болдог нь гишүүнчлэлийн асуудлыг  туйлшралт  болгоод байна.

ИХ нам бол гишүүнчлэлгүй нам, гэсэн хэдий ч төрийн эрхийг монголчуудтайгаа хамт барилцана гэсэн бодлоготой. Бид Монгол Улсад төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэсэн Үндсэн хуулийн үзэл баримтлалыг чандлан сахиж, сонгогдох болон томилогдох албан тушаалыг  гурван  сая монголчуудтайгаа хамтран хэрэгжүүлнэ гэж үздэг нам. “Хан Хэнтий хажууд чинь налайж байхад…” гэдэг шиг бидний монголчуудад төрийн үйл хэргийг аваад явах эрдэм мэдлэгтэй, боловсролтой, чадвартай, ёсзүйтэй, эх оронч иргэд дүүрэн байгаа гэж бид  үздэг.

ИХ нам   төрийн хэргийг зөвхөн өөрийн гишүүдээрээ гүйцэтгүүлэх гэж зорьдоггүй. Ингэж туйлширдаг улс төрийн хүчнүүдээс болж монгол хүн, Монгол Улс ихээхэн  хохирлоо.

-Саяхан Ерөнхий сайд асан Д.Содном гуай улс төрийн намын тухай хуулийн шинэчлэл, том төрөөс ухаалаг руу шилжих төрийн тэргүүний санаачилга гээд нийгэмд тулгамдаж буй асуудлаар  өөрийн саналыг илэрхийлэхдээ хоёр танхимтай парламентын тухай хөндсөн байна. Улсын Бага хурлыг бий болгох тухайд та юу хэлэх вэ?

-Манай  намын бодлоготой нийцэж байна. Гэхдээ  нарийн асуудлуудыг бас л  сайтар ярилцаж, хэлэлцэх ёстой гэж үзэж байна.

-Эцэст нь намууд болон иргэд, сонгогчдод та юу хэлэх бол?

-Үндсэн хуулиа сайтар судалж  мэдэцгээе, Үндсэн хуульд хууль бусаар оруулсан “Долоон  луйвар” –ыг нэн даруй буцаах нь зүйтэй.  Үндсэн хуулийн шүүх буюу Цэцийн шийдвэрийг үг дуугүй дагацгаая. Улс орныг хуулиар жолооддог ардчилсан ёс, зарчмаа баримталъя, хуулиа сахидаг байцгаая гэж уриалмаар байна.

Бид хаад, ноёдын, дарангуйлагчдын улс төр, нийгмийн соёл, уламжлалаа орхиж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг улс төр, ардчилсан соёлтой, ийм араншинтай иргэдтэй улс орон болох шаардлагатай байна.

Ч.ҮЛ-ОЛДОХ

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих