НИЙСЛЭЛД МАН-ЫН ХАГАРАЛ ШИРҮҮСЧ БАЙНА
Сөрөг хүчний дүр тоглож ядаж байгаа МАН-ын хувьд Нийслэл дэх гал тогоогоо хэнд бариулах вэ гэдэг марафонд ил далд бэлтгэж байна. Дараалсан ялагдлын хойхно намын дарга, генсек, нарийн бичгийн дарга нараа шинэчлэн дээлээ сольсон МАН-ынханд гавьтай өөрчлөлт гарсан зүйл өнөөдрийг хүртэл үгүй. Нам доторх эрх мэдлээ зуун хувь өөрийн гартаа төвлөрүүлсэн М.Энхболдын хувьд нийслэлд өөрийн эрх мэдлээ зузаатгах нь тун чухал. Нийслэлийн намын хороог даргалдаг Ц.Сандуйдөнгөрсөн орон нутгийн сонгуулийн дараа МАН-ын нийслэлийн намын хороог атгуулсан хүн бол Миеэ. Нийслэлийн газрын албыг даргалж байхдаа газрын наймаа, лицензын асуудлаас холуур яваагүй Ц.Сандуй намын аппаратаа удирдаж байгаа шинэхэн генсектэйгээ хэл амаа ололцохгүй байгаа нь М.Энхболдын шүдний өвчин болж байгаа аж. Н.Алтанхуягийн Засгийн газрыг зад шүүмжилж, улс орны эдийн засгийн байдлыг бодитоор тооцоолон дүүрэг хороодоороо явж, иргэдтэйгээ уулзаж байгаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай нэг тэргэнд хамтдаа эргэж байх ёстой Ц.Сандуй хамтарсан уулзалтанд явах нь бүү хэл генсектэйгээ албан уулзалтанд мөр зэрэгцэж харагдахгүй байгаа нь олны анхаарлыг татаж байна. Залуу дарга нарын толхилцоон дунд хавчуулагдаж нуман тулгуурт шахах мэхэнд орсон намын дарга М.Энхболд аппаратынхаа гал тогоог барьж байгаа Ж.Мөнхбатыг гэх үү нийслэлд төлөөлж суугаа Ц.Сандуйг гэх үү хүндхэн байдалд орчихоод байгаа тухай ойрын хүрээнийхэн нь шивэр авир хийлдэх болж. Нийслэлийн газрын албыг даргалж байхдаа чамгүй хэл аманд орооцолдож явсан Ц.СандуйгМ.Энхболдын гарын хүн, хотын фракцын чинээлэг залуусын нэг гэлцдэг. М.Энхболдын газрын асуудлыг зохицуулдаг гэж хардагддаг Ц.Сандуйг элдэв хэл аманд өртөх бүрт намын шинэхэн даргын чих халууцдаг нь нууц биш. Нийслэлийн нарийн бичгийн дарга Д.Сумъяабазартай үй зайгүй сүжрэх болсон түүнийг зайлуулах сонирхол нам доторх бусад фракцуудад бий. Үнэндээ бол Нийслэлийн газрын албаны даргаар ажиллаж байсан гэхээс өөр улс төрийн намтаргүй нөхөрийг МАН-ын томоохон фракциуд сонирхож байгаа хэрэг биш нам дотроо хамгийн хүчтэйд тооцогддог хотын фракцын тэргүүлдэг М.Энхболдыг хатгаж буй хэрэг. Тийм ч учраас С.Баяр, Сү. Батболд нарын фракцаас “газрын наймаатай нэвт сүлбэгдсэн залуус намыг олон нийтэд муухай харагдуулж байна. МАН тэр дундаа нийслэл газрын наймаачдаасаа салах ёстой” гэсэн бор шувуугнамын их хурлын өмнөхөн зохион байгуулалттайгаар нисгэсэн ч байгаа оноогүй. Намын даргаа авч чадалгүй жийгдсэн С.Баяр, Сү.Батболдын нарын фракцаас нийслэлийн намын хороог авах сонирхол өндөр байгаа бөгөөд хотын намын хороог гартаа авахын төлөөх цусгүй дайнд Д.Сумъяабазараар эхний нүүдлээ нүүчихээд ажиглаж сууна. УИХ-ын гишүүн нийслэлийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга гэсэн хөтөлгөө морьтой яваа Д.Сумъяабазарынхувьд нийслэлийн намын хороон дарга болчихвол тэнгэрийн умдаг атгаж, 2016 онд толгой өвдөхгүй дахин саарал ордонд суух боломж гарна. 2016 оны УИХ-ын гишүүний суудлын төлөө тэрээр байгаа бүхнээ бооцоонд тавьж хэний ч хамаагүй тоглолтонд орох нь мэдээж. Хотын фракц эсрэг нүүдэлд хэнийг түлхэх нь харин өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Ирэх УИХ-ын сонгуулийн хамгийн том тоглолт нийслэл дээр явагдана. Тийм ч учраас МАН доторх фракциудын гол анхаарал нийслэл рүү төвлөрч байна. Бие халаалтанд гарчихаад байгаа Ц.Сандуй, Д.Сумъяабазар нарыг тоглолт өнгөн дээр үргэлжилж байгаа мэт харагдавч нийслэлийн намын хороог чухам хэн гэгч аавын хүү удирдах вэ? Нийслэлд хэний фракц тоглох вэ гэдэг тоглолт ондоо сценариар үргэлжилнэ. Нийт есөн дүүргээ баздаг Нийслэлийн намын хорооны төлөөх тулаан МАН-ын фракциудын хүчийг шавхаж, ичиж эрээлэх юмгүй тэмцэлдэх өнгө нэгэнт тодроод байгаа. Нийслэлийн ажлыг гарын арван хуруу шигээ мэддэг, нийслэлийн ажлаар олон нийтэд дуу хоолойгоо хүргэж чаддаг, хамгийн гол нь нэр цэвэр залуу улс төрчийг гаргаж ирж чадсан нь л энэ тулаанд ялалт байгуулна. Удтал чимээгүй байж улстөрийг үзэгчийн суудлаас харж суугаа У.Хүрэлсүхийн фракц энэ удаагийн тоглоомонд тэргүүлэх байр суурьтай оролцохыг үгүйсгэхгүй. Тун удахгүй өрнөх нийслэлийн намын хороон төлөөх тулаанд Миеэ Энхболд, Сү.Батболд, У.Хүрэлсүх нарын фракциуд чухам хэний хүүг түлхэж, хэн нь ямар тоглолтоор өнгөлөхийг харах цаг ойртсоор байна.
URL: